• Өнөөдөр 2024-05-17

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛТАЙ ХОРШИЖ, “ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-Д “ЭЗЭН” СУУСАН УУ

2022-04-17,   2891

      Эргэлт.мн мэдээллийн долоо хоног бүрийнхээ онцлох нэг нийтлэлийг хүргэдэг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн онцлох нийтлэлээр "ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛТАЙ ХОРШИЖ, “ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-Д “ЭЗЭН” СУУСАН УУ" гэх нийтлэлийг онцолж байна.
 
   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэс монгол” ХХК-д “эзэн” сууж, охин компаниудад нь “орогносон” улс төрийн гэмт бүлэглэлийг илчилнэ гэж ихэд сүржин мэдэгдэл хийсэн.  Тодруулбал, тэрбээр “...Нуулгүй хэлэхэд удахгүй “Эрдэнэс монгол” ХХК-тай холбоотой асуудлуудыг гаргаж тавина. “Эрдэнэс монгол” ХХК-д маш олон охин компани байгаа, тус бүрдээ ТУЗ, гүйцэтгэх захиралтай. Тэнд төрөөс гадуур, хяналтгүйгээр маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Тиймээс Засгийн газраас Х.Нямбаатар сайдаар ахлуулсан, хууль хяналтынхан, Сангийн яам, ЗГХЭГ-ынхны төлөөлөл багтсан ажлын хэсэг гаргасан” гэж мэдэгдсэн. 
 
Тэгвэл, “Төрийн хяналтгүйгээр хууль бусаар эргэлдэлдүүлдэг” гэх “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө томилгоо хийх замаар “эзэн” суусан байж болзошгүй баримт байна. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнээс төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж “суга” дэвшсэн Б.Ачитсайхан гэгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нартай хэд хэдэн сэжмээр, тун ойроор холбогддог ажээ. 
 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН ЗАЛУУ ГЭНЭТ “ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БОЛЖ, УЛСДАА АНХНЫ АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ УДИРДАХААР БОЛСОН НЬ...

           Засгийн газраас зарласан “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны гуравдугаар сард төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг охин компани хэлбэрээр байгуулсан байдаг. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь төрийн өмнөөс алт хайх, олборлох болон хамгийн чухал нь Монгол Улсад үндэсний алт цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулах үндсэн зорилготойгоор байгуулагдаж байлаа. 
 
Жилийн дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-нд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн анхны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг чөлөөлж, түүний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Болдбаатарын Ачитсайханыг гүйцэтгэх захирлаар томилсон. Үүнээс найман сарын дараа буюу 2019 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстан улсад айлчлал хийхдээ “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханыг дагуулж явсан. Ингээд “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан Казакстан улсын “Сымбат инжинеринг” ХХК-ийн захирал Т.М.Шопшекбаевичтай “Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай” гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээгээр Казакстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа манай улсад ашиглуулахаар болж, тус патентыг ашиглан манай улс 81 сая ам.долларын санхүүжилтээр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон байдаг. 
Ингэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жирийн нэг мэргэжилтэн байсан Б.Ачитсайхан “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал дэвшээд зогсохгүй улсдаа анхны алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийг удирдах нөлөө бүхий нэгэн болж хувирсан байдаг. Мөн Б.Ачитсайханы удирдаж буй “Эрдэнэс алт ресурс” ХХК нь Хүрэнцав-XV021666, Мухар хар толгой- XV021667, Довжоот- XV021668, Халзан- XV021669 гэх дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд дээрх талбайнууддаа хайгуул, геологийн ажлыг улсын хөрөнгөөр гүйцэтгэж байгаа билээ.
 
Ийнхүү гэнэт “томорсон” Б.Ачитсайханы томилгооны цаана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын хоршил байж болзошгүй баримтыг одоо сонирхуулъя. 

