• Өнөөдөр 2024-05-16

“МӨНХ ТЭРЭЛЖ” АМРАЛТЫН ГАЗАРТ АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН ЭЭЖ: Хүүг минь хөнөөсөн этгээд камер унтрааж, хутгаа нууж, хувцсаа шатаасан байсан

2022-02-18,   1209

         Налайх дүүргийн VI хороонд байрлах “Мөнх тэрэлж” амралтын газарт хүн амины ноцтой хэрэг гарсан байдаг. Тодруулбал, цар тахлын  үед,  зоогийн газар, баар, ресторан, амралтын газар хаалттай үед буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө тус амралтын газарт 18-23 насны 20 гаруй залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 23 настай залуугийн аминд хүрсэн юм. Хэргийн талаар талийгаачийн ээж Г-тэй ярилцлаа.

-Тухайн үед яг юу болсон талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

           -Би гурван сайхан хүүтэй хүн. Өнгөрсөн жил хөл хорионы үеэр том хүүгээ бусдын гарт санаатайгаар, он хэрцгийгээр хутгалуулж, алдсан. Хүү минь найзтайгаа цуг найз охиныг нь авахаар яваад эргэж ирээгүй. Тэр өдөр манай хүүгийн найзын найз охиных нь ажлын охидууд Тэрэлж рүү салхинд гарахаар явсан юм билээ. Тэгээд 20:00 цагийн үед М гэх охин найз залуу руугаа “Намайг ирээд ав” гэж залгасан байгаа юм. Хүүгийн маань найз “Тэрэлж явчихаад ирье” гэж манай хүү рүү болон бусад гурван найз руугаа залгаж, хэлсэн. Тэд охиныг авахаар Тэрэлж рүү явж, амралтын газарт 22:00 цагийн үед очсон гэсэн. Очих замаа сайн мэдэхгүй учраас охин руу байн байн залгаж, хүүгийн найзуудыг МТ колонк дээрээс амралтын газрын эзэд тосож авсан байгаа юм. Тэгээд амралтын гадаа ирээд хүүгийн найз нь “Гялс ороод М-ийг аваад ирье. Та хэд сууж бай” гээд яваад өгсөн юм билээ.  Гарч ирэхгүй хэсэг удаж байгаад 15 минутын дараа хүү рүү залгаад “Ороод ир” гэж 25 секунт ярьсан байдаг. Тэгээд л миний хүү танхай балиад этгээдийн гарт амиа алдчихсан.

-Гэрт дотор ороод маргалдсан юм болов уу?

ХЭРЭГ БОЛСОН ГАЗАР. МӨНХ ТЭРЭЛЖ АМРАЛЫН ГАЗАР 2021.04.08

         -Амралтанд амарч байсан охидуудын нэг нь миний хүүг хөнөөсөн этгээдийг таньдаг байсан билээ. Охидууд хойд талын гэрт, гэмт этгээд болон найзууд нь урд талын гэрт амарч байсан гэсэн. Хүүгийн найз найз охиноо аваад гарах гэж байтал Л гээд эмэгтэй найз нь урд талын гэр рүү явчихсан байсан гэнэ лээ. Тэгээд хүүгийн найз нь “Найз охиноо аваад явлаа” гэдгээ Л-д хэлчихээд ирье гээд урд талын гэр рүү гүйсэн гэсэн. Очоод Л-ийг дуудаж гаргаж, ирээд “М-ийг аваад явлаа. Чи баахан эрэгтэй хүмүүстэй юу хийж байгаа юм” гээд ганц, хоёр үг сольсон юм билээ. Гэтэл гэр дотроос гэмт этгээд гарч ирээд “Чи манай найз охинтой юм ярилаа” гээд л зодоон эхэлж, найзуудаа гэрээс дуудаж гаргаж ирсэн гэсэн. Миний хүүгийн найзыг зодож, “Хутгалж ална” гээд гэрээс хутга авч гарч ирээд дайрсан гэнэ лээ. Тэр үед нь миний хүү гүйж очоод, гэмт этгээдийн хутгатай гарыг доошлуулж, салгасан байгаа юм. Гэтэл тэр этгээд хүү рүү минь дайрч, хоёр удаа хутгалахыг санаархаж, гурав дахь дээр нь цээжин тус газарт нь хутгалж, амийг нь хөнөөсөн байдаг. Гэмт этгээд хүрэн иштэй төмөр хутгыг тултал нь хүүгийн минь зүрх хатгасан байна лээ. Би энэ хэргийг санаатайгаар бүлэглэж үйлдсэн гэж боддог. Миний хүү найзыгаа аюулаас хамгаалж очоод өмнө нь уулзаж, харж байгаагүй этгээдийн гарт амиа алдчихсан. Тэр этгээд хүүг минь хөнөөчихөөд найзыг нь мөн л ална гэж дайрсан байгаа юм.

