• Өнөөдөр 2024-05-18

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН “ХУЛГАЙ” БУЮУ ТОМЧУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ТЭТГЭЛЭГ

2023-07-13,   3262

     Өчигдөр Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал “Боловсролын зээлийн сангаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийг 90 хувийг төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хүүхдүүд авсан” гэх ноцтой судалгааг нийтэд танилцуулав. Хэдий шинэ биш, хавраас хойш яригдсан асуудал боловч "хохирогч"-ийн хувиар ярьж байгаа анхны хүн тул сонин байв. Тэр өөрөө 2012 онд БЗС-гаас зээл авах гэж хөөцөлдөөд, тухайн үед том аргүй байсан учраас арга мухардаж, хоосон хоцорч байж л дээ. Тэр үеэс БЗС-гаас зөвхөн томчуудын хүүхдүүд л зээл авдгийг ойлгож, одоо ийнхүү илчилж байна гэж тайлбарласан. Түүний судалгаанаас бас нэг ноцтой асуудал нь, БЗС-гаас гадаадын их сургуульд суралцах бакалаврын оюутнуудад олгосон 167 тэрбум төгрөг 10 хувь төлөгдөөгүй, магистр, докторын оюутнуудад олгосон 196 тэрбум төгрөг төгрөг 99 хувь төлөгдөөгүй байгаа ажээ. Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд БЗС-гийн зээлээр гадаадад сурчихаад эргэн төлдөггүй, тэндээ үлдчихдэг учраас арга ч үгүй юм. Чухамдаа, улстөрчдийн, төрийн томчуудын хүүхдүүдээрээ дамжуулан үйлдэж байгаа бас л нэг "хулгай" юм. ЖДҮХС, ХААДС тэргүүтэй төрийн сангуудын "тонож", Хөгжлийн банкийг “хоосолсон” нь багадаад, оюуны өндөр чадамжтай боловч орлого багатай, сургалтын төлбөрөө төлөх боломжгүй хүүхдүүдийг дэмжихэд зориулсан Боловсролын зээлийн санг хүртэл хүүхдүүдээрээ дамжуулаад “цөлмөчихжээ” гэсэн үг. Тэгвэл зах зухаас нь танилцуулъя. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШААГИЙН ХҮҮ БИНДЭРЬЯА ТОРОНТОГИЙН ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨЖ ИРЭЭД “НҮҮРСНИЙХЭН”-ТЭЙ ХОЛБОГДСОН

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн том хүү Биндэрьяа Канадын Торонтогийн Их сургуульд Физикч мэргэжлээр суралцахаар 101,967 ам.долларын зээл авсан. Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа Торонтогийн их сургуулийг төгсөж ирээд, 2021 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хүү Ганзориг, О.Цогтгэрэлийн төрсөн ах “Тэсо” группийн ТУЗ-ийн дарга О.Дамжингийн хүү Ганбаяр нартай хамтран “ИКВ сөрвэй” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн Дамжингийн Ганбаяр нь Ш.Адьшаагийн бага хүү А.Алтансүхтэй “Голдэн эйж юнайтед” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нар Төрийн ордонд тохой нийлүүлэн сууж, харин хөвгүүд нь хамтран бизнес хийж байна гэсэн үг. 
     Цаашилбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хүү А.Биндэрьяагаа найзууд болон нүүрснийхэнтэй шууд холбожээ. Тухайлбал, хүү А.Биндэрьяа нь 2022 оны нэгдүгээр сард Сувидын Баярсайхан гэгчтэй нүүрс тээврийн “Галба ирээдүйн хөгжил” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж байгаа. Харин Сувидын Баярсайханыг хөөвөл, орооцолдсон олс шиг сүлжээ гарч ирэх бөгөөд олсны үзүүр Ш.Адьшаа дээр хөтөлж очих аж. 
Тодруулбал, Сувидын Баярсайхан нь Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалантай нүүрс тээврийн “Талын хишиг флорит” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн С.Баярсайхан Болдхуягийн Энхсайхантай нүүрс тээврийн “Шанд ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Болдхуягийн Энхсайхан нь мөн л М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалантай “Шинэ Ази ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, С.Баярсайхан, Б.Энхсайхан нарын “Шанд ложистик” ХХК, Б.Энхсайхан, М.Бат-Амгалан нарын “Шинэ ази ложистик” ХХК-ууд нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК-ийн “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 30-р байр, 01 тоот” хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг. Мөн Б.Энхсайхан нь Ш.Адьшаатай “Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн дэмжих нийгэмлэг”, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-г тус тус хамтран эзэмшдэг. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа том хүү А.Биндэрьяагаа төрийн мөнгөөр Торонтод сургаж, төгсөөд ирмэгц нь өөрийн найзуудын нүүрсний сүлжээнд “элсүүлжээ” гэж харагдаж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН ХҮҮ ЭРДЭМ ТАТВАРЫН ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СУРГУУЛЬ ТӨГССӨН Ч ЛОНДОНД АЖИЛЛАДАГ

