• Өнөөдөр 2024-04-24

ШОГ ЗУРААЧ Ц.ОРГИЛ: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА БҮХНИЙГ ЗУРГААРАА ШҮҮМЖИЛЖ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛДЭГ

2023-01-27,   1301

            Түүний зурагт гүзээтэй том дарга, нүүрсний хулгайтай нэр холбогдсон эрхмүүд, утааг багасгах арга шийдлээ олж чадахгүй болохдоо "Салхи гарвал утаа арилна" гээд хээв нэг хэлээд зогсож байгаа Хот хариуцсан сайд, өнөө алдарт их наядын дээрэм, юуны ч хамаагүй сайд болоход тэврэлдэж, үнсэлддэг эрхмүүд, "Ордондоо баавгай ичдэг, гадаа иргэд ичдэг" гэх ордон дотор суугаа сайд дарга, гадна талбайд жагсаж байгаа иргэдийн нөхцөл байдал,  улс төр, нийгмийн өнөөгийн өнгө төрх, дарга даамал нарын ичгүүргүй дүр байдал ёстой тэр хэвээрээ, өнөө л янзаараа буужээ. Үнэндээ бид дотор, гаднагүй ийм л болсон. Хүмүүс ч үнийн өсөлт, утаа, түгжрэл, үйлчилгээ, харилцаа муутай эрүүл мэндийн салбар гээд ам дамжин ярьж, хангалттай бухимдаж байгаа. Тэгвэл харандааныхаа үзүүрээр цагаан цаасан дээр өнөөгийн цаг үеийн байж байгаа царайг хоржоонтойхон буулгачихаад, хөнгөхөн өөртөө инээчихээд, цахим хуудсаараа дамжуулан хүргээд буй нэгэн уран бүтээлч бий.

             Сэдэв нь ганц улс төр, нийгмээр дуусахгүй. Хүмүүсийн ааш араншин болоод амьдралын хэв маягийн тухай ч шүүмжилж. Тухайлбал, турна гэсэн уриатай мөртлөө түргэн хоол, гаазтай ундаанаас салдаггүй эмэгтэйчүүд ч түүний зурагт буйдан дээрээ юм идэнгээ хэвтэн, зурагт үзэж суугаа харагдана лээ. Үүгээрээ тэр нийгэмд болохгүй байгаа бүхний голыг нь олж илэрхийлэгч, мөнхүү шударга шүүмжлэгч, бүр тэрслэгч юм. "Та нар ийм байхаасаа ичээч ээ" гэдгийг  уран бүтээлээрээ дамжуулан чанга дуугарч, тод буулгагч тэр бол шог зураач Ц.Оргил.

     Уншигч та хэдийнэ бүтээлээр нь танилцсан байгаа биз. Тиймээ, танилцсан. Тэрбээр ном болон хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй ч өөрийн сонирхлоор шог зураг зурсаар цахим орчинд бидний эчнээ танил болсон нэгэн. Түүний ярилцлагыг хүргэж байна.

 

 

   -Сайн байна уу. Нийгэмд өрнөж буй асуудлыг шог байдлаар шүүмжилсэн таны зургууд цахим орчинд гараад буй. Хэзээнээс шог зураг зурж эхэлсэн бэ?

            -2019 оны сүүлчээс эхэлсэн санагдана байна. Лав л цар тахлын улмаас нийтийн хөл хорио тогтоож байсан. Тэгээд нийгмийн сэдэвтэй зураг зурах болсон. Тухайн үед хэт их ажлаас чөлөөлөгдөж өөр, сонирхолтой зураг зурах санаа төрсөн.

Тэр нь ч өөрт их шинэлэг, сонин байлаа.

 

   -Юунаас үүдэн, ямар зорилгыг тавьж зураг зурах болсон бэ. Тэр дундаа шог зураг ямар нэгэн сэдэв санаа, агуулгаас бүтдэг болов уу?

          -Анхнаасаа зураг зурах зорилго байгаагүй. Багаасаа зурах сонирхолтой байсан болохоор өөрийн дуртай зүйлээ хийгээд л явж байгаа юм. Хүссэн зургаа зурсны дараа хачин их баяр төрдөг. Тэгэхээр өөрийгөө баярлуулах гэж зураг зурдаг гэж ойлгож болно.

