“Болор цом”-ын тавдугаар байрын шагналт, яруу найрагч М.Дэвээжаргал 2001 онд төрсөн. Тэрбээр 2019 онд анхны шүлгийн түүвэр "Загасны сормуус", 2023 онд "Тэнгэрт хөөрөх цаасан шувуу" хүүхдийн зурагт ном, 2025 онд "Ужиг хүслийн шувуу" шүлгийн түүвэр ном тус тус хэвлүүлсэн. Түүний шүлгүүд "Дөт", "Зүйлмэл улирал" антологиудад багтдаг. “Ужиг” хэмээх үг наазгай гэх утгыг илэрхийлдэг. Гэтэл хүний дотор үргэлжид бугшсан, хэзээд л тэндээ оршсоор байх тэрхүү удаан, наазгай тэмдэг нь яруу найраг, үгсийн шид дотор мөнхөд үлдэх чин хүслийн илэрхийлэл юм сан уу хэмээн бодоход хүргэнэ. Ингээд уншигчдадаа тус түүврээс онцлох шүлгүүдийг хүргэж байна.
***
Уулзвар бүр нэгнээ тэвэрнэ...
Уулзахгүй удсан болохоор л
Уйлмаар санагдана.
Ухаан суугаад бүхнийг мартана гэж
итгэсэн шиг ээ
Ухаангүй дурлаад ч өнгөрсөн цагийг зогсоож
чадахгүй ээ.
Уулзвар бүр нэгнээсээ сална...
Уйтай усархаг аялгуу хоолойд тороод замхарна
Уйлах л байсан, нулимс гэнэт л эвэрчих шиг
Уушгины гадуур амьсгал урсана.
Унтаа нойронд ч сэрүүн байдаг
Ужиг хүслийн тэмдэг болсон
Алгаа дэлгэхэд унадаг
Үй олон оддын
Амь тээсэн бүлээн шөнийг ч
Хувааж аваад бид буцна.
Утга зохиол судлаач У.Бямбаням:
Минийхээр ном эндээс эхэлж байна. Минийхээр гэдэг нь 29 дугаар хуудасны энэ шүлэгт л зохиолч түүврийнхээ бүхэл санааг зангиджээ. Ухаан суугаад мартана, бусдыг хайрлаад мартана, цагийн уртад мартана гэсэн гэнэн төөрөгдлийг давж гараад, уулзвар бүр нэгнээ тэврэхэд ч уйлмаар санагдах хөндүүр бол зохиолчийн тодорхойлсон “Ужиг хүслийн тэмдэг”.
***
Зангираад байгаа сэтгэлийг
Задгайлан алхахад хань болдог
Дуу шиг хүний үр болоорой, та
Санааны манан сарниад ирэхээр
Салхины нурууг даган бөхийдөг
Намар шиг хүний үр болоорой, та
Дагжим ч гэлээ, амьдралд хайртай
Дахиад төрсөн ч харамсахгүй гэдэг
Хавар шиг хүний үр болоорой, та
Дуу мэт
Намар мэт
Хавар мэт хүн болоход минь
Та миний үр болоорой.
***
Үл ялиг айдас, хөнгөн гунигийн
Тэн хагасыг тайллаа
Үргэлжид эм хүн байх
Үймээнт оршихуйгаас нэрээ татлаа.
***
Өрөөлийн хөндсөн ил шарх
Өөрийн гараас далд анинам
Гүний гүндээ зүс буруу
Хүний л зовлонгоор үсээ буднам…
***
Санаа алдаад л
Мөр налдаг сан
Санасан уу? гэж
Асуух юм сан...
***
Чиний дэргэдүүр би нулимс мэт урсаж
Чичирсэн гараар зүрхээ даран зогсдог
Уйт зүгийн замаас шувуу мэт үргэлж
Уй гунигийн гүн рүү чулуу шиг унадаг.
***
Салхийг атгавал
Ийм л болов уу?
Гар чинь яг тийм...
***
Ухархай доторх
Үй олон хүнийг
Үнс нурам мэт
Хийсэхийг хүлээнэ
ЧАМАЙГ ГЭХ ҮГ
Чи бол
Цаас шиг нимгэрсэн
Хүрмнийхээ халаасанд
Гараа шургуулан алхахдаа
Зун болтол өвлийг дурсдаггүй хүн.
Үгийн шивээнд
Сэтгэлээ шүхэр шиг дэлгээд
Өмнөөс минь урагдаж мэдэх хүн.
Чи бол
Он цаг хүртэл мартчихсан
Бүдэгхэн сорвийг олж хараад
Хуруугаа хүргэхээс ч эмээдэг хүн.
Нээлттэй салхивчаар давшин орж ирэх
Намрын хүйтнийг
Бүхнээс урьтан цээжиндээ
Бүлээцүүлдэг хүн
Чи бол
Ширтэх дуртай миний тэнгэрийн
Нууцыг тайлах гэж оролддоггүй хүн
Чив чимээгүй, нам жимийг хэмжихийн тулд
Мөр налж, дотроо дуу аялдаг хүн.
Чи бол
Урд нас, дараа төрөл гэж
Инээд алдан ярихад хүргэсэн тэр л хүн...
***
Амь зуух аяга ус, атга гурил, чимх давс...
Амт сул ч, хоолтой ширээний ард
Аз жаргал, итгэл найдвар бүтэн!
Дүү минь...
Ертөнцтэй нуугдаж тоглодог цаасан хайрцгаа
Ер бусын бяцхан гараараа тасалж,
Цаг улирлын даажин, хүйтэн шуурганд
Бага настайгаа өрдөж суулаа.
Түнэр харанхуй өвлийн гудамж,
Өвлийн саруудыг сөөм сөөмөөр огтолсоор
Ирэхэд нь гэрийнхээ үүдэнд баатар шиг
Иртэл нь юугаар ч дутаагүй баян шиг
Угтдаг байлаа, аав ээжийгээ...
Сэтгэлээ чөлөөлж, амсхийх, тайвшраад юмсыг ахин харах боломж өгөх ном хэмээн "Ужиг хүслийн тэмдэг"-ийг нэрлэмээр байна. Өчүүхэн хэсэг, үгийг нь ч орхигдуулж, хөдөлгөж болохгүй, өөр үгээр орлуулшгүй, танд жигүүр болох, хавар цагийн дурлалыг санагдуулах мэт уран бүтээл юм.
"УЖИГ ХҮСЛИЙН ТЭМДЭГ" ШҮЛГИЙН ТҮҮВРЭЭС ОНЦЛОХ МӨРТҮҮД |
|