• Өнөөдөр 2024-05-18

ТӨВ АЙМАГТ ТОЙРОГ ГОРИЛОГСОД: М.ЭНХБОЛД "СHOCO" БААРНЫ ЭЗЭН Б.НЯМЖАВЫГ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС СОЙЖ БАЙНА

2023-07-14,   3263

      Эргэлт.мн мэдээллийн сайт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр тойрог горилогсдыг аймаг, дүүргээр нь цувралаар танилцуулна. Энэ удаад Төв аймагт тойрог горилогсдыг танилцуулж байна. 

УЛААНБААТАРЫН ШОУ ЕРТӨНЦИЙН НУУЦ НОЁН Б.НЯМЖАВ БӨХ, МОРИОР ХАЛХАВЧЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХООР ЗҮТГЭЭД ЭХЭЛЛЭЭ

      Улс, бүсийн наадмуудад Богд хээр азаргаа түрүүлгэж танигдсан Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав УИХ-д сонгуульд өөрөө уралдана. Түүний уяа сойлгыг УИХ-ын дарга асан М.Энхболд тааруулж буй. Эхлээд М.Энхболд Б.Нямжавыг өөрийн тэргүүлж асан ММСУХ-ныхоо Дэд тэргүүн болгосон. Дараа нь мөн өөрийн үүсгэн байгуулж, 10 гаруй жил удирдсан “Дүнжингарав” бөхийн дэвжээнийхээ Тэргүүн болгож, хадаг сүүтэйгээр халаагаа өгсөн. Уяачдын холбоо, Бөхийн дэвжээний Тэргүүн болсон Б.Нямжав нийтэд өөрийгөө таниулах, нийгмийн идэвхтэй харагдах боломжтой болж, Төв аймгийн сумдыг хэдэнтээ тойрч яваа. Өнгөрөгч цагаан сараар л гэхэд “Төв түмний золголт-2023” гэх Төв аймгийнхны нэгдсэн золголтыг гардан зохион байгуулж, сонгуульд сойгдож эхэлснээ харц, хэлэмжээрээ зарласан. Төв аймгийнхныг бөхтэй, морьтой, төртэй нь 10 гаруй жил эрхшээсэн М.Энхболдоос энэ зэргийн эрдэм гарах нь гайхах зүйл биш биз.  
 
     Б.Нямжав хусуур түрийлсэн жирийн нэг уяач байсан бол төр рүү зүтгэхгүй байсан нь ойлгомжтой. Судлаад үзвэл, үнэхээр л жирийн нэг уяач биш, Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудыг “атгасан”, шоу ертөнцийн хаан нь аж. Залуучуудын дунд зард гарсан баарууд цөм түүнийх юм байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хороо, “Peace tower” барилгын 18-р давхарт байрлах “Set club”, Сүхбаатар дүүргийн III хороо, “Seoul plaza” барилгын 11-р давхарт байрлах “Choco Metropolis club” баар, Баянгол дүүргийн XII хороо, 6-р бичил хороололд байрлах “Castle club” гэсэн гурван том баар түүнийх. Эл баарнуудынхаа заалыг Худалдаа хөгжлийн банканд 10 тэрбумын зээлийн барьцаанд тавьчихаад шүүхдэлцэж явааг нь харсан ч хэн ч түүнийг жижиг гар гэхгүй. 
 
Дээрээс нь Б.Нямжав “Энх тайван найрамдлын ордон” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Энэ Төрийн бус байгууллага яаж яваад ч юм хуучин нийгмийн үед Оросууд найрамдлын бэлэг тэмдэг болгож хотын төвд барьж үлдээсэн “Энхтайван найрамдлын ордон” хэмээн гурван давхар барилгыг газартай нь эзэмшдэг болчихсон. Газраас нь тасалж одоогийн “Peace Tower” гэх барилгыг барьсан. Улмаар 18 давхарт нь Б.Нямжавын “Set Club” гэх баар ажиллаж эхэлсэн байдаг. Энэ мэтээр Б.Нямжавт багагүй “но” бий юм билээ. Товчхондоо, баарны “магнат” баян уяачыг УИХ-ын гишүүн болчихоод ард нь амаа барихгүй л байцгаасай. 

