Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 онд “Эм энд жи констракшн” ХХК болон “Бүти” ХХК гэх хоёр компани Хан-Уул дүүргийн XV хороо, Энхтайваны гүүрний зүүн талд Дунд голын эрэг дагуух 11.8 га газар дээр “Дэлхийн стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд ажилладаг усан парк барина” гэж хашаа хатаж байв. Тоост хотын иргэд маань ч тоглож наадах усан парктай болох нь гэж баярласан, хурдан баригдаасай ч гэж хүлээсэн. Харамсалтай нь, хүлээлт талаар болж, өдгөө тус газар дээр 24 давхар, долоон блок барилга бүхий 1200 айлын “Aqua garden” гэх хороолол баригдаж байгаа. Гэхдээ тус хорооллыг “Аqua garden” биш “Авлига хороолол” гэдэг болсон.
Учир нь, усан парк барина гэсэн газар дээрээ Усны тухай хууль, Ойн тухай хууль, Газрын тухай хуулийг ноцтой зөрчин байж орон сууцны хороолол барьж байгаа “Эм энд жи констракшн” ХХК болон “Бүти” ХХК гэх хоёр компанийг БОАЖЯ, БХБЯ, АТГ, МХЕГ, Хотын захиргааны аль аль нь зогсоож чадахгүй байгаа. Төрд дийлдэхгүй, түмний шүүмжлэлээс айхгүй барилгаа барьсаар байгаа учраас “Авлига хороолол” гэж нэрлэсэн хэрэг л дээ. Тухайлбал,
1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар “Эм энд жи констракшн” ХХК-ийн 11.8 га газар эзэмших эрхийг цуцалсан. Гэвч “Эм энд жи констракшн” ХХК-аас Хотын захиргааг шүүхэд өгч, улмаар Захиргааны хэргийн шүүхийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээсэн. “Эм энд жи констракшн” ХХК-ийг Хотын захиргаагүй дийлээгүй гэсэн үг.
Тайлбар: "Эм энд жи констракшн" ХХК-ийг Дунд голын эрэг дагуу эзэмшиж буй газар
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд Хотын дарга Д.Сумъяабазарт “Эм энд жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлуулах тухай шаардлага хүргүүлсэн. Бас л дийлээгүй.
3. БОАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долдугаар сарын 1-нд “Эм энд жи констракшн” ХХК Дунд голын онцгой хамгаалалтын бүс дотор 11.8 га -ийг газар авахын тулд бусдад хахууль өгсөн байж болзошгүй гэж үзэж АТГ-т хандсан. АТГ-аас 2022 оны долдугаар сарын 25-нд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Гэвч өнөөг хүртэл таг, барилга нь баригдсаар л. Бас л дийлээгүй гэсэн үг.
4. МХЕГ-аас 2022 оны тавдугаар сарын 30-нд "Эм энд жи констракшн" ХХК, "Бүти" ХХК-ийн барилгын талбайд шалгалт хийж, улмаар цахилгааныг нь тасалж, дөрвөн краныг нь лацадсан. Гэвч тус компаниуд зөөврийн цахилгаан үүсгүүр барилгын талбайдаа зоож, барилгын ажлаа үргэлжлүүлж байв. Бас л дийлээгүй. Товчхондоо, “Авлига хороолол”-ыг төр дийлэхгүй байгаа нь бодит үнэн.
Тэгвэл бид төрд дийлддэггүй “Авлига хороолол”-ын эзэд болох Володъягийн Ганбаатар, Гэндэнгийн Батжаргал хоёрын тухай хоёр ноцтой баримтыг дэлгэж байна. Тухайлбал, “Авлига хороолол”-ын Ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ийг В.Ганбаатар, Г.Батжаргал гэх хоёр найз хамтран байгуулж, улмаар одоог хүртэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп”-ийн орон сууцны хорооллуудын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа. Харин “Авлига хороолол”-ын 11.8 га газрыг эзэмшигч “Эм энд жи констракшн” ХХК-ийг В.Ганбаатар, Г.Батжаргал нар 2013 онд БНСУ-ын иргэн Им Жун Ү гэгчээр “дээрэмдсэн” байж болзошгүй хэргээр өдгөө шүүхэд шилжээд байгаа ажээ.
