• Өнөөдөр 2024-05-10

ХӨГЖЛИЙН БАНКЫГ “ЦӨЛМӨСӨН” НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИДТЭЙ ТАНИЛЦ-III

2022-02-07,   5128

           Монгол Улсын Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээсээ авлагаа нэхэж ядаад, арга буюу нэрcийг нь нийтэд зарлаад буй. Эргэлт.мн мэдээллийн сайт Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь зээл авчихаад, буцааж төлөхөө “мартчихсан” төрийн сэтэртэй эрхмүүдийн хамааралтай компаниудыг цувралаар танилцуулж байгаа билээ.


         “Монлаа” ХХК 2014 оны арваннэгдүгээр сарын 8-нд Хөгжлийн банкнаас “Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих” төслөөр 5.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч зээлээ төлөлгүй 75 сар болж, зээлийнх нь хуримтлагдсан өр төлбөр нь 7.5 тэрбум төгрөг болсон учраас Хөгжлийн банк шүүхэд хандаад буй. 
 
Тэгвэл “Монлаа” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хүү, Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярын хүргэн эзэмшдэг үү. Холбох, хардах баримтууд хэд хэд байна. 
 

ОРШИЛ: “МОНЛАА” ХХК АНХ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН БЭ

          УИХ-ын гишүүн асан М.Билэгт 2015 онд буюу УИХ-ын гишүүн болохоор Хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнахдаа “Монлаа” ХХК-ийг 50 хувь эзэмшдэг гэж мэдүүлж байсан. 2019 онд “Монлаа” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын лицензүүдийн асуудал анхаарлын төвд орж, М.Билэгттэй холбож эхэлсэн. Улмаар М.Билэгт “Монлаа” ХХК-тай огт холбоогүй гэх тайлбар хийсэн байдаг. Тухайлбал тэрбээр “Би “Монлаа” ХХК-ийн захирал Ж.Энхсайханд дөрвөн сая ам.доллар зээллүүлж, зээлийн барьцаа болгож “Монлаа” ХХК-ийн 50 хувийг түр эзэмшиж байсан. Гэхдээ 2016 онд өр авлага дууссан учраас “Монлаа” ХХК-ийн хувьцаа эзэмшлээс нэрээ хасуулсан” гэж тайлбарласан байдаг. “Монлаа” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төмрийн хүдрийн олборлолт хийдэг гэх бөгөөд “Ухаа овоо”, “Номт”, “Элстэй”, “Толгод” гэх ашиглалтын болон хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани. 
 

“МОНЛАА” ХХК-ИЙГ ОДОО УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТИЙН ХҮҮ ЭЗЭМШДЭГ ҮҮ

 
            Хөгжлийн банкны 7.5 тэрбум төгрөгийн найдваргүй зээлдэгч “Монлаа” ХХК-ийг Хишигжаргалын Энхсайхан, Нанзадын Болдхүү, Мөнхжаргалын Ганбагана гэх гурван хүн эзэмшиж байна. Тэднээс Мөнхжаргалын Ганбагана нь УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн төрсөн хүү гэж холбох, хардах хэд хэдэн баримт байна.
 
Баримт-1: Мөнхжаргалын Ганбагана нь 2016 оны тавдугаар сарын 11-нд буюу УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг “Монлаа” ХХК-ийн хувь эзэмшлээс нэрээ хасуулмагц оронд нь бүртгүүлсэн нэгэн ажээ. Эндээс харвал, М.Билэгт 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул цаашид өөрийнхөө нэрийг ашигт малтмалын олон лицензтэй компанитай холбоотой байлгахыг хүсээгүй учраас өөрийнхөө оронд төрсөн хүүгийнхээ нэрийг бүртгүүлсэн байж болох. 
УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн өөрийгөө "Монлаа" ХХК-тай холбоогүй гэж 2019 оны нэгдүгээр сард нийтэлсэн тайлбар...
Мөнхжаргалын Ганбагана 2016 оны тавдугаар сарын 11-нд "Монлаа" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн нь...
 
Баримт-2: УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг “Ачлал” группийн эзэн гэдгээр нь хэн хүн андахгүй. Тэгвэл М.Билэгт “Ачлал” группийг нөхөр Батаагийн Мөнхжаргалтайгаа хамт эзэмшдэг. Сонирхолтой нь, “Ачлал” группийн бас нэг том хувьцаа эзэмшигч нь Мөнхжаргалын Ганбагана. Түүгээр зогсохгүй, М.Билэгтийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед Мөнхжаргалын Ганбагана нь “Ачлал” групп болон охин компаниуд болох “Ачлал констракшн” ХХК, “Ачлал эхлэл” ХХК, “Ачлал трейд” ХХК, “Ачлал жаргалан” ХХК, “Ачлал оранж” ХХК-иудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаас гадна одоо ч дээрх бүх компанийн хувьцаа эзэмшигчээр нь бүртгэлтэй байдаг. Түүгээр зогсохгүй, “Ачлал констракшн” ХХК-ийг дангаараа эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Одбаярын Халиун ажилладаг юм байна. Харин “Ачлал” группийн өөр нэг охин компани болох “Ачлал сервис” ХХК нь Мөнхжаргалын Балжиннямын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. 
 
