Шонхор шувууг арабуудад зуучилдаг бизнесийн цаана Ныгметын Маржангул гэх казах эмэгтэй байдаг аж. Шонхор авлах “дон” туссан арабын баячууд зунжин тансаглаж, дураараа дургиж байгаад Монголоос буцаж байна. Тэд үндэсний бахархал болсон шонхор шувууг зуу зуугаар нь богтлоод, тагтаа ногтрууг мянга, мянгаар нь хороочихоод баавартай нь аргагүй нисэж байна. Гэхдээ тэдний ан дуусаагүй, эндээ хэсэг нь үлдээд ирэх арваннэгдүгээр сар хүртэл шонхор авлах, тагтаа, ногтрууг хороох “дайн”-аа үргэлжлүүлнэ.
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн Эрэн сурвалжлах нэгдлээс шонхор шувууг арабуудад зардаг, тэдний хууль бус ажиллагааг нуун дарагдуулдаг, Монголын төрийг мөнгөөр худалдаж авсан гэх Н.Маржангулын хууль бус баримтуудыг хүргэж байна.
Шонхрын гол наймаачин нь Н.Маржангул буюу Мара гэх эмэгтэй. Тэрбээр 1996 оноос хойш арабуудад шонхор шувууг зуучилж, зарж, хөлжсөн нэгэн гэнэ. Арабуудын Монголд ирэх, буцах, шонхор авлах, агнах, устгах, эх орон руугаа хэдэн зуугаар нь богтлож авч явах зэргийг Мара зохицуулдаг. Тэр Монголын эрх мэдэлтнүүдийг "худалдаад авчихсан", хуруугаараа хөдөлгөдөг талаар эх сурвалж онцолж байна. Н.Маржангул буюу Марагийн шонхор хилээр гаргах ажиллагаа 20 гаруй жил хууль бусаар явагджээ. Хууль хяналтын байгууллагынхан Мараг хэд хэдэн удаа баривчилж, шалгаж байсан ч хэрэг нь төд удалгүй замхардаг, хаагдчихдаг гэнэ. Тэр бүү хэл хилээр хууль бусаар шонхор шувуу гаргаж байгаад баригдаж, нялх хүүхэдтэй, жирэмсэн гэх үндэслэлээр ял хойшлуулж байсан байж болзошгүй гэнэ. Хачирхалтай нь, хуулийн цоорхойгоор ялаа эдлээгүй, шонхрын наймаагаа хууль бусаар үргэлжлүүлсээр өнөөдөрт хүрсэн гэнэ.
Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Мара Улаанбаатар хотод төрсөн. Гэр бүлийнх нь хүнийг Слемханы Косманат гэдэг. Тэд хоёр охинтой, шонхрын наймаа, газрын наймаа, "хүний наймаа”-гаар хөлжсөн. Хэдийгээр одоо тэд Арабын Нэгдсэн Эмират Улсад амьдардаг бүртгэлтэй ч Улаанбаатар хотод зун, намрын улиралд байдаг. Энэ хугацаандаа баян арабуудыг Монголд авчирч, шонхор авлуулдаг. Монголоос шонхор авлах арабуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь Маратай холбоотой. Тэд зөвхөн Марагаар дамжуулж зөвшөөрлөө авч, зуучлуулдаг гэсэн үг. Ингэхдээ их хэмжээний авлига өгч, Монголын хуулийг уландаа гишгэж байна. Тухайлбал, арабууд 1996 онд 25, 1997 онд 154, 1998 онд 25, 1999 онд 61, 2000 онд 51, 2001 онд 180, 2002 онд 303, 2003 онд идлэг шонхор шувууг хилээр гаргасан байдаг юм байна лээ. Гэвч энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн тоо буюу халхавч гэсэн үг. Үүнээс гадна Мара хууль бусаар, бүртгэлтгүйгээр энэ дүйцэхүйц шонхрыг хилээр гаргасан байдаг. Шонхор авлах, хэрхэн барих, өгөөшинд юу өгөх, хаагуур нүүдэллэдэг зэргийг Мара бүгдийг нь гарамгай сайн мэддэг. Сүүлийн жилүүдэд түүний хууль бус шонхрын наймаа улам цэцэглэж, арабуудад аархах болсон” гэсэн юм.