-Хүү нь эмнэлгийн тусламж авч чадаагүй юу?

          -Тийм ээ, найз нь түргэн дуудаж, түргэний машинтай Мэлхий хадан дээр уулзахаар болсон юм билээ. Тэгээд эмч нарыг ирэхэд хүү минь хэдийн амьсгал хураачихсан байсан гэсэн. Маш их цус алдсан байна лээ, миний хүү. Эмч нар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, амралтын газарт цагдаа нар очсон гэсэн.

-Цагдаа нарыг очиход амарч байсан хүүхдүүд хэргийн газраас зугтаачихсан байсан уу?

             -Зарим хүүхэд нь алга болсон байсан гэсэн. Цагдаа нарыг очиход гэмт этгээдтэй хамт явж байсан Н гэх охин камерын бичлэгийг устгахыг санаархаж, камерыг унтраасан байсан гэсэн. Тэгээд найз руугаа залгаад, “Энд камертай юм байна. Сая бичлэгийг нь үзэхэд бүх зүйл тодорхой бичигдэж үлдсэн байна” гэсэн байгаа юм. Н гэх охин хүүг минь амьсгал хурааж, хутгалуулж байхад гэмт этгээдийн дэргэд байсан юм билээ. Ерөөсөө гар хөл нь болоод л явж байсан байгаа юм. Тэгээд тэр найзынхаа үйлдсэн хэргийг санаатайгаар нуун далдаж, эд мөрийн баримтыг устгасан байдаг. Цагдаа нарыг очиход Н гэх охин хэрэг үйлдсэн хутгийг нуучихсан байсан гэсэн. Цагдаа нар хоёр цаг хутгийг хайж, арай гэж олсон байна лээ. Мөн цус болсон хувцсаа шатаачихсан байгаа юм. Тэгээд найзуудтайгаа “Би та нарын тарьсан хэргийг аргалах гэж үйлээ үзэж байна шүү. Би санамсаргүй хэрэг болгож зохицуулна” зэргээр ярьсан байна лээ.

-Хэргийн шүүх хурал болсон уу?  

           -Хэргийн газрын камерын бичлэг хавтас хэрэг дотор байхгүй байгаа. Манай өмгөөлөгч нар удаа дараа камерын бичлэгийг үзүүлэхийг шаардсан ч өнөөдрийг хүртэл үзүүлээгүй. Шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болж, гэмт этгээдэд есөн жилийн хорих ял оноосон. Монголын шүүх хүний амийг ингэж л үнэлдэг юм байна. Хүүхдүүдийн мэдүүлэг зөрүүтэй, нотлох баримт хангалттай байсаар байхад хүүгийн минь амийг үнэгүйдүүлж байна. Гэмт этгээд хүүг минь хөнөөхөөс яг жилийн өмнө нь шүүхээр орж, торгуулах ялаар шийтгүүлж байсан юм билээ. Хүний амар хугалж, эрүүгийн хэрэгт холбогдож байсан. Эрүүгийн хэрэгт хоёр дахь удаагаа холбогдож, үйлдсэн байхад “Анх удаа хэрэг үйлдсэн” гэж үзээд есөн жилийн хохих ял оноосон. Хэрэг гарснаас хойш гэмт этгээдийг хорьсон. Одоо бараг нэг жил нь өнгөрчихлөө. Тэгээд 4-5 жил суугаад Өршөөлийн хуулиар гараад ирэх байхдаа. Хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш ээ. Дахиж ийм хэрэг гарахгүй байгаасай л гэж бодож сууна.

