• Өнөөдөр 2024-05-08

Д.Трампын гар дахь “хөзрүүд”

2020-10-28,   468

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээн өрнөж, сонгуулийн кампани өндөрлөх тийш хандав. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Төрийн тэргүүний албыг хашсан Д.Трампын хувьд өнгөрсөн дөрвөн жил амаргүй, олон асуудалтай нүүр тулсан хугацаа байлаа. Сонгуулийн дүнг урьдчилан таамаглах аргагүй ч Д.Трампад нэмэх оноо авчрах хүчин зүйлс бас бий. 
 
Магадлал
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчид дахин сонгогдох магадлал бага гэж саяхныг хүртэл ажиглагчид онцолж байлаа. Цар тахал, хямрал, эсэргүүцлийн хөдөлгөөн (BLM), байгали йн гамшиг зэрэг олон таагүй үйл явдал Америкт өрнөхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон бичсэн номдоо Д.Трампын тухай таагүй баримтуудыг дэлгэсэн. Хэдийгээр аливаа хямрал, халдлагын үед Ерөнхийлөгчийн рейтинг өсөж, ард түмэн бусад үеэс илүү Төрийн тэргүүнээ дэмждэг ч энэ удаад тэгэх, эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сард Д.Трампын рейтинг  39 хувь  байсан агаад сүүлийн саруудад сонгогчдын дунд түүний рейтинг өсөж байгаа нь 2016 онд Хилари Клинтоныг гүйцэж түрүүлсэн түүхийг нэхэн сануулж буй. 
 
Эсэргүүцлийн хөдөлгөөн 
BLM буюу “Хар арьстнуудын амьдрал үнэтэй” эсэргүүцлийн хөдөлгөөн Д.Трампын томоохон сорилт болов. Цагдаа нарын гарт амиа алдсан хар арьстнууд, Америкийн нийгэмд амь бөхтэй оршсоор буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шударга бус тогтолцоог халах хүслээс үүдэн улбаалсан эсэргүүцлийн жагсаалын хариуд тэрбээр хууль журмыг  хүндэтгэн, нийгмийн үнэт зүйл, шударга ёсны төлөө арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Үүний хариуд түүнийг арьсны үзэлтэн гэж буруутгаж байв. BLM эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хүмүүс машин шатааж, дэлгүүр тонож, хүний амь эрсэдсэн нь Америкийн үнэт зүйлд халдаж байна гэсэн Д.Трампын байр суурийг илүү үнэмшилтэй харагдуулсан. Эмх замбараагүй байдлыг зогсоох арга бол хүч хэрэглэхээс гадна ийм нөхцөл үүсгэж буй шалтгаан, хүчин зүйлийг үгүй болгох гэж Д.Трамп тайлбарлаж байлаа. Ингэсний дүнд иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмжийг бий болгох, цагдаа, хууль сахиулах албыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэх, ингэхдээ санхүүжилтийг нь хасахгүй гэж тэрбээр амлав.  Расизмтай тэмцэх нь чухал гэдгийг үгүйсгээгүй ч  хууль журам бүхнээс дээгүүр гэдэг чигийг Д.Трамп баримталсан  нь түүнд нэмэх оноо авчирсан. 
 
Хямрал 
Трампын засаг захиргаа, нэр хүнд, айсуй сонгуульд мөн хамгийн их нөлөөлж буй нэг зүйл нь цар тахал. Халдвар авсан хүнийхээ тоогоор Америк дэлхийд нэгдүгээрт бичигдэж, цаашид ч байдал хүндрэх төлөвтэйг судлаачид онцолж буй. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д 7.1 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа юм. Гэтэл  Ерөнхийлөгч эхэндээ амны хаалт зүүгээгүй, хөл хориог ч төдийлөн үр дүнтэй гэж бодохгүй буйгаа илэрхийлж байлаа. Энэ зуур Ерөнхийлөгч болон түүний гэр бүл коронавирусийн халдвар авч, эмчлүүлэхэд хүрсэн. Цар тахлын улмаас олон хүний амь эрсэдсэн, одоо ч иргэдийн амьдрал хүнд байгааг түүний өрсөлдөгч сануулж байхад нөгөө талаас дэд бүтцийн салбарын орлого нэмэгдэж, үйлчилгээний салбар ч сэргэх хандлагатай болж ирлээ. Өнгөрсөн зуны сүүлчээс ажилгүйдэл буурч байгаа нь Д.Трампын хувьд мөн л нааштай үзүүлэлт болох нь. 
 
“Үлбэгэр” өрсөлдөгч 
Төрийн тэргүүний алба хашсан дөрвөн жилийн хугацаанд Д.Трамп хачирхалтай, дургүйцэл төрүүлэм олон мэдэгдэл, үйлдэл хийсэн. Төрийн тэргүүн сэтгүүлчидтэй ам муруйж, өрсөлдөгч рүүгээ боломж олдвол дайран, гадаад харилцааны тал дээр ч болгоомжгүй үйлдэл гаргаж байв. Товчхондоо энэ хугацаанд түүний хачин, этгээд үг, үйлдэлд ард түмэн ч, дэлхий нийт ч дассан гэж хэлж болно. Энэ удаад Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден харин илүү либераль, төвийг сахигч, центрист байж таарсан нь Д.Трамп дахин ялалт байгуулахад нөлөөлж магадгүй нь. Энэ бүх хугацаанд Д.Трамп төлөв түвшин, ухаалаг, төвийг сахисан улстөрч болох гэж зүтгэсэнгүй, харин ч алдаа дутагдалтай, гэхдээ шударга, Америкт хайртай удирдагчийн имижийг бүрдүүлж чадсан. Мөн баримталсан бодлогоороо тэрбээр Америк бол хууль ёсоор амьдарч буй цагаачид, гэм буруугаа ухаарсан гэмт хэрэгтэнд эх орон нь болж, хууль ёсны дагуу өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрдөг улс орон гэдгийг харуулахыг зорьсон. 
 
“Консерватив” Дээд шүүх 
АНУ-ын сенат Дээд шүүхийн есөн шүүгчийн нэгээр Д.Трампын санал болгосон Эми Кони Барреттыг томиллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн түүнийг ийнхүү шүүгчээр баталсан нь Д.Трампын хувьд улс төрийн том ялалт гэж ажиглагчид үзэж байна. Эми Кони Барретыг томилсноор Дээд шүүхийн бүрэлдэхүүн консерватив үзэл баримтлалтай зургаан шүүгчтэй болов. Энэ нь Америкийн цаашдын бодлого, ард олны амьдралд хамаатай олон асуудалд бүгд найрамдахчууд  нөлөөлөх боломжийг бий болгож байгаа юм. 
Юутай ч Д.Трампын улс төр дэх карьер төдийгүй Америкийн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны бодлого цаашид хэрхэх нь арваннэгдүгээр сарын 3-нд шийдэгдэнэ. Дотооддоо олон асуудалтай, хямрал, хүндэр, тахалтай нүүр тулсан америкчууд ямар сонголт хийхийг харах л үлдлээ. 

Д.Трампын гар дахь “хөзрүүд”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-28 16:58:42
    Зочин: Эртний 15 толгойтой атгаалжин хар мангасын удамтай найз урвах эрсдэлтэй хүн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188