• Өнөөдөр 2025-11-09

О.МӨНХТҮМЭН: Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн маань одоо ч сэтгэл догдлуулсан хэвээр

2025-09-25,   2188

Монголын бүх ард түмний XVI их наадмын хөнгөн атлетикийн тэмцээн есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ.  Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн  100 м-ийн зайд 1991 онд  Я. Отгончимэгийн  тогтоож байсан 12.26 секундын рекорд дээд амжилтыг Орхон аймгийн тамирчин О. Мөнхтүмэн 34 жилийн дараа 12.25 секунд болгож шинэчлэн тогтоолоо.  Монголын бүх ард түмний XVI наадмын аварга, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон Орхон аймгийн тамирчин, ОУХМ Отгонпүрэвийн Мөнхтүмэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн дээд амжилтыг 34 жилийн дараа 12.25 секунд болгон шинэ рекорд амжилт тогтоосонд баяр хүргэе.

      -Маш их баярлалаа.

-Монголын бүх ард түмний XVI их наадамд хэдэн зай төрөлд өрсөлдөв. Ямар амжилтууд гаргав аа?

       -Монголын бүх ард түмний XVI их наадмын хөнгөн атлетикийн спортын ойрын зайн 100 м, 200 м , багийн 4х100 м, 4х400 м-ийн холимог буухиа гүйлт гэсэн дөрвөн төрөлд өрсөлдлөө. 100 м зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож аварга болсон. Харин  200 м, 4х100 м, 4х400 м-ийн холимог буухиа төрөлдөө тус бүр мөнгөн медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн байгаа.

-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй?

       -Намайг Отгонпүрэвийн Мөнхтүмэн гэдэг. Хөнгөн атлетикийн ойрын зайн гүйлтийн ОУХМ цолтой. Монголын хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн ойрын зайн гүйлтийн тамирчин.

-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

        -Би Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрж, өссөн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байв?

        -Миний бага нас Шарын гол сумандаа өнгөрсөн. Багадаа их дуугүй даруухан, хэрнээ их хөдөлгөөнтэй охин байсан шүү. Ахыгаа дагаад л найзуудтай нь гүйж, харайн, тоглож явдаг хүүхэд байлаа.

-Бага насныхаа хамгийн сайхан үеийг эргэн нэг дурсахгүй юу?

        -Ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар ангид байхдаа сургуулийнхаа намрын спартакиадад анх орсон. Байрнаас уртын харайлтад түрүүлээд дараа нь ангийнхаа хүүхдүүдтэй буухиа гүйлтэд түрүүлж байсан баярт мөч, одоо ч нүдэнд харагддаг. Тэр үед анх удаа тэмцээнд орж байсан дурсамж сэтгэлд их тод үлдсэн.

-Яагаад хөнгөн атлетикийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?

         -Намайг тавдугаар анги төгсөх жил манайх Дархан хот руу нүүсэн. Тэгээд Дархан хотын Хуучин хорооллын “Од” цогцолбор сургуулийн сурагч болсон. Ер нь тэр үед хичээлээ их хичээж хийдэг байв. Тэр дундаа биеийн тамирын хичээлд их дуртай хүүхэд байсан.

    Тэр нь миний спортыг сонгох шалтгаан болсон болов уу. Энэ бүхэн хөнгөн атлетик гэдэг агуу гайхамшигтай спорт руу чиглүүлж өгсөн багш нартай минь шууд холбоотой гэж боддог. Хөнгөнөөс өмнө анх гандболын секцэнд явдаг байв. Нэг өдөр багш маань дуудаад маргааш биеийн тамирын хувцастай спортын ордны ард ирээрэй гэсэн.  Тэгсэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орох болж таарсан. Аймгийн аваргад өрсөлдөөд мөнгөн медаль авснаар хөнгөн атлетикаар хичээллэх эхлэл тавигдсан.

-Хөнгөн атлетикийн анхны багш нь хэн бэ?

       -Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн биеийн тамирын Ц.Бат-Орших багш байгаа.

