• Өнөөдөр 2024-05-17

ХОТЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН 60 АВТОБУС АВАХ 21 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ НАЙЗУУДДАА ӨГСӨН ҮҮ

2023-01-23,   880

      Хотын дарга Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн парк шинэчлэлт”-ийг эхлүүлж, улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 60 автобус, 2022 онд 224 автобус Хятадаас худалдаж авсан. Өдгөө Улаанбаатарчууд шинэ улаан автобусаар “гангарч”, хар утаа хаясан “хэмхэрхий” хуучин автобуснууддаа суухгүй голдог болоод буй.
      Тэгвэл Нийслэлийн удирдлагууд буюу Хотын дарга Д.Сумъяабазар, түүний орлогч Ж.Сандагсүрэн нар “Нийтийн тээврийн парк шинэчлэлт” гэх нэрээр халхавчилж хийж, хамсаатнууддаа автобусны тендер өгөх замаар халаасаа түнтийлгэж байж болзошгүй ноцтой баримтууд байна. Тодруулбал, 2021 онд 21 тэрбум төгрөгөөр 60 ширхэг улаан автобус оруулж ирэх тендерт шалгарсан “Сүлдэрхан минералс” ХХК нь Хотын дарга Д.Сумъяабазарын орлогч Ж.Сандагсүрэнгийн дотнын найзуудын компани ажээ. Тиймдээ ч, туршлагагүй, “ганцхан” ажилтантай “Сүлдэрхан минералс” ХХК-ийг 21 тэрбум төгрөгийн тендерт шалгаруулсан байж болзошгүй аж. Илүү ноцтой нь, Ж.Сандагсүрэнгийн найзуудын “Сүлдэрхан минералс” ХХК нь Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх үед Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төсөлд 18.6 тэрбум төгрөгөөр техник нийлүүлж, тус гэрээгээ Засгийн газрын тогтоолоор 20 жилийн хугацаатай “Маш нууц” ангилалд оруулжээ. 

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР, ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН НАР “СҮЛДЭРХАН МИНЕРАЛС” ХХК-ИЙГ 60 АВТОБУСНЫ ТЕНДЕРТ ХУУЛЬ БУСААР ШАЛГАРУУЛСАН УУ

     Нийслэлээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Нийтийн тээврийн парк шинэчлэлт” төслийн хүрээнд 21 тэрбум төгрөгөөр 60 ширхэг автобус худалдаж авах тендерийг зарласан. Тус тендерт нийт долоон компани оролцсон ч “Шаардлагад нийцсэн оролцогч байхгүй” гэж цуцалсан. Гурван сарын дараа буюу 2021 оны долдугаар сарын 9-нд дахин зарлахад дөрвөн компани оролцож, тэднээс “Сүлдэрхан минералс” ХХК 60 ширхэг автобусыг 19 тэрбум төгрөгөөр нийлүүлэхээр шалгарсан байдаг. Хачирхалтай нь, бусдаасаа өндөр үнэ санал болгосон гэх мөртөө шалгарсан “Сүлдэрхан минералс” ХХК нь араасаа асар их хэл ам дагуулсан ч Хотын удирдлагууд тус компанийг “хамгаалж”, хүч түрэн зүтгүүлсээр, эцэст нь санасандаа хүрч 60 автобусны гэрээг үзэглэж байв. 
Тодруулбал, хоёр удаа зарлагдсан 60 автобусны тендерт “Сүлдэрхан минералс” ХХК-тай хамт оролцсон ч хасагдсан компаниуд Сангийн яаманд гомдол гаргаж, дараа нь шүүхэд хандсан. Тэд Сангийн яаманд гаргасан гомдолдоо “60 ширхэг автобус нийлүүлэх тендерт шалгарсан “Сүлдэрхан минералс” ХХК нь өмнө нь автобус нийлүүлж байгаагүй буюу туршлагагүй, албан ёсны оффисгүй, ганцхан ажилтантай, нийгмийн даатгалд сардаа ердөө 106 мянган төгрөг төлдөг. Мөн автобус оруулж ирэх компани нь өөрсдийн засварын төвтэй байх шаардлага тавьсан байтал өөрсдийн оффис ч байхгүй компанийг хууль бусаар шалгаруулсан байна” гэх ноцтой баримтуудыг дурдсан байдаг. Энэ талаар 2021 оны есдүгээр сард Сангийн яамны тухайн үеийн ТНБД С.Наранцогт хэвлэлийн хурал хийж “Тендерээс хасагдсан компаниуд “Сүлдэрхан минералс” ХХК-ийн эсрэг 18 заалт бүхий гомдол гаргасан. Бид шалгаж үзэхэд “Сүлдэрхан минералс” ХХК нь тендерийн зургаан заалтыг хангаагүй, зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон. Татвар төлөгчдийн мөнгөөр зарлагдсан тендер нээлттэй, шударга явагдах ёстой” гэж байв. Харин Д.Сумъяабазар “Сангийн яамны ТНБД С.Наранцогт нийслэлчүүдэд битгий гай бол. Зарласан тендер будилаантуулдгаа боль” гэж “хамгаалж” байлаа. 
 
