• Өнөөдөр 2024-04-20

БАРИМТ: Н.ТАВИНБЭХ САЙД БА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТЕНДЕРҮҮДИЙГ “ТҮҮДЭГ” "БАГАНУУР ЭНЕРГИ" ХХК-ИЙН ХАМААРАЛ

2022-06-16,   1943

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимаас сайнаар ч, саараар ч хэл аманд харьцангуй бага өртдөг сайд нь Н.Тавинбэх. Өнгөрсөн өвөр шахмал түлшний тасалдлаас болж, хэсэг баалуулсныг эс тооцвол ингэж дүгнэж болно. Тэр байтугай “салбарын хүн” гэх сайшаал, “даруу нь дэндчихсэн” гэх дэгсдүүлэл ч дагалддагийг дурдах нь зөв байх. Товчхондоо, төдийлөн танигдахгүйгээр, түмний анхаарлаас гадуур төрийн сайдыг албан хоёр жил хашиж яваа нэгэн. 
 
Гэтэл өнөө даруу нь дэндсэн сайд Н.Тавинбэх ашиг сонирхлын асар их зөрчилтэй байж мэдэх нэгэн ажээ. Тодруулбал, түүнтэй эрчим хүчний шугам сүлжээ татах, дэд станц барих ажил гүйцэтгэдэг “Багануур энерги” ХХК тун ойроор холбогддог, тэгээд болоогүй энэ компани нь тэрбум давсан санхүүжилттэй хэд хэдэн тендер “хамсан” түүхтэй юм байна. Чухамдаа Эрчим хүчний сайд нь өөрөө эрчим хүчний чиглэлийн компанитай, тэрийгээ нуун дарагдуулсан байвал нь ашиг сонирхлын асар том зөрчил болж хувирна. 
 
Н.Тавинбэх эрчим хүчний салбарт 32 ажилласан тууштай, тун өөгүй намтартай нэгэн. Тухайлбал, тэр “Багануурын цахилгаан шугам сүлжээний газар”-т есөн жил, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 17 жил, Багануур хотын Захирагчаар хоёр жил, Эрчим хүчний сайдаар хоёрдох жилдээ ажиллаж байгаа. Харин түүний намтарт сондгой ганц өгүүлбэр байдаг нь “2013-2015 онд “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажилласан” гэх өгүүлбэр. Гэхдээ Н.Тавинбэх өнгөрсөн долоон жил “Багануур энерги” ХХК-ийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, Эрчим хүчний сайд болохдоо ч “Хувьдаа ямар ч компанигүй” гэж мэдүүлсэн учраас “Багануур энерги” ХХК Н.Тавинбэхийн намтраас мартагджээ. Нөгөөтээгүүр, Улсын бүртгэл мэдээллийн санд “Багануур энерги” ХХК нь Пүрэвжавын Нямжав, Дашнямын Батбаяр, БНХАУ-ын иргэн БасаХу нарын нэр дээр бүртгэлтэй байдаг учраас Н.Тавинбэхэд огт хамааралгүй мэт харагддаг ажээ. 
 
Тэгвэл эрчим хүчний шугам сүлжээ, дэд станцын тендерүүдийг авдаг “Багануур энерги” ХХК Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй хэрхэн холбогдож байгааг баримтаар танилцуулъя. 
 
      “Багануур энерги” ХХК нь "Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах шугам сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх ажил” нэртэй цахилгааны дэд станц барих 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай байгуулж байжээ. Тус гэрээнд гүйцэтгэгч буюу “Багануур энерги” ХХК-ийг төлөөлж Ерөнхий инженер С.Мөнхжаргал, Ерөнхий нягтлан бодогч Н.Намуунбэх нар гарын үсэг зуржээ. Мөн “Багануур энерги” ХХК-ийн хаягийг “Багануур дүүрэг, 1-р хороо, Багануур дэд станцын байр” гэж бичсэн бол утасны дугаараа 99022755 гэж бичжээ. 
 

Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн эхнэрийг С.Мөнхжаргал гэдэг бөгөөд ОХУ-д эрчим хүчний мэргэжил эзэмшсэн, эрчим хүчний салбарын цөөхөн эмэгтэй инженерүүдийн нэг аж. Энэ тухай Н.Тавинбэх 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Шинэ тооллын 100” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа цухас дурдаж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Тавинбэхийн эхнэр С.Мөнхжаргал нь “Багануур энерги” ХХК-ийн Ерөнхий инженер С.Мөнхжаргалтай таарч байгаа юм. Харин 99022755 гэх дугаар нь Н.Тавинбэхийг "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед ашиглагдаж байсан дугаар ажээ. 

