• Өнөөдөр 2024-05-18

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ХУВИЙН КОМПАНИ, ТББ-УУДАД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА БОЛОН ЗУРГААН ТӨЛӨӨЛӨГЧ ХУВЬ ЭЗЭМШДЭГ

2022-05-02,   1756

        УИХ Хөгжлийн банкны хулгайд холбогдсон дөрвөн гишүүнээ гүрийж, гэдийсээр авч үлдэж, хавар дуусахтай зэрэгцэн Хөгжлийн банкны дуулианыг ч "хаав" бололтой. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн бнакны хулгайчдын араас нь Өмнөговь дахь нүүрсний хулгайчид тэмцэнэ гэж "амалсан". Гэхдээ Хөгжлийн банкны "шавилхан" хулгайчиддаа хариуцлага тооцож чадалгүй итгэл алдсан төр нүүрсний бүлэг хулгайчидтай тэмцэж чадах нь юу л бол. Ямартай ч Өмнөговь дахь Нүүрсний бүлэглэлүүд ямар хүчтэй, нөлөөтэй, өргөн сүлжээтэй байдгийг "Ажнай" Д.Бат-Эрдэнийн "тэргүүлдэг" бүлэглэлээр жишээ татан танилцуулъя. 

"АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙНХЭН БУЮУ УЛСАД 60 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭХ АЛДАРТ "МӨРГӨЦГИЙН ХЭРЭГ"

       Өмнөговь аймгийг "атгандаа" байлгаж, улс доторх улс, өөрийн эзэнт гүрэн шахуу болгосон "Ажнай" Д.Бат-Эрдэнийн Өмнөговь дахь бүлэглэлийг танилцуулахын тулд эхлээд оршил хэрэгтэй. Өөрөөр бол, Өмнөговь аймагт он удаан жил "ноёрхож" ирсэн энэ бүлэглэлийн тухай зах үзүүрийн мэдээлэл олон нийтэд хэрхэн задарч байсныг эхлээд сануулах нь зүйтэй байх.  УИХ-ын гишүүн асан, одоогийн “Эрдэнэс монгол” ХХК-ийн дэд захирал Л.Энхболд 2018 оны хавар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайн мөргөцгөөс их хэмжээний буюу 20 орчим сая ам.долларын үнэ бүхий 268 мянган тонн нүүрс “хулгайд алдагдсан” тухай асуудлыг анх нийтэд ил болгож байв. Тухайн үедээ эл мөргөцгийн хулгай бөөн шуугиан болж, тэр үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан, МХЕГ, ГЕГ, ТЕГ, АМГТГ-аас төлөөлөл багтсан 10 гаруй хүнтэй баг газар нь дээр нь ажилласан гэдэг. Ингээд явц дунд өнөөх “сураггүй” алга болсон нүүрсний хэмжээ 340 мянган тонн болж, улсад учирсан хохирол нь 60 гаруй тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь, “алга болсон” нүүрснийг орон нутгийн “Тавантолгой” ХК олборлож, “Тавантолгой транс” ХХК хил давуулсан болж таарсан. 
 
Өөрөөр бол, шалгалтын явцад “Тавантолгой транс” ХХК 340 мянган тонн нүүрс эх үүсвэргүйгээр буюу хаанаас авснаа мэдүүлэлгүй хил нэвтрүүлсэн, нэмээд нүүрс тээврийн автомашин “хоосон” гэж мэдүүлээд 446 удаа хилээр гарсан зэрэг ноцтой асуудлууд илэрч, “Таван толгой транс” ХХК гол холбогдогч болсон юм билээ. Гэвч “сураггүй” алга болсон буюу хил гараад “талийсан” 340 мянган тонн нүүрсний асуудлаар “Эрдэнэс тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-иуд харилцан тохиролцох гэрээ үзэглэсэн болж, хэрэг замхарсан. Угтаа бол орон нутгийн “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас нүүрс “туусан” асуудал анхных нь энэ биш буюу улс төр, хууль хяналтынхны хүрээнд аль 2013 оноос л яригдсан асуудал юм билээ. 

Хамгийн гол нь, үе үе “алга болдог” нүүрсний хэрэг эцсийн цэгт ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК-иудын цаад эзэн “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ рүү чиглэдэг боловч тэгсгээд замхардаг. Хариуцлага хүлээх байтугай, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад төрийн ордонд заларчихсан учраас хэрэг нь хав дарагдсан. Уг нь бол “Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн өмч гэдэг. Үнэн хэрэгтээ “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ыг бүхлээр нь “халааслах” замаар “Тавантолгой” ХК-д “эзэн” суучихсан. Ингэж орон нутгийн “Тавантолгой” ХК-иар халаасаа түнтийлгэж байгаа мөртөө ханахгүй, хаяа залгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас үе үе нүүрс “туудаг” гэх. Хаанчлана гэхэд хэтэрхий биз дээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ өдгий хүртэл яаж Өмнөговь аймгийг “атгандаа” байлгаж, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийг хэрхэн хувийн компани шигээ удирдаж ирснийг маш ойлгомжтойгоор тайлбарлъя. 
 

