• Өнөөдөр 2024-05-09

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ХӨГЖЛИЙН БАНКИЙГ “ЦӨЛМӨСӨН” НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИДТЭЙ ТАНИЛЦ

2022-02-06,   2793

          Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн дуулиан тасрахгүй байна. Хамгийн гол нь, тус банкны чанаргүй зээлдэгчдийн цаад эзэд нь улс төр, бизнесийн томчууд байгаа нь гал дээр тос нэмж, эрх баригч МАН-ын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж эхлээд буй. Тэгвэл бид 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олгосон 352 зээлийн хариуцагч, олгосон зээлийн зориулалт, үнийн дүн, зарцуулалтыг цувралаар дэлгэж байгаа. Энэ удаад УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж нарын компаниуд Хөгжлийн банкийг хэрхэн "цөлмөсөн"-ийг танилцуулж байна. 

ДАРХАН АВАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН А.СҮХБАТЫН ТӨРСӨН ДҮҮГИЙН “ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГ” ХХК ХӨГЖЛИЙН БАНКАНД 23.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ

         Үндэсний бөхийн Дархан аварга А.Сүхбат УИХ-ын гишүүнээр сонгогдмогцоо буюу 2017 онд ЖДҮХС-гаас “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иар дамжуулан 800 сая төгрөгийн зээл авсан дуулиан дэгдэж байлаа. Тухайн үед А.Сүхбат “Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь” хэмээн гүрийж байсан ч төд удалгүй үнэнд гүйцэгдэж, нотлох баримтууд нь ил болж байдаг. Тэгвэл түүний хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн ЖДҮХС-гаас авсан 800 сая төгрөгийн дуулиан ердөө л мөсөн уулын орой төдий байжээ. Тодруулбал, “Түгээмэл түмэн хишиг” ХХК Хөгжлийн банкнаас 2018-2020 оны хооронд нийт найман удаагийн гүйлгээгээр 18.5 тэрбум төгрөг зээлж авсан байна. Гэвч зээлээ эргүүлж төлөөгүй тул зээлийн хуримтлагдсан өр төлбөр нь 23.9 тэрбум төгрөг хүрчээ. 

Задаргаа хийж үзвэл, “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 оны наймдугаар сарын 23-нд 2.7 тэрбум төгрөг, 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд 1.7 тэрбум төгрөг, 2018 оны нэгдүгээр сарын 31-нд 3.1 тэрбум төгрөг, 2019 оны гуравдугаар сарын 29-нд 991 сая төгрөг, 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд 756 сая төгрөг, 2019 оны аравдугаар сарын 10-нд 7.4 тэрбум төгрөг, 2019 оны аравдугаар сарын 24-нд 1.4 тэрбум төгрөг, 2020 оны долдугаар сарын 3-нд 162 сая төгрөг тус тус зээлжээ. Тус компанийн Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөг зээлж авсан хугацаа А.Сүхбатын УИХ-ын гишүүнээр ажилласан хугацаатай давхцаж буйг хэлэх нь бараг илүүц биз. 

Тэгвэл Хөгжлийн банкнаас асар их хэмжээний буюу 18.5 тэрбум төгрөг зээлээд, эргэн төлөлт хийгээгүй “Түгээмэл түмэн хишиг” ХХК үндэсний бөхийн Дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хэрхэн холбогддогийг тайлбарлая. “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Гантөмөрийн Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд А.Сүхбатыг бизнесийг отгон дүү А.Баттөгс нь хариуцаж гэхэд болно. Тухайлбал, А.Сүхбатын өөрийнх нь үүсгэн байгуулж, УИХ-ын гишүүн байхдаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаг байсан “Алтан хүнс групп” ХХК болон тус компанийн салбар болон “Дархан конфорт цогцолбор” зочид буудлыг түүний отгон дүү А.Баттөгс нь эхнэр Г.Буяндэлгэртэйгээ хамт 2016 оноос хойш хариуцан ажиллуулж байж. Харин өдгөө “Алтан хүнс групп” ХХК нь А.Сүхбатын хүү С.Хангайханы нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ А.Баттөгс “Алтан хүнс групп” ХХК-ийн бүр мөсөн орхиогүй буюу хамааралтай хэвээрээ. Учир нь, Хөгжлийн банканд 23.9 тэрбум төгрөгийн зээлтэй А.Баттөгс болон түүний эхнэр Г.Буяндэлгэрийн нарын эзэмшдэг “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь “Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, “Алтан хүнс групп” ХХК-ийн байранд түрээсээр” гэх хаягаар гэж Улсын бүртгэлийн санд бүртгүүлсэн байдаг. Маш товчхондоо А.Баттөгс, А.Сүхбат нарын бизнес одоо ч цуг гэсэн үг.  
УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгс болон түүний эхнэр Г.Буяндэлгэр нар "Алтан хүнс групп" ХХК-ийн албан өрөөнд. 2016 он. Зургийн эх сурвалж: Масс.мн
Сонирхуулахад, “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны тухайд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн автозамын дэргэд “Тайван зогсоол” гэх авто зогсоолтой. Тус зогсоол нь 1800-2500 машины зогсоол, 420 ор бүхий зочид буудал, 350 хүний суудалтай хоолны газартай гэх. Гэхдээ “Нүүрс тээврийн нэг автомашиныг хоногийн 20 мянгаар зогсооно” гэснээрээ жолооч нарын шүүмжлэлд өртөж байсан удаатай. 