Тайлбар: "Эм энд жи констракшн" ХХК, "Бүти" ХХК-ийг эзэмшигч Володъягийн Ганбаатар
Тайлбар: "Бүти" ХХК-ийг эзэмшигч Гэндэнгийн Батжаргал
В.ГАНБААТАР, Г.БАТЖАРГАЛ НАР УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН “РАПИД ХАРШ”, “НОВОТЕЛ” ЗОЧИД БУУДАЛ ТЭРГҮҮТЭЙ БАРИЛГУУДЫГ НЬ БАРЬСАН “ЦЭРЭГ”-ҮҮД НЬ АЖЭЭ
“Бүти” ХХК-ийг эзэмшигч Г.Батжаргалын төрсөн ах Г.Даваадагва нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон түүний эхнэр Д.Энхгэрэлтэй хамт 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн, дотнын найзууд аж. Өдгөө Г.Даваадагва нь төрсөн дүү Г.Батжаргал болон В.Ганбаатар нарын эзэмшдэг “Бүти” ХХК-д зөвлөхөөр ажилладаг. Тиймдээ ч “Бүти” ХХК нь байгуулагдсан цагаараа УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн бүх л орон сууцны хотхон, хорооллуудын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж иржээ. Ямар сайндаа л барилгын салбарынхан “Бүти” ХХК-ийг Б.Чойжилсүрэнгийнх гэцгээдэг аж.
Тодруулбал, “Бүти” ХХК нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп”-ийн захиалгаар 2009-2011 онд ХУД-ийн I хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд “Рапид харш” хорооллыг барьсан. 2011 онд “Хурп групп”-ийн захиалгаар СБД-ийн VI хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд “Новотел” зочид буудлыг барьсан. 2015 онд “Хурд групп”-ийн захиалгаар ХУД-ийн XV хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно “Кэй Эйч апартмент” хотхоныг барьсан. Мөн “Бүти” ХХК нь блок үйлдвэрлэдэг бөгөөд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү 2222” хотхоны блокны ерөнхий нийлүүлэгчээр ажиллажээ.
Тайлбар: 2019 он, Уралын дээд сургуулийн төгсөгч нарын уулзалт. 1993 оны төгсөгч Б.Чойжилсүрэн, Г.Даваадагва, 1989 оны төгсөгч З.Энхболд нар
Тайлбар: Уралын дээд сургуулийн нэг курсийнхний уулзалт. Г.Даваадагва, Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл нар
Эндээс, УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн оюутан цагийн найз Г.Даваадагва болон хувийн барилгуудынх нь хариуцагчаар 15 жил ажилласан В.Ганбаатар, Г.Батжаргал нарын "Авлига хороолол"-ыг хамгаалдаг байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм.
В.ГАНБААТАР, Г.БАТЖАРГАЛ НАР “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” ХХК БОЛОН УСАН ПАРКИЙН 10.5 ГА ГАЗРЫН БНСУ-ЫН ИРГЭН ИМ ЖУН Ү-ГЭЭС ЗАЛИЛЖ АВСАН УУ
В.Ганбаатар, Г.Батжаргал нар “Эм энд жи констракшн” ХХК-ийг 11.8 га газартай нь хамт БНСУ-ын иргэн Им Жун Ү гэгчээс залилж авсан байж болзошгүй хэрэг өдгөө шүүхийн шатанд байгаа аж. Тодруулбал, БНСУ-ын иргэн Им Жун Ү нь Г.Батжаргал, В.Ганбаатар нарт залилуулж, өөрийн “Эм энд жи констракшн” ХХК-ийг, 11.8 га газрын хамт алдсан гэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Им Жун Ү-гийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан тайлбарыг товч сийрүүлэн танилцуулъя.