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАДАГ БОЛ “ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АЧИТСАЙХАН НЬ ТУС НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН АЖЭЭ

         “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, улсдаа анхны “Алт цэвэршүүлэх үйлдвэр” барих төслийн удирдагч Б.Ачитсайхан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тун ойр холбоотой нэгэн ажээ. Тодруулбал, Б.Ачитсайхан нь Хэнтий аймгийн Дадал суманд төрж өссөн бөгөөд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажилладаг ажээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олны мэдэхээр Хэнтий аймгийн Бэрх тосгоных бөгөөд 2016 оны долдугаар сараас Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нэг нутаг төдийгүй Нутгийн зөвлөлөө хамт удирддаг нь үе тэнгийнхэн гэдэг нь доорх зургаас илүү тодорхой харагдана. 
         Түүнчлэн “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аавыг Дашнямын Болдбаатар гэдэг. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул нэгэн бөгөөд 2000-2010 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогч захирал, 2010-2014 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Бээжин хот дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байгааг тэтгэвэртээ суусан, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат эдийн засагч цолтой. Хамгийн сонирхолтой нь, гавьяат эдийн засагч Д.Болдбаатар нь мөн л Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн ажээ.

“ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АЧИТСАЙХАНЫ ААВ Д.БОЛДБААТАР НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН “РОЯАЛЬ” ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АЖЭЭ

         “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан УИХ-ын гишүүн Н.Учралтай ч мөн тун ойроор холбогддог ажээ. Өөрөөр бол, Б.Ачитсайхан болон Н.Учрал нарын аав, ээжүүд нэг нутаг, дээрээс нь нэг их сургуулийг хамт удирддаг хамтрагчид ажээ. 
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор нь Хэнтий аймгаас гаралтай бөгөөд тус аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас ажлын гараагаа эхэлсэн. Харин ээж Ж.Цэцэгмаа нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын нэгдүгээр 10 жилийн Орос хэлний багшаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийгөө “Хэнтийнх” гэдэг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэгэхээр Б.Ачитсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар гурвуулаа Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн удирдлагад багтдаг гэсэн үг. 
 
Цаашилбал, илүү сонирхолтой баримт байна. Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Гавьяат эдийн засагч Б.Болдбаатар нь УИХ-ын гишүүн Н.Учралын үүсгэн байгуулсан “Рояаль” Олон Улсын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажилладаг ажээ. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа нь тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Учралын үүсгэн байгуулсан их сургуулийг түүний ээж Ж.Цэцэгмаа, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав Д.Болдбаатар нар хамт удирддаг гэсэн үг юм. Цаашлаад Б.Ачитсайханы хүүхдүүд нь ч УИХ-ын гишүүн Н.Учралын гэр бүлийн эзэмшдэг хувийн сургуульд суралцдаг ажээ. Төрийн өмчит компанид томилгоо хийхэд хангалттай ойр холбоо хамаарал биш гэж үү. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа, "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав Д.Болдбаатар нар
Түүнчлэн, илүү сонирхолтой дахиад нэг баримт байна. УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүүтэй хамтарч, хэвлэлийн бизнес хийдэг баримт байна. Тодруулбал, “Андлалын хөшөө”-ний луйвраар олонд илчлэгдэж, энэ луйврын цаана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан тодорхой болсон. Тэгвэл энэ алдарт луйвраар олны танил болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү буюу “Хос санаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхцогтын Жавхлантөгс нь УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаатай хамт “Эн Би Жи кинг монголиа” ХХК-ийг эзэмшдэг ажээ. “Эн Би Жи Кинг монголиа” ХХК нь хүмүүсийн сайн мэдэхээр “Рояаль” телевиз юм. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс “халхалсан” хоршил нь багагүй зам туулан, байр сууриа бэхлүүлсээр буйг баримтаар хүргэлээ. Дүгнэлтийг уншигч танд үлдээж байна. 
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛТАЙ ХОРШИЖ, “ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-Д “ЭЗЭН” СУУСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-17 14:23:42
    зочин: Бузрууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-13 12:57:27
    Зочин: Хараалаар хядчихаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 16:22:44
    Зочин : Хэнтий аймгийн хүмүүсээ татаж гар хөл болгож бгахш дэ ХЗСайд СЯ ны төрийн нарийн , дэд сайд , АТГ дарга. Гээд л бүгд хэнтий айигийнх зарим бүр хамаатан садангууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188