• Өнөөдөр 2024-05-16

Хоёр сар хайгаад "олоогүй" "Сэлэнгийн герефорд" ХХК-ийнхаа цаад эзэнтэй танилц, Б.БАТТӨМӨР ГИШҮҮН ЭЭ

2022-03-30,   4640

         Өчигдөр Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. Энэ үеэр УИХ-аас томилогдсон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн эзэн олдохгүй байгаа. Эзэн нь олдохгүй хэдэн үхэр л байна" хэмээсэн. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхний хоёр сар хайгаад "олохгүй" байгаа “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн цаад эзэн нь хэн болохыг УИХ-ын гишүүдэд зориулан танилцуулж байна. 

НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ “СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД” ХХК ХӨГЖЛИЙН БАНКАНД 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ

        “Сэлэнгийн герефорд” ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 оны наймдугаар сарын 24-нд 3.4 тэрбум төгрөг, гурван сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 1-нд 675 сая төгрөг буюу нийт 4.1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэхүү зээлийг махны чиглэлийн герефорд үүлдрийн үхэр үржүүлэх төслөөр авсан гэх. Гэвч энэ зээлээ 72 сар эргэн төлөөгүйгээс зээлийнх нь өр төлбөр 5.4 тэрбум төгрөг болоод байна. Хөгжлийн банкнаас найдваргүй зээлдэгч “Сэлэнгийн герефорд” ХХК-иас өрөө нэхэмжилж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаад буй. 
 
         “Сэлэнгийн герефорд” ХХК нь Улсын бүртгэлийн санд Лханаажавын Баянбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг ажээ. Харин гүйцэтгэх захирлаар нь Польш улсын иргэн Sowa Michal Grzegorz гэх хүн бүртгэлтэй байдаг юм байна. Хачирхалтай нь, Sowa Michal Grzegorz ба Лханаажавын Баянбаатар нарын хэн хэн нь өөр ямар ч компанид оролцоогүй буюу гаднаасаа хэний ч хамааралтай бус мэт харагддаг ажээ.
 
Тэгвэл Хөгжлийн банкнаас 4.1 зээл авч чадсан, тэгсэн мөртөө 72 сар зээлээ төлөлгүйгээр том толгойлж, найдваргүй зээлдэгч болсон “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн ард хэн байдгийг судалж үзлээ. 
 

“СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД” ХХК ХӨГЖЛИЙН БАНКНААС 4.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВАХ ҮЕД ТУС КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР НЬ ГОНГОРЫН ГАЛСАННЯМ ГЭГЧ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

       “Сэлэнгийн герефорд” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авах үед буюу 2018 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Галсанням гэх хүн ажиллаж байжээ. Тухайлбал, “Сэлэнгийн герефорд” ХХК нь махны чиглэлийн герефорд үүлдрийн үхэр үржүүлгийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Хөрөнгө оруулалт, эдийн чуулга, уулзалт” гэх арга хэмжээг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дунд зохион байгуулж байсан аж. Тус арга хэмжээнд “Сэлэнгийн герефорд” ХХК-ийг төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Г.Галсанням оролцсон тухай тэмдэглэжээ. Түүгээр зогсохгүй “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Галсанням нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай “Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор герефорд үүлдрийн өсвөр насны үржлийн 20 бухыг жил бүр нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, Г.Галсанням компаниа төлөөлөн гарын үсэг зурж байжээ. 
      Тэгвэл “Сэлэнгэ герефорд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Галсанням гэгчийг судалж үзвэл, тус компанийн цаад эзэн рүү хөтлөх ажээ. Тодруулбал, Улсын бүртгэлийн санд бүртгэгдсэнээр Гонгорын Галсанням нь “Таван хаан коул” ХХК, “Гоби коал просессинг плант” ХХК, “Баян агт хөгжил” ТББ, “Интерсис” ХХК, “Монбиф” ХХК, “Бльюмон металс” ХХК, “Эрдэнэт коппер корпорэйшн” ХХК-иудыг хамтран болон дангаараа эзэмшдэг, заримынх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Сонирхуулахад, Г.Галсаннямын хувь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Бльюмон металс” ХХК нь УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн эзэмшлийн компани гэдгийг мэдэх биз ээ. 
       Булган аймгийн Сэлэнгэ сум-"Эрээн бухт" ХХК-ийн герефорд үүлдрийн үхрийн ферм-Г.Галсанням
        Үргэлжлүүлэн, Г.Галсаннямын хувь эзэмшдэг компаниудыг тус бүрээр нь судалж үзвэл, “Монбиф” ХХК нь анхаарал татна. Учир нь Гонгорын Галсанням нь “Монбиф” ХХК-ийг Гэндэнпилийн Батдоржтой хамт эзэмшдэг бөгөөд тус компани нь фермерийн мал аж ахуй эрхлэх зөвшөөрөлтэй ажээ. Мөн Г.Галсанням, Г.Батдорж нар “Эрээн бухт” ХХК-ийг хамтран эзэмшиж, Г.Галсанням гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байжээ. Харин одоо тус компани Гэндэнпилийн Батдорж дангаараа эзэмшдэг юм байна. Тус компани нь Булган аймгийн Сэлэнгэ суманд махны герефорд үүлдрийн үхэр үржүүлдэг компани аж. Өөрөөр хэлбэл, “Монбиф” ХХК, “Эрээн бухт” ХХК-иуд нь Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Сэлэнгийн герефорд” ХХК-тай ижилхэн герефорд үүлдрийн үхэр үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. 
Эндээс Г.Галсаннямыг үлдээж, “Эрээн бухт” ХХК-ийн захирал Гэндэнпилийн Батдоржийг цааш судалж үзлээ. 
 