БНСУ-ын иргэн Им Жун Ү гэгч нь 2003 онд Монголд орж ирж, барилгын бизнес хийж эхэлсэн. Улмаар “Эм энд жи констракшн” ХХК-ийг байгуулж, 2007 онд СБД-ийн I хороо, ДСНК-ийн баруун талд Сэлбэ голын эрэгт “Голден вил” хотхоныг барьж худалдсан аж. Харин 2008 онд Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол дагуу 10.5 га газрыг эзэмшдэг болж, тус газар дээр орон сууц, усан паркийн цогцолбор барих хөрөнгө оруулалт босгохоор хөөцөлдөж эхэлжээ. Гэтэл 2013 тавдугаар сард БНСУ-ын Прокурорын байгууллагаас Им Жүн Ү-д хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тул өөрийн биеэр очиж байцаалт мэдүүлэг өгөхөөр нутаг буцах болсон аж. Ингээд Им Жун Ү “Эм энд жи констракшн” ХХК-ийнхаа 50 хувийг тухайн үед хамтран ажиллаж байсан “Бүти” ХХК-ийн захирал Г.Батжаргалд шилжүүлж үлдээхээр болжээ. Тухайн үед Им Жун Ү “Прокурорт шалгагдаж байгаа учраас удаж магадгүй, компанийг маань хариуцаад ажиллуулж бай” гэсэн аж. Харин Г.Батжаргал нь “Холбогдох төрийн байгууллагуудаас усан парк, орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл гаргуулах гэх мэт ажлыг хөөцөлдөхөд Монгол хүний компани байвал хурдан бүтнэ. Солонгос хүнтэй хамтарч эзэмшдэг байвал надад итгэхгүй. Тиймээс надад компанийн 100 хувийн хувьцааг түр шилжүүлчих” гэсэн аж. Улмаар Им Жун Ү зөвшөөрч, Г.Батжаргалд “Эм энд жи констракшн” ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж үлдээжээ.

Гэвч Им Жун Ү-г Солонгост очмогц нь Сөүл хотын төв прокурорын газраас 2013 оны зургадугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны аравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд гадаад улсад зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргажээ. Хамгийн ноцтой нь, Им Жун Ү-г Солонгост очсоноос хойш компанийг нь хариуцаж үлдсэн Г.Батжаргал нь утсаа авахаа больж, үндсэндээ холбоо тасарсан аж. Ингээд Им Жун Ү хилийн хоригоо цуцлагдмагц буюу хоёр жилийн дараа 2015 арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн боловч Г.Батжаргал нь “БНХАУ руу хөрөнгө оруулагчтай уулзахаар яг одоо явах гэж байгаа тул сарын дараа уулзъя” гэжээ. Им Жун Ү нутаг буцаж, 2015 оны арванхоёрдугаар сарын 14-нд дахин Монголд иртэл Г.Батжаргал нь “Эм энд жи констракшн” ХХК-ийг өөрийн найз В.Ганбаатарт бүрэн мөсөн шилжүүлсэн байсан аж.
Им Жүн Ү компаниа авах гэж хоёр сар гаруй хөөцөлдөж явсаар 2016 оны хоёрдугаар сарын 27-нд Г.Батжаргал, В.Ганбаатар нарыг залилангийн хэргээр шалгуулахаар цагдаад ханджээ. Өөрөөр хэлбэл, Г.Батжаргал, В.Ганбаатар нараас “Эм энд жи констракшн” ХХК-аа 10.5 га газрын хамт буцааж авахаар шүүхдэлцэж эхэлжээ. Энэ хэрэг зургаан жил хууль хяналтын байгууллагад шалгагдаж явсаар 2022 оны есдүгээр сарын 28-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Г.Батжаргал, В.Ганбаатар нарын талд шийдвэр гаргаж, Им Жун Ү-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин 2023 оны нэгдүгээр сарын 6-нд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.
“АВЛИГА ХОРООЛОЛ”-ЫН ЭЗЭН В.ГАНБААТАР, Г.БАТЖАРГАЛ НАР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН “ЦЭРЭГ”-ҮҮД БАЙЖЭЭ |
|