• Өнөөдөр 2024-04-30

АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН ОДОО Ч 504 АВТОМАШИНААР НҮҮРС ЗӨӨСӨӨР БАЙГАА ЮМ БИШ БИЗ

2022-09-14,   1171

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс тээврийн тонн тутмаас 60-80 ам.доллар завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Тэнд маш олон тооны автомашинууд байгаа. Тэр автомашинуудтай манай парламентын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд холбогдсон байгаа. Цаана нь манай нөлөө бүхий маш том лидерүүд байгаа. Автомашинаар нүүрс зөөх нь өөрсдөд нь асар их ашигтай учраас Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацааж байсан юм билээ” гэх маш ноцтой мэдэгдэл хийж байсан билээ.
 
      А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хятадуудтай хамтран нүүрс зөөдөг бизнестэй байлаа. Гэвч 100 мянган ам.долларын авлигын хэрэгт холбогдсон, нөгөөтээгүүр УИХ-ын гишүүн болсон зэрэг шалтгаанаар Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан компаниудынхаа хувь эзэмшлээс нэрээ хасуулж, нүүрс тээврийн бизнесээс бүрэн гарсан гэж харагдах болсон. Тэгвэл А.Адъяасүрэн одоо ч Хятадуудтай хамтарч, 504 автомашинаар урд хөрш рүү нүүрс зөөж байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. 

А.АДЪЯАСҮРЭН НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИНУУДДАА “С” ЗӨВШӨӨРӨЛ ГАРГУУЛАХ ГЭЖ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НЬ...

        А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон санчир групп” ХХК, “Топ стандарт” ХХК-иудыг 100 хувь өөрөө эзэмшдэг, “Топ капитал” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК гэх нүүрс тээврийн компаниудыг Хятадуудтай хамтран эзэмшдэг байв.  Энэ компаниуд нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэсэн үг. 
 
        Гэтэл 2020 онд А.Адъяасүрэнтэй холбоотой ноцтой дуулиан дэгдсэн. Тодруулбал, автомашинаар хил давуулан нүүрс зөөхийн тулд заавал олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дагуу А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар Хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрч, дуулиан дэгдсэн юм. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. 

А.АДЪЯАСҮРЭН ХЯТАДУУДТАЙ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН КОМПАНИУДЫНХАА ХУВЬ ЭЗЭМШЛЭЭС НЭРЭЭ ХАСУУЛСАН НЬ...

       Хууль хяналтынханд ээрэгдсэн энэ хэргээсээ сургамж авсан, бас УИХ-ын гишүүн болж нүүрс зөөх боломжгүй болсон А.Адъяасүрэн 2021 оны дөрөвдүгээр сард нүүрс тээврийн компаниудаа бусдад шилжүүлсэн. Тухайлбал, “Премиум кастомс” ХХК-иа БНХАУ-ын иргэн Alatengbagena гэгчийн нэр дээр шилжүүлсэн. Мөн “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Баянговь транс” ХХК-иудын хувь эзэмшлээс нэрээ хасуулж,  Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Friend & Fortune S Corporation” компанийн эзэмшилд шилжүүлснээр бүртгүүлсэн. 

АВЛИГЫН ХЭРГЭЭС БОЛЖ ХАР ТҮҮХТЭЙ БОЛСОН А.АДЪЯАСҮРЭНГИЙН ХУУЧИН ХЯТАД КОМПАНИУД БҮГД НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ, ШИНЭ НЭРЭЭРЭЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БОЛЖЭЭ

      Авлигын хэргээс болж хар түүхтэй болсон дээрх компаниуд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хувьцаа эзэмшигчээс хасагдсаны дараа  бүгд нэрээ сольжээ. Улмаар шинэ нэртэй болж, зүсээ хувилгасан тус компаниуд одоо ч “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, нүүрс зөөх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. 
 
Тодруулбал, 
 
- “Тэнгри транс групп” ХХК нэрээ “Дайлангийн хишиг тээвэр” ХХК болгон өөрчилжээ. “Дайлангийн хишиг тээвэр” ХХК нь 2022 онд ачаа тээврийн “С” зөвшөөрөлтэй 181 автомашинаар БНХАУ руу нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулжээ. 
 
- “Сан тээвэр групп” ХХК-ийн нэрийг “Хишиг сайхан ундрах” ХХК болгон өөрчилжээ. “Хишиг сайхан ундрах” ХХК нь 2022 онд 121 автомашинаар нүүрс зөөхөөр “С” зөвшөөрөл авч, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулжээ. 
 
