• Өнөөдөр 2024-05-16

ЗАМЫН ТЕНДЕР-1: УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ “ЖОЛ” ХХК СҮҮЛИЙН ДӨРВӨН САРД 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГУРВАН ТЕНДЕРТ ЯЛААД БАЙНА

2022-05-09,   899

        Энэ УИХ-ын болон эрх баригч МАН-ын хамгийн ахмад гишүүн Х.Баделханы “Жол” ХХК Баян-Өлгий аймгийн бүхий л автозамын тендерүүдэд өрсөлдөгчгүй ялж, улсын төсвийг “улайтал” авч байна. УИХ-ын хамгийн залуу гишүүн Н.Учралаас 33 насаар ах буюу хамгийн ахмад гишүүн Х.Баделхан хүртэл тендер алгасахгүй хуу “хамж” байхад эрх баригч МАН “Хулгайчаар дүүрсэн” гэж цоллогдох нь аргагүй бололтой. 
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделхан “Жол” ХХК-ийг 1994 онд үүсгэн байгуулж, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болох хүртлээ өөрөө удирдсан. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас бууж, УИХ-ын гишүүн болохдоо “Жол” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар төрсөн хүү Б.Көксегенээ томилж, өөрөө хувьцаа эзэмшигчийн хувиар хамтран удирдаж ирсэн. Тэгвэл төрсөн эцэг, хүүгийн удирддаг “Жол” ХХК өдгөө улсын төсвийн мөнгөөр “туйлдаг” болж, 2018-2021 онд л гэхэд Баян-Өлгий аймагт зарлагдсан авто замын нийт 27 тэрбум төгрөгийн тендерт дангаараа шалгарчээ. Улмаар 2022 он гарсаар сүүлийн дөрвөн сард л гэхэд 9.7 тэрбум төгрөгийн тендерт шалгараад байна. Түүгээр зогсохгүй, өнгөрөгч дөрөвдүгээр сар зарлагдсан 5.3 тэрбум төгрөгийн хоёр тендерт материалаа хүргүүлсэн бөгөөд одоогоор ялагчийг нь зарлаагүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ “ЖОЛ” ХХК СҮҮЛИЙН ДӨРВӨН САРД 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГУРВАН ТЕНДЕРТ ЯЛААД БАЙГАА БОЛ 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОЁР ТЕНДЕРИЙН ХАРИУ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Баделханы хувь эзэмшдэг, төрсөн хүү Б.Көксегенийх нь удирдаж буй “Жол” ХХК энэ хавар Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан хамгийн өндөр санхүүжилттэй гурван тендерт шалгарчээ. 
 
Тодруулбал, 
 
  • 2022 оны нэгдүгээр сарын 18-нд зарлагдсан “ЗТХЯ/202212051/01/01” дугаартай Баян-Өлгий аймгийн Бугат суманд Тоорцог толгойн төмөрбетон гүүр барих 5.8 тэрбум төгрөгийн тендер
  • 2022 оны нэгдүгээр сарын 18-нд зарласан ЗТХЯ/202212028/01/01 дугаартай Баян-Өлгий аймгийн Толбо сумын төвийн 2.3 км хатуу хүчилттай авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалтын ажил хийх 2.9 тэрбум төгрөгийн тендер
  • 2022 оны хоёрдугаар сарын 7-нд зарлагдсан “ЗТХЯ/202201075/01/01” дугаартай Баян-Өлгий аймаг дахь зам хариуцагч шалгаруулах 1.0 тэрбум төгрөгийн тендерт тус тус “Жол” ХХК шалгарчээ. 

УИХ-ын гишүүн Х.Баделханы “Жол” ХХК-ийн оролцсон хоёр тендерийн хариугаа хүлээж байна. 
 
