Хэн ч харсан хараа булаам, саруул сайхан эдлэн. Хэдий байшин нь хуучирсан ч хоёр талаар нь чимэн ургасан аварга том хайлаас мод, дүнсгэр, эл хуль гэмээр орчныг амь оруулж, цаанаа нэг тайван мэдрэмж төрүүлнэ. Тайз ийм сайхан засагдсан байсан учир жүжиг эхлэхээс л сэтгэл сэргэм, баяр баясгалан төрж байлаа. Гэхдээ үзэгчийн хувьд ямархан хайрын түүх үзэх гэж байгаагаа хэдийнэ мэдэж байсан болохоор найруулагч хэрхэн үзүүлж, ямар санааг товойлгосон байна вэ, уран бүтээлчид дүрээ хэрхэн гаргав гэдгийг харахыг илүүтэй зорьж байлаа. Харин жүжиг үзэх явцад тэр бүх зорилгыг хэдийнэ мартуулж, яг л зохиол уншиж суугаад гүнд нь орчих шиг бүхнээс ангид болгож, жүжгийнхээ гүнд хөтлөн аваачиж, автуулж байсныг онцолмоор байна. Энэ бол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг. Уншигч танд жүжиг үзсэн тэмдэглэлээ хүргэж байна.
ДУРЛАЛЫН МӨН ЧАНАР
“Дурлал гэгч өдөр, гараг, цаг, минут товлож ирдэг зүйл биш. Ямар ч нөхцөлд, бүр амьдралын хамгийн бэрх цагт, аргагүйдсэн сонголтын үед ч хүн хүндээ сэтгэл алдарч байдаг. Зарим хүн үүгээр нь дурлалыг сайхан гэж ч болох юм. Гэхдээ л дурлал хүнээс тэсвэр тэвчээр, зориг, золиос шаардах нь бүх сайхнаасаа илүү юм даа” гэдгийг “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг үзээд бодсон юм. Бараг дурлалын тэр бүх шалгуурыг давж гарсан нэгэнд л аз жаргал ирдэг шиг. Өөрөөр хэлбэл, Абби хэзээ ч Эфрайм Кэбот хэмээх хөгшин фермерчинтэй ханилах сонголт хийхдээ хүүд нь дурлана гэж санаагүй. Эбин ч ялгаагүй аавынхаа гэртээ дагуулан ирсэн залуу бүсгүйд хайр сэтгэлтэй болно чинээ бодоогүй. Тэгэхээр хайр яг ингэж санаандгүйгээр хүний зүрх сэтгэлд бууж, тэдэнд ер бусын гэмээр чадал тэнхээ, юуг ч давж туулах зориг тэвчээрийг өгдөг гэдгийн нэгэн жишээ тэдний учрал болж байгаа юм. Үзэгч миний хувьд лав үүнийг дурлалын нэгэн мөн чанар гэж ойлгож байна. Нэг ёсондоо хэн нэгэн дурлалыг цэцэг ургасан талтай зүйрлэн бодож, хурдхан л тэр сайхан замаар алхах сан гэж догдлон тэмүүлж байтал яг алхах үед чулуутай, өргөстэй бартаат зам байж таарахтай л ижил байх. Тэр бүхнийг амжилттай туулж гэмээнэ шулуун дардан замд хүрдэг мэт.
.jpg)
НАЙРУУЛАГЧ, ДҮРҮҮДИЙН СОНГОЛТ
Абби, Кэбот, Эбин гэж хэн бэ гэж “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн зохиолыг уншаагүй, жүжгийг нь үзээгүй хүмүүс гайхах байх. Н.Наранбаатар найруулагч энэ удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Америкийн зохиолч Южин О'Нилийн зохиол болох Эфрайм Кэботын гэр бүлийн үйл явдлыг дэлгэжээ. Хаврын хаварт л хайрыг үзүүлэх гэж зорьдог эл найруулагчийн энэ хаврын сонголт хайлаас модны доор үзэгч, уран бүтээлчдийг уулзуулж, тэдний ээдрээтэй атлаа гэгээн хайрын ертөнцөд урин дууджээ. Тэр ертөнцөд нас овоохон хэвийсэн ч хурдан шаламгай, жавхаалаг байдал нь хариагүй, зөөлөн зантай баян эр Эфрайм Кэботын дүрийг тун саяхан Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаагаад буй жүжигчин М.Түвшинхүү үлгэрлэн бүтээжээ. Харин хоёр том хүү нь болох шуналтай, зальжин, наргиан цэнгээнд дуртай, дээрэнгүй зантай Семион Кэбот, Питер Кэбот нарын дүрийг жүжигчин Б.Баттогтох, Н.Мөнх-Эрдэнэ нар чадварлаг гаргасан бол тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэдийнэ бидний танил болоод буй жүжигчин Т.Сэргэлэн дураар, зоргоор, эрх чөлөөтэй дурлалт залуу Эбиний дүрд сонгогджээ. Кэботын гэр бүлийн харчууд нэг иймэрхүү. Аавынхаа үгэнд ордог хүн энэ гэрт нэг ч байхгүй. Гагцхүү эдлэн газрыг нь булаацалдсан эрээ цээргүй зан л тэдэнд бий.

