Улаанбаатар хот угаадсанд урсаж, хогонд холилдож, “жонхуу”-нд живлээ, энэ зун. Үерт үр хүүхдээ, эх, эцгээ, эд хөрөнгөө алдацгааж, алдаатай бодлого, авлигажсан системийг зүхсээр зуны саруудыг арай л гэж гэтэлж байна, ард түмэн. Засгийн газар, Хотын захиргаанаас үерийн гэм буруутнууд буюу Сэлбэ, Дунд голын голдирлыг хааж, далан дотор газар олгосон дарга, барилга барьсан компаниудад хариуцлага тооцож, хохирлыг нөхөн төлүүлж, хууль бусаар барьсан барилгуудыг нь нураана гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар эхний ээлжид Сэлбэ, Дунд голын голдирлыг хааж барьсан “Ссайн” ХХК-ийн “S.Outlet” дэлгүүр болон “Эм энд Жи констракшн” ХХК-ийн “Аgua garden” хотхоныг үерийн гол гэм буруутнаар нэрлэж, нураана гэдгээ зарлаад буй.

Харин “Ссайн” ХХК болон “Эм энд Жи констракшн” ХХК-уудын зүгээс өөрсдийгөө гэмгүй хэмээн өмгөөлж, аль аль нь “Хэрвээ манай барилгыг нураавал шүүхээр заргалдана” гэх хариу тайлбар хийгээд байгаа. Цаашилбал, “S.Outlet” дэлгүүрийг эзэмшигч “Ссайн” ХХК-ийнхан Сэлбэ голын голдиролд хууль бусаар газар авч, барилга барьж, нийслэлийн үерт нэрвүүлсэн гэм буруугаа ийн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна хариуцлагаас мултрах хор найруулж эхэлжээ. Тухайлбал, “S.Outlet” дэлгүүр буюу “Ссайн” ХХК-ийн хуучин эзэн Д.Батзориг 2008-2012, 2012-2016 онуудад хоёр удаа Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хугацаандаа эрх мэдлээ ашиглан Сэлбэ голын эрэгт газартай болж, хууль бусаар таван давхар барилга барьсан. Үүнийгээ нуухын тулд "S.Outlet" дэлгүүрийг хариуцдаг "Ссайн" ХХК-аа эхнэр Ц.Бямбабаярынхаа нэр дээр шилжүүлж, өөрөө "нууц ноён" болжээ. Түүгээр зогсохгүй, Д.Батзориг, Ц.Бямбабаяр нар эхнэр, нөхөр мөртөөө үерийн хариуцлагаас мултрахын тулд нэг нэгнээ огт танихгүй мэт “жүжиглэх” болжээ.
БАРИМТ 1: “ССАЙН” ХХК-ИЙН ЭЗЭН Д.БАТЗОРИГ 2008-2012 ОНД СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАХДАА СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ ГАЗАР АВЧ, 2012-2016 ОНД ДАХИН СОНГОГДОХДОО ТАВАН ДАВХАР БАРИЛГАА БАРЬЖЭЭ
Ховд аймгийн Жаргалант сумын уугуул Довчингийн Батзориг 2000 оноос Урт цагааны гудамжинд “S mens collection shop” гэх нэртэй эрэгтэй хувцасны дэлгүүр ажиллуулж байгаад 2007 онд “Ссайн” ХХК болгож албажуулсан. Улмаар 2008 оны орон нутгийн сонгуулиар МАН-аас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож төрд орсон. Дараа жил нь буюу 2009 онд Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сэлбэ голын эрэгт 288м2 газрыг иргэн А.Амарсайхан гэгчээч шилжүүлж авсан. Улмаар 2009 оны тавдугаар сарын 27-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяраар 275 тоот захирамж гаргуулж, Сэлбэ голын эрэг дэх 288м2 газраа 1665 м2 болгон томруулж, эзэмших хугацаагаа сунгаж чадсан байдаг. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болоод жилийн дараа л дүүргийнхээ “А” зэрэглэлд газартай болж, газраа хэмжээгээ ч томруулж чадсан гэсэн үг. Төлөөлөгчийн хувиар, нэг намын гишүүний хувиар хотын даргыгаа ятгаж газартай болох түүнд хялбар байсан ч биз.

