• Өнөөдөр 2024-05-18

Н.АЛТАНХУЯГИЙН ШАЛГАГДАЖ БУЙ ХӨГЖЛИЙН БАНКАНД 151 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ “ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ” ХХК АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН “ХЭРЭГТНҮҮД”-ИЙГ ОРОГНУУЛДАГ ГАЗАР БАЙЖ ИРЖЭЭ

2022-04-28,   767

         Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгахаар бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээд буй. Өчигдөр уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч шийдэлд хүрч чадаагүй гэх. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн Хөгжлийн банктай холбогдсон хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна. 

Н.АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ АВСАН “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ДЭРГЭДЭХ “ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-ИЙН ОДООГИЙН ӨР 151 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛООД БАЙНА

         УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэрэг нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөгжлийн банк дахь 151 тэрбум төгрөгийн өрийн асуудал. Тодруулбал, Гашуунсухайтын 239 км авто замыг 2011 оны аравдугаар сард “Энержи ресурс” ХХК ашиглалтад оруулж, ашиглалт, засвар, үйлчилгээг нь охин компани болох “Говийн зам” ХХК-даа хариуцуулан, өөрийн компанийн олборлосон нүүрсээ тус автозамаар зөөж байв. 
 
Гэтэл 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоол гарган, “Энержин ресурс” ХХК-иас дээрх авто замыг төрийн өмчид худалдаж авах шийдвэр гаргасан. Ингээд Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэрийн дагуу төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкнаас 170 тэрбум төгрөгийн зээл авч, тэр мөнгөөрөө “Энержи ресурс” ХХК-иас Гашуунсухайтын 239 км авто замыг худалдаж авсан. Улмаар тус автозамын ашиглалт, засвар үйлчилгээний өмнөх хариуцагч “Говийн зам” ХХК-ийг төрийн өмчит “Гашуун сухайт авто зам” ХХК нэртэйгээр шинэчлэн байгуулж, Гашуун сухайтын 239 км авто замыг хариуцуулсан. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн холбогдсон эл хэргийн гол асуудал нь юунд байна гэхээр, Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас 170 тэрбум төгрөгийн зээл авсан “Эрдэнэс Монгол” ХХК одоо бол зээлээ төлөөгүйгээс нийт өр төлбөр нь 151 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. 

       Тэгвэл өдөрт 1200-1300 нүүрсний авто машин, нийтдээ 14 мянга орчим авто машин төлбөртэй зорчуулж, 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг гэх “Гашуун сухайт авто зам” ХХК нь өдий хүртэл яагаад зээлээ төлөөгүй хэрэг вэ. Судалж үзвэл, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн 170 тэрбум төгрөгөөр худалдаж авсан “Гашуун сухайт авто зам” ХХК өнгөрсөн есөн жилийн хугацаанд АН, МАН-ын шахаа, томилгоо хийдэг газар л байж ирсэн юм байна. Чухамдаа ялсан нам “бялуу хуваах”-даа “Гашуун сухайт автозам” ХХК-ийн удирдлагыг сольдог, тэд нь жил, хоёр жил ажиллаад халаасаа түнтийлгээд буудаг хэлбэрээр явж ирж. Удирдлагууд хэн нэгний, хэсэг бүлэг фракцийнхны шахааны хүмүүс байж ирсэн учраас хичнээн ашигтай ажилласан ч Хөгжлийн банкан дахь зээлээ төлөхгүй явж ирсэн гэх юм уу даа. 

ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТӨРИЙН “ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС ЦӨМ АЙМАГ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН БОЛОН АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙСАН ХҮМҮҮС БАЙЖЭЭ

        Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэрээр Гашуунсухайтын 239 км авто замыг төрд худалдаж авмагцаа хариуцагч “Говийн зам” ХХК-ийг “Гашуун сухайт авто зам” ХХК болгон өөрчлөн байгуулж, 2014 оны зургадугаар сар анхны гүйцэтгэх захирлаар нь Г.Саранбаатарыг томилжээ. Гэхдээ Г.Саранбаатар өмнөх “Говийн зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан буюу улиран томилогдсон аж. Өөрөөр бол, “Энержи рерус” ХХК-ийн талын хүн байжээ. Харин Г.Саранбаатарын дараа Ц.Цэнгүүнийг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.  
 
“Гашуун сухайт авто зам” ХХК Ц.Цэнгүүний дараа Ц.Болд гэдэг гүйцэтгэх захиралтай болов. Ц.Болд нь 2010 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Засаг дарга болохоосоо өмнө Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ нийслэлийн автозамын цас хайлуулах бодис худалдаж авахаар төсөвлөсөн мөнгөнөөс 300 сая төгрөг завшсан хэрэгт холбогдож хууль хяналтын хаалга татаж явсан. Гэхдээ харьяа хэлтсийнхээ дарга Б.Дэлгэрбаяр гэгчид хэргээ “чихэж” ял зэмгүй үлдсэн гэх мэдээлэл байдаг юм билээ. 
Ц.Болдын хувьд “Гашуун сухайт автозам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар чөлөөлөгдмөгцөө “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын даргаар томилогдсон сүйхээтэй нэгэн ажээ. 
       Ц.Болдын дараа “Гашуух сухайт авто зам” ХХК-ийг Б.Баяндэлгэр гэгч удирдах болжээ. Б.Баяндэлгэрийн хувьд 2008-2012 онд Налайх дүүргийн Засаг дарга, дараа нь Стандартчилал хэмжилзүйн газрын Тамгын газрын дарга, 2018 онд ЭМДЕГ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан намтартай, албан тушаалын авшигтай нэгэн. Түүнийг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох үед У.Хүрэлсүхийн сайн найз гэх яриа гарч байсныг дурдах нь зүйтэй болов уу. 
 
