• Өнөөдөр 2024-04-17

ХОТЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ МӨНГӨ УГААСАН УУ-I

2022-06-12,   1432

       1.5 хүн амтай Нийслэл хотын Нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэнг бид хэр сайн мэдэх вэ. УИХ-ын гишүүний зөвлөх, туслахаас дүүргийн Засаг даргын зөөлөн сэнтий рүү шууд дэвшсэн Ж.Сандагсүрэн СХД-ээс илт хөлжсөн үү. Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн СХД-тай холбоотой болон хамаарал бүхий этгээдүүдтэй нь холбоотой ноцтой баримтуудыг цувралаар дэлгэх гэж байна. Эхний дугаартаа бид Ж.Сандагсүрэн гэж чухам хэн болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 
      Ж.Сандагсүрэнгийн хувьд хувь тохиолоор гэх үү, том татаасаар гэх үү тун дардан замаар явж ирсэн нэгэн. Намтрынх нь эхний дөрвөн жил дүүргийн ИТХ-ын ажлын албанд өнгөрсөн. Математикч мэргэжлээр сургуулиа төгсчихөөд, багшийн ажилд орох гэж байхад нь сонин хувь тохиолоор СХД-ийн ИТХ-аас дуудсан гэх юм билээ. 
 
      Намтрынх нь удаах найман жил нь “Очир ундраа” группийн Маркетингийн газрын захирал, Захирлуудын зөвлөлийн гишүүн хийж өнгөрсөн. Одоо ч “Очир ундраа” групптэй ойр холбоотой хэвээрээ. Ойр байхад нь, “Очир ундраа” группийн анхдагчдын нь нэг, тус группийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Алтангэрэлийн нөлөө байдаг биз. Ямартай ч Ж.Сандагсүрэнгийн “дарга” Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайд байх үе, “Очир ундраа” групп уул уурхайн салбарт мандаж явсан үе хоёр давхацдаг. Дараагийн дугаартаа энэ тухай дэлгэрүүлж хүргэнэ. Цухас дурдаад өнгөрөхөд, өдгөө Ж.Сандагсүрэнгийн ах дүү, хамаатан садных нь эрчүүд “Очир ундраа” группт болон уул уурхайн охин компаниудад нь ажиллацгаадаг. Жишээ нь, Ж.Сандансүрэнгийн төрсөн ах нь тэнд том оврын техник барьж, үеэл нь ерөнхий эмчийг нь хийдэг юм билээ. 
 
       Намтрынх нь дараагийн гурван жил нь Д.Сумъяабазарын туслах, зөвлөх хийж өнгөрсөн. Тэгмэгцээ Д.Сумъяабазарын туслахаасаа суга дэвшиж, СХД-ийн Засаг дарга болсон. Хотын хамгийн олон хүн амтай, тэр хэрээрээ хөгжил буурай, архидалт, ажилгүйдэл хавтгайрсан дүүргийг дөрвөн жил хэл амтай удирдсан. Онцлох, олонд танигдсан ажил нь урьд урьдын Засаг дарга нараас олон сургууль, цэцэрлэг барьсан. 2019 онд л гэхэд улсын төсвийн 150 гаруй тэрбум төгрөгөөр 16 сургууль, найман цэцэрлэгийн өргөтгөл, шинээр дөрвөн сургууль, 14 цэцэрлэг барихаар зарлаж байв. Гэхдээ ноцтой нэг асуудал нь, Ж.Сандагсүрэнг СХД-ийн Засаг дарга байх үед тэрбум давсан санхүүжилттэй сургууль, цэцэрлэгийн барилгын хэд хэдэн тендерт нь төрийнхөн өөрсдөө шалгарчихсан асуудал бий. Жишээ нь, СХД-ийн XXIII хорооны 143 дугаар сургуулийн барилгыг тухайн үеийн НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайханы “Хүрэл ордон” ХХК улсын төсвийн 5.9 тэрбум төгрөгөөр барьсан. Мөн тус дүүргийн XXIX хорооны 153 дугаар сургууль, 287 дугаар цэцэрлэгийн барилгыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадорж болон СЕХ-ны дарга асан П.Дэлгэрнарангийн хүүхэд буюу Сангийн яамны мэргэжилтэн Д.Болор нарын хамтран эзэмшдэг “Сүмт-Өргөө” ХХК 15 тэрбум төгрөгөөр барьсан байдаг. Энэ мэтээр Ж.Сандагсүрэнгийн үед СХД-т хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд, тендерүүдийн асуудал олон. 
 
