• Өнөөдөр 2024-04-30

“КАПИТАЛ” БАНКНЫ ДАМПУУРЛЫН АРД УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.БАТЗАНДАН, ТҮҮНИЙ ТУСЛАХ Г.АЮУЛГҮЙ НАР БАЙСАН УУ

2022-10-07,   2128

         УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өчигдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулжээ. Түүнийг өөрийн туслахаараа дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж, эргэн төлөөгүй гэх хэрэгт буруутган цагдан хорьсон байна.

Эргэлт.мн мэдээллийн сайт Капитал банкны хэрэгт түүнийг холбоотой болохыг баримттай нийтэлсэн билээ. Тодруулбал, “КАПИТАЛ” БАНКНЫ ДАМПУУРЛЫН АРД УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.БАТЗАНДАН, ТҮҮНИЙ ТУСЛАХ Г.АЮУЛГҮЙ НАР БАЙСАН УУ" хэмээх нийтлэлийг эргэн сануулж байна.   

 
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан алс Австрали дахь элчин зөвлөхийн ажлаа өгч, эх орондоо ирэв. Ирмэгцээ “Шинэ хувьсгал” нэртэй ном хэвлүүлж, түүнийгээ төрийн түшээдэд тарааж, тун завгүй явах боллоо. Уг номдоо улс төрийн 18 хувьсгалын талаар бичсэн бөгөөд гол агуулга нь шинэ Үндсэн хууль баталж, хоёр парламенттай болох тухай сурталдсан гэх. “Шударга тав” хэмээн өөрсдийгөө цоллож, шуурга, шамаргыг үл ажран төв талбайд жагсаж явсныхаа “шагнал”-д хоёр жил гаруй Австралид “амарч” байгаад ирсэн Ж.Батзандан ийнхүү улс төрд “шинээр” эхэлж буй аж. 
 
Тэгвэл хөгжил, хувьсгал ярьж яваа УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн хамаарал бүхий этгээд буюу түүний туслах, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй Хөгжлийн банкнаас Капитал банкнаар дамжуулан 12 тэрбум төгрөгийн зээл аваад, найдваргүй зээлдэгчдийнх нь нэг болж, улмаар дампууралд нь гол нөлөө үзүүлсэн байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. 
 

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.БАТЗАНДАНГИЙН ТУСЛАХ, ШИНЭ НАМЫН ДЭД ДАРГА Г.АЮУЛГҮЙ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЗЭЭЛДЭГЧ БУЮУ КАПИТАЛ БАНКНААС ХОЁР КОМПАНИАР 12.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВААД ДАМПУУРТАЛ НЬ ТӨЛӨӨГҮЙ-

      Эхнээс нь, энгийнээр тайлбарлъя. Дампуурч, татан буугдсан Капитал банк Хөгжлийн банканд 57 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Эргэн төлөөгүй энэ өрийн асуудлаар Капитал банкны захирал асан А.Ариунболд өнгөрөгч хоёрдугаар сард цагдан хоригдож, өнгөрөгч дөрөвдүгээр сард суллагдсан. Үүний цаана юу болсныг тайлбарлавал, Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийг өөрсдөө олгож, 20 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох журмаар ажиллаж байсан. Ингэхдээ арилжааны банкуудад Хөгжлийн банк зээл олгож, харин арилжааны банкууд Хөгжлийн банкнаас авсан мөнгөө цааш нь компаниудад зээл хэлбэрээр олгох журмаар явж ирсэн. Капитал банкны хувьд ч ялгаагүй 2013-2016 онд Хөгжлийн банкнаас зээл авч, тухайн зээлээ компаниудад дамжуулан зээл олгож, дундаас нь хүү авч, ашиг хүртэх байдлаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл, Капитал банканд төсөл бичиж, бондын санхүүжилт бүхий зээл авсан компаниуд бол Хөгжлийн банкны дэд зээлдэгчид гэсэн үг. Харамсалтай нь, Капитал банк Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ төрийн томчууд, тэдний хамаарал бүхий компанидад их хэмжээний зээл өгч, улмаар эргүүлэн авч чадахаа больж, эцэстээ дампуурлаа зарласан. Тухайлбал, Капитал банкны дампуурах үед 199 зээлдэгчээсээ 99.1 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн авч чадаагүй байгаа судалгаа гарч байв. 
 