-Хэд дэх жилдээ хөнгөн атлетикаар хичээллэж байгаа вэ?

      -Хөнгөн атлетикийн спортоор арав дахь жилдээ хичээллэж байна.

  -Ойрын болон дундын зайн гүйлтийн онцлог юу байдаг вэ?

        – Дундын зайн гүйлтэд ихэвчлэн хурдны тэсвэр, уралдааны тактик зэрэг хүчин зүйлд илүү анхаардаг. Харин би өөрөө ойрын зайн тамирчин учраас энэ чиглэлийн онцлогийг түлхүү ярих нь зөв байх. Ойрын зайн гүйлт гэдэг бол цэвэр хурд, мөн биомеханик буюу гүйлтийн техникийн нарийн мэдрэмжийг шаардана. Биомеханик гэдэг нь хүний хөдөлгөөний оновчтой загвар, биеийн байрлал, гар хөлний уялдаа холбоо зэргийг шинжлэх ухааны үндэстэйгээр сайжруулахыг хэлдэг.

       Ойрын зайн тамирчид нам гараанаас хурдан хөдөлж, маш богино хугацаанд дээд хурдандаа хүрэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, хурдатгал болон дээд хурдыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Үүнд дасгалжуулагчийн нарийн зөвлөгөө, чиглэл маш чухал.

    Мэргэжлийн багш, дасгалжуулагчдын дор тогтмол бэлтгэл сургуулилалт хийснээр л зөв техник, зөв хурд, зөв хэмнэлийг бий болгодог гэж боддог. Бас бэлтгэлийн болон тэмцээний бие халаалт цаг уураас хамааран бага зэрэг ялгаатай. Тэмцээн болох газар өндөрлөг үү , нам дор газар уу гэдгээс шалтгаална. Мөн салхины хурд, чиглэл ямар байх нь бас амжилтад их нөлөөлнө. Энэ бүгд дээр дасгалжуулагчийн нарийн төлөвлөгөө, зөвлөмж их тус болдог доо.

-Одоо ямар клуб байгууллагын тамирчин бэ?

       -Үндэсний шигшээ баг, Орхон аймгийн хөнгөн атлетикийн холбооны тамирчин. Өмнө нь 400 м, 800 м-т гүйдэг байсан. Өсвөр үеийн тамирчин байхдаа уртын харайлт болон дундын зайд гүйдэг байсан. Орхон аймгийн хөнгөн атлетикийн холбоондоо 2022 оны намар ирж, Г.Батцоож багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийснээр 200 м, 400 м-ийн зайн тамирчин болж, сүүлийн хоёр жил 100 м, 200 м-т уралдаж байна.

-Ямар, ямар зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа вэ?

        -Одоогоор 100 м, 400 м-ийн зайн үндэсний дээд амжилтыг эзэмшдэг. 200 м-ийн зайн дээд амжилтыг эзэмшиж байсан. Энэ амжилтыг сая МБАТС дээр өөр тамирчин шинэчлэн тогтоосон байгаа.

-Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон  амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?

         -Монгол туургатны хүүхдийн наадмын 4х400 м-ийн буухиа гүйлтийн мөнгө, Монголын хүүхдийн спортын V их наадмын 400 м-ийн зайн алт, ОХУ-ын Буриадын аварга шалгаруулах тэмцээний 800 м зайн хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

-“Ханжоу-2022” Азийн наадамд оролцож байсан санагдах юм. Тус наадамд хэр амжилттай оролцсон бэ?

        -“Ханжоу-2022” Азийн наадамд 200 м, 400 м, 4х400 м зайд Азийн шилдэг тамирчидтай уралдаж үзсэн. Азийн наадмын 4х400 м-ийн буухиа гүйлтэд багаараа Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. Үндсэн хоёр зайн гүйлтэд хувийн дээд амжилтаа шинэчилсэн байгаа.

-Тив, дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээ хаана хийдэг вэ?

