• Өнөөдөр 2024-05-16

Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

2022-08-14,   1868

      Одоогоос жилийн өмнө Соёлын яамыг Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын хоёр хүү “эзэгнэж” байлаа. Тухайлбал, том хүү Д.Бум-Очир нь тухайн үед Соёлын сайд Ч.Номингийн ахлах зөвлөх байсан бол бага хүү Д.Бум-Эрдэнэ нь “Эм Эм Си Жи” ХХК-иараа Соёлын яамны тендерт шалгарч байв. 
 
Тэгвэл одоо Соёлын яамыг Х.Дамдинсүрэн, Х.Жигжидсүрэн гэх ах дүү хоёр “эзэгнэчихжээ”. Тухайлбал, ах Х.Дамдинсүрэн нь Үндэсний их баяр наадмын Ерөнхий продюсероор ажиллаж, хажуугаар нь “Саунд ов монголиа” ХХК-иараа Соёлын яамтай хамтарч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, төлбөрийг нь төсвөөс авдаг. Харин дүү Х.Жигжидсүрэн нь Соёлын яамнаас хэдийнээ 7.1 тэрбум төгрөгийн тендер авчихсан байна. Тэгэхээр энэ ах дүүсийг Соёлын яамыг “эзэгнэсэн” гэх нь зөв биз. 

АХ Х.ДАМДИНСҮРЭН НЬ “ХЕРО” Б.БААТАР, СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРТАЙ “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД” ТББ-ЫГ ЭЗЭМШИЖ, "ХЕРО" Б.БААТАРТАЙ ХАМТ НААДАМ НАЙРУУЛДАГ

      Ах Х.Дамдинсүрэн нь соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, тайз, дэлгэц тэргүүтэй техник хэрэгсэл түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Саунд ов монголиа” ХХК-ийн захирал гэдгээрээ анх олонд танигдсан. Эргэн санах нэг жишээ нь, 2016 онд болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад зарцуулсан мөнгөний тайлан ил болох үед “Саунд ов монголиа” ХХК тухайн мөнгөнөөс 264 сая төгрөг авсан нь илэрч, хэл аманд өртөж байлаа. Ер нь л өнгөрсөн хугацаанд төрийн бүхий л уулзалт, урлаг соёлын арга хэмжээ, ёслол хүндэтгэлийн концертод “Саунд ов монголиа” ХХК болон Х.Дамдинсүрэн зохион байгуулагчаар оролцож, төлбөрөө төсвөөс авч ирсэн. Үүнийг нь үнэлж, Х.Дамдинсүрэнг 2018 онд Соёлын элчээр өргөмжилж, 2021 онд нь Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож, эхнэр М.Уянгыг нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилж өгсөн байдаг. 
 
Хамгийн гол нь, Х.Дамдинсүрэн Соёлын элч, Соёлын гавьяат зүтгэлтэн болсноосоо хойш Соёлын яамны “сайд” мэт л аашлах болжээ. Тухайлбал, хэдэн жишээ дурдъя. 
 
1. Х.Дамдинсүрэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, Соёлын дэд сайд М.Батбаяр нартай хамт “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ыг эзэмшдэг. Энэ төрийн тус байгууллага нь Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан хүүхдийн төлөө хандивын аяны 2.2 тэрбум төгрөгийг дансандаа байршуулсан асуудлаараа хэл аманд өртсөн. Улмаар тус хандивын мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өгсөн байдаг. 
3. Х.Дамдинсүрэн, “Херо” Б.Баатар нар тун ойрын хамтрагчид. Тухайлбал, 2020 оны Үндэсний их баяр наадмыг “Херо” Б.Баатар найруулж, Х.Дамдинсүрэн куратор найруулагчаар нь ажилласан.
4. Энэ жилийн буюу Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмаар Х.Дамдинсүрэн Ерөнхий продюсероор ажиллаж, "Херо" Б.Баатар "Тамгагүй төр" жүжгээ толилуулсан. 
5. Х.Дамдинсүрэн ийнхүү Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсероор ажиллахын сацуу “Саунд ов монголиа” ХХК-иа ч мартаагүй. Тухайлбал, өнгөрөгч зургадугаар сард Соёлын яамны дэргэдэх Соёл, урлагийн газраас “Саунд оф монголиа” ХХК-ийн данс руу “УБ арт фестиваль” арга хэмжээний гүйцэтгэл” гэх утгаар 30 сая төгрөг шилжүүлсэн баримт нь байна. 
6. Х.Дамдинсүрэн өнгөрөгч 2021 онд Соёлын яамны дэргэдэх Соёл урлагийг дэмжих сангийн шүүгчээр ажилласан.
 