“ЭРЭЭН БУХТ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Г.БАТДОРЖ НЬ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТОМ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ “ХӨТӨЛ”-ИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ 

      “Эрээн бухт” ХХК-ийг захирал Г.Батдоржийг судалж үзвэл арвин намтартай нэгэн ажээ. Хамгийн том жишээ нь, Г.Батдорж нь 2015 оны үед Хөгжлийн банканд 269 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй “Хөтөл” ХХК буюу “Хөтөлийн цемент шохой”-н ерөнхий захирлаар ажиллаж байжээ. Тухайн үед “Хөтөлийн цемент шохой” компани Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ” хүртэж, Г.Батдорж захирлын хувиар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагналаа гардан авч байсан байна. “Хөтөл цемент шохой” компани Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийнх гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ.
Зүүн гар талаас гурав дахь нь Г.Батдорж- Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хөтөл" компанид "Төрийн гэрэгэ" гардуулж буй нь 2015 он.
 
        Үргэлжлүүлэн судалбал, Г.Батдорж хамгийн анхны бизнесээ 1990 онд буюу ахлах сургуулиа төгсөөд эхлүүлж байжээ. Тэр үеийн бизнесийн хамтрагч нь одоогийн “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд байсан аж. Харин албан ёсны бизнесээ 1994 онд эхлүүлжээ. Тодруулбал, Г.Батдорж нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяртай багийн найзууд ажээ. Учир нь  тэдний аавууд буюу Г.Батдоржийн аав Д.Гэндэнпил, Ж.Энхбаярын аав Ш.Жадамбаа нар Батлах хамгаалах яаманд хамт ажилладаг генералууд байсан учраас гэр бүлийн найзууд байжээ. Тиймээс ч Г.Батдорж, Ж.Энхбаяр нар хамт тоглож өсжээ. Ингээд тэд 1994 онд хамтдаа бизнес эхлүүлж, өдгөө Ж.Энхбаярын эзэмшдэг “Газар” ХХК-ийг хамтдаа үүсгэн байгуулж, “Алт” хөтөлбөр рүү хамтдаа орж байжээ. Дараа нь тэд хамтдаа “Сүлжмэлийн үйлдвэр”, “Дархан нэхий” зэргийг хувьчилж авч байжээ. Түүнчлэн Г.Батдорж нь Хаан банкны хувьчлалд ч оролцож явсан нэгэн юм байна. Энэ бүхний дараа буюу 2006 онд Г.Батдорж багын найз Р.Базартайгаа хамтраад “Алтайн хүдэр” ХХК-ийг үүсгэн байгуулж, уул уурхайн салбарт оржээ. Р.Базар нь алт магнат, “Баян” Базараа хочоороо зартайг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Харин үүний дараа Г.Батдорж “Хөтөлийн цемент шохойн” ерөнхий захирлаар томилогдсон аж. 

