• Өнөөдөр 2024-05-04

Нийслэлд байдгаа барьж, бусдаас нь харамласан УЛСЫН ТӨСӨВ

2021-10-04,   727

-Л.Оюун-Эрдэнэ Засгийн шинэ барилга барихаас татгалзаж, хуучин барилгуудаа сэргээнэ-

           Ирэх онд манай улс коронавирусийн нөлөөгөөр хямарсан эдийн засгаа сэргээхэд анхаарч, 2022 оны төсөвт шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдээд буй. Иймдээ ч өмнөх жилүүдэд төсөвлөдөг байсан хэт үрэлгэн зардлуудаа танаж, аль болох хэмнэлтийн горимоор ажиллах зорилго тавиад байгаа гэнэ. Жил бүрийн төсвийн төслийг танилцуулахдаа сайн төсөв болсон гэж өөрсдийгөө өмгөөлдөг ч эрх баригчид татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэж, төрийн хөрөнгөөр тансаглачихдаг нь нууц биш юм.
 
Ямартай ч Засгийн газар хуулийн хугацаанд Монгол Улсын 2022 оны улсын төсвийн төслийг Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх бэлтгэл ажилдаа оржээ. Ийн Сангийн яам ирэх жилүүдэд эдийн засгаа аврах хэмнэлтийн төсөв боловсруулж чадсан эсэхийг тун удахгүй УИХ хэлэлцэх гэж байна. 
 
Өмнөх жилүүдэд сонгууль угтсан хэт хөөсөрсөн төсөв баталж, төсвийн алдагдал дээд хэмжээндээ хүрсэн бол ирэх жил энэ алдаагаа засаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалдаа тохирсон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. 
 
36.7 САЯ НҮҮРС ЭКСПОРТОЛЖ, 16.4 ИХ НАЯДЫН ОРЛОГО ОЛОХ ӨӨДРӨГ ТӨСӨВ “БАЙ”-ГАА ОНОХ УУ
 
         2022 онд дэлхий нийтэд эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байх судалгааг гаргаж, манай улсын эдийн засаг ч өсөх хандлагатай байгаа. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар манай улсын эдийн засаг ирэх онд зургаа хувийн өсөлттэй байх боломжтой гэх тооцооллыг хийсэн бол Сангийн яамнаас хэт өөдрөг төсөөлөл гаргах нь эрсдэлтэй хэмээн үзсэн байна. Иймд ирэх онд эдийн засгийн өсөлтийг таван хувьтай, төсвийн алдагдлыг бууруулж -5.1 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 8.8 хувь хүрээд буй.
     Ирэх жил эрдэс бүтээгдэхүүн үнэ харьцангуй тогтвортой байна гэх тооцоолол гаргаж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Тодруулбал, 2022 онд манай улс 8.7 тэрбум ам.долларын экспортын орлого олж, импортын хэмжээг 7.2 тэрбум ам.доллар байхаар төсөөлсөн. Үүнээс төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортын 2019 оны хэмжээнд хүргэх том зорилт тавьсан байна. Ирэх жил манай улс 36.7 сая тонн нүүрс, 1.21 сая тонн зэс, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр экспортлох боломжтой хэмээн үзсэн байна. 
 
Улмаар төсвийн нийт орлогыг 16.4 их наяд төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  энэ оноос 2.6 их наядаар өссөн үзүүлэлт аж. Харин тэнцвэржүүлсэн орлого 15.8 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ. 
 
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТАНСАГЛАГЧДЫН “БҮСИЙГ ЧАНГАЛАХ” ЗАСГИЙН ГАЗРЫН ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ
 
       Мэдээж энэ өөдрөг төсөөллийг гаргахдаа төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлж, хэрхэн төсвийн зөв зарцуулалт хийх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Түүхий эдээс орж ирэх орлогоо нэмэгдүүлэхээс гадна урсгал зардлыг хэмнэх хэд хэдэн арга хэмжээ авах юм байна. Өмнө жилүүдэд урсгал зардлаас хэмнэх боломжтой хөрөнгөө хэмнэж чадаагүй, нэн шаардлагатай ажлаа эрэмбэлж чадаагүй гэдэг шүүмжлэлд нэлээд өртсөн. Засгийн газар энэ жил төрийн өмчит компаниуд болон төрийн байгууллагын урсгал зардлыг хэмнэж, төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн байна.
 

      Ингэхдээ төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж, шаардлагагүй компаниудыг татан буулгах хүртэл арга хэмжээ авна гэж тооцоолжээ. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хариуцлагатай, ил тод болгосноор төсөв 180 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзээд байгаа аж.