      Цаашилбал, дээрх гэрээнд “Багануур энерги” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч гэж гарын үсэг зурсан Н.Намуунбэх нь Н.Тавинбэхийн дүү болж таарч байна. Бас нэгэн баримтад буюу “Багануур энерги” ХХК Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн хонхор-2 нүүрсний ил уурхайн ажилчдын кемпийн цахилгаан хангамжийн 6кВ-ын цахилгаан дамжуулах шугам, 250 кВА чадалтай трансформатор бүхий 6/0.4кВ-ын АТП дэд өртөө ашиглалтад оруулах ажил гүйцэтгэх үеэр Н.Намуунбэх нь өөрийгөө “Багануур энерги” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж бүртгүүлж байжээ. 
 
Ингээд харвал, “Багануур энерги” ХХК-ийг Н.Тавинбэх Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй, огт хамааралгүй мэт харагддаг боловч эхнэр болон дүү нь удирдаж иржээ. 
 
Түүнчлэн, Н.Тавинбэхийн “тас” нуусан “Багануур энерги” ХХК нь цахилгаан шугам сүлжээ татах, дэд станц барих тэргүүтэй тендерүүдэд тэргүүн шугамд оролцдог, басхүү шалгардаг түүхтэй компани ажээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шалгарсан тендер, гүйцэтгэсэн ажлаас нь онцолбол: 
 
- 2021 онд Багануур дүүргийн I хороонд байрлах хүүхдийн Тэмүүлэл зуслангийн цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэх 513 сая төгрөгөөр тендер
 
- Төв аймгийн Мөнгөнморьт суманд Эрчим хүчний дэд станц барих 74 сая төгрөгийн тендер
 
- Нийслэлийн Баянгол дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах техникийн боломжийг бүрдүүлэх 6.7 тэрбум төгрөгийн тендер
 
\Багц 3.2- Хувьсгалч фидерийн ачаалал хуваах, шинээр дэд станц барих, чадлыг томсгон солих 1.2 тэрбум төгрөгийн ажил\
 
- Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Шинэ суурьшлын бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хашаа бүрийг шитжүүлэх 50 сая төгрөгийн тендер
 
- Чингэлтэй дүүргийн XVIII хороо буюу VII буудлаас хойших Яргайтын 6-9, 23-43 дугаар гудамжинд гэрэлтүүлэх тавих 167 сая төгрөгийн тендер
 
- Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Бүрдэнэбулаг бөөрний сувилал хүртэл 10/0.4кВ-ын 24.3 км цахилгааны шугам татах 1.0 тэрбум төгрөгийн тендер зэргийг авчээ. 
 
     Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Засгийн газрын 26.6 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн Логистикийн төвийн төсөлд эрчим хүчний шугам татах, дэд станц барих гүйцэтгэгчээр оролцсон байна. 
 
 

БАРИМТ: Н.ТАВИНБЭХ САЙД БА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТЕНДЕРҮҮДИЙГ “ТҮҮДЭГ” "БАГАНУУР ЭНЕРГИ" ХХК-ИЙН ХАМААРАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-17 08:38:31
    Иргэн: Дороговьд Хангийн боомтод Гитадаас тог кемп рүү татсан. ямарч зөвшөөрөлгүй, технкийн нөхцөлгүй ажил хийсэн Тахилт хайрхан транс гээд Гитад компанитай холбоотой нөхөр дө.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-16 23:35:06
    Зочин: Шалгарсан ажлуудыг нь БНЗӨБЦТС ТӨХК ийн ажилчид машин тэрэг нь үнэгүй бүх ажлыг нь хийдэг шүү тэр хүмүүс нь албаны томилолт авна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-16 16:20:15
    Мөнгө хахууль: МАН н Генсектэй түрийвч нэг гэдэг юм билээ энэ том хамгаалалттай хүн АТГ ийм баримтыг шалгахгүй байгаа нь хачирхалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-16 11:49:11
    Tavinlan: Tavinlan companii zahiral Tsognoijamtstai zuu oroh zaigui ah duus!baganuuriin uurhain buh tenderiig olon jil zalgij bga tavinlan compani Tavinbehtei mash oiriin holbootoi!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188