ТӨВ АЙМГААС ТҮШЭЭ БОЛОХООР ГОРИЛЖ БУЙ С.ЛҮНДЭГ ХАДАМ ДҮҮГЭЭРЭЭ ХАЛАМЖИЙН САН ТОНШИЖ СУУГАА ЮУ 

      Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ахлах зөвлөх Сүрэнжавын Лүндэг Төв аймаг тийш гүйдэлтэй болсон. У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь туслахаар нь ажиллаж, Ерөнхийлөгч болсных нь хойно Ахлах зөвлөх нь болж ахисан. Өөрөөр түүнд албан тушаал хашиж асан намтар байхгүй. Харин түүний өвөө Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Төв аймгийн Авдарбаян сум буюу одоогийн Баян сумын уугуул. Тийм ч учраас С.Лүндэг Төв аймгийнхан өөрийг нь биш юм гэхэд өвөөг нь таних тул Төрийн түшээ болоход тохиромжтой тойрог гэж тооцоолж л дээ. Нөгөөтээгүүр, Төв аймгийн тойргийг алддаггүй Нямаагийн Энхболдын төрд ажиллах нас нь явж, түшээ болох найдвар нь байхгүй болсон учир У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн тойргийг өөрийн болгож чадна гэж бодсоных биз. 
Ахлах зөвлөх С.Лүндэг араа сайн тооцож байсных уу, ашиг сонирхлын эсрэг хууль батлагдана гэдгийг эртнээс мэдэж байсных уу, өөрийнх нь нэр дээр аж ахуй байхгүй. Харин эхнэр Д.Уранбилэгийнх нь нэр дээр “Содон ньюс продакшн” ХХК, “СДН майнд” ХХК гэх хоёр компани бий. Мөн Д.Уранбилэг нь урьд нь энэ хоёр компаниа удирдахын зэрэгцээ аав Б.Доржгочоогийнхоо “Уран суварга” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Харин С.Лүндэгийг У.Хүрэлсүхийг дагаж эхэлсний дараа 2016 онд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн даргаар томилогдож, түүгээр зогсохгүй МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч болсон аж. Харин Д.Уранбилэгийн нэр дээрх компаниудыг нь төрсөн дүү Д.Баттулга нь удирдаж эхэлжээ.
 
Эндээс нэг ноцтой баримт гарч ирж байгаа нь, эхнэрийнх нь төрсөн дүү Д.Баттулга нь өөрийн нэр дээр 2018 онд “Оптимум прогресс” ХХК-ийг байгуулсан. Ингээд “Оптимум прогресс” ХХК-аараа Сүхбаатар дүүргийн XIX хороо, Санзайн аманд байрлах “Санзай” амралтын баазыг ажиллуулж эхэлсэн. Улмаар “Оптимум прогресс” ХХК-ийн “Санзай” амралтын газар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх” тендерт оролцож эхэлсэн бөгөөд 2022 онд 3.5 тэрбум, 2023 онд 3.5 тэрбум төгрөгийн багцад тус тус шалгарсан байна. Ерөнхийлөгчийн зөвлөх гэх хараанд өртөхгүй гэмгүй албанд суучихаад хадам дүүгээрээ дамжуулан халамжийн сан тоншиж суугаа юм биш биз гэх асуулт гарч ирнэ. Хэрвээ тийм бол, түшээ болоод зөвлөх байснаасаа ч их ууж, иднэ гэдгийг анхаарах нь зүйтэй. 
 
Сонирхуулахад, С.Лүндэгийн баз хүргэн Ц.Цолмон нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2020 онд Хан-Уул дүүргээс нэр дэвшсэн ч өвдөг шороондсон. Улмаар УИХ-д сонгогдож чадаагүй “шарх”-аа нөхөж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар томилогдож байв.  

ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ЛУ.БОЛДЫН ТӨРИЙН ОРДОН ДОТОРХ ТӨЛӨӨЛӨЛ НЬ С.ЭРДЭНЭБОЛД БОЛОХ УУ 

      Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд дээл өмсөж, хөөрөг бариад Төв аймагт очоод төвхнөчихсөн. Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон учраас ирэх сонгуульд өвөө, аавынхаа нутгийг бараадаж байгаа нь энэ. Дахиад унавал дахиад дөрвөн жил намынхаа гал тогоо хавиар эргэлдэж, хагарал, хуваагдлын хэрүүл хийж явах л хувь заяа хүлээж байгаа. Тиймдээ ч С.Эрдэнэболд өнгөрсөн өвөл УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга гэх албан тушаалаа хаяад цас, зуд далимдуулан Ц.Тувааныг дагаж сум бүрийг, бүр малчны хот бүрийг тойрсон. Анх “Ц.Элбэгдоржийн хүн” гэх хаяг хүзүүнд нь өлгөөтэй явдаг байсан бол одоо “Тувааны хос морь” гэгдтэлээ хүзүү сээрээ нийлүүлж буй. 
Нөгөөтээгүүр, Төв аймгийнхан С.Эрдэнэболдыг гэхээсээ аав, өвөөг нь илүү танина. Аав Ш.Сүхбаатар нь Төв аймгийн Прокурорын газарт прокурор байсан. Дараа нь Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болтлоо дэвшсэн, Гавьяат хуульч цолтой. Мөн Батлах хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, хурандаа цолтой. Сүүлд 2012 онд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар томилогдож, МАН гарч ирэх хүртэл ажилласан нэгэн. 
 
