• Өнөөдөр 2024-04-30

ГААЛЬ ДАХЬ ТОМЧУУДЫН “ТАВИУЛУУД”-I

2022-09-23,   1134

        Монголын гаалийнхан “Бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй” гэх урианыхаа яг эсрэг ажиллаж ирсэн буюу бузрыг нь яривал “далай”. Хяналтын байгууллагын хаалга татаж, авлига, албан тушаалын хэргээр АТГ-т “ээрэгдэгсдийн” дийлэнх нь гаалийнхан байдаг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн онд л гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй хууль хяналтынхан Замын-Үүдэд тусгай ажиллагаа явуулж, нэр бүхий зургаан албан тушаалтныг баривчилж, Замын-үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоор ажлаас нь чөлөөлж байлаа.Үүнээс өмнө 2020 онд Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Д.Солонго, орлогч О.Цогтбаатар нар авлига авч байгаад АТГ-ынханд үйлдэл дээрээ баригдаж, багагүй дуулиан дэгдэж байв. Энэ мэтээр гаалийнхны холбогдсон, хууль хяналтын байгууллагад шилжсэн хэргүүдийг дурдвал “дундрахгүй”. Тэр бүү хэл, булхай луйвар нь илчлэгдээгүй буюу гаалиас гар нь ганзагад хүрсэн төрөөс төрсөн тэрбумтнууд ч бишгүй бий. 
 
Тэгвэл гаалийн байгууллагад төрийн томчуудаас хэний хамаарал бүхий этгээдүүд ажиллаж байгааг цувралаар танилцуулах гэж байна. 
         
УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛДЫН ЭХНЭРИЙН ҮЕЭЛ Б.АСРАЛТ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА 
 
      Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийнх нь үеэл дүү гэгдэж ирсэн. Тэгвэл тэр Сү.Батболдтой зөвхөн хамаатан садны хэмжээнд ч биш хэдэн сэжмээр холбогддог. Жишээ нь, 
 
-Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө буюу УИХ-ын гишүүн С.Батболдыг 2009-2012 онд Ерөнхий сайд байх үед болон 2012-2016 онд буюу сул гишүүн болсных нь дараа ч зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2016 оны намар зөвлөхийн суудлаас Гаалийн ерөнхий газрын дарга болж суга дэвшсэн нэгэн. Мөн С.Батболдын “Стар” телевизийн захирлаар ажиллаж байсан намтартай. 
 
-Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт анх энэ албан тушаалд томилогдох үедээ “Аполло инвест” ХХК, “Аполло Транс” ХХК-иудад хувь эзэмшдэг гэж АТГ-т мэдүүлж байсан. Тэгвэл “Аполло Инвест” ХХК, “Аполло транс” ХХК-ийг УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Самаади эзэмшдэг. 
 
-Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт “Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Энэ Төрийн бус байгууллага “СБД, 10-р хороо, 7-р хороолол, 18-5 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл яг энэ хаяг дээр “Сүхбаатарын Батболд” сан давхар бүртгэлтэй байдаг байдаг бөгөөд УИХ-ын гишүүн С.Батболд өөрөө Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг. 
 
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХНЭР Л.БОЛОРЦЭЦЭГИЙН БЭР ЭГЧ С.ЦЭРЭНЧИМЭД ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ДАРГА
 
       Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр буюу тэргүүн хадагтай Л.Болорцэцэгийн төрсөн ах Л.Болдбаатарын эхнэр Сэд-Очирын Цэрэнчимэд нь Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүнд хяналт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо асар их эрх мэдэлтэй албан тушаал гэсэн үг. 

ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, байгалийн баялаг, тэдгээрийг зөөж, тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл гээд бүгдэд хяналт, шалгалт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа нэг чухал нэгж гэсэн үг. Гэтэл энэ чухал албан тушаал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ахын эхнэр нь хашиж явна. 

МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ТӨРСӨН ЭГЧ М.ЭНХСАНАА УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЛБАНЫ САЛБАРЫН ЭРХЛЭГЧ
 
      МАН-ын дарга асан М.Энхболдын төрсөн эгч Миеэгомбын Энхсанаа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Гаалийн хяналт, шалгалтын албаны салбарын эрхлэгчээр ажилладаг.
 