ЭРЛИЙН ЭЦСИЙН ЦЭГ БУЮУ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ “СЭЛЭНГЭ ГЕРЕФОРД” ХХК-ИЙГ ЭЗЭМШДЭГ Л.БАЯНБААТАР НЬ Г.БАТДОРЖИЙН ЭЭЖ АЖЭЭ

       Цааш үргэлжлүүлэн, Г.Батдоржийн хувийн намтрын тухай мэдээллийг цуглуулж, судалж үзлээ. Дээр дурдсанчлан Г.Батдоржийн аавыг Дэндэвийн Гэндэнпил гэдэг бөгөөд Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, армийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал ажээ. Хамгийн сонин нь түүний ээжийг нь Лханаажавын Баянбаатар гэдэг бөгөөд мөн л Батлах хамгаалах яаманд 26 жил ажилласан нэгэн ажээ. Өөрөөр хэлбэл, Г.Батдоржийн ээж Лханаажавын Баянбаатар нь Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Сэлэнгэ герефорд” ХХК-ийг эзэмшигч Лханаажавын Баянбаатар болж таарч байна. Ингээд бид Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл аваад, 72 сая эргэн төлөөгүй “том” толгойтой “Сэлэнгэ герефорд” ХХК-ийн цаад эзэн нь “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Хөтөл” компанийг удирдаж байсан, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын багын найз Г.Батдорж гэдгийг мэдэж авлаа. Чухамдаа герефорд үүлдрийн үхэр үржүүлгийн бизнестэй Г.Батдорж нь өөрийнхөө ээжийн нэр дээр “Сэлэнгэ герефорд” ХХК-ийг байгуулаад, махны герефорд үүлдрийн үхэр үржүүлэхээр Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авч, тэрийгээ төлөөгүй гэсэн үг шүү дээ. Сонирхуулахад, Г.Батдоржийн намын хамаарлыг судалж үзвэл, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө багын найз "Алтан дорнод Монгол"-ийн Т.Ганболдтой хамт ХҮН-д элсэж, улс төрд орохоор бэлтгэл хангаж байжээ.
 
 
 

Хоёр сар хайгаад "олоогүй" "Сэлэнгийн герефорд" ХХК-ийнхаа цаад эзэнтэй танилц, Б.БАТТӨМӨР ГИШҮҮН ЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-12 09:10:22
    А: Я
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-31 03:11:41
    dagii: Battumur shalgaad unen zuv gargah uu? gorid gej ug medene uu? uuruu bas no.toi amitan ijil zusmiin amitnaa shalgaj bgaag n nuguu delhiin ymandaa burtguulvel yasan ym be! iim shalgalt dehiid gants bizdee?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 17:05:46
    Zochin: Luivarchid vee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 14:49:21
    Зочин: Сахал хочит Должингийн Эрдэнэбилэг ЖАН ЖЕНКО хааны жолооч ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 14:48:53
    Эрхэм гишүүнээ: Та яагаад мэдэн будилаад Дархан Сэлэнгийхэнийг өмөөрөөд байна За энэ шалгалт ч мөн муу болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-30 14:48:52
    Эрхэм гишүүнээ: Та яагаад мэдэн будилаад Дархан Сэлэнгийхэнийг өмөөрөөд байна За энэ шалгалт ч мөн муу болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 18:45:31
    Зочин: Яанаа энэ идээч нарыг ёстой нэг цөлмөж өгчээ өрөө төлцгөө таануус
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 16:38:04
    зочин: Үхэрт мөнгө зараагүй байх, тэр нь халхавч, Цементийн захмрлаар ажиллаж байхдаа чанаргүй цемент үйлдвэрлээд өчнөөн тэрбумыг найзтайгаа нийлж гуссан нөхөр дөө. Одоо юмнууд цухуйж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 11:33:40
    Зочин: Хммм Хушаатад тийм үхэр үржүүлэг бий шүү. Уг нь дажгүй л төсөл юм шиг санагдсан. Энэ гэхдээ халхавч л даа, цаашаа ухвал зөндөө юм бий.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 08:51:51
    Зочин: Ингээл дан МАН ынхан авсан бгаа юмдаа хөгжлийн банкийг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188