• Өнөөдөр 2024-04-16

Б.БИЛГҮҮН: Монголдоо физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх мөрөөдөлтэй

2021-08-05,   900

              Олон улсын физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Батбаярын Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр хүүхэд байхаасаа л аливаа зүйлийг сонирхож, зүй тогтлыг нь олохыг хичээдэг байжээ. “Ахлах ангид ороод олон улсын олимпиадад оролцох мөрөөдөл минь биелж, бүр хүрэл медаль хүртсэндээ баяртай байна” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн уу Б.Билгүүнээ. Зуны амралтаа хэрхэн өнгөрөөж байна вэ?

            -Сайн уу. Энэ зуны амралтаа олимпиадад бэлдэж өнгөрөөлөө. Одооноос л амарч эхэлж байна. Ер нь урт хугацааны амралтаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг. Мөн одоо төгсөх ангид орох болохоор олон зүйлд бэлдэж байна.

-Олон улсын Физикийн олимпиадад тусгай байр эзэлсэнд нь баяр хүргэе. Хэд дэх жилдээ орж байгаа вэ?

            -Өнгөрсөн долдугаар сард Олон улсын физикийн олимпиадад анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэн. Мөн зургадугаар сард Европын физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ жил анх удаа олон улсын олимпиадад оролцож, медаль хүртсэндээ баяртай байна.

-Энэ жилийн олимпиад цахимаар болсон. Цахим олимпиадын онцлог нь юу байна вэ?

            -Бид уг нь танхимаар олимпиадад оролцоно гэж бэлдэж байсан ч цар тахлаас болоод цахимаар болсон. Цахим олимпиадын хувьд тухайн улсад нь очиж, гоё, сайхан зүйлсийг нь үзэж, өөр улсын хүүхдүүдтэй танилцаж чадаагүй нь муухай санагдсан. Мэдээж давуу тал нь эх орноосоо орж байгаа болохоор цагийн зөрүү, хоол таарахгүй байх зэрэг асуудал үүсэхгүй, сэтгэл зүйн хувьд тогтвортой, тайван орсон.

-Сүүлийн жил гаруй хугацаанд цахимаар хичээл үзсэн. Олимпиаддаа хэрхэн бэлдсэн бэ?

            -Тиймээ, сүүлийн жил гаруй хугацаанд цахимаар хичээл үзсэн. Олимпиаддаа мөн цахимаар бэлдсэн. Цахимаар хичээл орох нь танхимаар орохоос үр дүн хамаагүй муу байсан. Гэхдээ энэ хүнд цаг үед цахимаар ч гэсэн хичээл орж байгаа нь сайн зүйл байх. Мөн цахимаар хичээл үзэхээр хүүхдүүд биеэ дааж сурдаг юм билээ. Олимпиаддаа цахимаар бэлдэж байгаад сүүлийн нэг сар МУИС-ийн хичээлийн байранд бэлдсэн.

-“Физикийн хичээлд хүүхдүүд төдийлөн сайн хамрагдахгүй байна” гэж дуулсан. Таны хувьд яагаад физикийн хичээлийг сонгон суралцсан бэ?

            -Би зургадугаар ангиасаа физикийн хичээл судалж эхэлсэн. Тэр үеэсээ л олимпиадад оролцож эхэлсэн. Гэхдээ Монголд л доо. Тэгээд том ангид ороод олон улсын олимпиадад орж үзнэ дээ гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж, бүр медаль хүртсэн дээ баяртай байна. Физик их гоё хичээл. Амьдралтай хамгийн ойр зүйлсийг судалж, туршилт хийдэг болохоор их сонирхолтой. Хүүхдүүд физикийн хичээл сонгон суралцахгүй байгаа нь хичээл цахимаар орж, багш нь тулж ажиллахгүй байгаагаас болсон болов уу. Монголд физикийн ангийг хөгжүүлэх гэж хичээж байгаа санагдсан. Цаашид олон хүүхэд физикийн хичээл судалж, энэ салбар хурдацтай хөгжих байх.

-Б.Билгүүн багадаа ямар зантай, юунд сонирхолтой хүүхэд байсан бэ?

            -Би багадаа их сониуч хүүхэд байсан. Аливаа зүйлийг оролдож, сонирхож үздэг тийм хүүхэд байсан. Мөн их ном уншдаг хүүхэд байсан гэсэн. Хүүхдүүд багадаа машинаар тоглож, гүйж, харайж тоглодог шүү дээ. Би болохоор тоглоомоо бүгдийг нь эмхэлж хураагаад, ном уншаад суудаг хүүхэд байсан гэж аав ээж ярьдаг.