Мөн тендерээс хасагдаж, Сангийн яаманд гомдол компаниудын нэг болох “Еврохан” ХХК нь “Сүлдэрхан минералс” ХХК-ийг “Хууль зөрчиж тендер авсан” гэж шүүхэд өгсөн ч шүүх "Еврохан" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 
 
 
Сонирхуулахад, Сангийн яаманд гомдол гаргасан компаниудын нэг болох “Батсээр” ХХК нь “Сүлдэрхан минералс” ХХК-ийн эсрэг гомдлоо өөрсдөө хүсэлтээр буцаан татсан. Хоржоонтой нь, гомдлоо татсан “Батсээр” ХХК төд удалгүй буюу өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард Нийслэлд хог цэвэрлэгээний 28 ширхэг машин нийлүүлэх 4.0 тэрбум төгрөгийн тендер авч, энэ сард нийлүүлсэн. Магад, Нийслэлийн эсрэг, “Сүлдэрхан минералс” ХХК-ийн эсрэг гомдлоо татсан “тохироо” нь энэ ч байж болох. 
 
Товчхондоо, “Хууль бусаар шалгарсан” гэх хэл ам дагуулсан “Сүлдэрхан минералс” ХХК-ийг Сангийн яам ч, шүүх ч “зогсоож” чадаагүй. Эцэст нь, 2021 оны аравдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Сүлдэрхан минералс” ХХК-тай 60 ширхэг автобусны гэрээг үзэглэж, санасандаа хүрсэн. Гэрээний дагуу “Сүлдэрхан минералс” ХХК 2021 ондоо багтаан 60 автобусаа нийслэлд оруулж ирэх ёстой байсан ч гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж, хойшлуулсаар 2022 оны тавдугаар сард эхний хэдэн автобусаа оруулж ирж байв. 

“СҮЛДЭРХАН МИНЕРАЛС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ И.БОЛДЦЭЦЭГ, ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Ж.ТҮВШИНБАЯР БА ХОТЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН НАРЫН НӨХӨРЛӨЛ

      “Сүлдэрхан минералс” ХХК-ийг Ихбаярын Болдцэцэг гэх эмэгтэй эзэмшиж, захирлаар нь ажилладаг. Харин Ерөнхий менежерээр нь Жамсранжавын Түвшинбаяр гэх залуу ажиллаж иржээ. И.Болдцэцэг, Ж.Түвшинбаяр нарыг судалж үзвэл, Хотын орлогч Ж.Сандагсүрэнтэй тун ойрын найзууд юм байна. Тодруулбал, Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр, И.Болдцэцэг нар “JCI капитал” гэх нэг байгууллагад харьяалагддаг бөгөөд хандивын болон сайн үйлсийг аяныг хамтран зохион байгуулж иржээ. Хотын орлогч Ж.Сандагсүрэн 2016 онд “JCI капитал”  байгууллагын Эрхзүйн зөвлөх, 2018 онд “JCI капитал” байгууллагын Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. Тухайн үеийн гол хамтрагчид нь И.Болдцэцэг, Ж.Түвшинбаяр нар байсан аж.  Жишээ нь, Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр нар 2014 оноос “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулж иржээ. Харин Ж.Сандагсүрэн, И.Болдцэцэг нар 2018 онд “Номын баринтаг” аяныг хамтран зохион байгуулсан аж. Мөн Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг дарга байхдаа дүүрэгтээ “Номын сан” төслийг хэрэгжүүлэхэд И.Болдцэцэг хамтран оролцжээ. 
 
Илүү ойлгомжтойгоор буюу Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр, И.Болдцэцэг нарын нөхөрлөлийг гэрэл зурган баримтаар харуулъя. 
 
