• Өнөөдөр 2024-04-30

ТӨРИЙН ӨМЧИЙН “ЖИЙП”-НҮҮДИЙГ ХУУЧИН ГЭХ ШАЛТГААР 7.0 САЯ ТӨГРӨГӨӨР ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАХ ТОГТООЛ ГАРГАЖЭЭ

2022-09-25,   1717

        Залуучууд Засгийн газрыг “Ажлаа хий, хэмнэ” гэж жагссан, өнгөрсөн дөрөвдүгээр сард. Хариуд нь Засгийн газар “Төрийн хэмнэлтийн тухай хууль” гэгчийг УИХ-аар батлуулж, төрийн дарга нарт том жийп, тухлаг унаа хэрэглүүлэхгүй байхаар болсон. Улмаар төрийн байгууллагуудын дарга нарын унаж байсан 400 орчим автомашинуудыг хурааж, “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т төвлөрүүлж буй. Энэ автомашинуудын заримыг онцгой байдал, эмнэлэг, цагдаагийнханд хуваарилж, үлдсэнийг нь дуудлага худалдаагаар зарж, мөнгийг нь төсөвт тушаахаар болсон. 
 
    Тэгвэл ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-иар дулдуйдаж, төрийн байгууллагуудаас хурааж авсан том жийпнүүдийг “хуучин” гэх шалтгаар маш хямдаар зарах гэж байж болзошгүй баримт байна. Тодруулбал, Б.Цэнгэл төрийн өмчийн 2022 оны техникийн үзлэгт тэнцсэн, 2011 оны Land cruiser-200 маркийн автомашиныхаа худалдах доод үнийг ердөө 7.0 сая төгрөгөөр тогтоож, дуудлага худалдаанд оруулах гэж байна. 130 сая төгрөгийн үнэтэй жийпийг 7.0 сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болсон нь өөрсдийн хамаарал бүхий этгээдүүддээ хямд үнээр зарах гэсэн “бохир бизнес” юм биш биз гэх хардлага төрүүлж байгаа юм. 

 ТӨР 114 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ LAND CRUISER-200 АВТОМАШИНАА “ХУУЧИН” ХЭМЭЭН “МИАЛЖ”,  7.0 САЯ ТӨГРӨГӨӨР ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАХААР БОЛЖЭЭ 

         Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл 14 хоногийн өмнө буюу энэ сарын 8-нд төрийн өмчийн 23 автомашиныг дуудлага худалдаагаар худалдах тухай 371 дугаартай тогтоол гаргажээ. 
Тодруулбал, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэхүү тогтоолоороо “Засгийн газрын авто бааз” УТҮГ-ын хөрөнгөд бүртгэлтэй, нийт 1.0 тэрбум төгрөгийн балансын үнэтэй 23 автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, мөнгийг нь улсын төсөвт тушаахыг “Засгийн газрын авто бааз” УТҮГ-ын дарга Г.Чинзоригт үүрэг болгосон байна. Дуудлага худалдаагаар зарах 23 автомашины жагсаалтад 10 ширхэг Соната-6, хоёр ширхэг Land cruiser-105, хоёр ширхэг Land cruiser-200, хоёр ширхэг Старекс, хоёр ширхэг WV Passat, нэг ширхэг Ford Explorer, нэг ширхэг Chevrolet Tahoe, нэг ширхэг Nissan Pickup маркийн автомашин тус тус багтжээ. 

       Хамгийн ноцтой нь, тус тогтоолоор төрийн өмчийн Sonata-6 автомашиныг 3.5 сая төгрөгөөр, Land cruiser-200 автомашиныг л гэхэд 7.0 сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал, 
 