Н.Маржангул тэргүүтнүүд Монголоос шонхор авлах “дайн”-д 20 гаруй жил бэлтгэгдсэн, туршлагатай. Хэзээ, хаанаас, ямар төрлийн шонхор авлаж болох вэ гэдгийг гарын 10 хуруу шигээ мэднэ гэнэ. Шонхор барих ажиллагаагаа хуулийн дагуу, хоёр улсын дипломат харилцааны үндсэн дээр явагдаж байгаа гэх нэрээр халхавчилж, нууцын зэрэглэлд оруулж байгаад шонхрыг хилээр гаргадаг аж. Жил бүр арабуудын шунал, Марагийн хууль бус ажиллагаа нэмэгдэж, өнгөрсөн онуудад хэдэн шонхор хилээр гарсан нь улсын нууц аж. Харин энэ жилээс Засгийн газрын нууцын зэрэглэлд оруулсан тушаалыг хүчингүй болгож байгаа гэнэ. Тухайлбал, энэ жил ЕТГ-аас очсон албан бичгийн дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тушаал гаргаж, 12 аймгийн нутаг дэвсгэрээс шонхор авлах зөвшөөрөл гаргажээ. Ингэхдээ 12 аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар, ан хариуцсан мэргэжилтүүдэд хуралдаж, онцгой анхаархыг даалгасан байдаг. Тодруулбал, Б.Бат-Эрдэнэ сайд аймгийн Засаг дарга нарт дараах албан бичгийг илгээсэн байна. Уг албан бичигт “Идлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр, дээд түвшний албан тушаалтнуудад соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар бариулахаар эрх олгохоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 264 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн болно.
Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2023 оны наймдугаар сарын 4-нд ТГ/583 тоот дугаартай албан бичгээр идлэг шонхор шувууг хүлээн авах гадаад орны төрийн өндөр дээд албан тушаалтны жагсаалт, бэлэг болгон хүргүүлэх идлэг шонхор шувууны тоо хэмжээг баталгаажуулан ирүүлсэн. Иймд соёлын зориулалтаар агнах, барих идлэг шонхор шувууны тоо, толгойн хуваарийг харгалзан үзэж, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт 2023 оны наймдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг олгож ажиллана уу. 2023 оны наймдугаар сарын 7-ний өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/309 тоот тушаалаар баталсан гэрээний загвар, соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барьсан тухай актын загварыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн найман хуудас бүхий албан бичгийг хүргүүлсэн байдаг билээ.
Хэдийгээр зөвшөөрлийн хуудас, албан бичигт идлэг шонхор шувуу гэж заасан байгаа ч арабууд Монголын хамгийн сортой, том биетэй, толбогүй, цагаан шонхрыг шилж, сонгож авч явдаг гэнэ. Эх сурвалж хэлэхдээ “Арабын баячууд толбогүй, том биетэй цагаан шонхорт мөнгө хайрладаггүй. Тэндээ очоод “Миний шонхор толбогүй, цав цагаан” гэж нэгэндээ бааварлаж, баярхдаг юм байна лээ. Тийм учраас ийм төрлийн шонхор маш үнэтэй, үүнийг олж авахын тулд арабууд юугаа ч хайрладаггүй. Хоёр улсын соёлын харилцааны дээр идлэг шонхрыг барих зөвшөөрөл өгдөг. Гэтэл арабуудын авч явж байгаа шонхор идлэг биш, цагаан буюу жадан шонхор байдаг. Өөрөөр хэлбэл, идлэг шонхроос бусад шонхрыг хилээр нэвтрүүлж болохгүй гэсэн үг. Гэтэл арабуудын авч явж байгаа шонхрын олонх нь жадан, цагаан байдаг нь хачирхалтай. Энэ хууль бус ажиллагааг нь мөн л Мара гэх эмэгтэй зохицуулж, хил, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлддэг. Тэр арабаас онгоц ирэх, явахад нь нисэх онгоцны буудал дээр байж, өөрийн биеэр хариуцаж ажилладаг юм. Хэрэв Мара байхгүй бол гаалийн байцаагчид “Яагаад идлэг шонхор гэсэн хэрнээ цагаан, жадан шонхор авч явдаг билээ” гээд л эхэлнэ шүү дээ. Энэ бүхэнд нь Мара авлига өгч, ажлыг нь зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, олон жил энэ хууль бус ажиллагаа явагдаж байгаа учраас тэд мафи, бүлэглэл болчихсон гэсэн үг” гэв.