      УИХ-ын гишүүн Т.Доржхандын хүү Эрдэм Английн Кембрижийн Их сургуульд Эдийн засагч мэргэжлээр суралцахаар 33,454 ам.долларын зээл авсан. Д.Эрдэм Кембрижийн Их сургуулийг 2020 онд төгсөж, 2021 онд АНУ-ын Иелийн Их сургуульд магистр хамгаалсан. Улмаар 2022 оноос Лондонгийн “JP Morgan” компанид Хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллаж байгаа ажээ. УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд, Японд хоёр жил, АНУ-д хоёр жил ажилласныг нь эс тооцвол УИХ-ын гишүүн болох хүртлээ Сангийн яаманд удирдах албан тушаал хашсан нэгэн. Тухайлбал, Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Мөн Т.Доржханд эхнэр У.Сийлэнгийн хамт даатгалын салбарын “акул”-уудын нэг “Монте даатгал” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Автохаб” ХХК, “Монре импекс” ХХК, “Монре файнаншиал” ХХК, “Стандарт инвестмэнт” ХХК, “Зээл эм эн” ББСБ зэргийг тус тус эзэмшдэг хөрөнгөлөг нэгэн. Гэвч мөн л түмний хүүхдийн боломжийг хулгайлж, татвар төлөгчдийн мөнгөөр хүүгээ сургажээ. 

ЖДҮХС, ХААДС-ИЙН ЗЭЭЛ БОЛОН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ ХОЛБОГДООД БУЙ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС Ч ХОЦРООГҮЙ

     УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин Сийлэн АНУ-ын Вашингтоны Их сургуульд Эрх зүйн чиглэлээр суралцахаар 165,804 ам.долларын зээл авсан. Төгсөж ирмэгцээ 2018 оны есдүгээр сарын 18-нд тухайн үеийн Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтнээр ажилд орсон байдаг. Тухайн үед Р.Сийлэн 420 сая төгрөгийн 3 орон сууцтай, 180 сая төгрөгийн газартай, 161 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж, мөн аав Ш.Раднаасэд, ээж Б.Хонгорзулынхаа “Хан сутай” ХХК, “Монголжаст консалтинг” ХХК-ийг дурдаж байв.  

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СУРГАХ ГЭЖ БАЙСАН ХҮҮГЭЭ КОМПАНИЙН ЗАХИРАЛ БОЛГОСОН

     Шадар сайд С.Амарсайханы хүү Эрдэнэхүслэн Английн Бристолын Их сургуульд Боловсролын менежментийн мэргэжлээр суралцахаар 27,166 ам.долларын зээл авсан байдаг. Гэвч А.Эрдэнэхүслэнгийн энэ зээлийн мэдээлэл 2021 онд ил болж, улмаар нийгмийн шүүмжлэл дагуулсан тул С.Амарсайхан аргагүйн эрхэнд хаасан байдаг. Шарандаа гэх үү, хорондоо гэх үү, Шадар сайд С.Амарсайхан хүү Эрдэнэхүслэндээ 2022 оны есдүгээр сард өөрийн “Ломекс” ХХК-ийг шилжүүлж, Ерөнхий захирал болгосон. А.Эрдэнэхүслэнгийн эзэмшдэг “Ломекс” ХХК нь БЗД-ийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард 1.0 га газартай. Тус газар дээрээ тус бүр 10 давхар, есөн блок бүхий “Ботаник центр” гэх орон сууцны хорооллыг барьж, ашиглалтад оруулаад буй. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.БАТЦОГТЫН ХОЁР ОХИН ЛОНДОНД ЗЭЭЛЭЭР СУРСАН

    УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын охин Анударь, Номундарь нар Английн Кингс коллежид Эдийн засгийн мэргэжлээр суралцахаар тус бүр 68,875 ам.долларын зээл авсан. Төгсөж ирээд, Б.Анударь нь Монгол банканд Эдийн засагчаар ажилд орсон бол Б.Номундарь нь “Мобиком корпораци”-ийн толгой компани болох “Ньюком групп” ХХК-д Хөрөнгө оруулалтын ахлах шинжээчээр ажилд оржээ. УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын хувьд, хуучнаар Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаал хашиж байсан. Улмаар 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан нэгэн. Д.Батцогтыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогттой баз буюу нэг айлын хүргэчүүд гэдгээр нь илүү таньдаг. Д.Батцогт одоо ч улс төрийн карьераа орхиогүй бөгөөд 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Ирэх сонгуульд мөн л өөрийгөө сойж, сурталчилгаагаа явуулсаар буй. Хөрөнгийн хувьд, эхнэр Ц.Ганчимэгээрээ дамжуулж “Дельта транзит” ХХК, “Хайрхан холдинг” ХХК, “Нүүдэлчин монголын соёлын төв” ХХК, “Ийзи дэлгүүр” ХХК-уудыг тус тус эзэмшдэг. 

БЗД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.БАТБАЯРЫН ХҮҮ ЗАМИЛАН 

     Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаярын хүү Замилан АНУ-ын Миннесотагийн Их сургуульд Мэдээллийн технологи, менежментийн мэргэжлээр суралцахаар 108,354 ам.долларын зээл авсан. Төгсөж ирээд, 2022 оноос хойш БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Кэй Пи Эм Жи аудит” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Аав Б.Батбаяр нь Чөлөөт бүхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, Гавьяат дасгалжуулагч цолтой. 2018 оноос “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Дотоод хяналтын албаны даргаар давхар томилогдож ажилласан. Улмаар 2020 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшээд унасан боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч буюу Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагчаар томилогдсон байдаг. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЗАХИРАЛ АСАН Я.СОД-ЭРДЭНИЙН ХҮҮ ХАС-ОЧИР

    Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал асан Я.Сод-Эрдэнийн хүү Хас-Очир АНУ-ын Аризонагийн Их сургуульд Инженер мэргэжлээр суралцахаар 130,607 ам.долларын зээл авсан. Я.Сод-Эрдэнийн хувьд, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байгаад 2016 оноос оноос Хөгжлийн банканд дэд захирлын албан тушаалд томилогдсон, УИХ-ын гишүүн асан, ТЕГ-ын дарга Я.Содбаатарын төрсөн ах гэдгээр нь нийгэм илүү таньдаг болсон. Тэрбээр Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байхдаа жилдээ 1.2 тэрбум төгрөгийн орлоготой, 1.8 тэрбум төгрөгийн 2 орон сууц болон 2 үйлчилгээний барилгатай, 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлдэг байсан ч төрсөн хүүгээ мөн л төрийн мөнгөөр гадаадад сургажээ. Харин хүү С.Хас-Очир нь Аризонагийн Их сургуулийг төгсөж ирээд, 2022 оноос аав Я.Сод-Эрдэнийнхээ “Нама-Оч” ХХК-ийн охин компани болох “Голден прима” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилласан. Харин 2023 оноос эхнэр Д.Эгшиглэнгийн хамт “Пасифик парадайз” ХХК-ийг байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа аж. 

ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА Д.ЗАГДРАДНААГИЙН ОХИН ОЮУНТӨГС

   ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, ахлах шинжээч Д.Загдраднаагийн охин Оюунтөгс Английн Гласговийн Их сургуульд Барилгын инженер мэргэжлээр суралцахаар 130,318 ам.долларын зээл авсан. Д.Загдраднаагийн хувьд насаараа Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байгаа нэгэн бөгөөд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдохоосоо өмнө Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын албаны даргаар ажиллаж байжээ. 