ТАЙЛБАР: 2015 оны тавдугаар сарын 16. Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр. “Амьдрал бэлэглэе” аяны нээлт
 
ТАЙЛБАР: 2018 оны наймдугаар сарын 1. “Номын баринтаг” төслийн хаалт, Ж.Сандагсүрэн, И.Болдцэцэг нар
ТАЙЛБАР: 2018 оны зургадугаар сарын 24. Найзуудын уулзалт. Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр, И.Болдцэцэг нар
ТАЙЛБАР: 2021 оны нэгдүгээр сарын 3. ЦССҮТ “Амьдрал бэлэглэе” аян, Ж.Сандагсүрэн, И.Болдцэцэг нар
 
    Товчхондоо, Хотын орлогч Ж.Сандагсүрэн болон “Сүлдэрхан минералс” ХХК-ийн захирал И.Болдцэцэг, Ерөнхий менежер Ж.Түвшинбаяр нар “үй зайгүй” нөхөрлөж иржээ. Өдгөө ч И.Болдцэцэг, Ж.Түвшинбаяр нар Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хэлсэн үг, хийсэн үйлдэл болгоныг алдалгүйгээр сошиал хаягтаа нийтэлж, түгээдэг аж. Сонирхуулахад, И.Болдцэцэг 2019 он хүртэл “Тооно” гэх уран зургийн галерей ажиллуулдаг, тендерээс хол нэгэн байж. Харин 2019 оноос хойш Сонгинохайрхан дүүрэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Нийслэлээс тендер “түүж” эхэлсэн аж.  

“СҮЛДЭРХАН МИНЕРАЛС” ХХК Д.СУМЪЯАБАЗАРЫГ УУХҮ-ИЙН САЙД БАЙХ ҮЕД ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД 18.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТЕХНИК НИЙЛҮҮЛЖ, ГЭРЭЭГЭЭ “МАШ НУУЦ” АНГИЛАЛД ОРУУЛЖЭЭ

      “Сүлдэрхан минералс” ХХК Нийслэлээс 60 автобусны тендер авахаасаа өмнө Д.Сумъяабазарын удирдаж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 800 сая төгрөгийн тендер, Ж.Сандагсүрэнгийн удирдаж байсан Сонгинохайрхан дүүргийн 1.0 тэрбум төгрөгийн тендерт оролцож, шалгарч байсан тендерийн түүхтэй ажээ. Өөрөөр бол, “Сүлдэрхан минералс” ХХК нь Д.Сумъяабазар, Ж.Сандагсүрэнгийн удирдсан байгууллага бүрээс тендер авч байсан аж. Гэхдээ энэ бол “Сүлдэрхан минералс” ХХК-ийн зөвхөн ил байгаа мэдээлэл. 
 
      Тэгвэл “Сүлдэрхан минералс” ХХК-ийн тухай илүү ноцтой баримт байна. Тодруулбал, 2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөхөд, гол ажлуудыг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцаж гүйцэтгэсэн. Гэтэл тухайн үед буюу 2019 оны наймдугаар сарын 22-нд “Сүлдэрхан минералс” ХХК Зэвсэгт хүчний жанжин штабтай 18.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, 88 ширхэг машин, техник хэрэгсэл нийлүүлжээ. Ингэхдээ тендер шалгаруулалт явуулаагүй бөгөөд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан Дэд ажлын хэсгийн 38 дугаартай зөвлөмжөөр “Сүлдэрхан минералс” ХХК-ийг сонгож, шууд гэрээ байгуулжээ. 

Хамгийн ноцтой нь, Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоол, Батлах хамгаалахын сайдын 2019 оны 194 дүгээр тушаал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2019 оны 221 дүгээр тушаал, Тагнуулын ерөнхий газрын даргын 2019 оны 476 тоот зөвшөөрлөөр “Сүлдэрхан минералс” ХХК-ийн 18.6 тэрбум төгрөгийн гэрээг “Маш нууц” зэрэглэлд хамруулж, 20 жилийн хугацаатайгаар “Улсын нууц”-д оруулж нууцалжээ. 