Тэгвэл Капитал банкны захирал асан А.Ариунболд хамгийн том дамжуулан зээлдэгчид буюу “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудын өр төлбөрийн асуудлаар АТГ-т гомдол гаргаж байжээ. Тодруулбал, А.Ариунболд АТГ-т хаягласан гомдолдоо “Иргэн Г.Аюулгүй нь “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иараа Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийн зээл авсан ба авсан зээлээ төлөлгүй, компаниудаа дампууруулах шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэ хууль бус үйлдлийн улмаас Капитал банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигчид их хэмжээний хохирол учирч байгаа тул шалгаж өгнө үү” гэж онцолж байжээ. 
ТАЙЛБАР: КАПИТАЛ БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧДИЙН ЖАГСААЛ- Г.АЮУЛГҮЙН "АЗИЙН БАМБАР" ХХК, "ЭЛИТ ЦАМХАГ" ХХК
ТАЙЛБАР: "ЭЛИТ ЦАМХАГ" ХХК-ИЙГ Г.АЮУЛГҮЙ ЭЗЭМШДЭГ БҮРТГЭЛ

Тэгвэл Хөгжлийн банкнаас 888 төсөл болон ЖДҮХС-ийн санхүүжилт бүхий зээлийг Капитал банкаар дамжуулан аваад эргэн төлөөгүй буюу дампуурахад нь нөлөө үзүүлсэн “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иудыг эзэмшигч Г.Аюулгүй гэгч нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах, ШИНЭ намын дэд дарга, басхүү түүний бизнесийн хамтрагч ажээ. Тодруулбал, Ж.Батзандан 2004 онд “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” гэгчийг байгуулж, төв талбайд жагсаж явсан. Тухайн үед Ж.Батзандангийн арын албанд Г.Аюулгүй хүчин зүтгэж явсан бөгөөд тэдний нөхөрлөл энэ үеэс эхлэлтэй аж. Улмаар 2012 онд Ж.Батзандан УИХ-ын гишүүн болоход Г.Аюулгүй түүний туслах, зөвлөхөөр нь ажиллаж эхэлжээ.  

Ингээд зогсохгүй, Ж.Батзандан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг байгуулж, 2019 оны зургадугаар сарын 6-нд Төрийн ордонд анхдугаар их хурлаа хийсэн. Тухайн үед Ж.Батзандан өөрийн туслах, Г.Аюулгүйг намын байгуулалт хариуцсан дэд даргаар томилжээ. 
ТАЙЛБАР: ЗҮҮН ГАР ТАЛААС ШИНЭ НАМЫН ДЭД ДАРГА Г.АЮУЛГҮЙ, УИХ-ЫН ГИШҮҮН  АСАН Ж.БАТЗАНДАН
Түүнчлэн, Ж.Батзандан, Г.Аюулгүй нар “Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассациаци” ТББ-ыг 2011 оны есдүгээр сард хамтран байгуулж, хамтдаа удирдаж иржээ. Энэ төрийн бус байгууллага нь “Улаанбаатар хот, Баянзүрх, 18-р хороо, 180 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл Г.Аюулгүйн “Монгол гэр юниверсал” ХХК, “Монкоул” ХХК, “Эй Би Пи Глобал” ХХК-иуд энэ хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг ажээ. Сонирхуулахад, Галсанжамцын Аюулгүй 20 гаруй компанитай ажээ. 
ТАЙЛБАР: БАРУУН ГАР ТАЛААС ХОЁР ДАХЬ НЬ Г.АЮУЛГҮЙ

-Г.АЮУЛГҮЙ Ж.БАТЗАНДАНГ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСНООС ДОЛООН САРЫН ДАРАА КАПИТАЛ БАНКНААС 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧ, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХӨӨС НЬ ЗУРГААН САРЫН ӨМНӨ КОМПАНИУДАА ДАМПУУРУУЛЖЭЭ-

      Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн Капитал банкнаас зээл авсан болон компаниуд нь төлбөрийн чадамжгүй болж дампуурсан он дарааллыг харвал нэг сонирхолтой логик гарч ирж байна. Тухайлбал, Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн “Азийн бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-иуд нь Ж.Батзанданг  УИХ-ын гишүүн болсноос долоон сарын дараа Капитал банкнаас 12 тэрбум төгрөгийн зээл аваад, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөөс нь долоон сарын өмнө зээл авсан компаниудаа дампууруулжээ. 
 
Тодруулбал, “Азийн бамбар” ХХК нь 2013 оны нэгдүгээр сарын 31-нд “Эсгий, эсгий эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх, Монгол гэр төсөл"-өөр 4.5 тэрбум төгрөг авчээ. Энэхүү зээлийн санхүүжилт нь Капитал банкаар дамжсан болохоос биш Хөгжлийн банкны бондын санхүүжилттэй буюу 888 төслийн шугамаар олгогдсон дамжуулан зээл байжээ. Гэвч Г.Аюулгүй зээлээ төлөхгүй явсаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ний өдрийн 102/ШШ2019/03227 дугаартай шийдвэрээр “Азийн бамбар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар татан буулгажээ. “Капитал” банкны эрх хүлээн авагчийн зүгээс “Азийн бамбар” ХХК-иас 8.7 тэрбум төгрөг нэхэмжилсэн бөгөөд татан буугдсан учраас барьцаа хөрөнгүүдээр өрийг нь төлүүлэх шийдвэр гарчээ. Онцлоход, Капитал банкны зээлээ үл хөдлөх хөрөнгүүдээрээ төлж барагдуулах чадамжтай компанийг "Төлбөрийн чадваргүй" хэмээн татан буулгасан нь зээлээ төлөхөөс зайлсхийсэн арга гэж Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т хаягласан гомдолдоо тусгаж байжээ.  
 
