• Өнөөдөр 2024-03-29

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбатын компани Хөгжлийн банканд 17 тэрбум төгрөгийн ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ

2022-01-24,   1053

         Монгол Улсын Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээсээ авлагаа нэхэж ядаад, арга буюу 26 компанийг нэрийг нийтэд зарласан. Алдарт “ЖДҮ”-гийн дуулианы дайтай буюу төрийн сэтэртэй эрхмүүдийн компаниуд Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбумаар нь зээл аваад буцааж өгөхгүй луу унжиж байгаа баримтууд гарч ирж байна. Эргэлт.мн мэдээллийн сайт төрөөс зээлсэн мөнгөө өгдөггүй, тэгэх мөртөө төрд алба хашиж яваа нөхдийн зарим компаниудаас энэ удаад Хөгжлийн банканд 17 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж буй Ш.Үнэнбатын “Бармон” ХХК-ийг танилцуулж байна. 
          “Бармон” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд 13.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн X хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Шинэчлэл” хороолол барих орон сууцны төслөөр энэхүү зээлийг авсан аж. Гэвч авсан зээлээ эргүүлж төлөлгүй 54 сар болж, хуримтлагдсан өр төлбөр нь 17 тэрбум төгрөг болоод байна. Тиймээс Хөгжлийн банкнаас арга буюу шүүхэд хандаж, нэрийг нь нийтэд зарлаад байгаа юм. 

             “Бармон” ХХК нь нэг гэр бүлийн эзэмшлийн буюу Монгол Улсын Гавьяат барилгачин Ламжавын Шагдаррагчаа болон түүний хүүхдүүдийн эзэмшилд байдаг. Тухайлбал, аав Л.Шагдаррагчаа, түүний Ш.Үнэнбат, Ш.Төгсбат, Ш.Эрдэнэбат, Ш.Ариунбат, Ш.Батцэцэг гэх таван хүүхдийнх нь нэр дээр “Бармон” ХХК бүртгэлтэй байдаг гэсэн үг. Мөн энэ гэр бүлийн мэдэлд “Барилга” ХК, “Бармон трейд” ХХК, “Алслал трейд” ХХК, “Макос” ХХК, “Эм Си Си корпорэйшн” ХХК, “Нейшнл катеринг сервис” ХХК зэрэг компаниуд бий. 

 

"БАРМОН" ХХК-ИЙГ ТӨРД ТӨЛӨӨЛӨГСӨД

        “Бармон” ХХК-ийн эзэн Л.Шагдаррагчаагийн хувьд 1994 оноос хойш “Барилга” корпорацын Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын яамны тэргүүн дэд сайд, сайдын зөвлөх, 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан улстөрч, Гавьяат барилгачин цолтой нэгэн. 
          Харин түүний хүү, “Бармон” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Үнэнбат нь 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Мөн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга гэх “давхар дээл” нөмөрч амжсан. Харин одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр 4.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууц, 680 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, найман компанид хувьцаа эзэмшдэг чамгүй хөрөнгөлөг нөхөр. 

Харин түүний ах Ш.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуулиар “Та бидний эвсэл”-ээс Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байсан. Ш.Эрдэнэбатын хувьд дүү Ш.Үнэнбатаасаа ч баян буюу 5.0 тэрбум төгрөгийн үнэтэй нэг амины орон сууцтай, 790 сая төгрөгийн газартай, 5.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай нэгэн. 

         Уг нь энэ гэр бүл барилгаар дагнасан олон компанитай, хөрөнгөлөг гэр бүлүүдийн нэг. Жишээлэхэд, Л.Шагдаррагчаагийн Ш.Үнэнбат, Ш.Эрдэнэбат гэх улстөрч хоёр хүүгийнх нь зөвхөн орон сууц, хадгаламж хоёр нь нийлээд л Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөн дүнтэй нь дүйж, цаашилбал давж байх ажээ. Гэвч 54 сарын хугацаа өнгөрсөн ч төлөөгүйн дээр, шүүхэд хандаад ч тусыг эс олоод байна. 
 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөх Ш.Үнэнбатын компани Хөгжлийн банканд 17 тэрбум төгрөгийн ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188