М.Энхсанаагийн хувьд тэтгэврийн нас нь өнгөрсөн ч төрд ажилласаар байгаа 1600 орчим хүний нэг. Тухайлбал, тэрбээр 1960 онд төрсөн, тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд долоон жил болж байгаа ч төрийн албанд дарга хийсээр байгаа. 
 
Түүнчлэн, М.Энхсанаа “Том авга” ХХК, “Потатотрейд” ХХК, “Шинэ мөрөөдөл” ХХК-иудад хувь эзэмшдэг. 
 
ШШГЕГ-ЫН ДАРГА Д.ЗАГДЖАВЫН ЭХНЭР Н.УРАНЧИМЭГ УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ТАТВАР БҮРДҮҮЛЭЛТИЙН АЛБАНЫ ДАРГА 
 
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавын эхнэр Норовжавын Уранчимэг Улаанбаатар хот дахь гаалийн газрын албаны даргаар ажилладаг. Тэрбээр 4.2 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 460 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн жийп, хоёр суудлын автомашинтай. Тухайлбал, хоёр ширхэг Lexus-470, нэг ширхэг Hummer H2, нэг ширхэг Lexus-570 болон Lexus LX 450, 460 маркийн хоёр суудлын автомашинтай. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 382 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ХНХ-ЫН САЙД АСАН С.ЧИНЗОРИГИЙН ЭХНЭР Д.АЛТАНЧИМЭГ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ
 
        УИХ-ын гишүүн С.Чинзоригийн эхнэр Д.Алтанчимэг нь Гаалийн Ерөнхий газарт Гаалийн улсын ахлах байцаагчаар ажилладаг. С.Чинзоригийн хувьд 2000 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2014 онд Хөдөлмөрийн сайд, 2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан буюу нэг яаманд гурван удаа сайдаар очсон намтартай. 
 
Тэрбээр төлөвлөгч эдийн засагч мэргэжилтэй болоод ч тэр үү, хамгийн хашир түшээгээр нэрлэгддэг. Тиймдээ ч түүний эхнэр, Гаалийн улсын ахлах байцаагч Д.Алтанчимэг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 25 сая төгрөгийн автомашинтай гэдгээс бусдаар гялайж, гялтайх юу ч бүртгүүлдэггүй ажээ.  Гэр бүлийнхээ эзэмшилд “Соёмбо консалтинг” ХХК гэх ганц компанитай бөгөөд өдгөө хүргэн З.Мөнх-оргил нь удирддаг юм байна. 
 
“ДАРХАНЫ АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР”-ЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ГАНБАТЫН ЭХНЭР В.БОЛОРМАА ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ
 
Уржигдар “Дарханы арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг АТГ-аас баривчилж, цагдан хорьсон. Тэгвэл ХХААХҮЯ-ны харьяа “Дарханы арьс ширний цогцолбор”-ын Ерөнхий инженерээр ажилладаг Б.Ганбатын эхнэр Ванчиндоржийн Болормаа Гаалийн ерөнхий газарт Гаалийн улсын байцаагчаар ажилладаг ажээ. В.Болормаа нь 1.2 тэрбум төгрөгийн орон сууцтай, 98 сая төгрөгийн Land cruiser-200 маркийн автомашинтай, 662 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байдаг аж. Б.Ганбатын тухайд өмнө нь төрийн өмчит “Амгалан дулааны станц”-ын Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 
 
      Сонирхуулахад, В.Болормаагийн нөхөр Б.Ганбатын ах Б.Ганзориг нь барилгын “Нийслэл өргөө” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компанийн нь төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх барилгын тендерүүдэд шалгардаг. Тухайлбал, Үндэсний архивын төвийн барилга, Шинэ эх нялхас буюу IV төрөхийн барилга, Говь-Алтай аймгийн Алтай хотын Нисэх буудал зэргийг дурдаж болно. 
 
Мөн Б.Ганзориг “Зэст-Өндөр” ХХК-ийг эзэмшдэг. “Зэст-Өндөр” ХХК нь Хөгжлийн банканд 11.8 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй тул энэ оны хоёрдугаар сард нэр нь нийтэд зарлагдаж байв. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ГААЛЬ ДАХЬ ТОМЧУУДЫН “ТАВИУЛУУД”-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188