• Өнөөдөр 2024-05-01

КОЛОНКТОЙ “НҮҮРСЧИД” БУЮУ ТЭД ШАТАХУУНЫ ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ҮҮ

2023-12-17,   2888

      Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ирц бүртгэх үеэрээ “Ж.Ганбаатар сайд шатахуун түгээх станцуудаар орно гээд чуулганд ирээгүй байна. Шатахуунтай холбогдуулж хэлэхэд, нэр бүхий зарим компаниуд агуулахдаа асар их хэмжээний шатахуун нөөцөлчихөөд, зориудаар зарахгүй, зохиомол хомсдол үүсгэж байгаа мэдээлэл байна шүү. Тэр компаниудыг зааж хэлмээр байгаа ч энд зарлаад яах вэ” гэж ам алдсан. Ноцтой нь, Г.Занданшатар “зарим компаниуд, зориуд зохиомол хомсдол үүсгээд” гэж хэлэх яг тэр үедээ танхимд суугаа хэд хэдэн гишүүн рүү хуруугаараа үл мэдэг чичих, харц шидлэх биеийн хэлэмж үзүүлсэн. Тухайн үед шууд дамжуулалтын камер зөвхөн Г.Занданшатарыг бичиж байсан учраас тэр чухам хэн рүү чичиж, харж байсныг мэдэх боломж байсангүй. Гэхдээ Г.Занданшатарын энэхүү 30-хан секундын үг, үйлдэл нь “Зохиомол хомсдол үүсгээд байгаа компаниудын эзэд нь УИХ-ын гишүүдийн дунд байна” гэдэг ноцтой хардлага төрүүллээ. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар танхимдаа байгаа хэн нэгэнд, эсвэл хэд хэдэн хүнд хандаж зориуд “Агуулахдаа асар их нөөцтэй атлаа зохиомол хомсдол үүсгээд байгааг чинь мэдэж байгаа шүү” гэж хэлсэн байж болзошгүй гэсэн үг. 
     
      Улс даяараа шатахууны эрэлд хатаж, улаан гэрэл нь анивчсан машинууд колонк дээр хонож өнжин оочерлоод долоо хонолоо. Хэнээс болж, яагаад шатахуун тасалдав гэдэг асуултад Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “Оросууд крантаа хаачихаад байна” гэх агуулгатай тайлбар өгч байсан. Атал УИХ-ын дарга Г.Занданшатар “Зохиомол хомсдол” гэдэг үг унагалаа. Шатахуун тасалдуулсан хүмүүс нь Оросууд биш, Ордон дотор байгаа гишүүд байж болзошгүй шинэ хардлага гарч ирлээ. Энэ сэжүүрээс хөөвөл, ирэх даваа гарагт “Нүүрсний сонсгол” эхэлнэ, тус сонсголд АН, МАН-аас 10 гаруй гишүүн дуудагдсан. “Нүүрсний сонсгол”-д дуудагдсан, хулгай нь илчлэгдэх гэж байгаа гишүүд хуйвалдаж, шатахууны зохиомол хомсдол үүсгэх замаар Засгийн газрыг “шантаажилж”, хулгайгаа ард түмэн зарлуулахгүй байх тохироо хийхээр улайрч байж болзошгүй шинэ хардлага гарч ирж байгаа юм. 
 
       Тэгвэл Засгийн газрыг “шантаажлах” зорилгоор зохиомол хомсдол үүсгэж, бүтэн долоо хоног нийгмийг бухимдуулж байж болзошгүй гишүүд хэн хэн байж болох вэ. Энэ асуултын хариултыг мэдээж ОХУ-аас шатахуун оруулж ирдэг, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулдаг компанитай гишүүдээс хайх нь зөв. Судалж үзвэл, олны танил “Тэс”-ийн Б.Баттөмөр, “Сод”-ын Ц.Анандбазар хоёртой нийлээд УИХ-ын долоон гишүүн шатахууны бизнестэй шууд холбоотой ажээ. Хамгийн ноцтой, шатахууны бизнестэй гишүүн цөм нүүрстэй холбоотой байх юм. Эцсийн дүгнэлтийг уншигч та хийх биз ээ. 