        -Хурган дарга нар, сээр цохигчид, сайд болон төрийн түшээд нарын төрх байдал, Ерөнхийлөгчийн мэндчилгээ гээд  цаг үед сенсаци болон түгж буй сэдэв бүр таны зурагт буусан байгаа харагдана лээ?

             -Нийгэмд өрнөж байгаа цаг үеийн үйл явдал, хүмүүсийн хооорондын харилцаа, мэдээллийг сонсоод өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ зургаар илэрхийлдэг. Миний хувь ярихдаа, эсвэл найруулан бичихдээ муухан учир тэр бүр  хүмүүстэй яриа өрнүүлдэггүй. Харин хамгийн сайн чаддагаараа зурж, дүрсэлж, илэрхийлдэг.

 

Нэг ёсондоо зурагнаас минь тухайн асуудалд би ямар үзэл бодлоор хандаж байгааг харж болно.

     -Мөн та зургууд дээрээ сонин бөгөөд хоржин тайлбарыг өгдөг юм билээ. Энэ их анхаарал татсан шүү?

             -Аль болох оновчтой, зөв тайлбар өгөхийг хичээдэг. Үнэндээ олон тайлбар бичмээр байдаг ч эцэстээ бодож, бодож ганц үг л бичдэг.

-Нэг зурагт хэр хугацаа зарцуулдаг бол. Өдөрт хэчнээн зураг зурдаг вэ?

             -Өдөрт хамгийн багадаа нэг цаг, ихдээ 12 цаг ч болж болно. Хамгийн хэцүү нь бодох. Тухайн хүнийг хэрхэн зурах вэ гэдгийг нарийн бодож, төлөвлөнө. Бодож олтлоо хэдэн цагаар ч хамаагүй сууна. Харин санаагаа олсон тохиолдолд арай хялбар болдог.

        -Шог зураг зурахад дүрэм бий болов уу. Шог зураач юуг анхаарах ёстой байдаг вэ?

             -Зураг зурахад дүрэм байхгүй шүү дээ. Хүссэн, дуртай бүхнээ зурж болно. Бүр хүн үзэхийн аргагүй зүйл зурж ч болно. Зурмаар байвал зурах эрх хэн бүхэнд бий. Гагцхүү юу зурах уу гэдэг тухайн хүний харах өнцөг, хүмүүжил, үзэл бодлоос ихээхэн хамаарна. Харин шог зураач үнэн байх ёстой. Амьдрал дээр байдаггүй зүйлийг инээдтэй юм шиг зурвал худлаа болно. Тухайлбал, нэгэн эрх мэдэлтэй том дарга мөнгө “идсэн” байхад “Манай дарга сайн” гэж зурж болохгүй. Тэгвэл шог зургийн үнэ цэн алдагдаж, худал болно.

Тэгэхээр шог зурагт үнэн бол хамгийн гол баримтлах зүйл.

-Дээрээс нь юмсыг нарийн анзаарч, ажиглах, цаг үеэ мэдрэх зүйл ч нэмэгдэх болов уу?

            -Мэдээж тэгэлгүй яах вэ. Зураач угаас юмсыг сайн ажиглах үүрэгтэй. Харин цаг үеэ мэдэрнэ гэдэг хамгийн чухал нь байх. Хоцорвол тэгээд хоцорно. Мянган сайхан зураг зураад ч нэмэргүй.

     -Ном болон киноны зураачаар ажилладаг байсан гэсэн. Шог зургаас бусад уран бүтээлийнхээ талаар яриа дэлгэж болох уу?

                      -Тийм ээ, Бонго, Майдар гээд комик ном хийж байсан. Тэгэхдээ Бонго комик ном есөн дугаар, Майдар комик ном долоон цувралыг хийсэн. Mongol TV телевизийн "Тог, тог" нэвтрүүлгийн 32 ангитай анимэйшнд ажиллаж байсан. Тэгээд сонирхол болон насны ангиллаа өөрчлөн зурахаар шийдэж, зураад явж байтал нэг мэдсэн шог зургийн төрөл рүү орсон байсан.