-Хөл хорионы үеэр ажилласан амралтын газрын эздүүдэд ямар хариуцлага тооцсон бэ?

         -“Мөнх Тэрэлж” амралтын газрын эздүүдийг 500 мянган төгрөгөөр торгосон байна лээ. Тэр газар нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг байсан гэсэн. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа нь өргөжөөд, нэмээд гэр барьчихсан амрагчдыг хүлээж аваад байж байгаа юм. Хэрэв амралтын газартаа хөл хорионы үеэр хууль зөрчиж амрагчид аваагүй бол. “Хиам зүснэ” гэсэн охидод хутга өгөөгүй байсан бол миний хүү өнөөдөр амьд байх байлаа. Үнэхээр харамсаж, гашуудаж, хүүгээ санаж байна.

-Хүү тань та нартай цуг амьдардаг байсан уу. Хамгийн сүүлд юу гэж утсаар ярьсан байданг юм бэ?

         -Хүү минь загвар өмсдөг, телевизд хөтлөгч хийдэг байлаа. Сайхан нуруутай, царайлаг, тусархуу, сайхан сэтгэлтэй, айлын том хүү байсан даа. Хүү найз охинтойгоо жил гаруйн хугацаанд хамт амьдарсан. Бид тухайн үед холбоо бариагүй бөгөөд найз охиндоо “Явчихаад ирье” гээд л гэрээсээ гарсан юм билээ. Уг нь миний хүү хавар нь цэрэгт явахаар төлөвлөөд ажлаасаа гарсан байсан.

-Хэргийг шалгасан цагдаа, прокурор сайн ажилласан гэж та бодож байна уу?

           -Налайх, Тэрэлжийн тэр шугуйд хүн амины олон хэрэг гардаг юм байна. Цагдаа, хуулийнхан хэргийг шалгах гэж халтуурддаг бололтой. Ял наймаалцана гэдэг чинь үнэхээр байдаг аж. Гэмт этгээд хэрэг гарсны маргааш нь Налайх дүүргийн шүүхийн зөвлөлийн даргынх нь өрөөнд хоол идэж, тамхи татаад сууж байсан гэсэн. Тэгэхээр тэд ямар танил талтай, хэргээ яаж шийдүүлэх нь тодорхой шүү дээ. Бүлэг хэрэг байхад бусад хүүхдийг ч шалгаагүй. Миний хүүгийн зодуулсан найзыг хүртэл хохирогчоор татаагүй гээд боддоо.

-Хэргийн тухай тэр шөнөдөө танд хэлсэн үү?

            -Хэрэг гарсны маргааш нь 14:00 цагийн үед Налайхын цагдаа над руу залгаж, хэлсэн. Би 16:00 цагийн үед цагдаагийн газар очсон. Намайг очиход хүүг минь хэдийн задлан шинжилгээнд оруулчихсан байсан. Тэгээд би хүүгээ ганцхан удаа хараад л өрөөнөөс нь хөөгдөөд гарсан. Үнсэж ч чадаагүй. Маш их гомдолтой байна. 

 


“МӨНХ ТЭРЭЛЖ” АМРАЛТЫН ГАЗАРТ АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН ЭЭЖ: Хүүг минь хөнөөсөн этгээд камер унтрааж, хутгаа нууж, хувцсаа шатаасан байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-24 08:56:17
    Өвгөн: Манай цагдаа.хуулиинхан үнэн новш шүү. Дандаа гэмт хэрэгтнии талд үйлчилнэ. Хүн алчихаад амьд сэрүүн жаргаад явж бгаа өчнөөн алуурчид биднии дэргэд шахуу инээгээд л явж бгаа. Ард түмэндээ биш алуурчид.хулгайч нарт үйлчилдэг төр. Тэр алуурчинд хувиараа л арга хэмжээ авахаас өөр зам үлддэггүй л хорвоодоо. Биеэрээ энэ зовлонг үзээд явж бна. Алуурчинг алахад ганц сум хангалттай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188