       Харин сүүлийн хоёр жил тэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байна. Нэгдүгээр орлогч учраас нийслэлтэй холбоотой ажил, асуудал бүхэнд, цаашлаад Д.Сумъяабазарын амжаагүй уулзалт бүхэнд оролцож яваа. Хэмнэлтийн хуультай холбоотойгоор хагас сарын өмнө Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлсөн гэх боловч Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нарыг өнөө ч НИТХ-ын хуралдаан дээр орлогчоор нь танилцуулж байна билээ. Тэгэхээр тэд чөлөөлөгдөөгүй, эсвэл чөлөөлөгдсөн ч эргэн томилогдсон гэсэн үг. 
 
Сонирхуулахад, хэн нэгэн улс төрд орж, томрохын хэрээр хамаатан саднууд нь дагаж томордог, албан тушаалд томилогддог бичигдээгүй хууль манайд бий. Ж.Сандагсүрэнгийн бэр эгч Ч.Батчимэг л гэхэд халдварт тахлын үеэр Нийслэлийн Соёл, Урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга болсон юм билээ. 
 
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн намтар товчхондоо ийм. Хувийн компанийн Маркетингийн захирлаас УИХ-ын гишүүний туслах, туслахаас дүүргийн Засаг дарга, Засаг даргаас Хотын орлогч болж дэвших нь хэн хүнд олдох хувь тохиол биш байх. Харин Ж.Сандагсүрэнд тохиожээ. 
 
      Танилцуулгын төгсгөл дурдахад, түүний хувийн карьер нь ингэж хурдацтай ахисан ч хөрөнгө орлого нь харин ахиагүй өдий хүрсэн. Өөрийнх нь тайлагнасан ХОМ-ээс харвал, СХД-ийн Засаг дарга болохдоо Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 70 сая төгрөгийн зээлтэй, гурван орон сууцтай, “Бунгүс бургер” ХХК, “Өсөлт консалтинг” ХХК гэх хоёр компанитай байсан. Одоо Д.Сумъяабазарын банкны өрөө дарсан, гурван орон сууцаа нэг болгож, нэг зуслангийн байшин, нэг хашаа байшин нэмж авснаас өөр өөрчлөлт гараагүй байна. Бизнесийн тухайд “Өсөлт консалтинг” ХХК нь түүхгүй шахуу, харин “Бунгүс бургер” ХХК нь анхаарал татна. Тухайлбал, Ж.Сандагсүрэн телевизийн ярилцлагад орохдоо эхнэрийгээ “Франчайзинг эрхтэй хоолны “жижигхэн” бизнес хийдэг” гэж цухас танилцуулсан байдаг. Тэгвэл Төрийн ордны хажууханд БНСУ-ын будааны Бүнгүс Бургерийн франчайзинг эрхтэй “Bongousse Le premier cafe” гэх ресторан ажилладаг ажээ. 
 
Бид энэ удаагийн дугаартаа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн танилцуулгыг хүргэлээ. Дараагийн дугаартаа Ж.Сандагсүрэн СХД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн хэчнээн тендерт “хошуу дүрсэн” болон хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдийнх нь томилгоо, бизнесийн тухай ноцтой баримтуудыг дэлгэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ХОТЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ МӨНГӨ УГААСАН УУ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 11:32:40
    яг: очир ундраа гэж том ломбард байнда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 16:08:09
    tanai site: TANAI SITE HUDLAA SHAAJ UGHIIMAA HAHA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 12:42:35
    zochin: муу боожгой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188