• Өнөөдөр 2024-03-28

ЗАЙСАНГИЙН АМЫГ “ЗАРЖ” ХӨЛЖСӨН Ц.ГАНХҮҮ, ТҮҮНИЙ ҮЕЭЛ “ЭФЭС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.МӨНХБАТ НАРТ ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

2022-05-25,   1548

      Насаараа нам дагаж, даргын суудал дамжиж, үүнийхээ буянаар үр хүүхэд, үеэлүүддээ Зайсангийн амыг “бэлэглэж” дуусгасан БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Цэвэлсодномын Ганхүүгийн хэрэг хаана, хэнд очоод гацчихав аа, хэн, хэзээ хариуцлага тооцох вэ.
     Одоогоос есөн сарын өмнө буюу өнгөрөгч 2021 оны наймдугаар сард тухайн үеийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр албадан саатуулсан байдаг. Ингэхдээ түүнийг албан тушаалаа ашиглан Зайсангийн газрыг зарж, үрсэн хэрэгт холбогдуулж саатуулсан бөгөөд өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь гэрт нь нэгжлэг хийж, 200 орчим сая төгрөгтэй тэнцэх валют хураан авч байлаа. Гэвч тухайн үедээ гадуур байцааж байгаа гэгдэж байсан боловч есөн сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад ерөөсөө сураггүй буюу хэрэг нь мартагдав.  
 
Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Зайсангийн амын “зарж” хөлжсөн Ц.Ганхүүд холбогдох хэргийг эргэн сануулахын сацуу, тэр Зайсангийн амны газрыг “аялал жуулчлалын бааз” нэрийн дор хэн хэнд “бэлэглэсэн” тухай ноцтой баримтыг дэлгэж байна. 

Ц.ГАНХҮҮГИЙН ТӨРСӨН ХҮҮ Г.БАТБОЛД НЬ "ИНЭЛ" ХХК, "АНИМА ИНТЕРНЭШНЛ" ХХК, "ДӨЧ ГОЛ" ХХК-ИУДААРАА ЗАЙСАН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ТАВАН ХОТХОН БАРЬЖ ЗАРЖЭЭ

        Ц.Ганхүү 2015 оноос хойш Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод, цаашлаад улсын хэмжээнд хэн барилга барих, хаана хашаа хатгахыг зөвхөн тэр л толгой мэдэн шийддэг байв.Тэгвэл тэр энэ эрх мэдлээ ашиглан ч үр хүүхдүүд болон үеэлүүддээ Зайсангийн амыг баруун солгойгүй “бэлэглэж” дуусгажээ. 
 
Тодруулбал, Ц.Ганхүү Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар ажиллаж байх зургаан жилийн хугацаандаа Зайсангийн аманд төрсөн хүү Г.Батболд, эхнэр Ш.Сарантуяа нарынхаа “Инэл” ХХК, “Анима интернэшнл” ХХК, “Дөч гол” ХХК гэх барилгын компаниудад хэд хэдэн газрыг хууль бусаар өгчээ. Улмаар төрсөн хүү Г.Батболд нь “Инэл” ХХК-иараа л гэхэд Зайсангийн аманд 76 айлын тансаг зэрэглэлийн “Чариот резиденс” хотхон, 172 айлын тансаг зэрэглэлийн “Инэл Зайсан виллаж” хотхон зэргийг барьж, заржээ. “Инэл зайсан виллаж” хотхон баригдсан 6233 м2 талбайтай газар нь одоо ч “Инэл” ХХК-ийн нэр дээр байна.
      Цаашилбал, Ц.Ганхүү ингэж албан тушаалаа ашиглаж, төрсөн хүүдээ хууль бусаар газар өгөөд зогсохгүй, барьсан хотхоных нь дулааны шугам сүлжээг ч хууль зөрчиж холбожээ. Тодруулбал, “Инэл” ХХК-ийн “Чариот резиденс” хотхон нь зөвшөөрөлгүйгээр дулааны шугамд холбогдсон буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ны удирдлагуудад авлига өгсөн байж болзошгүй гэж АТГ-аас хэд хэдэн албан тушаалтныг шалгаж эхэлсэн байдаг.  
ТАЙЛБАР: "ИНЭЛ" ХХК-ИЙН "ЧАРИОТ РЕЗИДЕНС" ХОТХОН
 
Түүнчлэн, төрсөн хүү Г.Батболдынх нь “Дөч гол” ХХК, эхнэр Ш.Сарантуяагийнх нь “Амина интернэшнл” ХХК-иуд ч Зайсангийн аманд хэд хэдэн хотхон барьж, 2020 онд ашиглалт өгч, айлуудаа оруулж дуусгажээ. 
 