    Тухайн үед Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувиар Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийг хариуцаж, ажлын хэсгийг нь ахалж байсныг сануулах нь зөв байх. Өөрөөр бол, ганцхан ажилтантай, техник нийлүүлж байсан туршлагагүй “Сүлдэрхан минералс” ХХК-ийг хэн сонгож, 18.6 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулж, тэгээд болоогүй гэрээг нь хэн “Маш нууц” ангилалд оруулж нууцалсан бэ гэдэг асуултыг хариултыг Д.Сумъяабазараас эхэлж хайх ёстой болж таарч байна.
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ХОТЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН 60 АВТОБУС АВАХ 21 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ НАЙЗУУДДАА ӨГСӨН ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 15:47:49
    Тойвгоо: Энэ атуснууд 2 жилийн л гарын ая даана. Хятадын автобуснууд дотроо хамгийн чанартай нь Dongfang bus industry гэх компаны атуснууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 15:18:52
    Ойлгомжтой: Ойлгомжтой, хятадын хамгийн хямдхан хогийг хэд нугалж хэдэн арван тэрбумаар нь мөнгө унагаж идэцгээдэг сумьяазар сандагсүрэн нар ёстой шуналын тулам хулгайчууд байжээ, оруулж ирсэн хужаа хог нь 2 3 жил яваад эвдрээд дуусна, яагаад ч 10 жил явж чадахгүй, дахиад улсаас хөрөнгө мөнгө гаргаж автобус авах болно, Монгол улсын баялаг, улсын төсөв хэдэн ханаж цаддагүй хулгайчуудыг эцэс төгсгөлгүй тансаглуулахад л зориулагдаа юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 13:09:01
    123: Ийм улсад амьдарч байгаадаа гутрах юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 13:05:39
    иргэн: энэ сумьяабазарыг шалгаачээ ёстой шуналын бузар болсон хүн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 13:04:09
    иргэн: энэ бузруулыг шалгаачээ тийм үнэтэй хужаа автобус авсан нь цавчаа хийсэн байж таарлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 11:20:57
    Ergelt mini: Энд 1 логик алдаа яваад байна. Ганцхан ажилтантай компани ингээд л яваад байна гэж хэзээ ч байхгүй. Хүн ухамсарт амьдралынхаа туршид хэнтэй ч найзалж, хамтарч ажиллаж болно. 21 тэрбум юм уу гэхээр 19 тэрбум байхын. Бас хамгийн бага үнийн санал эхний шалгуур. Дараагийн шалгууруудыг л хангаагүй гэсэн үг дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 11:14:35
    Zochin: Sumiyabazar ugaasaa l dandaa iim um khiij yavdag sh de. Uchnuun l idej uukh um. Khanaj tsadakhaa medekhgyi umaa. Yostoi usukhiin ulun n' arildaggyi gdg l ene baikhdaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 11:04:14
    irgen: Buhimdahgui baihiin argagui ajil hiine gedeg n dan hulgai.baih uoma.MAN garuud tgd teriigee heluulehguin tuld Uchral gj hooson tolgoi huuli gargaj soliorch bh uom.Ulaan NymOsor n evleliin ajiltan.Nam dagaj huuhedee daguulaan bh.Eer gaviyagui humuus de.Hulgaichaa barih huulia ehlej hii.Hulgaichuudaa darhan erhguigeer shorongoo duurge.Ardiin huuhduudiig sulla.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 11:04:13
    irgen: Buhimdahgui baihiin argagui ajil hiine gedeg n dan hulgai.baih uoma.MAN garuud tgd teriigee heluulehguin tuld Uchral gj hooson tolgoi huuli gargaj soliorch bh uom.Ulaan NymOsor n evleliin ajiltan.Nam dagaj huuhedee daguulaan bh.Eer gaviyagui humuus de.Hulgaichaa barih huulia ehlej hii.Hulgaichuudaa darhan erhguigeer shorongoo duurge.Ardiin huuhduudiig sulla.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 11:04:13
    irgen: Buhimdahgui baihiin argagui ajil hiine gedeg n dan hulgai.baih uoma.MAN garuud tgd teriigee heluulehguin tuld Uchral gj hooson tolgoi huuli gargaj soliorch bh uom.Ulaan NymOsor n evleliin ajiltan.Nam dagaj huuhedee daguulaan bh.Eer gaviyagui humuus de.Hulgaichaa barih huulia ehlej hii.Hulgaichuudaa darhan erhguigeer shorongoo duurge.Ardiin huuhduudiig sulla.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-23 10:11:40
    цирк: Сумьяабузар огцорооч одоо баяжиж банкныхаа өрийг янзлаад дууссан бол???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188