• Өнөөдөр 2024-05-20

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг яллагдагчаар татаж, Хан-Уулд нөхөн сонгууль болох уу

2022-03-14,   2109

        Хөгжлийн банкны хуучин удирдлагуудаас Г.Амартүвшингээс бусад нь хэл аманд өртөж, “хар гэр”-т хоригдож буй. Харин Г.Амартүвшин л хэл ам, “хар гэр”-ийн аль алинаас нь хөнгөхөн, бас чимээгүйхэн мултарсан. Мэдээж, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх бат хана хэрэм хааж буй биз. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сар ажиллах хугацаанд хэдэн аж ахуйн нэгж, хэчнээн хэмжээний зээл авсныг, улмаар зээлээ эргэн төлж байгаа эсэхийг судалж үзлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИНГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БАЙХ ҮЕД 335 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОГДСОНООС 58.7 ТЭРБУМ ТӨГРӨГ НЬ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛ БОЛЖЭЭ

       УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар зургаан сар ажиллаад 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд чөлөөлөгдсөн. 
 
Тэгвэл Хөгжлийн банкнаас олгогдсон нийт зээлийн огноог шүүж үзвэл, Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх хугацаанд буюу 2019 оны тавдугаар сарын 28-наас 2019 арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэлх хугацаанд долоон аж ахуйн нэгжид 335 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар дээрх зээлийн нийт үлдэгдэл нь 369 тэрбум төгрөг байна. Эндээс 58.7 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болоод байгааг онцлох нь зүйтэй болов уу.
 
Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх үед олгогдсон зээлүүдийг жагсаавал,
 
- 2019 оны зургадугаар сарын 14-нд “Говь” ХХК-д 82.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл 76.5 тэрбум төгрөг. 

- 2019 оны наймдугаар сарын 7-нд “Моннис майнинг” ХХК-д 107.3 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл 124.9 тэрбум төгрөг. 

- 2019 оны есдүгээр сарын 7-нд “Шанх майнинг” ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл 7.2 тэрбум төгрөг. 

- 2019 оны есдүгээр сарын 23-нд “Вестерн холд” ХХК-д 28 сая ам.долларын зээл олгосон. Үлдэгдэл 80.6 тэрбум төгрөг. 

- 2019 оны аравдугаар сарын 29-нд “Изинис эйрвейз” ХХК-д 22.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл 28.5 тэрбум төгрөг. 

- 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Бармон” ХХК-д 13.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл 17.0 тэрбум төгрөг. 

- 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Энсада истерн” ХХК-д 26.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл 34.5 тэрбум төгрөг. 

Дээрх долоон аж ахуйн нэгжээс “Вестерн холд” ХХК, “Говь” ХХК-ийн 157.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл нь хэвийн, “Моннис майнинг” ХХК, “Изинис эйрвейк” ХХК-ийн 153.7 тэрбум төгрөг нь зээлийн эргэн төлөлтийн зөрчил үүссэн, “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Бармон” ХХК-ийн 58.7 тэрбум төгрөг нь найдваргүй ангилалд багтаж байна. 

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх үед зээл авсан дээрх долоон аж ахуйн нэгжийн цаад эзэд нь улс төр, бизнесийн нөлөө бүхий томчууд байна. 
 
Тухайлбал, 
 
  • “Говь” ХХК- “Таванбогд” групп Ц.Баатарсайхан
  • “Моннис майнинг” ХХК- “Моннис интернэшнл” групп Б.Чулуунбаатар
  • “Изинис эйрвэйз” ХХК УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир
  • “Шанх майнинг” ХХК УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж
  •  “Вестерн холд” ХХК Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт
  • “Бармон” ХХК НИТХ-ын төлөөлөгч асан, НИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат 
Сонирхуулахад, АТГ-ынхан Хөгжлийн банкнаас зээл авсан 73 аж ахуйн нэгжийн зээлийг хуулийн дагуу олгогдсон эсэх, албан тушаал, авлигын нөлөөлөл орсон эсэхийг шалгаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад олгогдсон зээлүүдээс гурван аж ахуйн нэгжийн зээл шалгагдаж буй гэх мэдээлэл цахим орчинд гараад буй билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИМНЯМ НАРЫН “ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР” ХХК-ИЙН 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ Г.АМАРТҮВШИНГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨНӨӨС ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА ОЛГОГДЖЭЭ