-0016 УБЗ улсын дугаартай, Япон улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн, 114 сая төгрөгийн балансын үнэтэй, 267 мянган км гүйлттэй, Land cruiser-200 маркийн автомашиныг 7.0 сая төгрөгөөр, 
-0210 УБЗ улсын дугаартай, Япон улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн, 119 сая төгрөгийн балансын үнэтэй, 147 мянган км гүйлттэй, Land cruiser-200 маркийн автомашиныг 13 сая төгрөгөөр,
-0682 УНҮ улсын дугаартай, АНУ-д 2012 онд үйлдвэрлэгдсэн, 130 сая төгрөгийн балансын үнэтэй, 171 мянган км гүйлттэй, Chevrolet Tahoe маркийн автомашиныг 12 сая төгрөгөөр, 
-0600 УБЗ улсын дугаартай, АНУ-д 2008 онд үйлдвэрлэгдсэн, 40.6 сая төгрөгийн балансын үнэтэй, 200 мянган км гүйлттэй, Ford Explorer маркийн автомашиныг 5.5 сая төгрөгөөр тус тус худалдахаар доод үнийг нь тогтоож, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. 

“ЭЛЭГДЭЛ ИХТЭЙ, ХУУЧИН” ГЭХ ЖИЙПНҮҮД НЬ 2022 ОНЫ ТЕХНИКИЙН ҮЗЛЭГТ ТЭНЦЖЭЭ 

      Төр туулах чадвар өндөртэй, том оврын жийп автомашинуудаа худалдан доод үнээ ердөө 5.5-7.0 сая төгрөгөөр тогтоосон шалтгаан нь “Он хуучин, элэгдэл ихтэй” гэж “голсных”. Тэгвэл Smartcar.mn сайтаас дуудлага худалдаанд орох жийпнүүдийг улсын дугаараар нь шүүж үзлээ. Гэтэл “элэгдэл ихтэй, хуучин” гэж 7.0 сая төгрөгөөр үнэлэгдээд буй 0016 УБЗ, 0210 УБЗ, 0682 УНҮ, 0600 УБЗ дугаартай жийп автомашинууд нь 2022 оны гуравдугаар сарын 18-нд Техникийн хяналтын улсын үзлэгт орж, тэнцжээ. Өөрөөр хэлбэл, тухайн жийп автомашинууд нь мотороосоо эхлээд гэрэл дохио хүртлээ эвдрэл, гэмтэлгүй гэж үзлэг оношилгоонд тэнцсэн байх юм. 

ТӨР 7.0 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛСЭН 2011 ОНЫ LAND CRUISER-200 АВТОМАШИН ЗАХ ЗЭЭЛД 90-130 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА

      Төр “хуучин” хэмээн голж, 7.0 сая төгрөгөөр үнэлсэн 2011 оны Land cruiser-200 маркийн автомашин зах зээл ямар үнэтэй зарагдаж байгааг иргэдийн түгээмэл ашигладаг Unegui.mn зарын сайтаас хайж үзлээ. Ингэхэд 2011-2012 онд үйлдвэрлэгдсэн Land cruiser-200 автомашинууд 90-130 сая төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, төрөөс 7.0 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар болсон Land cruiser-200 автомашинтай адилхан буюу 2011 онд Японд үйлдвэрлэгдэж, 2012 онд Монголд орж ирсэн, 140 мянган км гүйлттэй, хар өнгийн Land cruiser-200 автомашиныг 114 сая төгрөгөөр худалдана гэж зар байршуулсан байгааг жишээ болгон харуулж байна. 
Түүнчлэн, төр Land cruiser-200 автомашинаа 7.0 сая төгрөгөөр үнэлсэн байхад зах зээл дээр энэ төрийн автомашины дөрвөн дугуй нь л гэхэд 4.6 сая төгрөгөөр зарагдаж байна. Энэ жишээнээс төр том жийпнүүдээ яаж үнэгүйдэх замаар худалдах гэж байгаа нь тодорхой харагдах биз ээ. 
 

ДАРГА НАР ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫНХАА АВТОМАШИНЫГ "ХУУЧИН" ХЭМЭЭН АКТАЛЖ, ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХАМААРАЛ БҮХИЙ МАШ ХЯМДААР ХУДАЛДДАГ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ "ЦЭЦЭГЛЭЖ" БАЙНА

      Төрийн байгууллагуудын дарга хурдан хөлжих нэг шалгарсан аргатай болоод буй. Тэр нь, төрийн өмчийн автомашиныг “ашиглалтын хугацаа дууссан” хэмээн акталж, улмаар дуудлага худалдаанд оруулах замаар хамаарал бүхий этгээддээ “бохины үнэ”-ээр худалдаж, улмаар өөрийн болгох арга. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнх Lexus-570, BMW-535, Toyata Hiace маркийн автомашинуудыг “ашиглалтын хугацаа дууссан” хэмээн акталж, улмаар хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулан өөрийн хамаарал бүхий Э, Б нартаа маш хямдаар худалдсан хэрэгт холбогдсон. Ингэхдээ 140 сая төгрөгийн үнэтэй Lexus-570 автомашиныг л гэхэд хамаарал бүхий этгээддээ 16 сая төгрөгөөр худалдсан байдаг. Өдгөө эл хэргийг нь АТГ-аас шүүхэд шилжүүлээд саналтайгаар прокурорт шилжүүлээд буй. 
Мөн өнгөрсөн хавар Говь-Алтай аймгийн Засаг дарга Л.Амгаланбаатар аймгийнхаа ЗДТГ-т бүртгэлтэй 2013 оны Land cruiser-200 автомашиныг 1.0 сая төгрөгөөр хувьчилсан хэрэгт нэр холбогдсон. Энэ асуудлаар нь түүнийг огцруулахаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж байлаа. Харин О.Амгаланбаатар энэ мэдээллийг үгүйсгэж, өөрийгөө АТГ-т шалгуулахаар Улаанбаатарт хүртэл ирж байв. 
 
“Акталсан автомашинаар хөлжих” энэ аргыг энгийнээр тайлбарлавал, аль нэг төрийн байгууллагын дарга нь харьяа байгууллагынхаа автомашиныг “хуучин, ашиглалтын хугацаа дууссан” хэмээн акталж, дуудлага худалдаанд оруулдаг. Ингэхдээ доод үнийг нь маш хямдаар тогтоож өгдөг. Улмаар тус дуудлага худалдаанд нь өөрийнх нь хамаарал бүхий хэдэн этгээд оролцож, хоорондоо худлаа үнэ хаялцаж, доод үнийг нь 1-2 сая төгрөгөөр өсгөсөн болж жүжиглээд, тухайн автомашиныг маш хямд үнээр өөрсдийн болгодог арга гэсэн үг. 
 
       Тэгвэл ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг гаргасан тогтоол буюу 2011, 2012 оны Land cruiser-200 автомашинуудыг ердөө 7.0 сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар болсон шийдвэр нь дээр дурдсан хэргүүдтэй адил хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан хөлжих гэсэн “бохир бизнес” юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

ТӨРИЙН ӨМЧИЙН “ЖИЙП”-НҮҮДИЙГ ХУУЧИН ГЭХ ШАЛТГААР 7.0 САЯ ТӨГРӨГӨӨР ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАХ ТОГТООЛ ГАРГАЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 15:44:19
    Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тайлбар гаргаж байна: Төрийн өмчийн болого, зохицуулалтын газрын хурал нь ЗГХЭГ төлөөлөл, 7 яамны төрийн нарийн бичгийн дарга нар орсон 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шийдвэр гардаг. Газрын дарга Б.Цэнгэл дангаар шийдвэр гаргаддаггүй болно. ЗГ авто базаас дээрх 4 машиныг зам тээврийн осолд орсон гэж ирүүлсэн бөгөөд дээрх үнэ нь дуудлага худалдаанд орон доод үнэ болно. https://fb.com/pcsp.gov.mn пейж дээрээс дэлгэрэнгүй үзнэ үү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 15:44:06
    Жаргал: Хуулиа хэрэгжүүлээчээ. ЗГ ын бодлогоо хэрэгжүүл.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 10:22:48
    Иргэн: Ямар шуналтай юм бэ Арай дэндүүлжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 10:22:47
    Иргэн: Ямар шуналтай юм бэ Арай дэндүүлжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-22 10:22:46
    Иргэн: Ямар шуналтай юм бэ Арай дэндүүлжээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188