Ингээд Д.Батзориг 2009 оноос Сэлбэ голын эрэг дэх 1665м2 газар дээрээ нэг давхар барилга барьж, “S.Outlet” дэлгүүр нэрээр бизнесээ өргөжүүлж эхэлсэн. Ийнхүү явсаар 2012 оны орон нутгийн сонгуулиар Д.Батзориг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр намын жагсаалтаар дахин сонгогдсон. Улмаар Д.Батзориг 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвгөөний газраас\НЕТГ\ түр барилгын албан даалгавар гаргуулж, “Ананд тауэр” ХХК-д захиалга өгч, таван давхар барилга бариулсан. Сэлбэ голын голдирол дунд шороо асган далантай нь тэгшилж, хууль бусаар таван давхар барилга барьж байгааг нь НЕТГ, НМХГ-ынхан харж байсан ч зогсоогоогүй байгаа юм. Төлөөлөгчийн барилга учраас тэр биз. Илүү ноцтой нь, 2015 оны аравдугаар сарын 14-нд тухайн үеийн НЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяагаар ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс тус таван давхар барилгыг ашиглалтад хүлээж авсан байгаа юм. Ингээд болоогүй, Д.Батзориг 2015 ондоо тухайн үеийн Ниийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаар А\990 тоот захирамж гаргуулж, 1665м2 газрынхаа хэмжээг дахин 2409м2 болгон томруулж чадсан байгаа юм. Өдгөө Сэлбэ голын далан дотор барьсан уг таван давхар барилгааа “S.Outlet” их дэлгүүр нэрээр ашиглаж буй. Сонирхуулахад, Д.Батзоригийн таван давхар барилгыг хүлээж авах Улсын комиссын даргалсан Т.Эрдэнэтуяа гэгч нь 2018 оноос НЕТГ-т ажиллахаа больжээ.

Ийнхүү Довчингийн Батзоригч гэгч 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа Сэлбэ голын эрэгт газартай болж, 2012-2016 онд дахин төлөөлөгчөөр ажиллахдаа газар дээрээ таван давхар барилгатай болж чадсан байгаа юм. Мэдээж, МАН-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч албан тушаалтай учраас газартай болох, барилгатай болох ажил нь ногоон гэрлээр ийнхүү бүтсэн гэсэн үг. Хоржоонтой нь, Д.Батзориг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр найман жил ажиллах хугацаандаа газартай, барилгатай болж хувийн бүх ажлаа амжуулсан тул 2016 оны орон нутгийн сонгуульд оролцоогүй байгаа юм. Төрд орох гэж хуйларч, хошуурцгаадгийн нэгэн тод жишээ энэ буюу.
БАРИМТ 2: “S-OUTLET” ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН Д.БАТЗОРИГ, Ц.БЯМБАБАЯР НАР ЭХНЭР НӨХӨР БОЛОВЧ ҮЕРИЙН ХАРИУЦЛАГААС МУЛТРАХЫН ТУЛД НЭГ НЭГНЭЭ ТАНИХГҮЙ МЭТЭЭР “ЖҮЖИГЛЭЖ” ЭХЭЛЖЭЭ
Төрд ажиллах хугацаандаа түрээсийн дэлгүүрээ их дэлгүүр болтол нь тордож, томруулсан Д.Батзориг 2019 оны есдүгээр сард “Ссайн” ХХК-аа буюу “S.Outlet” их дэлгүүрээ эзэмшил газартай нь Цогтдэлгэрийн Бямбабаярт гэгчид шилжүүлжээ. Судлаад үзвэл, Цогтдэлгэрийн Бямбабаяр нь Д.Батзоригийн эхнэр нь аж. Өөрөөр хэлбэл, Д.Батзориг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн эрх мэдлээ ашиглан Сэлбэ голын голдирлыг өөрчилж, хууль бусаар таван давхар барилга барьсан нь илчлэгдэхээс зайлсхийж “Ссайн” ХХК-аа ч, “S.Outlet” дэлгүүрээ ч, эзэмшил газраа ч эхнэр Ц.Бямбабаярынхаа нэр дээр шилжүүлж, өөрөө сошиалд ч ил гардаггүй “нууц ноён” болсон байгаа юм. Харин өнгөрөгч 2022 онд “Ссайн” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар ах Довчингийн Цагаанцоож гэгчийгээ томилжээ. Д.Цагаанцоож нь 2008-2012 онд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байсан. Дараа нь Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийн хотод ирж “S.Outlet” дэлгүүрийг удирдах “орлон тоглогч” болжээ.

