• Өнөөдөр 2024-05-17

ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ЛУЙВАР БУЮУ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “СЭЛЭМНИЙ ХӨШӨӨ”

2022-08-10,   1029

       Сүүлийн хоёр өдөр цахим ертөнцөд “Хэнтий аймагт баригдаж буй сэлэмний хөшөө” гэх тайлбартай зураг тарж, шүүмжлэлд өртөж байна. Тэгвэл уг “хөшөө”-г хэн санаачилж, хаанаас санхүүжүүлж, хэн барьж байгааг сурвалжиллаа. 
       Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт аялал жуулчлалын зургаан цогцолбор баригдаж буй. Эхнийх нь буюу улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан “Андлалын өргөө” цогцолбор нь өнгөрсөн оны өдийд олны шүүмжлэлд өртөж байсан. Улмаар гүйцэтгэгч “Хос санаа” ХХК нь улсын төсвөөс авсан 1.9 тэрбум төгрөгөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны данс руу буцааж шилжүүлээд, барилгаа нурааснаар олны хэл ам намжсан байдаг. Хамгийн ноцтой нь, тус “Андлалын өргөө” цогцолборын барилгыг барьсан “Хос санаа” ХХК нь ашиг сонирхлын асар том зөрчилтэй буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү, “Херо энтертайнмент”-ийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зургийн дарга, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Бизнес зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Батсүрэнгийн компани байсныг бид илчилсэн. 
 
Тэгвэл сүүлийн хоёр өдөр цахим ертөнцөд “Хэнтий аймагт баригдаж буй сэлэмний хөшөө” гэх тайлбартайгаар тарж, шүүмжлэл дагуулаад байгаа “Монголын нууц товчоо” цогцолборын барилгын барьж буй компани нь ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой буюу ашиг сонирхлын асар том зөрчилтэй ажээ.  
        Тодруулбал, “Сэлэмний хөшөө” гэх барилга нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж буй “Монголын нууц товчоо” цогцолборын барилга аж. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг барилгыг “Хасу мегаватт” ХХК барьж байгаа юм байна. Хамгийн ноцтой нь, “Хасу мегаватт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш нь Хэнтий аймгийн Галшар сумын уугуул бөгөөд уг цогцолборын тендерт шалгарах үедээ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байжээ. Илүү ноцтой нь, тухайн үед Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан бол гүйцэтгэх захирлаар нь Соёлын дэд сайд М.Батбаяр ажиллаж байсан юм. 
ТАЙЛБАР: СОЁЛЫН ДЭД САЙД, ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА М.БАТБАЯР, ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА АСАН Ж.ТҮМЭН-АЮУШ
Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд “Монголын нууц товчоо” цогцолборыг барихаар санаачлан, төсвийг нь батлуулж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Батбаяр тендерийг нь зарлаж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Түмэн-Аюушийн “Хасу мегаватт” ХХК нь гүйцэтгэгчээр шалгарсан нь ашиг сонирхлын асар том зөрчил явагдсан гэсэн үг юм. 
ТАЙЛБАР: ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУУЧИН УДИРДЛАГУУД БУЮУ "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО" ЦОГЦОЛБОРЫГ БАРЬЖ БУЙ "ХАСУ МЕГАВАТТ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ж.ТҮМЭН-АЮУШ, ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР, "АНДЛАЛЫН ХӨШӨӨ" ЦОГЦОЛБОРЫГ БАРЬСАН Л.БАТСҮРЭН
     Ингээд зогсохгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд баригдаж буй “Монголын нууц товчоо” цогцолборын барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээний ажлын 2.7 тэрбум төгрөгийн тендер зарласан. Мөн Эрчим хүчний яамнаас өнгөрсөн зургадугаар сард “Монголын нууц товчоо” цогцолборын гадна цахилгаан хангамжид 10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, 10/04 кВ-ын хүчдэлтэй 250 КВа-н чадалтай дэд станц барих 450 сая төгрөгийн тендерийг зарласан байна. 
 
Сонирхуулахад, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орыг залгаж, одоо УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажиллаж буй. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл өнгөрсөн зургадугаар сард хуралдсан бөгөөд, дэд даргаараа Соёлын дэд сайд М.Батбаярыг, гүйцэтгэх захирлаараа МАН-ын Хэрэг эрхлэх газрын улс төрийн бодлогын газрын дарга М.Ганхүлэгийг томилсон билээ. 
 

ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ЛУЙВАР БУЮУ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “СЭЛЭМНИЙ ХӨШӨӨ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-10 09:29:29
    сэлэм: Хүрэлсүх ахдаа зориулж сэлэм жанжин гэдэг хөшөө байна сайхан хөшөө бн хурдхан дуусга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-10 09:17:48
    Зочин: Оюун эрдэн ерөнхий сайдаа та энэ мэтийн нэг новширсон ундуй сундуй олиггүй юмнаас хол бгаа чээ. Та Монгол улсын ерөнхий сайд шүү. Нэр хугарахаар яс хугараг гэдэг дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188