Харамсалтай нь, Б.Батдэлгэр нэр цэвэр нэгэн байгаагүй, эсрэгээрээ авлига, албан тушаалыг цэцэглүүлэгч гэгддэг зартай нэгэн байв. Жишээ нь, 2012 онд буюу Налайх дүүргийн Засаг дарга байхдаа АТГ-т шалгагдаж байсан. Учир юу гэвэл, Налайх дүүргийн Засаг даргын хувиар БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т Налайх дүүрэгт 320 га газар олгоно гэж амлан 50 мянган ам.доллар авсан гэх хэрэгт холбогдсон. Ингэхдээ “Жэхуан групп”-т амласан газраа олгохын тулд Засаг даргын эрх мэдлээ ашиглан “Сеогёонг” ХХК-ийн эзэмшлийн 289 га газрын гэрчилгээг хүчингүй болгосон гэгдэж байлаа. Энэ хэрэгт тухайн ондоо мартагдаж, замхарсан. Мөн Налайх дүүргийн Засаг даргаас буумагцаа буюу 2012 онд Налайх дүүргийн Тамгын газрын дарга асан Г.Лхагва-очиртой хамтран Налайх дүүрэгт 35 айлын орон сууц барьж зарсан гэх хэл аманд өртсөн. Налайхчууд түүнийг “Налайх дүүргийн Засаг дарга байхдаа завшсан мөнгөө ингэж угаасан” гэж шүүмжилж байсан. Б.Батдэлгэрийн бас нэгэн  инээдтэй гэмээр мэдээлэл байдаг нь, тэрбээр “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдхоосоо сарын өмнө буюу 2019 оны гуравдугаар сард ЭМДЕГ-ын Тамгын газрын даргын хувиар байгууллагаасаа нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж авч байжээ. Тухайн буцалтгүй тусламжийг “Гадаад улсад эмчлүүлэх, нарийвчилсан оношлогоо хийлгэх шаардлагатай тул олгов” гэж ЭМДЕГ-ын дарга нь тамга даржээ. Гэтэл Б.Батдэлгэр тухайн оныхоо хөрөнгө орлогын мэдүүлэгт 192 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн орон сууцтай гэж мэдүүлж байснаас гадна сарын дараа “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг аж. Хатуухан хэлэхэд,  нэг сая төгрөг ч багаддаггүй ажээ. 
 
         “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг С.Эрдэнэбулган нэг хэсэг удирдсан. С.Эрдэнэбулганы хувьд 2016 оноос “Эрдэнэс  Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажилласан нэгэн. С.Эрдэнэбулган мөн л нэр цэвэр нэгэн биш бөгөөд түүнийг 2019 оны есдүгээр сард АТГ-аас баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьж байсан. Холбогдсон хэрэг нь, автозам арчлалтын тендерт нөлөөлсөн авлига, албан тушаалын гэмт хэрэг гэгдэж байв. Харамсалтай нь, мөн л хэрэг нь мартагдсан. 

       Харин одоо “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Баянмөнх ажиллаж буй. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул боловч Дорноговь аймгийн Сүмбэр суманд өссөн. Хамгийн олон жил буюу 2001-2012 онд Ж.Баянмөнх Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Засаг даргаас буухаас нь өмнөхөн буюу 2012 оны нэгдүгээр сард авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хоёр хэргээр 21147371 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн 461 ангид хориж байсан. Улмаар Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас авлига авсан гэж БЗД-ийн шүүхээс 5.1 жилийн хорих ял оноож байв. Улмаар давж заалдан 2.6 жил болгож бууруулсан байдаг. 

          Ингээд харвал, төрийн өмчит “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нам дотроо танил талтай, албан тушаалын даллагатай, аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан томилогдож иржээ. Хамгийн ноцтой нь, тэд бүгд авлига, албан тушаалын хэргээр АТГ-ын хаалга татаж байсан, тухайн бүрдээ хэргээ хаалгаж, мартагнуулж байсан хүмүүс байх юм. Хар ухаанаар бодсон ч ийм байхад тус компанийн Хөгжлийн банкан дахь өр, зээлээ яаж ч төлөх билээ. Чухамдаа Н.Алтанхуягийн Засгийн газрын Гашуун сухайтын авто замыг Хөгжлийн банкны 170 тэрбум төгрөгийн зээлээр худалдан авсан шийдвэр төрд нэг бялуу л нэмчихсэн төдий ажээ. Улмаар авлига, албан тушаалын "хэрэгтнүүд"-ийг орогнуулдаг л газар болчихсон ажээ. 

Н.АЛТАНХУЯГИЙН ШАЛГАГДАЖ БУЙ ХӨГЖЛИЙН БАНКАНД 151 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ “ГАШУУН СУХАЙТ АВТО ЗАМ” ХХК АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН “ХЭРЭГТНҮҮД”-ИЙГ ОРОГНУУЛДАГ ГАЗАР БАЙЖ ИРЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 14:11:02
    пөөөх: Гайхалтай юмаа. Яаж ингэж улс орныг цөлмөж чадаж баына вэ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188