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ АНХ “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ТУСЛАХ БАЙСАН

      Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2002 онд математикч мэргэжлээр их сургуулиа дүүргэмэгцээ Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн маркетингийн албаны дарга болжээ. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход буюу 2004-2008 онд бие төлөөлөгч, туслахаар нь ажилласан. 2008 оны УИХ-ын сонгуульд Д.Бат-Эрдэнэд унаж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход нь Р.Сэддорж мөн л туслах зөвлөхөөр нь ажилласан. Ингээд жилийн дараа буюу 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Ингээд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. Чухамдаа "Ажнай" Д.Бат-Эрдэнийн дэмжлэг, татаасаар өдий хүртэл дэвшсэн нэгэн, хуурай ахдаа хариуг нь ч сайн барьдаг биз. Түүнчлэн Р.Сэддорж өдгөө “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүнтэй хамт “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.БАДРАА 2020 ОНД “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “КАПИТРАН” БАНКАНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ БАЙЖЭЭ

      Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Бадамгаравын Бадраа нь УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнтэй хамт “Шанх амазон” санг тэргүүлдэг. Тус сангийн УЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн ажилладаг. Б.Бадраа, Д.Бат-Эрдэнэ нарын Өмнөговь дахь хоршил хэн хэндээ ашигтай байж ирсний нэг жишээ бий. Б.Бадраа 2012 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болж байхдаа 195 сая төгрөгийн орон сууцтай байсан. Харин 2020 онд 2.8 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг үйлчилгээний барилга, нэг оффистой болжээ. Сонирхуулахад, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа 2020 оны ХОМ-тээ дурдсанаар УИХ-ын гишүүн, “Ажнай” Б.Бат-Эрдэнийн Капитрон банканд хоёр тэрбум төгрөгийн зээлтэй ажээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй болон бусад нэр бүхий албан тушаалтнуудтай хамт нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийг дурдвал барагдахгүй. Гэхдээ удахгүй ил болох буюу холбогдсон хэргүүд нь захаасаа АТГ-д ирчихсэн, тэрбээр энэ хаврыг АТГ хаалга сахиж өнгөрүүлж буй гэх мэдээлэл бий. 

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ, ТҮҮНИЙ ЭХНЭР Г.ГАНЧИМЭГ, ХҮҮ Б.БИЛГҮҮН НАРЫН ХУВИЙН КОМПАНИ, ТББ-Д ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЗУРГААН ТӨЛӨӨЛӨГЧ ХУВЬ ЭЗЭМШДЭГ

      Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чойжилын Жаргалсайхан нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан, саяхан “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар томилогдоод буй Ц.Даваацэрэн нартай хамт “Гурван сайхан интернэшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Мөн тэд Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг хамт удирддаг. Дээрээс нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны эзэмшдэг “Мон Ит булигаар” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Насанбуянгийн Энхбат нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн төрсөн хүү Б.Билгүүн, туслах асан одоогийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нартай хамт “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон түүний эхнэр Г.Ганчимэг нартай хамт “Оюун ухааны говь академи” ТББ-ыг эзэмшдэг. Тус ТББ-ын ТУЗ-ийн даргаар Г.Ганчимэг ажилладаг. 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бавуугийн Түвшинбаяр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ болон түүний ээж Д.Хуушаан нарын “Жуулчин говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн тэрбээр 2020 оноос өмнө буюу Б.Бадраагийн өмнө Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга байсан бөгөөд саяхныг хүртэл орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж ирсэн. Чөлөөлөгдсөн гэх боловч “Тавантолгой” ХК-ийн албан ёсны цахим хуудаст одоог хүртэл нэр ТУЗ-ийн дарга хэсэгт байсаар байна. 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Гэлэнбандийн Гангамаа "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй хамт “Тост тосон бумба” ТББ-ийг эзэмшдэг. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цогтын Дэнээдорж нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр Г.Ганчимэгтэй хамт “Төв ази поло клуб” ТББ-ыг эзэмшиж, УЗ-д багтдаг. Мөн энэ төрийн бус байгууллагын бас нэгэн хамтрагч нь Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Гантулга ажээ. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ваанчигийн Мөнхбат нь “Өмнөговь аймгийн боксын холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга ажээ. Харин тус холбооны УЗ-д “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүүтэй “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын төлөөлөгч Н.Энхбат нар багтдаг ажээ. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ХУВИЙН КОМПАНИ, ТББ-УУДАД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА БОЛОН ЗУРГААН ТӨЛӨӨЛӨГЧ ХУВЬ ЭЗЭМШДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 16:21:19
    зочин: сонгууль дөхсөн юм байхдаа одоо ингэж хүн харлуулдаг технологи ч хоцрогдсон доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-04 06:51:10
    Зочин: Нутаг орондоо их юм хийдэг, оюутан залуучууд, спорт урлагыхан, настан буурлуудаа их дэмжиж тусалдаг гэж сонссон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-03 20:11:46
    Зочин: Ингэлээ гээд та нар яахийн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188