Түүнчлэн төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын хэл ам дагуулдаг шаардлагагүй урсгал зардлуудыг ирэх жилийн төсвөөс хассан байна. Тодруулбал,
  • Төр захиргааны байгууллагуудад тавилга худалдан авах, зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолт, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах зардал олгохгүй
  • Албан контор шинээр барихгүй, тусгай чиг үүргээс бусад байгууллага авто машин худалдаж авахгүй
  • Сайд нэгээс илүүгүй зөвлөх туслахтай байх, төрийн нарийн бичгийн дарга нар дундаа нэг туслахтай байх,
  • Төрийн захиргааны байгууллагууд авто машин хэрэглэхгүй, Зайлшгүй шаардлагатай бол хувийн хэвшлээс түрээсээр ашиглах
  • Төсвийн хөрөнгөөр кино хийхгүй, ой тэмдэглэхгүй, ном хэвлүүлэхгүй, шагнал гардуулахгүй
  • Төр автомашин худалдан авахгүй 
  • Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байна, дарга нь зөвлөхгүй  ажиллах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Мөн цахим гарын үсгийг нэвтрүүлж, түгжрэлийг 10-15 хувиар бууруулна гэж тооцоолжээ.
        Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байна, дарга нь зөвлөхгүй  ажиллах зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Мөн цахим гарын үсгийг нэвтрүүлж, түгжрэлийг 10-15 хувиар бууруулна гэж тооцоолжээ.
 
УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД 420 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
 
     Ирэх оны төсвөөс анхаарал татаж буй гол асуудал нь нийслэлийн түгжрэлийн бууруулахад төсөвлөсөн хөрөнгө байна. 
Тодруулбал, 2021-2024 он хүртэл нийслэлийн автозамын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад  жилд 420 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Тэгвэл энэ жил түгжрэлийн бууруулахад шаардагдах 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн суурь зардалд тусгасан гэнэ.
 
СОЁЛЫН САЙД 51.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХУУЧНЫ БАРИЛГУУДАА СЭРГЭЭНЭ
 
       Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд дэд бүтцийн салбаруудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 40.3 хувийг зарцуулах төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ Зам тээврийн салбарт, 217 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд нийт 54 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Үүнд дэд бүтцийн ажлуудаас гадна хөгжлийн хөгжлийн томоохон автозамын ажлыг хийхээр тусгажээ.
 

      Үүний дараа Барилга хот байгуулалтын сайд 200 тэрбум төгрөгийн төслөөр 108 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Түүнчлэн энэ жил боловсролын салбарт томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлэхтэй холбоотой шинээр Боловсрол, шинжлэх ухааны яам 163 төсөл хэрэгжүүлнэ гэсэн тооцоо гаргаж, нийт 193 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай гэж үзжээ. 

 
      Харин Эрүүл мэндийн салбарт ирэх жил өмнөх оны мөн үеэс харьцангуй бага хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна. Учир нь, 2021 оны төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэлээд оруулсан. Иймд ирэх жил тус салбарт 70 тэрбум төгрөгөөр 56 төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
 
      Эрчим хүчний сайдын мэдэлд ирэх онд 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт очих нь. Нийт 31 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ нь нийт хөрөнгө оруулалтын 4.9 хувийг эзлэх аж. Эрчим хүчний салбарт хийх хоёр том төсөл анхаарал татаж байгаа бөгөөд үүнд Засгийн газар нэг тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргана гэдгээ мэдэгдээд буй. Өөрөөр хэлбэл, ирэх онд Таван толгой дулааны цахилгаан станц барих, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд зээлийн батлан даалт гаргах юм.

     2022 оны онцлох төсвийн нэг нь Соёлын сайдын 51.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт юм. Ирэх жил соёлын салбарт шинэ барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэхгүй бөгөөд соёлын өвийн хуучны барилгуудаа сэргээн засварлах ажлыг эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ Богд  хааны ордон музейн засварт 2.6 тэрбум, Чойжин ламын сүм музейн засварт 1.7 тэрбум, УДЭТ-ын засварт 1.2 тэрбум, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засварт 1.9 тэрбум төгрөг тус бүр төсөвлөсөн байна. Харин Сангийн сайдын тухайд энэ жил 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх бөгөөд хамгийн бага өртөгтэй яамнаас хоёр дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

      Өмнөх жилүүдэд эргээд барилгыг нурааж, шинээр барих шаардлагатай хэмээн үзэж байсан бол ирэх жил эдгээр барилгыг сэргээн засаж, газар хөдлөлтөд тэсвэртэй болгох хүчтгэх ажлыг хийвэл болно гэж үзсэн аж. Түүнчлэн ирэх онд Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг шинээр барих төслийг эхлүүлэх бөгөөд 30 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм байна. 
 
     Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны улсын төсвийн ерөнхий дүр зургийг тоймлон хүргэлээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх жилүүдэд шүүмжлэл дагуулсан төсөл хөтөлбөрүүдээсээ татгалзаж, эдийн засгийг сэргээх хамгийн боломжит төслийг боловсруулсан гэх. Гэвч улсын төсвөө улайтал шавхаж, төсвийн алдагдал найман их наядад хүрсэн энэ үед Засгийн газар хэт өөдрөг төсөв боловсруулсан гэх шүүмжлэл ч шинжээчдийн дунд байна.
 

Нийслэлд байдгаа барьж, бусдаас нь харамласан УЛСЫН ТӨСӨВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188