Баримт-3: УИХ-ын гишүүн М.Билэгт хувийн бизнесээ эхлээд удаагүй байхдаа буюу 1995-1997 онд “Багана” ХХК-ийг үүсгэн байгуулан ажиллаж байснаа намтартаа бичсэн буй. Ганбагана хүүгийнхээ нэрээр “Багана” ХХК-ийг байгуулж байсныг үгүйсгэх аргагүй. 

“МОНЛАА” ХХК БОЛОН “АЧЛАЛ” ГРУППИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ М.ГАНБАГАНА ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА АСАН Д.ОДБАЯРЫН ХҮРГЭН ҮҮ

        УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяртай худ ураг гэх яриа бий. Яриа төдий ч биш хамт авхуулсан зураг нь ч байна. Тэгвэл Хөгжлийн банканд 7.5 тэрбум төгрөгийн найдваргүй зээлтэй “Монлаа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу “Ачлал” группийн хувьцаа эзэмшигч М.Ганбагана нь Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярын хүргэн үү. Нэгэн сонирхолтой баримт олсноо хүргэж байна.
 
        Тодруулбал, Мөнхжаргалын Ганбагана нэрээр мэдээлэл хайж үзлээ. Гэтэл 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Мөнхжаргалын Ганбагана гэгч залуу мэргэжилтнээр ажилд оржээ. Ингээд төрийн албан хаагч болсон учраас журмын дагуу Хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнасан байна. Түүнийг нь үзвэл, Мөнхжаргалын Ганбагана нь 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууц, нэг зуслангийн хаус, хоёр авто зогсоолтой, бусдаас 26.9 тэрбум төгрөгийн авлагатай, “Ауруг мандал” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Яамны мэргэжилтэн таван орон сууц, нэг хаустай, тэгээд дээрээс нь бусдаас 26 тэрбум төгрөгийн авлагатай байна гэж үү. Мэдээж “Асралт” групп шиг олон охин компанитай группийн өв залгамжлагч биш л бол ийм боломж хомс.
 
         Энэ эргэлзээнээс хөвөрдөж, “Ауруг мандал” ХХК-ийг судалж үзсэн юм. Гэтэл Өмнөд Солонгост “өгзөг”-ний асуудалд орооцолдож ирээд огцорсон Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Доржийн Одбаяр 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ауруг мандал” ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. Харин 2020 онд тус компанийн хувь эзэмшлээс нэрээ хасуулсан бөгөөд оронд нь түүний охин Одбаярын Халиун эзэмшдэг болсон юм байна. Одбаярын охин О.Халиуны эзэмшдэг “Ауруг мандал” ХХК-ийг М.Ганбагана яах гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байж болох вэ, нэмэлт тайлбар илүүц биз. Түүгээр зогсохгүй, Одбаярын Халиун нь дээр дурдсанчлан Мөнхжаргалын Ганбаганын эзэмшдэг “Ачлал констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 
 

ХӨГЖЛИЙН БАНКЫГ “ЦӨЛМӨСӨН” НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИДТЭЙ ТАНИЛЦ-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-22 23:10:36
    А: Энд нэг нуугаад зүйл б.на. Сандаг-Очир ЦЕГ-т байсан Н.Багөбанди гуйгаас гуйж ГЕНЕРАЛ цол авчээ.... Хоёр УНАГАНЫ ХӨШӨӨ хаана б.на вэ????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-22 00:47:46
    B.zochin: Alban tushaal erh medeld hursen humuus ihenh ni hud urag boltsgooson niilj idej uuh, hulgailj deeremdeh ajliig garguund sain hiih yumaa Iim shudarga bus novshnuudiig ard tumen uzen yadahaas uur yah bilee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 19:37:38
    Хүз: ха ха ийм доод түвшний мэх хийдэг хмстэй яаж тэмцэх вэ дээ. хүү рүүгээ шилжүүлэнгүүтээ надтай хамаагүй болсон гэж авсым уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-21 16:54:43
    зочин: Төрдөө хулгайч дээрэмчдийг залсан улс орон яаж ч хөгжих вэ. Ард иргэд нь ядуурлаас гадна гэдэг гонжийн жоо юм байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188