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТЫН “ЭС ПИ ПЕТРОЛИУМ” ХХК НЬ ӨМНӨГОВЬ, ХОВД АЙМГИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДЫГ ШАТАХУУНААР ХАНГАДАГ

     УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын “Ньюпрогресс групп” ХХК-ийн харьяанд “Эс Пи Петролиум” ХХК гэх компани бий. “Эс Пи Петролиум” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр С.Бямбацогтын хүү Б.Билгүүн, төрсөн дүү С.Балжинням нар нь бүртгэлтэй байдаг учраас “Минийх биш” гэж маргахгүй биз. С.Бямбацогтын “Эс Пи петролиум” ХХК нь 2025 оныг дуустал “Бүх төрлийн шатахууны импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй бөгөөд ОХУ-аас шатахуун оруулж ирдэг. 
 
С.Бямбацогтын “Эс Пи Петролиум” ХХК нь ОХУ-аас оруулж ирсэн шатахуунаараа Ховд, Өмнөговь аймгийн нүүрс тээврийн автомашинуудыг хангадаг. Тодруулбал, “Эс Пи Петролиум” ХХК нь Өмнөговь аймгийн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт боомт явах зам дагуу хоёр колонк, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Булган боомт явах зам дагуу хоёр колонк буюу нийт дөрвөн колонкоор нүүрс тээврийн автомашинуудыг дизель түлшээр хангадаг. 
 
     УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Нүүрсний сонсгол”-д дуудагдаагүй боловч нүүрсний бизнест гүн хутгалдсан нэгэн. Жишээ нь, “Алтайн зам” ХХК нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Харин “Алтай строй” ХХК нь Хөшөөтийн нүүрсний уурхайн нүүрсийг Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтоор дамжуулан тээвэрлэх ажлыг хариуцдаг. Мөн дээр дурдсанчлан “Эс Пи петролиум” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөж буй автомашинуудад шатахуун нийлүүлдэг. Ингэж нүүрсэнд гүн хутгалдсан учраас С.Бямбацогт “нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулахыг эсэргүүцсэн биз ээ.  

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХУУРАМЧ ШАТАХУУНЫ “МАФИ” ГЭГДДЭГ 11 КОМПАНИТАЙ ШУУД ХОЛБОГДОХ НЬ

   УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэгийн Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал гэдгээр нь монголчууд эчнээ танил болсон. Тэгвэл Р.Саранцэцэгийн төрсөн эгч Р.Сараннямын нөхөр нь Ламжавын Мөнхжаргал гэж хүн бий. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарын баз гэсэн үг. Базууд тун дотно бөгөөд Л.Мөнхжаргал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежер, мөн зөвлөхөөр нь ажиллаж ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар л гэхэд Л.Мөнхжаргал нь төрсөн дүү Л.Амаржаргал, хоёр хүү болох М.Жавхлан, М.Жаргалан нартайгаа хамтран Ч.Хүрэлбаатарын санхүүжилтийг босголцсон баримт бий. 
 
Тэгвэл Л.Мөнхжаргал нь “Альфа петролиум” ХХК-ийг эзэмшдэг. “Альфа петролиум” ХХК нь 2025 оныг дуустал “Бүх төрлийн шатахуун импортлох, шатахууны бөөний худалдаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй, ОХУ-аас шатахуун оруулж ирж, жижиглэнгийн худалдаачдад бөөндөж борлуулдаг. Илүү ноцтой нь, Л.Мөнхжаргалын том хүү М.Жавхлан нь “Трафигура”-гаар танигдсан Э.Жононбаяр тэргүүтэй хуурамч шатахууны “мафи” гэгддэг 11 компанитай шууд холбогддог аж. Тодруулбал,
 
 
- Мөнхжаргалын Жавхлан нь 2016 онд Эрдэнэсүрэнгийн Жононбаяр, Мөнхбаярын Чингүн, Баярдалайн Эрдэнэзаяа, Энхбатын Анар нартай 2016 онд “Кэм тэк” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Эцсийн өмчлөгчөөр нь Мөнхжаргалын Жавхлан бүртгэлтэй байдаг. 
 