      -Алдартай шог зурагчид олон бий. Залуу уран бүтээлчийн хувьд тэднээс суралцдаг байх. Яагаад энэ төрлийг сонгож зурах болсон юм бэ. Өөр ямар төрлөөр зурдаг вэ?

               -Ном болон хүүхэлдэйн киноны зураач мэргэжилтэй. Гэсэн ч үзэл бодлоо илэрхийлж, бусадтай ярилцахдаа муу учир зургаар бүхнийг илэрхийлдэг. Энгийнээр бол өөрийн зурсан зургаараа дамжуулан хүмүүстэй харилцаж, ярилцдаг гэсэн үг л дээ.

 Ингэж өөрийн үзэл бодлыг илэрхийлж явсаар нэг л мэдэхэд шог зураач гэсэн нэртэй болсон байсан.

   -Таны зурсан шог зураг ганц нийгэм, улс төрийн сэдэвт баригдахгүй Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэрээс эхлээд, уран бүтээлчдийн хөрөг хүртэл байна лээ. Энэ сонголт их содон санагдлаа?

             -Тийм ээ, дуртай дуу, кино гээд эргэн тойрон болж буй мэдээ мэдээлэл, өөрт хамгийн гоё санагдсан, "Үүнийг л зурмаар" гэсэн бодол, сэтгэгдэл төрсөн үедээ зүгээр л зурчихдаг. Энэ ч утгаар Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэрийн "Би монгол хүн" дууг тухайн үед сонсоход их сайхан мэдрэмж төрүүлсэн. Монгол хүн, монгол нутаг ямар сайхан болохыг илэрхийлэн дуулж байгаа нь эрхгүй бахархалтай санагдсан. Өвөр Монголчууд Хятад Улсын нэг хэсэг болоод удаж буй. Монгол хэлээр ярьдаг хүмүүс ч өдрөөс өдөрт цөөрч байгаа юм билээ. Тиймээс л дууг нь сонсоход С.Тэнгэр дуучин ямар утгатай дуулж байгааг ойлгох шиг болсон. Тэгээд л хөргийг нь их хичээж зурсан.

 

-Их сайхан зуржээ. Надад ч мөн таны зурсан зураг дотроос шууд нүдэнд туссан шүү?

     -Баярлалаа.

    -Магад зурсан зургаас тань болж хэн нэгэн бухимдах, сөрөг байдлаар үзэл бодлоо илэрхийлэх зэрэг ямар нэгэн асуудал үүсэж байсан тохиолдол байдаг болов уу. Хэр нийгэмд, хүмүүст хүрч, дуу хоолой болж чаддаг вэ?

             -Надад зурсан олон бүтээл бий. Тэдгээрээс цөөн нь л хүмүүст хүрсэн санагддаг. Аль болох эерэг дүрслэл үзүүлдэг болохоор одоогоор хүмүүс над руу бухимдсан зүйл байхгүй байна.

Зургаа зурж дуусаад баярладаг шигээ хүмүүс миний зургийг үзээд инээх хамгийн сайхан.

-Залуу зураач цаашид юунд зорьж, мөрөөддөг нь сонин байна шүү. Зорьж, хүсдэг зүйлээсээ бидэнтэй хуваалцаж болох уу. Мөн бүтээлээрээ үзэсгэлэн гаргах бодол бий юү?

          -Уран зураг, поп арт төрлөөр үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Харин яг хэзээ бэлэн болохыг нь хэлж мэдэхгүй байна. Цахим хуудастаа нийтэлж байгаа зураг бол шог зургийн төрөл. Цаашид юутай ч энэ хоёр төрлөөрөө бүтээл хийгээд явна гэсэн бодолтой байна.

 -Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

   -Баярлалаа.


ШОГ ЗУРААЧ Ц.ОРГИЛ: НИЙГЭМД БОЛОХГҮЙ БАЙГАА БҮХНИЙГ ЗУРГААРАА ШҮҮМЖИЛЖ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-27 17:46:27
    zochin : Ene zuraach zaluu olon saixan shog xoshin xemberiin zurguund zursan baian ene saixan buteeluudeeree uzesgelen gargaval olon xun sonirxoj uzne dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188