• Өнөөдөр 2024-04-27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компаниуд он гарсаар 12 тендер авчээ

2022-06-28,   1921

        Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хувийн компаниудаа төсвийн тендерээр “тэжээдэг”-ээрээ хэзээнээсээ л алдартай байсан. Ямар сайндаа л түүнийг Гадаад харилцааны дэд сайд байх 2020 оныг хүртэлх хугацаанд хувийн компаниуд нь төсвийн 41 тендерт ялж, 3.2 тэрбум төгрөг авсан баримт ил болж, хэсэгтээ л хэл ам дагуулж, хэвлэлүүдийн эхний нүүрийг “чимж” байлаа. 
 
Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэл амнаас хаширдаггүй, хувийн компаниудаа тендерт шалгаруулахаас халширдаггүй нэгэн бололтой. Зөвхөн 2022 он гарсаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Азхур” ХХК-иуд нь төсвийн 12 тендер авчихсан байна. Төр нь “Төсөв тасарлаа, хэтэвч хоосорлоо” хэмээн халаглаж, том жийпнүүдээ хүртэл хот дотор унахгүй хэмнэх атал төрийн сайдууд нь тендер түүж, төсвийн хөрөнгийг хуу “сорох” нь ямар хоржоонтой юм бэ. 
 
1. “Мөнхийн үсэг” ХХК
 
Өнгөрсөн сард их дээд сургуулиуд төгсөлтийн баяраа хийх үеэр Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” ХХК нь төрийн өмчийн их сургуулиудыг ромбо, диплом хэвлэх тендерүүдийг “түүжээ”. 
 
Жишээ нь,
 
  • МУБИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ромбо, дипломын хавтас нийлүүлэх 60.0 сая төгрөгийн тендер
  • МУИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ромбо, диплом нийлүүлэх 124 сая төгрөгийн тендер зэргийг “Мөнхийн үсэг” ХХК авсан байна. 
 
2. “Аз хур” ХХК
 
      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрүүдийн газруудыг хэмнэлтийн горимд шилжүүлж буйгаа зарлаж, бичгийн цаас, принтерийн хорны хэрэглээгээ хүртэл багасгахыг “лоозондож” байсан цаг саяхан. Хоржоонтой нь, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Аз хур” ХХК-ийнх нь зөвхөн энэ онд шалгарсан төрийн байгууллагуудад бичгийн цаас нийлүүлэх тендерүүдийг нь түүхэд л төсөвт өртөг нь талийж байна. 
 
Жишээ нь, 
 
  • “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК- Бичгийн цаас нийлүүлэх 23.5 сая төгрөгийн тендер
  • Говь-алтай аймгийн нэгдсэн эмнэлэг- Бичиг хэргийн материал нийлүүлэх 27.8 сая төгрөгийн тендер
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв- Бичгийн цаас нийлүүлэх 28.0 сая төгрөгийн тендер
  • Зам тээврийн хөгжлийн төв- Бичиг хэргийн материал нийлүүлэх 23.0 сая төгрөгийн тендер
  • Монголын иргэний агаарын тээвэр- Бичгийн цаас, бичиг хэргийн материал нийлүүлэх 57.5 сая төгрөгийн тендер
  • Харилцаа холбооны зохицуулах хороо- Бичгийн цаас, дугтуй нийлүүлэх 13.2 сая төгрөгийн тендер
  • Цагдаагийн ерөнхий газар- Бичгийн цаас нийлүүлэх 49.6 сая төгрөгийн тендер
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв- Бичиг хэргийн материал нийлүүлэх 36.7 сая төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарсан байна. 
3. “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК
 
      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийн компаниуд Улсын бүртгэлийн ерөнхий газартай байсхийгээд нэр холбогддог гэмтэй. Тэгвэл “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь он гарсаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хоёр ч тендерт шалгараад амжжээ. 
 
Жишээ нь, 
 
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар- Улсын мэдээллийн маягт хэвлэх /Гэрчилгээ, үнэмлэх, лавлагаа, маягт/ 761 сая төгрөгийн тендер
- Гэрчилгээний хавтас- 118.2 сая
- Архивын баримтын хавтас- 219.4 сая төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна. 
       Сонирхуулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Ви Эс Эм” ХХК нь Монгол Улсад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компанийн нэг ажээ. Тус компанийг түүний хүү Г.Соджамц удирдаж байгааг өнгөрсөн сард бусдад шилжүүлжээ. 
 
 
Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Аз хур” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-иудыг нь түүний нөхөр буюу Улсын начин Д.Ганбат удирддаг. Д.Ганбатын хувьд төрд эхнэрээсээ ч дутахгүй нөлөөтэй нэгэн юм билээ. Төсвийн тендерүүдийг төвөггүй түүхэд нь аль алиных нь нөлөөлөл байдаг биз.  
Тодруулбал, Д.Ганбат нь УИХ-ын гишүүд, АН, МАН-ын хууччуултай хамт буддын шашны хэд хэдэн Төрийн бус байгууллагад гишүүнчлэлтэй, заримынх нь тэргүүнээр ажилладаг. 

Тухайлбал, Д.Ганбат нь “Жавзандамба хутагт төв” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тус төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Империал гоулд майнинг” ХХК-ийн хуучин эзэн Н.Батмагнай багтдаг. Сонирхуулахад, олны хэл аманд өртсөн “Богд зонхова” цогцолборыг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих “хуйвалдаан”-ы цаана “Жавзандамба хутагт төв” ТББ байсан гэж хэвлэлүүдээр бичигдэж байсан билээ. 

Мөн Д.Ганбат “Монголын бурханы шашинтны нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлд багтдаг. Тус ТББ-ын Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа нар байдаг. 
 
Түүнчлэн Д.Ганбат “Монголын гал голомт цогцолбор төв цэг” ТББ-ын Удирдах зөвлөлд багтдаг. Тус ТББ-ын Удирдах зөвлөлд Хотын дарга Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба Д.Чойжамц нар багтдаг ажээ. 
         
       Төрийн сайдын сэтэр зүүж, хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж буй атлаа хувийн компаниудаараа тендер түүгээд байх нь хэр зохимжтой вэ. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэйгээ хатуу тэмцэнэ гэж лоозогнодог Ардын намынхан хариуцлага тооцох нь бүү хэл харин ч өөгшүүлсээр байгаа нь хэр шударга вэ. Хэрвээ хувийн бизнесээ цэцэглүүлж, хэвлэлийн үйлдвэрээ өргөжүүлмээр байгаа бол сайдын сэтрээсээ татгалзах нь зөв юм биш үү, Б.Батцэцэг сайд аа.  
 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компаниуд он гарсаар 12 тендер авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-29 11:15:11
    pkxny: сайн дураараа ажлаа өгөөд бизнесее хөөгөөсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 11:40:10
    Zochin: Ingekh gej l uls turd orj irdeg baikhdaa. Yun maniusiigaa bodokh.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188