Харин “Элит цамхаг” ХХК нь 2013 оны долдугаар сарын 22-ний өдөр “Блокны үйлдвэр байгуулах төсөл”-өөр 7.0 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч зургаан жилийн хугацаанд авсан зээлийн тал хүрэхгүйг нь төлж, үлдсэнийг нь буюу 3.8 тэрбум төгрөгийг нь төлөөгүй тул “Капитал” банкны эрх хүлээн авагчийн зүгээс 7.7 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд ханджээ.  

Г.АЮУЛГҮЙ КАПИТАЛ БАНКНААС ЗЭЭЛ АВАХДАА БАРЬЦААЛСАН 3500 М2 ГАЗРАА ТӨРИЙН БАНКАНД ДАВХАР БАРЬЦААЛЖ, УЛМААР БАРИЛГА БАРЬЖЭЭ

      Г.Аюулгүй нь “Элит цамхаг” ХХК-иараа “Блокны үйлдвэр барих төсөл”-өөр 7.0 тэрбум төгрөгийн зээл авахдаа Хан-Уул дүүргийн III хороонд байрлалтай 3500 м2 газрыг барьцаалжээ. Улмаар Г.Аюулгүй 2016 онд иргэн Б.Бүдтэй хамтран “Капитал” банканд барьцаанд тавьсан 3500 м2 газар дээрээ 16 давхар, гурван блок барилга барьж, олсон ашгаа 50, 50 хувь хуваахаар тохиролцсон байна. Ингэхдээ барилга барих санхүүжилтээ олохын төлд Төрийн банкнаас зээл авсан бөгөөд ингэхдээ “Капитал” банканд барьцаанд байсан 3500 м2 газраа Төрийн банканд давхар барьцаалсан аж. Ингээд “Капитал” банк болон Төрийн банканд давхар барьцаалсан 3500 м2 газар дээрээ 16 давхар, гурван блок, 22.600 м2 талбайтай орон сууц барьжээ. Уг нь Г.Аюулгүй уг орон сууцыг барьж эхлэх үедээ “Орон сууц ашиглалтад орсны дараа эхний ашгаараа “Капитал” банкны өрөө төлнө” гэх агуулгатай гэрээ байгуулсан байдаг ч төлөөгүй ажээ. 
 
      Ингээд харвал, Хөгжлийн банкыг тоносон төрийн түшээдийн жагсаалтад УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах, ШИНЭ намын дэд дарга Г.Аюулгүй нар "Азийн бамбар" ХХК, "Элит цамхаг" ХХК-иараа бичигдэх нь ээ. Хөгжлийн банкны бусад найдваргүй зээлдэгчдээс ялгаатай нь тэд Хөгжлийн банкны эх үүсвэрээр зээл авсан мөртөө зээлээ эргэн төлөөгүй, түүгээр зогсохгүй Капитал банкны дампууралд гол нөлөө үзүүлсэн болж таарч байна.
 
 

“КАПИТАЛ” БАНКНЫ ДАМПУУРЛЫН АРД УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.БАТЗАНДАН, ТҮҮНИЙ ТУСЛАХ Г.АЮУЛГҮЙ НАР БАЙСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-11 17:47:03
    ББ: Тэр Аюулгүйн хажуу талын нүдний шилтэй нөхөр Батбаяр гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байсан. Дампууралд оролцсон байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-10 16:49:59
    Иргэн Б: Улаан луивар юм бна өө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-08 03:49:13
    zochin: муусайн шуналын туламуудын ард түмний хөрөнгийг идэж, цусалдаг, өөрсөндөө давуу эрх олгодог учраас ирэх 2024 оны сонгуульд иймэрхүү Батзандан мэтийн новшийг огт сонгож болохгүй юм байна даа!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-07 15:53:41
    Хүү: Батзандан ч хасөагүй юм биш үү Аюулгүй нь бол залилангаар эрүү үүсэхээр юм бн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 23:06:55
    Иргэн: Муухай хотын шааруудыг шоронд нь хатааж байгаад өрийг нь төлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 20:54:30
    АН : Энэ новшийг шоронд нь суулгаж улсыг хохиролгүй болгоочээ. Батзандан бол асар том хулгайч бөгөөд намын банзал шүү дээ. Үнэнхүү рор гар даа. Ах нь Дарханы замаас хулгай хийгээд баригдсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 20:54:29
    АН : Энэ новшийг шоронд нь суулгаж улсыг хохиролгүй болгоочээ. Батзандан бол асар том хулгайч бөгөөд намын банзал шүү дээ. Үнэнхүү рор гар даа. Ах нь Дарханы замаас хулгай хийгээд баригдсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-06 20:54:29
    АН : Энэ новшийг шоронд нь суулгаж улсыг хохиролгүй болгоочээ. Батзандан бол асар том хулгайч бөгөөд намын банзал шүү дээ. Үнэнхүү рор гар даа. Ах нь Дарханы замаас хулгай хийгээд баригдсан.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188