Хамгийн ноцтой нь, одоо Ш.Сүхбаатар УИХ-ын гишүүн асан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Лу.Болдын эзэмшдэг “Бодь цамхаг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн “Бодь констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар саяхныг болтол ажилласан. Мөн саяхан Л.Болдын аавын тухай “Сономын Лувсанвандан” ном бичиж, хэвлүүлсэн. Товчхондоо, ах дүү, амраг саднаас өөрцгүй дотно холбоотой явж ирсэн гэж болно. Ингэж харвал, С.Эрдэнэболд ШИНЭН, АН-ыг дамжсан нэг “бүлэглэл”-ийн төлөөлөл болж төрд орохоор зэхэж байна гэсэн үг. Л.Болдын хувьд АН-аас хөөгдөх хүртлээ “акул”-уудынх нь нэг байсан. Элчин сайдаар явахаасаа өмнө Шинэ нам алсдаа АН-тай нэгдэнэ гэсэн удаа ч бий. Эн агуулгаар харвал, Ш.Сүхбаатар, Л.Болд хоёрын хамтрал С.Эрдэнэболдод хүч болж ирэх магадлал өндөр харагдаж байна. 

ЗАСАГ ДАРГА АСАН НИМГЭН НАМТАРТАЙ УЯАЧ ГИШҮҮН НЭГЭЭР НЭМЭГДЭХ ҮҮ

     Өнгөрсөн сонгуулиар есөн аймгийн Засаг дарга УИХ-ын гишүүн болсны нэг нь Төв аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргал. Түүнээс урам авсан одоогийн Засаг дарга Д.Мөнхбаатар ч УИХ-ын гишүүн болж чадна гэсэн итгэл дүүрэн суугаа аж. Гэхдээ түүнд түшээ болох хэмжээнд хийж хэрэгжүүлсэн тэр гэх торойх ажил байхгүй. Азаар Төв аймгийн 100 жилийн ой энэ онд тохиож буйг ашиглан Засаг даргын хувиар “Түүхт ой-Бүтээн байгуулалтын жил” гээд зарлачихсан. Ганц жил гүрийгээд ажиллачихвал гишүүний суудал ойрхон гээд шахаж байгаа дуулдана. 
Д.Мөнхбаатарын мөрөөдөл биелвэл мөн л уяач гишүүдийн нэг болж орж ирнэ. Тэр Төв аймгийн Баянчандмань сумын Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Мөн Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Тахийн хүлэгч хангайн бүсийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга гэх давхар сэтэрүүдтэй. Уяач нараараа улсаа удирдуулаад хөгжсөн бол өдийд бид өтгөн, шингэн холилдсон үерийн усанд урсчих шахаад сууцгааж байхгүй л байлаа. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ТӨВ АЙМАГТ ТОЙРОГ ГОРИЛОГСОД: М.ЭНХБОЛД "СHOCO" БААРНЫ ЭЗЭН Б.НЯМЖАВЫГ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС СОЙЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-07 14:17:09
    зочин : төрд уяачид бөхчүүд дуучид баарны эзэн шиг хэрэггүй амьтад байхгүй, хаанаас юу олж идэхэв гээд л өлөв долов хийсэн новшнууд. Монголын төр тэр чинтээ аалзны тор болж, Лүндэг гэгчийн баз нь Цолмон байхдаа ч яахав. Хэлэх ч үг алга. Нямжав чи Миеэтэйгээ зайлаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 16:03:22
    Freedom: Лүндэг нь Монголын төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ гаргаж өгнө гэж 500 сая төгрөг хахуульд аваад мурийсан нөхөр шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 16:02:41
    Freedom: Лүндэг нь Монголын төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ гаргаж өгнө гэж 500 сая төгрөг хахуульд аваад мурийсан нөхөрлүүлэх дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-08 12:21:13
    Буудая: ХУЛГАЙЧ НАРЫГ БОЛОН ХУЛГАЙЧ БОЛОХ ГЭЭД ЖҮЖИГЛЭЭД ГҮЙЛДЭЖ ЯВАА АДГУУСНУУДЫГ ШУУД БУУДМААР Л БОЛДОГ БОЛЖЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-05 11:42:44
    зочин : авлигалтай тэмцэнэ гээд байсан . энэ үү ердөө.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188