- Мөнхжаргалын Жавхлан нь 2019 онд Доржгочоогийн Эрдэнэсүрэн, Батаагийн Анарчулуу, Цэдэндашийн Эрдэнэчимэг, Отгонбаатарын Алтаншагай, Баяржаргалын Цэрэндолгор, Шараагийн Нэргүй, Баярдалайн Эрдэнэзаяа нартай “Коммодити транс” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Эцсийн өмчлөгчөөр нь Мөнхжаргалын Жавхлан, Доржгочоогийн Эрдэнэсүрэн хоёр бүртгэлтэй байдаг. 
 
Тэгвэл М.Жавхлангийн бизнесийн хамтрагчид, нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болох Доржгочоогийн Эрдэнэсүрэн, түүний Эрдэнэсүрэнгийн Жононбаяр, түүний ах дүү нар буюу  Доржгочоогийн Эрдэнэтуул, Доржгочоогийн Эрдэнэтуяа, Доржгочоогийн Төмөртогоо нар нь “Аргал ойл” ХХК,  “Хөрс ойл” ХХК, “Трансгейт интернэшнл” ХХК, “Петро хаан” ХХК, “Ви Эс Ойл” ХХК, “Лекс ойл” ХХК, “Жоконди” ХХК, “Гүүд фючер” ХХК, “Петролеум продакшн” ХХК, “Зууннайм ойл” ХХК, “Ай Си Ай Си” ХХК, “Транс гайд терминал” ХХК гэсэн 11 компанийг эзэмшдэг ажээ. Ноцтой нь, дээрх 11 компани бүгд ОХУ-аас шатахуун болон шатахуун шингэлэгч керосин, нафта оруулж ирж худалдаалдаг, хуурамч шатахууны “мафи” гэгддэг, далд зах зээлийг атгадаг компаниуд байгаа юм. Тодруулбал, дээр дурдагдсан компаниуд ОХУ, БНХАУ-аас керосин, нафта зэрэг бодис оруулж ирж, тусгай үйлдвэрт дизель түлш болон бензинд хольж найруулаад бөөний, жижиглэнгийн худалдаачдад дамлан наймаалдаг гэх ноцтой мэдээлэл бий. Бид энэ тухай дараагийн дугаартаа дэлгэрүүлэн хүргэх болно. 
 
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбааатар “Нүүрсний сонсгол”-д дуудагдаад буй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨРИЙН “ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙГААС ГАШУУНСУХАЙТ ХҮРТЭЛХ НҮҮРСНИЙ ЗАМ ДАГУУ ЕСӨН КОЛОНКТОЙ

    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шатахуун импортын магнат буюу “Тэс петролиум” ХХК, “Сэлэнгэ петрол” ХХК, “Ойн бирж” ХХК-уудын Ерөнхий захирал, эцсийн өмчлөгч. Мөн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаяр нь шатахуун нийлүүлэлтийн “Ти Эм Ойл” ХХК, шингэрүүлсэн түлшний “Хаан газ” ХХК-уудыг эзэмшиж, удирддаг. Харин охин Б.Бямбадулам нь шатахуун нийлүүлэлтийн “Ти Пи Ойл” ХХК-ийн эзэмшиж, удирддаг. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн “Тэс петролиум” ХХК нь л гэхэд хот, хөдөөд 100 гаруй салбар колонктой. Тэр тусмаа Өмнөговь аймагт буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн зам дагуу “Тэс петролиум” ХХК-ийн есөн колонк байрладаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Өмнөговь дахь нүүрс тээвэрчдийн шатахууны хамгийн том ханган нийлүүлэгч гэсэн үг. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг өнгөрсөн онд АТГ-аас анх 17 нүүрчний нэгээр нийтээд зарлаж байлаа. Мөн тэрбээр ирэх долоо хоног болох “Нүүрсний сонсгол”-д дуудагдаад буй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН “СОДМОНГОЛ ГРУПП” ХХК НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙГААС ГАШУУНСУХАЙТ БООМТ ХҮРТЭЛХ НҮҮРСНИЙ ЗАМ ДАГУУ ТАВАН КОЛОНКТОЙ

     УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шатахууны жинхэнэ магнат буюу шатахуун нийлүүлэлтээр  тэргүүлдэг “Алхана трейд” ХХК, “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК, “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК, “Интер стандарт нефть” ХХК-уудыг эзэмшдэг. “Мэргэван” ХХК нь “МИАТ” ТӨХК тэргүүтэй нисэхийн компаниудад онгоцны шатахуун нийлүүлдэг. “Алхана трейд” ХХК нь голдуу “Багануур” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Монголросцветмент” ТӨХК тэргүүтэй төрийн өмчит болон хувийн уул уурхайн компаниудад дизель түлш, тос, тослох материал шахдаг. Харин “Содмонгол групп” ХХК нь хот, хөдөөд 100 гаруй салбар колонкоор дамжуулан жижиглэнгээр шатахуун нийлүүлдэг. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрсний зам дагуу “Содмонгол групп” ХХК-ийн таван колонк бий. 
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар АТГ-аас зарласан анхны 17 “нүүрсчин”-ий нэг. УИХ-ын дарга асан З.Энхболдтой хоршиж “нүүрсний хулгай”-д оролцсон гэх хэрэг нь одоо ч АТГ-т шалгагдсаар буй. 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.БАЛДОРЖ “ХАУС ГРУПП” ХХК-ААР ОХУ-ААС ШАТАХУУН ОРУУЛЖ ИРЖ, УУЛ УУРХАЙНХАНД НИЙЛҮҮЛДЭГ

     УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Б.Балдорж нь “Хаус групп” ХХК-ийг эзэмшдэг. “Хаус групп” ХХК нь 2024 оныг дуустал “Бүх төрлийн шатахуун импортлох, шатахууны бөөний худалдаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй бөгөөд ОХУ-аас шатахуун оруулж ирдэг. Мөн Б.Балдоржийн “Хаус групп” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын IV багт 35,000м2 буюу 3.5 га талбайд шатахууны агуулахтай ажээ. Дорноговь аймгийн хувьд Өмнөговь аймгаас дутахааргүй олон нүүрсний уурхайтай. Б.Балдорж нь өөрөө ч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт “Айл баян” гэх асар том нүүрсний уурхай ажиллуулдаг. Тэгэхээр Б.Балдорж “Хаус групп” ХХК-аараа шатахуун оруулж ирж, өөрийнхөө уурхайн автомашинуудыг хангаад зогсохгүй бусад уурхайнуудад ч нийлүүлэх дүр зураг харагдаж байна. 
 
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ирэх даваа гарагт эхлэх “Нүүрсний сонсгол”-д дуудагдсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН ТӨРСӨН ДҮҮ Н.НАРАНБАТ ШАТАХУУНЫ МАГНАТ БУЮУ “НИК” ХХК-ИЙН ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ

      УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “нүүрсний хулгай”-н хэргээр яллагдагчаар татагдаад жил тойрох гэж буй. Өнгөрсөн хавар буюу гуравдугаар сард Улсын Ерөнхий прокуророос Н.Наранбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирж хэлэлцүүлсэн ч МАН-ынхан түүнийг олонхоороо хамгаалж үлдсэн. Одоогоор түүний “нүүрсний хулгай”-н хэрэг нь прокурорт гацчихаад буй. 
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахуун нийлүүлэлтийн толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Наранбат нь “НИК” ХХК-ийн эзэн гэсэн үг. Мөн Н.Наранбат нь “Петровис групп” ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан Отгонбилэгийн Содбилэгтэй 2009 оноос хойш “Тусхайдроликс” ХХК-ийг хамтран эзэмшиж буй. Цаашилбал, Н.Наранбат нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” ТББ-ын ТУЗ-ийн даргаар ажилладаг. Товчхондоо, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь Монголын шатахууны магнатуудын нэг төлөөлөл юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН БЭР Б.АЛТАНТАРИА “ВЕЛЛКОМ” ХХК-ААР ОХУ-ААС ШАТАХУУН ОРУУЛЖ ИРЖ, УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД БӨӨНДДӨГ

    УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж, шатахууны импортыг гардан хариуцаж байсан нэгэн. Тэгвэл С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр Батбаярын Алтантариа нь 2017 оноос хойш Цэнгэмаагийн Амраа, Паламын Баярцог нартай хамтран шатахуун импортын “Веллком” ХХК-ийг эзэмшиж буй. “Веллком” ХХК нь “Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл”-тэй, 2017 оноос хойш ОХУ-аас шатахуун, тос, тослох материал импортолж, голдуу уул уурхайн компаниудад бөөндөж буй. 
 