- “Ульгансар транс” ХХК-ийн нэрийг “Ивээл сар транс” ХХК болгон өөрчилжээ. “Ивээл сар транс” ХХК нь 2022 онд 137 автомашинаар нүүрс зөөхөөр “С” зөвшөөрөл авч, “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулжээ. 
 
- “Баян говь транс” ХХК-ийн нэрийг “Азын хишиг дэлгэрэх” ХХК болгон өөрчилжээ. “Азын хишиг дэлгэрэх” ХХК 2022 онд 65 автомашинаар нүүрс тээвэрлэхээр “С” зөвшөөрөл авч, “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулжээ. 
 
Нийтээр нь тооцвол, дээрх дөрвөн компани 504 автомашинаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг урд хөрш рүү зөөж байгаа ажээ. 
 

НЭРЭЭ СОЛЬЖ, ЗҮСЭЭ ХУВИРГАСАН КОМПАНИУДЫН НҮҮРС ТЭЭВРИЙН 504 АВТОМАШИНЫ ЦААНА ОДОО Ч УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

          Нэрээ сольж, зүсээ хувиргасан “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-иуд бүгд “Өмнөговь аймаг, Ханбогд, Цагаанхад суурьшлийн бүс, “Премиум кастомс” ХХК-ийн байр, 201, 202, 203, 204 тоот” хаяг дээр бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд “Премиум кастомс” ХХК дээр төвлөрдөг гэсэн үг. 
 
       Тэгвэл “Премиум кастомс” ХХК-ийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 100 хувь эзэмшдэг байсан бөгөөд 2021 оны наймдугаар сараас БНХАУ-ын “Шилмэл газар” ХХК, БНХАУ-ын иргэн Alatengbagena гэгч эзэмшдэг болжээ.  

Хамгийн ноцтой нь, Хятад иргэний мэдэлд очсон “Премиум кастомс” ХХК “Улаанбаатар, Чингэлтэй, 2-р хороо, 2 40 мянгат, 27, 18 тоот”  гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. Судлаад үзвэл, яг энэ хаяг дээр “НОБА тур” ХХК бүртгэлтэй байх бөгөөд Амгалангийн Оддэлгэрийн, Баяртын Нарангоо, Бадамсүрэнгийн Отгонжаргал нар эзэмшдэг компани ажээ.  Цааш нь судалбал, Б.Нарангоо нь "Драгон холдинг"-ийн эзэн С.Баяртын охин, Б.Отгонжаргал нь А.Адъяасүрэнгийн "Номгон санчир групп" ХХК-ийн захирал, харин Амгалангийн Оддэлгэр нь А.Адъяасүрэнгийн төрсөн дүү ажээ. АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгийн санд бүртгэгдсэнээр Амгалангийн Одгэрэл нь А.Одгэрэл нь УИХ-ын гишүүн зөвлөхөөр ажилладаг гэжээ. 

         Эндээс харвал, Авлигын хэрэгт орооцолдож, улмаар нүүрс тээврийн бизнесээс гарсан мэт харагдах УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн цаагуураа Хятадуудтай холбоо, хамааралтай, тэр тусмаа нүүрсний бизнесээ хийсээр байж болзошгүй сэжүүр гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, А.Адъяасүрэн сар их ашигтай ажилладаг нүүрсний компаниудаа нэг өдрийн дотор Хятадуудад шилжүүлсэн нь, тухайн нүүрс тээврийн компаниуд нэгэн зэрэг нэрээ сольсон нь, шинэ нэрээр бизнесээ үргэлжлүүлж эхэлсэн нь, А.Адъяасүрэнгийн төрсөн дүүгийн компанийн хаяг дээр үйл ажиллагаа явуулсан хэвээрээ байгаа нь ингэж хардах хангалттай шалтгаан болж байна. 
 

АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН ОДОО Ч 504 АВТОМАШИНААР НҮҮРС ЗӨӨСӨӨР БАЙГАА ЮМ БИШ БИЗ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-15 07:03:11
    Del: нүүрсээ зөөх юу буруу байгаа юм вэ ажлаа бүтээх гэж авилга өгөөл биз авсан хулгайчаа ярин биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 20:45:39
    Амараа: Машинтай бол бүгд л нүүрс зөөнө Энд хууль бус юм юу байна вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 20:45:37
    Амараа: Машинтай бол бүгд л нүүрс зөөнө Энд хууль бус юм юу байна вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 20:45:36
    Амараа: Машинтай бол бүгд л нүүрс зөөнө Энд хууль бус юм юу байна вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-14 13:09:07
    gard: tanaih hvnii ner tord haldaad gantsa awhuulah widee vne bolood zow medee tawaachee oor bichih yum oldohgvi bna uu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188