       2020 оны УИХ-ын сонгуулиар Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням гэх үе тэнгийн, “үй зайгүй” гурван залуу парламентад орж ирсэн байдаг. Гэвч төд удалгүй тэр гурав Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл аваад, уг мөнгөө сонгуулийн сурталчилгаанд зарцуулж, гурвуулаа УИХ-ын гишүүн болсон гэх дуулиан дэгдсэн. Үнэхээр ч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн эзэмшдэг, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувь эзэмшиж байсан “Вертекс майнинг партнер” ХХК УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхад нь зээлээ судлуулаад, 33 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримттайгаа гарч ирсэн. Одоог хүртэл энэ зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа албан тушаалаа ашиглаж олгуулсан эсэх, зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх, хүү, алдангиа төлж байгаа эсэх маргаантай асуудал нь үргэлжилсээр. Х.Ганхуягийн хувьд энэ зээлийг уул уурхайн тоног төхөөрөмж авахад бүрэн зарцуулсан гэж тайлбарласан. Г.Дамдиннямын хувьд Х.Ганхуягийн “гуйлтаар” энэ компанийн удирдлагын багт орж, хоёр хувийн хувьцаа эзэмшиж байснаа хүлээсэн. Г.Амартүвшингийн хувьд энэ компанид олгосон зээл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөс нь хойш олгогдсон учраас өөрт нь хамаагүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл, Хөгжлийн банкнаас олгогдсон зээлүүдийн огноог шүүж үзвэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөс гуравхан хоногийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийн олголт хийгдсэн байдаг аж. Нэгэнт зээлийн олголт нь ажлаа өгснийх нь дараа хийгдсэн учраас Г.Амартүвшин энэ зээлд өөрийгөө огт хамаагүй, шалгуулахад бэлэн гэж итгэлтэй дуугардаг ажээ. 

       Гэхдээ Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдмөгц тухайн үед Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал байсан Ч.Энхбат түүний ажлыг нь үргэлжлүүлсэн. Гэхдээ Ч.Энхбат гуравхан хоногт “Вертекс майнинг партнер” ХХК-ийн зээлийг судлаад, олголт хийлгэсэн гэхэд итгэхэд бэрх. Харин Г.Амартүвшинг гүйцэтгэх захирал байхдаа “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гараад, харин гүйлгээ буюу олголт нь Г.Амартүвшинг чөлөөлөгдсөнөөс гурав хоногийн дараа хийгдсэн гэвэл үнэнд илүү ойр харагдаж байна. Товчхондоо, хожим нь асуудал үүсвэл, “надад хамаагүй” гэж бултахад амар гээд, зээлийн гэрээнд нь “зөвшөөрөв” гэж гарын үсэг зураад орхиод явсных нь гурав хоногийн хойно гүйлгээг нь хийсэн байх гэж хардах үндэслэлтэй харагдаж байгаа юм. 
 
 
 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг яллагдагчаар татаж, Хан-Уулд нөхөн сонгууль болох уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-21 13:42:16
    зочин: НВЦ олгосон зээлийн асуудал яасан бэ ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 19:51:59
    Иргэн: Шалгах хүмүүсээ бүгдийн найдвартай шалгаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 17:45:20
    Гоомоо юм хийжээ ха ха : Амартүвшин зээл олгохдоо мөн ч гоомоо юм хийждээ ха ха х
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 14:03:42
    Бат инженер: Наадах чинь Монгол улсын харъяат мөн үү. Нотолгоо алга л байгаа даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-14 11:30:21
    dfr: 3 ********
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188