Ноцтой нь, Б.Алтантариатай “Веллком” ХХК-ийг хамтран эзэмшигч Цэнгэмаагийн Амраа гэгч нь С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үед орлогч даргаар нь ажиллаж байсан цэрэг нь ажээ. Мөн Ц.Амраа нь шатахуун нийлүүлэлтийн толгой компани болох “Петровис групп”-ын эзэн Ж.Оюунгэрэл агсантай 2014 оноос “Бритиш скүүл монголиа” ХХК гэх Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуулийг хамтран эзэмшиж иржээ. Харин гуравдахь хувьцаа эзэмшигч Паламын Баярцог гэгч нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай нүүрс олборлолтын “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшдэг нэгэн ажээ.  
 
Илүү ноцтой бас нэгэн баримт олдсон нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн бэр Б.Алтантариа нь өдгөө шүүгдэж буй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа, хүргэн Э.Жаргалсайхан хоёртой “Смартчойсе транс” ХХК-ийг хамтран эзэмшиж иржээ. 
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдаагүй. Гэхдээ дээр дурдсанчлан Засгийн газрын “шувуу” буюу Т.Бадамжунайтай нэгдмэл ашиг сонирхолтой. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын хувь тун муу, таарамжгүй харилцаатай. Нэг жишээ дурдахад, 2021 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Халдварт тахлаас сэргийлэх вакцин оруулж ирэх ажилд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар зориудаар саад учруулж байна. Тэд хил гаалийнхан руу утасдаж, вакцины татан авалтад шууд нөлөөлсөн” гэх ноцтой мэдэгдлийг хийж байсан билээ. 
 
 
 
 
 
 
 

КОЛОНКТОЙ “НҮҮРСЧИД” БУЮУ ТЭД ШАТАХУУНЫ ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 16:40:25
    төр нефтийн импортоо гартаа авах ёстой: ТӨР нефть бүтээгдэхүүний импортоо гартаа авах ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 00:49:38
    Zochin: Nuurschdiin hamsaaranguud baina
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 16:42:31
    баавар: НҮҮРСНИЙ СОНСГОЛ ХИЙЛГЭХГҮЙН ТУЛД БЕНЗИН ТҮЛШ, ЦАХИЛГААН ГЭЭЧДИЙН ЗОХИОМОЛ ХОМСПОЛЫГ ҮҮСГЭЖ БАЙНА ГЭЖ ХАРДАЖ БАЙГАА ШҮҮ. БУСАД МӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧУУДТАЙГАА НИЙЛЖ БАЙГААД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 16:11:55
    гайхашрагч: ЭХ ОРНЫ ЭРХ АШГААС УХАРСАН ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХ УУ. ГИШҮҮН БОЛОХДОО ТАНГАРАГ ӨРГӨӨД БАЙСАН. ТЭР ЧИНЬ ЖҮЖИГ УУ . ТӨРД ЗҮТГЭХ ГЭДЭГ ЧИНЬ ЖҮЖИГ БОЛЖ ДЭЭ. ТӨРСӨН НЬ ҮНЭН ҮХЭХ НЬ Л ҮНЭН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-17 16:11:55
    гайхашрагч: ЭХ ОРНЫ ЭРХ АШГААС УХАРСАН ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХ УУ. ГИШҮҮН БОЛОХДОО ТАНГАРАГ ӨРГӨӨД БАЙСАН. ТЭР ЧИНЬ ЖҮЖИГ УУ . ТӨРД ЗҮТГЭХ ГЭДЭГ ЧИНЬ ЖҮЖИГ БОЛЖ ДЭЭ. ТӨРСӨН НЬ ҮНЭН ҮХЭХ НЬ Л ҮНЭН
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 19:57:50
    Zochid: Ouyn-Erdene ta Namaa tseberlej uz.Mongoliin turiig Ene humuusees tseberlej uguuch guij bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-15 19:54:20
    Zochid: Zandanshatar dargaa tanii Parlement chin haashaa um bee?! Dandaa Mongoliin bayalag,bolomj buriig atgasan hulgaichidiin tsugluulga um haashain!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188