“ДЦС-2” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН С.БЯМБААХҮҮГИЙН ОХИН ЦЭЭЛМАА

   “ДЦС-2” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүүгийн охин Цээлмаа АНУ-ын Массачусетсийн Их сургуульд Механик инженерчлэлийн мэргэжлээр суралцахаар 215,746 ам.долларын зээл авсан. С.Бямбаахүү “ДЦС-2” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал ажиллаж байхдаа буюу 2019 онд их хэмжээний мазут луйвардсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэж, хөрөнгө хувьдаа завшсан хэрэгт холбогдож АТГ-т саатуулагдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Ингээд 2020 онд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбаахүүд “Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 7.4 сая төгрөгөөр торгох” ял ногдуулсан байдаг. 
 

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН “ХУЛГАЙ” БУЮУ ТОМЧУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ТЭТГЭЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-14 01:39:06
    Иргэн: Луйварчидаас Дуйварчид төрнө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-13 12:58:06
    Зочин: Одоо ч Боловсролын яамны Дээд боловсролд авилгачдыг л ажиллуулж байгаа, засрахгуйнээ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-13 11:53:09
    zochin: yavj yavj Mongoldoo sursan zaluus ni ulsiinhaa toloo zutgeed baigan baina do, ed nar ni ireed boluul darga bolood biad ni door ni zutgeh haha yaanda
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-28 15:37:53
    eee: uhej dald ormor unen ulun ******** nar yumaa yagad im yum uzegui hogin hulgaich shig bdag bnaa ******** naraa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-27 12:11:44
    Хатуу: ХУЛГАЙЧ НАР БҮХ САЛБАРЫГ ТОНОЖ БАЙГАА. 100 ДАВАРСАН ХУЛГАЙЧ ДҮҮЖЛЭХЭД АРАЙ ГАЙГҮЙ БОЛНО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-27 11:53:52
    Зочин : Ёстой нэг үнэхээр өлөн шуналтай псдакууд юмаа. Псда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 20:23:47
    Zochin: Эцэг эхийн муу үйлийн ген удамшаад энэ шд. Өөр царай зүстэй байх боломжгүй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 20:20:51
    Зочин: Луйварчдын хүүхдүүдийн царай зүс үнэн муухай юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 19:52:47
    Гантулга: Эднийг дийлэхгүй. Эд нар бол том хулгайчид. Ардын хүүхдүүдийн бүх боломжийг хулгайлсан хулгайчид. Үйлийн үр гэж байдаг шүү хулгайч нараа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 20:03:30
    Иргэн: Туйлшрал туйлдаа хүрэв хүүхдүүдийг төрсөн эцэг эхийн ажил мэрэгжил албантушаалаар ялгаарлан гадуурхав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 16:23:56
    зочин: Цайчихсан улсууд юм даа. Түмний татварын мөнгөөр хүүхдээ сургачихаад юу бодож суудаг бол доо хөөрхийс. Нүүр номоор дүүрэн палийсан малийсан дүр үзүүлж хэлбэр хоосон чанар агуулгагүй хэлбэр дүрсүүд. Юугаараа ч бахархдаг юм. Түмний боломжийг эцэг эхээрээ дамжуулан хулгайлалцсанаараа бахархдаггүй л байлтай. Үйлийн үрээ овоо чиг үүрнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 15:02:59
    Зочин: Аймаар юмоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 14:45:51
    Зочин: Төлүүлчих хууль хүн 2 монголд байна уу ард түмнийг арай хэтэрхий доромжилж байж доржханд авгай энхийн цагаан тагтаа шиг л чальчаад бсан нэр дэвших эрхийг хас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-17 10:47:25
    нийтийн хөрөнгийг хулгайлагчид: Энэ муухай хүмүүс өөрсдийнхөө хүүхдэд нийтийн мөнгийн хайр гам гүй хэдэн тэр бумаар нь хулгайлж өгнө. Нөгөө хэд нь ёс суртахуун, хүн чанар төлөвшил гэж шалаар нэг. Харин ард түмний насанд хүрээгүй хөөрхөн үрсээс 5 төгрөг харамладаг хүн чанаргүй амьтдыг төрөөс хөөж явуулах хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188