“МАХН”-ЫН Ц.ШАРАВДОРЖИЙН ХҮҮГИЙН “ШАНХ МАЙНИНГ” ХХК ХӨГЖЛИЙН БАНКАНД 7.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ

        “Шанх майнинг” ХХК нь Хөгжлийн банкнаас 2019 оны есдүгээр сарын 7-нд 1.6 тэрбум төгрөг, 2019 оны есдүгээр сарын 24-нд 679 сая төгрөг төгрөг, 2019 оны аравдугаар сарын 22-нд 1.7 тэрбум төгрөг, 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд 1.0 тэрбум төгрөг, 2020 оны нэгдүгээр сарын 17-нд 424 сая төгрөг тус тус зээлжээ. Өөрөөр хэлбэл, 2019-2020 оны хооронд таван удаагийн гүйлгээгээр 5.6 тэрбум төгрөг авсан байна. Гэвч зээлээ эргэн төлөөгүйгээс зээлийн хуримтлагдсан өр төлбөр нь нийлээд 7.2 тэрбум төгрөг хүрээд байна. 

Тэгвэл “Шанх майнинг” ХХК нь Шаравдоржийн Билэгтэй гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Цааш нь дэлгэрүүлж судалбал, “МАХН”-аар овоглодог хууччуулын нэг буюу УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Шадардоржийн хүүгийн компани ажээ. Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөг зээлж чадсан энэ компани ямар үйл ажиллагаа явуулдгийг нь судалж үзвэл, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн зам дагуу “Тээвэрчдийн хотхон” байгуулах төслийг санаачилсан. Тэгвэл тус төслийн хэрэгжүүлэгчээр “Шанх майнинг” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр нь “Гандирс” ХХК ажилласан аж. Гэтэл “Гандирс” ХХК нь Ц.Шаравдоржийн гэргий Ц.Эрдэнэчулууных, “Шанх майнинг” ХХК нь түүний хүү Ш.Билэгтэйнх болж таарч байна. Үүнийг батлах нэг зүйл нь, Ц.Шаравдорж 2020 оны гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын эдийн засгийн амин сүнс болсон нүүрс тээвэрт явж байгаа 14 мянга гаруй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэхийн тулд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой гэж үзэж “Тээвэрчдийн хотхон” байгуулах шийдвэр гаргасан юм. Би энэ төсөлд оролцож байгаа хувийн хэвшлийн нэг компанид зөвлөж байгаа” хэмээн ярьж байжээ. 

        Ц.Шаравдоржийн хувьд 1992-2008 оныг хүртэл УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Тамгын газрын дарга, МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх, ажиллаж байсан Монгол Улсын Гавьяат хуульч цолтой нэгэн. Мөн тэрбээр МАН, МАХН хоёр салахад бууриа сахиж, МАХН-д үлдэж, Н.Энхбаярын дэргэд үлдсэн бөгөөд улс төр, бизнесийн нөлөөтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг. Ганц жишээ дурдахад, Ц.Шаравдоржийн эхнэр Ц.Эрдэнэчулууны “Гандирс” ХХК-ийг Улсын их дэлгүүрийн зүүн талд орших “Гандирс” барилгаар нь хүмүүс илүү сайн мэдэх биз ээ. 
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: ХӨГЖЛИЙН БАНКИЙГ “ЦӨЛМӨСӨН” НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИДТЭЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-09 15:48:20
    A: Nogoo 1 halhiin atmantai heden ter bumaar moriitei toglood bj bdgiin bnlee shdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-09 15:47:08
    W: Shorond hiigeecheee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-09 08:32:24
    Мөнхөө: Энэ Шаравдоржийн цаана шуналын бузартай авгай нь байдаг юм. Шаравдорж гуайн төрсөн охиныг дарамталсаар байгаад алсан. Одоо ганц төрсөн хүүг нь бас ялгаварладаг арай л балиар авгай бнлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-03 16:10:56
    zochin: ach chuugiin ner deer bas baidag ene Scharavdorj bas l ich um churaasan chundee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-03 16:10:55
    zochin: ach chuugiin ner deer bas baidag ene Scharavdorj bas l ich um churaasan chundee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-03 09:46:29
    цагаан: их хуралд сууж төрийн мөнгийг хулгайлах гэсэн бодолтой хүмүүсийн зүтгэдэг улайран дайрдаг газар нь саарал ордон энэ ордноос л бүх л луйварчид бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-02 06:57:14
    Мөнх: Сайн бичсэн бна Тэр Сонгоулд ХХК ийг илчлээд өгөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-01 13:23:06
    badaa: nastan buuraluud hojim hanilsan bhaa ,teheer bie biedee zuvluh hormiin hugatsaa bailguidee huurhii .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-01 12:48:36
    zochin : новшнууд бүгд үхэж далд ор
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188