Мөн шонхрын наймаанд манай улсын эрх мэдэлтнүүд олноороо оролцож, мөнгө авдаг ажээ. Тэр бүү хэл улстөрчид оролцож, дуртай болгондоо, мөнгө их амласан арабуудад шонхор авлах зөвшөөрөл хууль бусаар өгөөд баригдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан аж. Үржлийн ид үе, тархан сууршиж байгаа нутгийг нь хумьж байгаад шонхор агнасан хууль бус ажиллагааны гороор шонхрын тоо эрс багасаж байгаа талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Арабууд хамгийн залуу, гоё шонхрыг нь аваад явдаг учраас Монголд хөгшин, туниа муутай нь үлддэг гэнэ.
Арабууд Монголд ирээд “Мөнгийг нь төлчихсөн шүү. Танай улсад манай улсын Засгийн газраас буцалтгүй тусламж өгсөн. Одоо бид хариугаа авах гэж байна. Шонхор бол бидний өмч” гэх зэргээр монголчуудыг дээрэлхэж, байгаль орчин, ан амьтдыг сүйтгэдэг гэнэ. Тэд ганцхан шонхор авлаад зогсохгүй тагтаа, ногтрууг өгөөшиндөө ашиглаж, хэдэн мянгаар нь сүйтгэдэг. Үүнийг гэрчлэх олон баримт, гэрэл зураг бий. Арабууд Монгол Улсын олон хуулийг зөрчиж, дураараа дургиж байгаагийн нэг жишээ нь тагтаа, ногтрууг тамлаж, өгөөш болгох. Амьтны тухай хуулиар жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ногтруу агнах, барихыг хориглосон байдаг. Гэтэл Мара тэргүүтэй арабын баячууд уг хуулийг уландаа гишгэж байна.
Эх сурвалжийн онцолсноор шонхрын гол наймаачин Н.Маржангулыг ЕТГ-ын нөлөө бүхий албан тушаалтан, БОАЖЯ-ны эрх мэдэлтнүүд хамгаалдаг, хууль бус шонхрын наймааг нь цэцэглүүлдэг гэнэ. Үе үеийн БОАЖ-ны сайд нарын мөнгө хийх, угаах гол бизнес нь арабуудад шонхор зарах байжээ. Тэд сонгуульд өрсөлдөх мөнгө, хөрөнгөө Марагаар дамжуулж арабуудаас олдог гэнэ.
Мөн Н.Маржангулын хууль бус шонхрын наймааг Монголын нэртэй генерал, Улсын ерөнхий прокурор асан хамгаалж байгаа талаар бид дараагийн дугаартаа хүргэх болно. Н.Маржангул нь Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн Khalfan Saeed Khalfan Almazrouei-тэй хамтран шонхор үржүүлгийн төв ажиллуудаг аж. Мөн тэрбээр арабуудад монголын охид, эмэгтэйчүүдийг зуучилж, хүний наймааны гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй. Түүгээр ч зогсохгүй Хөшигтийн хөндий, Төв аймаг, Хэнтий, Улаанбаатар хотод газрын наймааг цэцэглүүлж байгаа ноцтой баримтыг хүргэх болно.
ГЕНЕРАЛ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАНГААР ХАМГААЛУУЛСАН ШОНХРЫН ГОЛ НАЙМААЧИН Н.МАРЖАНГУЛЫН ХУУЛЬ БУС БАРИМТУУД |
|
2025-05-01 07:00:00
2025-05-01 07:00:00
2025-05-01 07:00:00
2025-05-01 07:00:00
2025-04-30 21:00:00
2025-04-30 20:37:11
2025-04-30 13:13:56
2025-04-30 12:58:33
2025-04-30 12:41:42
2025-04-30 12:37:44
2025-04-30 12:24:44
2025-04-30 10:42:57
2025-04-30 10:34:32
2025-04-30 10:31:14
2025-04-30 10:11:34
2025-04-30 10:04:45
2025-04-30 09:57:25
2025-04-30 09:46:19
2025-04-30 09:11:30
2025-04-30 08:48:04
2025-04-30 08:13:17
2025-04-30 08:07:18
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |