• Өнөөдөр 2024-04-30

ЗУРГААН УДАА ЦИАНИД АЛДАЖ, ЗАВХАНЫ ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛСАН “БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ХХК-ИЙН АРД СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ХАДАМ ААВ БОЛОН ҮХЦ-ИЙН ГИШҮҮН Ц.НАНЗАДДОРЖ НАР БАЙДАГ

2022-10-01,   1840

       Завхан аймгийн Дөрвөлжин сумын уулыг ухаж, усыг “ширгээж”, хүн, малыг нь цианид, натрид “живүүлэх” шахсан “Баян-Айраг эксплорэйшн” гэж балаг нь барагддаггүй алтны компани бий. Ухсан шороогоо цианид, натригаар “угааж” алтаа ялгадаг энэ компани 2015 оноос хойш зургаан удаа ус, хөрсөнд цианид алдсан буюу “асгасан” хар түүхтэй. Алдсан цианидаас нь болж Завхан аймгийн Дөрвөлжин сумын жигүүртэн амьтад үй олноороо үхэж үрэгдсэн ноцтой мэдээллүүд зураг, бичлэгтэйгээ хэдэнтээ цацагдаж байлаа. Нутгийн малчид нь ч тус компанийг эсэргүүцэж, хөл хүрэх газраа явж эсэргүүцлээ илэрхийлж байсан ч төрийн зүгээс, салбар яамнаас нь сануулга өгөх төдийхнөөр толгойг нь илсээр өдий хүрсэн. 
         
Тэгвэл хүн, мал, амьтныг хормын төдийд үхэлд хүргэх, хөрс экологийг үржил шимгүй болгох хортой цианид алдсан хэргүүдээсээ хялбархан мултарч дөнгөдөг, дархан эрхтэй “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн цаад эздийг судалж үзээд маш ноцтой баримтууд олсноо хүргэж байна. Тодруулбал, “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн цаана “Ноён уулыг ухаж хөлжсөн” намтартай Л.Чинбатын худ буюу Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнийн аав Т.Ганхуяг болон “Төрөөс төрсөн тэрбумтан” гэгддэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нар байдаг ажээ. 

СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ТӨРСӨН ААВ Л.ЧИНБАТ, ХАДАМ ААВ Т.ГАНХУЯГ НАР НЬ НАЙЗУУД БУЮУ НОЁН УУЛНААС АЛТНЫ БИЗНЕСТ ХАМТ ОРЖЭЭ

        “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг Люксембургийн Их Гүнт улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Гөүлдэн Хиллс Эс Ар Эл” компани болон Монгол Улсын “Гурван гол холдинг” ХХК хамтран эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, “Гурван гол холдинг” ХХК-ийг Соёлын сайд Ч.Номингийн хадам аав буюу түүний нөхөр Г.Бат-Эрдэнийн төрсөн аав Төмөрбаатарын Ганхуяг, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддорж нар хамтран эзэмшдэг ажээ. Тэгээд болоогүй Г.Бат-Эрдэнийн аав Төмөрбаатарын Ганхуяг нь “Гурван гол холдинг” ХХК-ийнхаа захирлаар нь ажилладаг юм байна. 
Цааш нь судалбал, Соёлын сайд Ч.Номингийн төрсөн аав “Гацуурт”-ын Л.Чинбат болон хадам аав “Гурван гол холдинг”-ийн Т.Ганхуяг нар “Ноён ууланд алт ухаж андлалцсан” найзууд ажээ. Тодруулбал, худууд буюу “Гацуурт”-ийн Л.Чинбат, “Гурван гол холдинг”-ийн Т.Ганхуяг нар хамтран 1993 онд геологи хайгуулын “Гурван гол” компанийг байгуулжээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртын аманд алтны шороон ордыг илрүүлж, анх алтны олборлолт явуулж эхэлжээ.  Харин 1998 онд Л.Чинбат алтны шороон ордынхоо нэрээр буюу “Гацуурт” компанийг бие даан байгуулж, Т.Ганхуяг “Гурван гол” компаниа хариуцаж үлдсэн түүхтэй ажээ. 
Түүнчлэн, Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ 2014 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхнэрийн маань аав, ээж геологич мэргэжилтэй. Манай аав, ээж ч геологич хүмүүс. Тухайн үед геологичид нэг л байранд амьдардаг байсан. Бид хоёр нэг газар төрж, өссөн. Их эртний найзууд гэсэн үг” гэж ярьж байжээ. 

Т.ГАНХУЯГ, Ц.НАНЗАДДОРЖ НАР “ГУРВАН ГОЛ БААЗ” ГЭХ КОМПАНИА УИХ-ЫН ГИШҮҮН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАРТ ЗАРЖЭЭ 

       Судалж үзвэл, Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж нарын хамтарсан бизнес зөвхөн Завхан аймгийн Дөрвөлжин сумынхныг айдаст автуулсан “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-иар дуусахгүй ажээ. Тодруулбал, Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж нар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Энэ компани нь өдгөө хотын төв цэгт буюу Монголын хүүхдийн ордны чанх ард байрлах “Гурван гал” худалдааны төв, хаяа залгаа “Выставка” буюу “Сарны титэм” худалдааны төвийг ажиллуулдаг. Тэд энэ худалдааны төвүүдийн газар, барилгын өөрсдийн болгосон түүх нь ч “но”-той юм билээ. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж насаараа Төрийн өмчийн хороонд дарга, даамал хийсэн нэгэн бөгөөд тухайн үедээ эдгээр барилга, газрыг хувьчилж авсан гэдэг. 
      Түүнчлэн, Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж нар “Гурван гол холдинг” ХХК-иасаа гадна “Гурван гол асар” ХХК, “Гурван гол” ХХК “Гурван гол бааз” ХХК гэх ижил нэртэй компаниудыг хамтран эзэмшиж иржээ. Тэгвэл “Гурван гол бааз” ХХК-иа өнгөрөгч 2021 оны зургадугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн, одоогийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт шилжүүлсэн байна. Өдгөө “Гурван гол бааз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа ажилладаг ажээ. Сонирхуулахад, “Гурван гол бааз” ХХК нь “Баян-Айраг эксдлорэйшн” ХХК-ийн Улаанбаатар хот дахь агуулахын хариуцаж, ханган нийлүүлэгчээр ажиллаж байсан ажээ. 
 
“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ХХК ДӨРВӨЛЖИН СУМАНД ЗУРГААН УДАА ЦИАНИД АЛДАЖ, ШУВУУД ҮЙ ОЛНООРОО ҮХСЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧ БАЙСАН Ч ХЭРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ
 
        “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн тухайд уул уурхайд арвин түүхтэй, асар баян алтны орд эзэмшдэг, хариуцлага алдсан ч хэрэг үүсдэггүй гэдгээрээ зартай. Тус компани 2002 оноос хойш Завхан аймгийн Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Сантмаргац сумдын нутагт алтны хайгуул хийсэн. Ингээд 2008 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд Баян-Айраг нэртэй алтны орд илрүүлж, 6100.2 га талбайд олборлолт АМГТГ-аас MV-013409 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, олборлолтоо эхлүүлсэн байдаг. Мөн тус компанийн мэдэлд MV-017666 дугаартай, 3910.8 га талбайтай Баруун-Бортолгой- 1 гэх олны орд бий. Гол нь манай улсад цианид натри ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог гарын хуруунд багтах тоотой хэдэн компани байдгийг нэг нь “Баян-Айраг эксплорэйшн” ХХК. Энгийнээр тайлбарлавал, алттай шороогоо нуруулдан овоолж байгаад дээрээс нь цианидтай уусмал шүрших байдлаар алтаа ялгаж авах арга ашигладаг гэж ойлгож болно. 
       Ингэж цианид, натриг их хэмжээгээр ашигладаг атлаа тун хариуцлагагүй ажилладгаасаа болж зургаан удаа цианид алдаж, Завхан аймгийн Дөрвөлжин сумынхныг айдаст автуулж байсан. Тодруулбал, 2015 онд цианиттай уусмал гүйлгэдэг хоёр турбагаа хооронд нь холбоогүйгээс анх цианит алдсан. Тухайн үед “Хариуцлага алдсан” гэж уурхайн ээлжийн ахлагчаа ажлаас нь халсан болоод өнгөрсөн. Хоёр дахь удаа 2016 оны өвөл цианит гүйлгэдэг турба нь мөн л хагарч, цианит алдсан. Цаашлаад, 2019 оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө, 2020 оны наймдугаар сарын 17-нд мөн л уурхайн талбай дахь овоолготой хүдэр нь үеэрт автаж, усанд цианит алдсан. Хамгийн сүүлд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд уурхайн талбайдаа 520 орчим м.кв талбайд 25-30 м3 цианидтай уусмал алдаж, багагүй шуугиан дэгдсэн. Улмаар Улсын онцгой комиссын даргын тушаалаар Шуухай бүлэг гарч, “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-д уурхайд шалгалт хийж байв. Шалгалтын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 66.3 дахь заалтаар тус компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаатай зогсоосон. Харамсалтай нь, тун удалгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. 
         
        “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн удаа дараа хөрс, усанд алдсан цианидаас болж Завхан аймгийн Дөрвөлжин сум дараагийн “Хонгор” болох нь гэх яриа гарах болсон. Тухайлбал, 2014 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин суманд загас, шувуу тэргүүтэй амьтад үй олноороо үхэж эхэлсэн гэж нутгийн малчид нь ярьдаг. Жишээ нь, 2014 оны наймдугаар сард л гэхэд тус компанийн уурхайн орчимд шар хацарт чагнуухай хэмээх 1000 гаруй шувуу үхсэн гэж шуугьж байв. Мөн 2020 оны наймдугаар сард Дөрвөлжин сумын Бага нууранд 2200 гаруй шувуу үл мэдэгдэх шалтгаанаар үхэж, тус сумынхан айдаст автаж байлаа. Энэ мэтээр бүхэл бүтэн нэг сумын иргэдийн амь нас, ан амьтан, байгаль экологид нь удаа дараа  “заналхийлсэн” “Баян-Айраг ксплорэйшн” ХХК-д төрийн зүгээс хариуцлага тооцох бүү хэл сануулах төдийхнөөр толгойг нь илж, аргацаасаар өдий хүрэв. Тэгвэл “Баян-Айраг эксплорэйшн” ХХК хэрэг үүрдэггүйн шалтгаан нь тэд том артай ажээ. Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж нарын дээрх бизнесүүдийн үзүүрээс хөвөрдөж хөөвөл Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нар дээр хөтөлж очдогийг ч дурдах нь зүйтэй биз ээ. 
 
 
 

ЗУРГААН УДАА ЦИАНИД АЛДАЖ, ЗАВХАНЫ ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛСАН “БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ХХК-ИЙН АРД СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ХАДАМ ААВ БОЛОН ҮХЦ-ИЙН ГИШҮҮН Ц.НАНЗАДДОРЖ НАР БАЙДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-02 14:36:32
    э: ийм л лаларын бгаа шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-02 14:36:31
    э: ийм л лаларын бгаа шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-01 13:15:09
    авлигачид: ӨМЧ хувьчлалаар албан тушаалаа ашиглан хагартлаа баяжсан АВЛИГАЧИДыг и х давруулсан. ЦЭЦэд хүртэл АВЛИГАЧИН сууж байхаар ярих зүйл алга даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-25 18:15:51
    zochin: ene neg nugelschgui luivarchdiig schiitgedeg chuul durem baidaggui umuu Mongol ulsad !!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188