Тодруулбал, 
 
  • 2022 оны гуравдугаар сарын 31-нд зарласан “ЗТХЯ/202212034/02/01” дугаартай, Баян-Өлгий аймгийн Өлгий, Сагсай сумын 1.6 км авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээний ажил гүйцэтгэх 1.8 тэрбум төгрөгийн тендерт “Жол” ХХК дангаараа оролцжээ. Одоогоор үр дүнг нь тендер шалгаруулалтын цахим санд нийтлээгүй байна. 
  • 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд зарласан “ЗТХЯ/202212040/02/01” дугаартай Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд хатуу хучилттай авто зам барих 3.5 тэрбум төгрөгийн тендерт “Жол” ХХК “Грандрөүд групп” ХХК-тай өрсөлджээ. Одоогоор тус тендерийн үр дүнг тендер шалгаруулалтын цахим санд нийтлээгүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮ Х.БАДЕЛХАНЫ “ЖОЛ” ХХК 2018-2021 ОНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АВТОЗАМЫН 27.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ

        УИХ-ын гишүүн Х.Баделханы “Жол” ХХК нь 2018 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яам, Баян-Өлгий аймгийн худалдан авах ажиллагааны алба, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 40 орчим тендерт оролцжээ. Ингэхдээ ихэвчлэн нэг тэрбум төгрөгөөс дээш санхүүжилттэй буюу том тендерүүдэд нь ялалт байгуулж иржээ. Тэдгээр тендерүүдийг нь түүж, нэгтгэж үзвэл 2018-2021 онд 27.5 тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулжээ. 
 
Тухайлбал, 
  • Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд дөрвөн км хатуу хучилттай авюто зам тавих 4.5 тэрбум төгрөгийн тендер, 
  • Баян-Өлгий аймаг дахь зам хариуцагчийг шалгаруулах 883 сая төгрөгийн тендер, 
  • Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 4.5 км авто замын шинэчлэл хийх 2.2 тэрбум төгрөгийн тендер, 
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн 10.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн 8.0 тэрбум төгрөгийн тендер, 
  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоогийн голын төмөр бетон гүүр барих 1.6 тэрбум төгрөгийн тендер, 
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хатуу хүчилттай авто замын шинэчлэлтийн 4.4 тэрбум төгрөгийн тендер, 
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд 3.1 км хатуу хучилттай авто зам барих 2.8 тэрбум төгрөгийн тендер
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн авто зам, зогсоолуудын шинэчлэлтийн 3.2 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарчээ. 

       УИХ-ын гишүүн Х.Баделхан “Жол” ХХК-иараа Баян-Өлгий аймгийн бүхий л тендерүүдийг хуу хамаад зогсохгүй, төрсөн хүү, “Жол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Көксегенээ 2020 оны Орон нутгийн сонгуулиар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 16-р тойрогт МАН-аас нэр дэвшүүлсэн ч ялалт байгуулж чадаагүй байдаг. 

      Түүнчлэн, УИХ-ын гишүүн Х.Баделханы төрсөн хүүтэйгээ хамтран удирддаг “Жол” ХХК Баян-Өлгий аймгийн бүх тендерт өрсөлдөгчгүй шалгардаг цаад шалтгаан нь түүний Баян-Өлгийд хийсэн томилгоотой  холбоотой гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан төрсөн хүүтэйгээ нийлж, тендер түүхийн зэрэгцээ, төрөл саднуудаа төрд томилохдоо ч гаршсан нэгэн гэх. Жишээ нь, Х.Баделханы төрсөн дүү Х.Зауре нь Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар таван жил ажиллаад, 2021 оны наймдугаар сард дэд дарга болсон, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Хавдыраш Манчук нь Х.Баделханы эхнэрийн дүү гэх мэдээлэл байдаг. Мөн одоогийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан УИХ-ын гишүүн Х.Баделханы ойрын хамаатан гэх мэдээлэл байдаг. 
 
Цаашлаад УИХ-ын гишүүн Т.Аубакир нь УИХ-ын гишүүн Х.Баделханы ойрын төрлийн дүү гэдэг. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар Өмирбек Танат нь Х.Баделханы худ, Онцгой байдлын газрын дарга Зейнелийн Азат нь УИХ-ын гишүүн Х.Баделханы дүү Т.Аубакирын хүргэн гэх мэдээлэл байдаг. 
Үргэлжлэл бий...
 
 
 
 

ЗАМЫН ТЕНДЕР-1: УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ “ЖОЛ” ХХК СҮҮЛИЙН ДӨРВӨН САРД 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГУРВАН ТЕНДЕРТ ЯЛААД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-18 23:31:11
    Нараа: Тухайн компани өөрийн хүн хүч хүчин чадлаараа тендерт шалгарсан бол буруу биш байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-09 09:41:33
    zochin : hasgan bomboo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-09 08:11:21
    del: цус ойртлоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188