        -Орхон аймагтаа болон Налайх дүүргийн гүйлтийн зам дээрээ бэлтгэлээ хийдэг. Өнгөрсөн өвлийн хувьд бэлтгэлээ Казахстан Улсын Алмата хотод базаасан.Түүнээс өмнө бол манайд өвлийн гүйлтийн зам талбай, манеж байхгүй учраас гадаа аспалтан зам дээр, спорт заал зэрэгт бэлтгэлээ хийдэг байлаа.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?

       -Тамирчин хүн бүр тэмцээн уралдаан бүхэнд  өөрийнхөө хамгийн сайнаараа оролцохыг хичээдэг. Миний хувьд Узбекистан Улсад болсон Г.Арзумановын нэрэмжит дэлхийн хөнгөн атлетикийн холбооны хүрэл ангиллын тэмцээнд оролцсон. Тэр тэмцээнд Монгол Улсын 200 м, 400 м-ийн зайн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлоо хангаж байлаа. Мөн саяхан болж өнгөрсөн Монголын бүх ард түмний спартакиадад Г.Батцоож багштайгаа хамт төлөвлөсөн амжилтандаа хүрч 100 м-ийн зайн үндэсний дээд амжилтыг шинэчилсэн маань одоо ч сэтгэл догдлуулсан хэвээр байна.

-Монгол Улсад битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн байхгүй. Гадаа бэлтгэл хийх, зааланд бэлтгэл хийх хоёрт ялгаа бий юу?

       -Ялгаа бий. Манай спортод цаг агаарын нөхцөл байдал шууд тамирчдын бэлтгэлжилт, амжилт, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг. Битүү дээвэртэй манежинд өвлийн улиралд бэлтгэл хийх нь дээрх эрсдлийг бууруулж тамирчдын амжилт өсөх боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсад ядаж нэг ч гэсэн манеж баригдаасай гэж хөнгөн атлетик сонирхогч хүн бүр л хүсдэг дээ.

-Ойрын зайн тамирчид зориулалтын тартан зам дээр гүйж, бэлтгэл хийж байж л амжилт гаргана. Гэтэл ганцхан Налайх дүүрэгт л зориулалтын зам байгаа нь хэр хангалттай вэ?

        -Хөнгөн атлетикийн стандартын зам талбай манай улсын хувьд маш цөөн. Хөнгөн атлетикийн бүх зай төрлийн тамирчид тартам зам дээрээ зориулалтын шипи, пүүзтэй бэлтгэлээ базааж байж л илүү амжилтыг гаргана. Манай Орхон аймгийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийнхээ аспалтан зам дээр пүүзтэйгээ бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Аймагтаа гүйлтийн стандарт зам талбайтай болох хүсэлтээ шат, шатны спортын мэргэжилтнүүд болон аймгийн Засаг дарга, ИТХ-д санал өгсөн ч дэмжигдэхгүй байгаа нь харамсмаар байдаг. Гүйлтийн тартам замтай болсноор зөвхөн хөнгөн атлетикийн тамирчдад бус бусад спортын төрлүүд, нийтийн биеийн тамир хөгжих бүрэн боломжтой болно.

 


 

 


О.МӨНХТҮМЭН: Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн маань одоо ч сэтгэл догдлуулсан хэвээр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-26 16:01:13
    Батхишиг : Дүүдээ томоос том баяр хүргэе .миний хүүхдүүдийн үеэл Аавын нь удамд мундаг хүч чадалтай бөх хүн байсан юм билээ аавын талын 7 дох үеийн хүн байсан .Өвөө нь маш чадалтай бөх хүн спортын хүмүүс байгаа. Ээж нь эрэмгий дайчин бүсгүй байдаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 15:00:45
    Ц.Төгсжаргал: Охиндоо Амжилт хүсэё мундаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 12:00:52
    Энхцэцэг : Тамирчин хүн,тэр дундаа хөнгөн атлетикийн Тамирчин гэдэг бол агуу юм. Хөөрхөн,үзэсгэлэнт Мөнхтүмэн дүүдээ амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-25 09:54:45
    Однончимэг: Үнэхээр тууштай. ХөдөлмөрчУхаалаг,Үзэсгэлэнтэй шүү миний дүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188