Гэтэл саяхнаас үерийн буруутанг хайж, барилгыг нь нураах асуудал яригдаж эхэлмэгц “Ссайн” ХХК-ийн ажилтнууд буюу “S.Outlet” дэлгүүрийн менежер Э.Билгүүн, Ж.Мөнхтөр гэх хоёр залуу хэвлэлүүдэд “Манай дэлгүүр энэ барилгыг 2015 оноос хойш иргэн Д.Батзоригоос түрээсэлж байгаад 2019 онд хуулийн дагуу худалдаж авсан. Өмнөх эзэнтэй нь холбогдож чадахгүй байгаа. Хаана байгааг нь мэдэхгүй байна, гадаад руу гарсан гэсэн. Нэгэнт худалдаад авчихсан хүний өмчид төр дураараа халдаж болохгүй. Хэрвээ манай дэлгүүрийн барилгыг нураана гэвэл шүүхэд хандана. Барьсан барилгыг түрээслээд, дараа нь худалдаж авснаараа бид буруутан болж хохирох ёсгүй” хэмээн ярьжээ. Эндээс, “S.Outlet” дэлгүүр буюу “Эссайн” ХХК-ийн хуучин эзэн Д.Батзориг, одоогийн эзэн Ц.Бямбабаяр нар эхнэр, нөхөр хоёр байтлаа хариуцлага тооцох асуудал яригдаад эхэлмцэгц нэг нэгнээ огт танихгүй мэтээр ийн “жүжиглэж” эхэлжээ гэж харагдаж байгаа юм.
Д.Батзориг одоо “S.Outlet” дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд илээр оролцдоггүй боловч “Ссайн” ХХК-ийнхаа харьяанд “Электрик кар монголиа” нэрээр цахилгаан автомашин, “Harley Davidson 883 mongolia” нэрээр мотоцикл оруулж ирж, S Outlets” их дэлгүүрийн зааланд борлуулж буй ажээ.
БАРИМТ 3: “S-OUTLET” ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН Д.БАТЗОРИГ АРЦАТЫН АМАНД ХОТХОН, 22-Н ТОВЧООНД АГУУЛАХ БАРИХ ГАЗАР АВЧ, ОРОН НУТАГТ УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗҮҮДТЭЙ БОЛЖЭЭ
Их дэлгүүрээ эхнэртээ шилжүүлж, хариуцлагаас зугтсан Довчингийн Батзориг өдгөө “Сэвэн стар голд майнинг” ХХК, “Супремкулити” ХХК, “Тулгат гурван загал” ХХК, “Хэвитрак экспорт импорт” ХХК, “Монгол Хятадын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гүүр нийгэмлэг” ТББ, “Цөлжилттэй тэмцэх монголын нийгэмлэг” ТББ-ыг тус тус эзэмшдэг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, ГХ-ны сайд Б.Батцэцэгийн нөхөр Д.Ганбат нартай “Монголын бурханы шашинтны нийгэмлэг” ТББ-ыг хамтран эзэмшдэг ажээ. МАН, АН гэхгүй томчуудтай дотно болох нь энэ мэт жишээнээс тодорхой харагдана.
Цаашилбал, Д.Батзориг хотын аль ашигтай байрлалуудад газар, орон нутагт уул уурхайн лиценз авч цуглуулдаг “хоббитой” болжээ. Тухайлбал, Д.Батзориг “Ссайн” ХХК-ийнхаа нэр дээр Ховд аймгийн Алтай суманд Доод хөндлөн, Дорнод аймгийн Матад суманд Бор овоо, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Цагаан толгой, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Бухт-3 гэх ашигт малтмалын хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн Д.Батзориг “Тулгат гурван загал” ХХК-ийнхаа нэр дээр Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт Хайч хэмээх Хайлуур жоншны лиценцтэй бөгөөд 2021 онд кемпээ байгуулсан ч орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгарсаар өдий хүрчээ.
Газрын тухайд, Д.Батзориг “Цөлжилттэй тэмцэх монголын нийгэмлэг” ТББ-ын нэр дээр БОАЖ-ын сайдын тушаалаар БЗД-ийн 11-р хороо, Богдхан уулын Залаатын аманд “Отог” гэх зориулалтаар 2.3 га газар авсан. Мөн “Супремкуалити” ХХК-ийн нэр дээр СХД-ийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 32-р хороонд 1.9 газар авсан.
Нийслэлийг үерт нэрвүүлсэн гол буруутнуудыг нэг “S.Outlet” дэлгүүр буюу “Эссайн” ХХК-ийн цаад эзнийг шүүж үзэхэд ийнхүү МАН-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан буюу өнөөх л эрх мэдэлтэн, намын хүн гарч ирж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар нэг намын нөхөр Д.Батзоригтоо хайраа харуулах уу, хал үзүүлэх үү гэдгийг харах л үлдэж байна.
НИЙСЛЭЛИЙГ ҮЕРТ ЖИВҮҮЛСЭН “S-OUTLET” ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН Д.БАТЗОРИГ МАН-ЫН ГИШҮҮН, СБД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙЖЭЭ |
|