ДҮҮ Х.ЖИГЖИДСҮРЭН НЬ СОЁЛЫН ЯАМНААС 7.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ 

     Дүү Х.Жигжидсүрэн нь Улсын их дэлгүүрт байрлах “Ай синема” кино театрын захирал гэдгээрээ олон танигдсан. Харин өдгөө “Синима оф саунд” ХХК-иараа Соёлын яамны тендерүүдэд оролцдог, тэрбум давсан өртөгтэйг нь "түүдэг" болжээ. 
 
Тухайлбал, Өнгөрөгч долдугаар сард:  
 
- Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах Орон нутаг судлах музейд Үзмэрийн шилэн хорго нийлүүлэх 1.8 тэрбум төгрөгийн тендерт, 
- Чингис хаан музейн шилэн хорго, витрин, тоног төхөөрөмж нийлүүлэх 5.0 тэрбум төгрөгийн тендер, 
- Өвөрхангай аймагт кино театр байгуулах 300 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна. 
      Түүнчлэн, өнгөрөгч зургадугаар сард Соёлын яамны дэмжлэг, санхүүжилтээр “Алтан өргөө” кино наадмыг зохион байгуулсан. Энэхүү наадмыг зохион байгуулагч нь “Монголын кино институт”. Тэгвэл “Монголын кино институт”-ийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн нь Х.Жигжидсүрэн байх ажээ. 
 
      Энэ мэтээр Х.Дамдинсүрэн, Х.Жигжидсүрэн гэх ах дүүс Соёлын яамыг “эзэгнэчихжээ”. Ах Х.Дамдинсүрэн нь Соёлын дэд сайд болон Ерөнхий сайдын төрсөн ахтай нэг төрийн бус байгууллага эзэмшиж, наадам найруулж, хувийн компаниараа төсвийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж суугаа бол дүү Х.Жигжидсүрэн нь Соёлын яамнаас 7.1 тэрбум төгрөгийн тендер “халаасалчихсан” байна. Эсвэл ах нь наадам найруулсныхаа хөлсийг дүүгээ тендерт шалгаруулах байдлаар авдаг хэрэг үү. Ийм илт ашиг сонирхлын зөрчил явагдаж байхад Соёлын сайд Ч.Номин, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ анзаарахгүй байгаа гэж үү. Эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ төрсөн ахынхаа найруулагч "найз"-ын толгойг илж, тэгээд болоогүй төрөлх Хэнтийдээ зарлагдсан тендерийг "өгч" суугаа юм болов уу. Үргэлжлэлийг дараагийн дугаарт хүргэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-25 23:46:55
    Ergelt: Damdinsuren ikh zalutai nuhur shu unen. Turiin mungu haumslaad zogsohgui ehneree hurtel Hurimiin ordnii darga bolgocon ch baih shig unen shog garuud yuma arai arai!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-20 18:53:49
    Зочин: Жинхэнэ ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс бна даа АТГ шалгаачээ шаарнуудыг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-20 17:07:18
    Иргэн: Тэгээд Sound of Mongolia ХХК -аас өөр тайз, гэрэл, хөгжим гаргачих компаниуд байдаггүй, хүн хүч дутдаг гэдгийг нь мэдээндээ ганц өгүүлбэрээр оруулчихгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-20 15:57:51
    Уран бүтээлч: Соёлын элч гэж дандаа хулхины гарууд, худал нэр зүүж ашиг хайсан, биеэ, юугаа ч худөлдахаас буцахгүй, гаддад хэргийн сайд цэнзүүр тавьдаггүй юм уу. Улс орноо сэтгэлээсээ төлөөлсөн хувь хүн баймаар байтал хувийн ашиг хайсан баахан худлаа жүжигчид. Түүнд нь итгээд дагаад шуурсан баахан гарууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-08 18:57:46
    Зочин: Дуламыхан Еронхийлогчыг эзэгнэсэн, Чоймаагийнх бас. Гутамшигтай!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188