-Их цэгцтэй хүүхэд байж ээ?

            -Тиймээ, одоо ч гэсэн тийм зантай гэж боддог шүү.

-Анх физик заасан багшийнх нь тухай ярилцлагаа үргэлжлүүлье?

            -Миний физикийн хичээлийн суурийг “Сант” сургуулийн багш минь их сайн тавьж тавьж өгсөн. Тэгээд би өөрөө интернэтээс судалж, хөгжүүлж эхэлсэн. Мөн МУИС-ийн Физикийн тэнхимийн багш нар, Монголын олимпиадын хорооны багш нар бидэнд илүү ахисан түвшний хичээл заадаг.

-Физикийн олон сонирхолтой туршилт хийдэг үү?

            -Бид туршилт тэр бүр хийдэггүй. Туршилт хиймээр л байдаг. Харамсалтай нь багаж, хэрэгсэл нь олддоггүй. Олохын тулд олон газраар явах хэрэгтэй болдог. Тийм болохоор туршилт тэр бүр хийгээд байдаггүй. Гадны өндөр хөгжилтэй улсад физикийн туршилтыг их хийдэг юм билээ. Бүр туршилтын хүрээлэнтэй. Манай улсад физикийг онол талаас нь их судалдаг. Ихэнхдээ бодлого боддог. Гэтэл физикт туршилт их чухал. Олон улсын олимпиадад нэг бодлого, нэг туршилт ирдэг. Тэгээд манай монголчууд туршилтыг нь жоохон тааруу хийгээд байдаг. Миний бодлоор үүнийг бүтцээр нь шинэчилж, туршилтын томоохон хүрээлэнтэй болох хэрэгтэй байх. Амархан хийж болох туршилтууд байдаг л даа. Гэхдээ тэр нь дунд ангийн хүүхдийн түвшнийх байдаг. Яг олимпиадын түвшний туршилт хийх боломж байдаггүй юм.

-Б.Билгүүн маань ямар мөрөөдөлтэй вэ?

            -Би орохыг хүссэн хэд хэдэн сургууль судалж, түүндээ бэлдэж байгаа. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд АНУ-д суралцах зорилготой. Тэгээд сургуулиа амжилттай төгсөөд, хүссэн ажлаа хийж амьдармаар байна. Мөн Монголд физикийн салбарыг хөгжүүлэх мөрөөдөлтэй.

-Өөрийгөө ямар зан төлөвтэй гэж боддог вэ. Олон найзтай юу?

            -Би аливаа зүйлд их тууштай ханддаг. Зорьсон зорилгынхоо төлөө их хичээдэг. Аливаад эмх цэгцтэй ханддаг. Тэр зан чанарууд маань өнөөдөр амжилт гаргахад нөлөөлсөн байх. Мөн би багадаа их даруухан, үг цөөнтэй хүүхэд байсан. Тэгээд дунд ангид ороод “Найрамдал” зусланд амардаг болсон. Тэр үеэс илүү нээлттэй болж, олон найзтай болсон. Гэхдээ найз олон байдаг ч сайн найз цөөхөн.

-Физикийн хичээлээс өөр юу хийх дуртай вэ?

            -Би кино их үздэг. Багадаа кино найруулагч болно гэж мөрөөддөг байлаа. Толгойдоо кино зохиол бодож явдаг тийм хүүхэд байсан. Мөн хөгжим сонсох дуртай. Урлагт сонирхолтой хэрнээ түүнийгээ хөгжүүлж чадаагүй. Их сургуульд ороод урлагийн мэдрэмжээ илүү хөгжүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж физик, шинжлэх ухаан нэг номерт л доо.

-Найзуудтайгаа хэр холбоотой байгаа вэ. Цахимаар хичээл үзэж, гэрт удаан хугацаанд байхаар ааш занд нь хэрхэн нөлөөлж байна вэ?

            -Миний харж байгаагаар хүүхдүүд цахимаар хичээл үзээд юу хийхээ мэдэхгүй, юу болоод байгаа нь ч ойлгомжгүй, тийм нөхцөл, байдалтай байгаа юм шиг санагдсан. Зорилгогүй болсон ч юм шиг. Миний ойр дотны найзууд дунд ч тийм хүүхэд бий. Тиймээс хэдий бидэнд сурахад олон бэрхшээл байгаа ч хичээвэл боломжгүй зүйл байхгүй. Бүгдээрээ ахиад жоохон хичээе.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.

 


Б.БИЛГҮҮН: Монголдоо физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх мөрөөдөлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188