• Өнөөдөр 2024-05-04

НМХГ-ЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ МАХНЫ БИЗНЕСТЭЙ БАЙХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БИШ ҮҮ

2022-06-03,   905

      Эмээлтийн Хятад махны үйлдвэрүүд өмхийрч, муудсан маханд химийн бодис хольж, амт, үнэрийг нь арилгаад зах зээлд нийлүүлсэн байж болзошгүй гэх асуудал нийгмийг түгшээж, ард иргэдийг айдаст автуулж байна. Ялангуяа хортой, хоргүй гэх махны асуудалд хяналт шалгалтаа чангатгахгүй, хариуцлагагүй хандаж, Хятадуудыг өөгшүүлсэн гэж мэргэжлийн хяналтынхныг иргэд буруутгаж буй.  Ингэхээс ч аргагүй. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу махаар дамжуулан үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлсэн байж болзошгүй асуудал яригдаж байхад МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын газрын дарга Т.Балжинням Эмээлтэд очиж, Хятад үйлдвэрийн хашаанд мах чанангаа “Амт, үнэрт нь асуудал алга” гэж зогссон нь иргэдийг улам бухимдуулсан. Улмаар МХЕГ, НМХГ-ын лабораториудаас мэргэжлийн дүгнэлт шаардаж эхэлсэн ч хариу нь хувийн лабораториудаас зөрж гарсан гэх асуудал мөн дэгдээд буй. 
 
Тэгвэл нийслэлчүүдийн идэж буй махыг хортой, хоргүй эсэхийг шинжилдэг төрийн лабораториудын удирдлагуудын судалж үзлээ. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн эрхлэгч нь өөрөө махны бизнестэй ажээ. 
 
Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн эрхлэгчээр Д.Эрдэнэтуяа гэх эмэгтэй ажилладаг. Түүний нөхрийг Д.Отгонбаатар гэдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоор ажилладаг.  Д.Отгонбаатар нь төрд ажиллахаас гадна “Эбо холдинг” ХХК, “Эбо капитал” ХХК, “Эбо транс” ХХК, “ЭБО групп” ХХК, “Транзит газ” ХХК, “ЭБО лаки” ХХК, “ЭБО трейдинг” ХХК, “ЭБОЭБЖ” ХХК, “ЭБО инвест” ХХК-иудын захирлаар ажилладаг. Дээрх компаниудыг НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байдаг ажээ. 
ТАЙЛБАР: "ЭБО ХОЛДИНГ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ, ЧД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Д.ОТГОНБААТАР, НМХГ-ЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Д.ЭРДЭНЭТУЯА НАР

Гэтэл Төв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа болон түүний нөхөр ЧД-ийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар нарын эзэмшдэг “ЭБО холдинг” ХХК нь гахай, тахианы мах зах зээлд нийлүүлдэг ажээ. Мөн гахай, тахианы махаа импортоор оруулж ирдэг гэх бөгөөд Польш улсаас гахайн хөлдөөсөн өөх, мах, Оросоос тахианы мах оруулж ирдэг аж.

     Монголд гахайн мах импортолдог 10 аж ахуйн нэгж байдгаас гол тоглогчдын нэг нь “ЭБО холдинг” ХХК гэнэ. Тэд цар тахал дэгдэж, хил хаагдахаас өмнө буюу 2018-2019 онд л гэхэд 3000 тонн гахайн мах, 3388 тонн гахайн өөх буюу үнийн дүнгээр нь тооцвол 6.8 сая ам.долларын гахайн мах, 3.4 сая ам.долларын гахайн өөх оруулж ирсэн гэх ГЕГ-ын дүн мэдээ байна. “ЭБО холдинг” ХХК-ийн хувьд гахай, тахианы махаа ихэвчлэн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр зарж борлуулдаг ажээ. Гахай, тахианы мах ашигтай бизнес гэдэг нь НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэтуяа ХОМ-ээс тодорхой харагдана. Тухайлбал, тэрбээр 2.4 тэрбум төгрөгийн нэг амины хаус, нэг орон сууц, үйлчилгээний гурван барилгатай, 200 сая төгрөгийн дөрвөн газартай, 183 сая төгрөгийн авлагатай, 140 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгөө мэдүүлжээ. 
ТАЙЛБАР: "ЭБО ХОЛДИНГ" ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГЫН ХЭСГЭЭС
Хамгийн ноцтой нь, НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч нь өөрөө махны бизнестэй байх нь ашиг сонирхлын зөрчил биш үү. Монголчуудын өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, НМХГ-ын харьяа Төв лаборатори гэх хэдхэн лабораторид л шинжилж, энэ лабораториудын дүгнэлтийг үндэслэн нийтэд зарж болох эсэх, экспортод гарч болох эсэхийг шийдвэрлэж буй. Гэтэл гахай, тахианы махны нөлөө бүхий компанийн эзэн нь өөрөө Төв лабораторийн эрхлэгчээр сууж байх нь ашиг сонирхлын зөрчил биш үү. 
 
 
 
 

НМХГ-ЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ МАХНЫ БИЗНЕСТЭЙ БАЙХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БИШ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-19 22:27:15
    Шүүмж: Ашиг сонирхлын зөрчилтэй энэ хүн хувийн эрх ашгийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй нь ойлгомжтой байтал яагаад энэ ажилд нь байлгаад байгаан бэ. Хувийн олон лабораторуудын шинжилгээний хариу зөв гарсан шүү дээ. Учир нь тэдэнд буруу хариу гаргах ашгийн шалтгаан байхгүй. Энэ хүн чинь нийгэмд дайсан болчихоод байхад албан тушаалаас нь зайлуулах ёстой. Дахин сануулья даруйхан зайлуул
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-03 08:18:27
    ии: захиалгат мэдээ бна доо...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188