Ийм байдалтай тэдний гэрт аавынх нь эхнэр болох залуухан бүсгүй Абби ирнэ. Аббигийн дүрд жүжигчин О.Долгор тогложээ. Хэчнээн үзэсгэлэнтэй, энхрий зөөлөн, басхүү зоригтой Абби байсан гэж санана. Тайзнаа гарч ирэхэд бидний хэдийнэ танил О.Долгор жүжигчин харагдаж байсан ч удаа ч үгүй сэргэлэн цовоо, ихэмсэг, хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ зориулах зоригтой Абби хэмээх эмэгтэйн дүрд хөтлөн оруулж, жүжиг дуусахад, Абби л зүрх сэтгэлд хадаатай үлдсэн. Түүний дүр галзууртлаа дурласан эмэгтэй мөн ч эмэгтэй хүн бүгдийг зөөллөж, утга учиртай, ариун гэгээн болгодог гэдгийн нэгэн төлөөлөл ч болж байв. За тосгоны бусад хүмүүсийн дүрүүд тайзнаа хоромхон үзэгдэх ч цөм энэ айлд өрнөж буй бүхэнд өөрсдийн илэрхийллийг биеийн хэлэмж, харц, үйл хөдлөлөөрөө үзэгчдэд тун ойлгомжтой үзүүлчихэж байгаа учир тус бүр дурдахгүй өнгөрч болох байх. Ийнхүү Н.Наранбаатар найруулагчийн сонгосон дүрүүд тун чадварлаг, мөнхүү цөм найруулагчаас авсан дүрдээ чамбай сайн бэлдсэн нь дүрдээ автуулж буй байдлаас нь харагдаж байлаа. Үүгээр нь найруулагч, уран бүтээлчдэд том баяр хүргэе. Харин үйл явдлаас дутуухан санагдсан зүйл нь Эбиний хоёр ахын ухаарал. Хэдийгээр Абби дан харчууд амьдардаг энэ айлд ирснээр бүгдийг өөрчилж байгаа ч угийн дээрэнгүй, аавынхаа эд хөрөнгөд шунаж байсан, наргиан цэнгээнд дуртай ах нар нь чухам юунаас үүдэж ухаарч, эцэстээ бүгдийг ойлгов гэдгийг жүжгийн нэг хэсэгт ч болов тодотгож оруулсан бол гэж санагдаж байлаа.

МАНУУХАЙ
Жүжигт өөд болсон хүнийг мануухайгаар төлөөлүүлсэн байсан даа. Энэ харин их зохицсон мөнхүү сэтгэл хөндүүрлүүлж байсан. Монголчууд мал амьтандаа чоно халдахаас сэргийлж малынхаа хотонд мануухай босгодог. Төгсгөлийн хэсэгт жүжиг эхлэхэд л байсан ээжийнх нь хувцсыг өмсгөсөн мануухайны хажууд аавынх нь цамцыг өмсгөж, малгайг нь өлгөснийг хараад л Абби хүүтэйгээ амьд байгааг ойлгосон. Хэрэв тэд нас барсан байсан бол тэнд гарцаагүй Аббигийн өмсдөг цагаан плажтай, бас нэг жижиг мануухай нэмэгдэх учиртай. Нэг ёсондоо жүжгийн гол хэрэглэгдэхүүн, тайзны гол нэг өгүүлэмж мануухай болж байв. Харин тэрхүү мануухайнуудыг харахад сэтгэл хөндүүрлүүлж байсан зүйл нь бидний ч бас аав, ээж нэгэн цагт ингээд л байхгүй болно доо гэсэн бодол байв. “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг хэдийгээр хайр дурлалын тухай ч нэгэн гэр бүлийн амьдралыг харуулж буй аж. Тэр ч утгаар аав, ээж, ах, дүүгийн тухай бодол руу ч хөтөлж байна лээ.
“ХАЙЛААС МОДНЫ ДООР ЧАМАЙГ ХҮЛЭЭНЭ” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|