Сонирхуулахад, Ц.Ганхүүгийн төрсөн хүү Г.Батболд, эхнэр Шагдарсүрэнгийн Сарантуяа нарын барьсан “Инэл зайсан виллаж” хотхонтой хаяа залгаад УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Рояал кровн виллаж” хотхон байрладаг. Сонирхолтой нь, тус хотхоны 2.2 га газар “Бизибий” ХХК-ийн мэдэлд байдаг бөгөөд “Бизибий” ХХК-ийг Шагдарсүрэн овогтой Энхбаяр, Гриша овогтой Идэрхүү нар эзэмшдэг ажээ. Г.Идэрхүү нь “Сөүл” группийн дэд захирал, “Роял ньюкэстл” ХХК-ийн захирлаар ажилладаг. Харин Шагдарсүрэн овогтой Энхбаяр нь Ц.Ганхүүгийн эхнэрийнх нь төрсөн дүү гэх мэдээлэл байна. 

Ц.ГАНХҮҮГИЙН ҮЕЭЛ "ЭФЭС" ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.МӨНХБАТ ХУД-Т ХОЁР ХОТХОН БАРЬЖ, ЗАРЖЭЭ

       Ц.Ганхүү Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар ажиллаж байхдаа зөвхөн хүүдээ болон эхнэртээ газар өгөөд зогсоогүй ажээ. Тодруулбал, Ц.Ганхүү өөрийн үеэл буюу хүүхэд, эхнэрийнх нь “Инэл” ХХК-ийн хамтран хувьцаа эзэмшигч, “Эфэс” группийн Ерөнхийлөгч С.Мөнхбатдаа ч Зайсан газар “бэлэглэжээ”. “Эфэс” группийн ерөнхийлөгч, алдарт уяач С.Мөнхбатын ээж, Ц.Ганхүүгийн ээж хоёр төрсөн эгч дүүс буюу тэд үеэлүүд. С.Мөнхбат, Ц.Ганхүү хоёр 1991 онд “Хулан-Уул” ХХК-ийг байгуулан, Ц.Ганхүү захирлаар нь ажиллаж байсан. Улмаар 1997 онд Ц.Ганхүү М.Энхболдын татаасаар Улаанбаатар хотын ЗАА-ны Барилга, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж болж, харин С.Мөнхбат компаниа хариуцаж эхэлсэн байдаг. Өдгөө “Хулан-Уул” ХХК нь таван охин компанитай “Эфэс” групп болон өргөжөөд буй. 
ТАЙЛБАР: "ЭФЭС" ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.МӨНХБАТ
 
        Тэгвэл Ц.Ганхүүг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар ажиллах зургаан жилийн хугацаанд “Эфэс” групп Зайсанд буюу хөшөөтэй толгойн зүүн хаяанд “Морьтон резиденс” хотхоныг барьж, ашиглалтад оруулжээ. Мөн ХУД-ийн ЗДТГ-ын зүүн талд “Морьтон” цогцолбор хотхон барьжээ. 
ТАЙЛБАР: "ЭФЭС" ГРУППИЙН БАРЬСАН "МОРЬТОН РЕЗИДЕНС" ХОТХОН
ТАЙЛБАР: "ЭФЭС" ГРУППИЙН ХУД-ИЙН ЗДТГ-ЫН ЗҮҮН ТАЛД БАРЬСАН "МОРЬТОН" ЦОГЦОЛБОР ХОТХОН
       
      Түүнчлэн, “Эфэс” группийн ерөнхийлөгч С.Мөнхбатын төрсөн хүү М.Жавхлан нь охин компаниудыг буюу “Эфэс хүнс” ХХК, “Эфэс интернейшнл” ХХК-иудыг удирддаг. Мөн Ц.Ганхүүгийн хүү Г.Батболдтой хамт “Дөч гол” ХХК-ийг эзэмшдэг. Тэд “Дөч гол” ХХК-иараа мөн л Зайсангийн аманд Зайсангийн аманд орон сууцны барилга барьж, 2020 онд ашиглалтад оруулжээ. 
 
       Энэ мэтээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү төрсөн хүү, эхнэр болон төрөл саднынхандаа Дархан цаазат Богдхан уулыг амыг хууль бусаар, "үнэгүй" өгч, улмаар тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон бариулах замаар хөлжжээ. Ганцхүү эрх баригч МАН, хууль хяналтынхан түүнд хариуцлага хүлээлгэж чадах болов уу. Эсвэл түүний барьсан тансаг хотхонууд руу нүүж орцгоосон дарга нар хамгаалж үлдэх болов уу. 
 

ЗАЙСАНГИЙН АМЫГ “ЗАРЖ” ХӨЛЖСӨН Ц.ГАНХҮҮ, ТҮҮНИЙ ҮЕЭЛ “ЭФЭС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ С.МӨНХБАТ НАРТ ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 16:41:14
    Улаанбаатарчуудад амрах, ая тухтай алхах ам ховорхон болоод байгааг анхаараарай, сэтгүүлчдээ: Уулын ам болгонд олгосон газар олголтыг мөрдвөл юун Хөгжлийн банк байтугай авлигын хэргүүд гарч ирэх байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-20 11:15:04
    Зочин: Ганхүү Мөнхбат нараас хэдэн байр авчихсан хүмүүс хэргиыг нь замхраах гэж байгаа, АТГ сайн ажиллаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188