Энэ цаг үед эрх мэдэл, албан тушаалын оргилд байгаа МАН-ынхны эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь түнтийж байгааг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” цувралаар хүргэж эхэлсэн билээ. Эхний удаад бид “КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН” гэх гарчигтайгаар нийт дөрвөн цувралыг бэлтгэн хүргэсэн. “КОМПАНИЙН “МАГНАТ”, ТЕНДЕРИЙН “ХААН”, МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН-III" цувралдаа Монголын толгой баяны дайтай томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй Д.Амарбаясгалангийн ажил, амьдралын хамтрагч Х.Мандахбаярын өөрийнх нь нэр дээрх хувийн бизнесүүдийг нь танилцуулсан. Тэгвэл энэ удаад бид Х.Мандахбаярын ажил хэрэг, анд нөхдийнх нь холбоог судалж, Английн Виржинийн арлууд, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, цаашлаад оффшор бүсэд данстай компаниудтай холбогдож буй ноцтой баримтыг хүргэх гэж байна. Өөрөөр хэлбэл, Х.Мандахбаяр харьд бүртгэлтэй, монголтой холбоотой компаниудын санхүүжилтээр барилгын төслүүд хэрэгжүүлж, МАН-ыг санхүүжүүлж байж болох уу.
ОРШИЛ: Х.МАНДАХБАЯРЫН БАРИЛГЫН ТӨСЛҮҮД БА НИЙГЭМД ҮҮССЭН ХАРДЛАГА
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нар 20 жил нөхөрлөж яваа андууд гэдгийг өмнөх дугаартаа онцолсон. МАН-ын генсек Д.Амарбаясгаланд Х.Мандахбаярыг зөвхөн найз нөхөд, нэг нам гэдгээр нь хамаатуулсан хэрэг биш, харин тэдний хүзүү сээрээрээ холбоотой компаниуд хэвлэл мэдээллийн зах зээлд хамтран бизнес эрхэлдэг учраас тэр юм. Өмнөх дугаартаа Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниуд Х.Мандахбаярын компаниудтай ямар сэжмээр, яаж холбогддогийг жагсаасан тул энэ удаад нэмж дурдах нь илүүц байх. Харин Х.Мандахбаяр Д.Амарбаясгалангаар дамжуулж, эрх баригч МАН-тай салшгүй холбоотой байж, хамгаалуулж, нэр дэвшиж, хариуд нь МАН-ыг санхүүжүүлэх "бохир" ажлыг хариуцдаг болсон юм биш биз хардлага байгаа юм.
Тухайлбал, Х.Мандахбаяр өнгөрөгч 2021 оноос эхлээд гэнэт л Монголын толгой баяны дайтай томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж, хэн хаанаас медаль авна байр, машинаар шагнан сүрийг үзүүлж, өөрийн компанийн 40 гаруй ажилтнаа болон хамтран байгууллагуудынхаа ажилтнуудыг орон сууцаар шагнан аархаж, тэр чинээгээрээ олны анхаарлын төвд байх болсон. Тухайлбал, Х.Мандахбаярын “Эрхэт монгол” групп дангаараа 500 айлын “Гранд маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 600 айлын “Сити ресиденс” хотхоны төслийг өнгөрөгч 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн юм. Мөн “Стандарт холдинг” ХХК-ийн 1200 айлын “Гранд ресиденс” хотхоны төсөлд “Эрхэт монгол” групп хамтарч байгаа. “Эрхэт монгол” группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн ярилцлагадаа “Гранд маршал болон Сити ресиденс төсөл эхэлснээсээ хойш 140 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна” хэмээн ярьсан байдаг. Чухамдаа зөвхөн 500 айлын “Гранд маршал” хотхоны байрууд нь л гэхэд 300 саяас 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй гэхээр дээрх гурван орон сууцны төсөл нь хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдүүлэх төслүүд гэж болно. Эндээс нийгмийн анхаарал татсан нэг зүйл нь, цар тахлын нөлөөгөөр барилгын салбар бүхэлдээ хямарч, энэ салбарын үндсэн тоглогчид хүртэл төслүүдээ царцаагаад байхад хэвлэл мэдээллийн хэдэн хэрэгсэлтэй “Эрхэт монгол” групп хэдэн зуун тэрбумаар тоологдох санхүүжилттэй төслүүд хэрэгжүүлээд эхэлсэн явдал байв.



Үүнээс улбаалж, “Хадгаламж зээлийн хоршооны хар түүхтэйгээ саяхныг болтол “зууралдаж”, цалингаа тавьж чадахгүй сандарч явсан Х.Мандахбаяр хаанаас ийм их мөнгө олоод байна вэ, хэний хөрөнгөөр туйлаад байна, барилгын томоохон төслүүд хэрэгжүүлж, түүнийгээ зориудаар нийтийн анхааралд оруулаад байгаа нь цаанаа ямар зорилготой вэ, Д.Амарбаясгалан ба МАН холбоотой юу” гэх хардлага, эргэлзээнүүд гарах боллоо. Мөн “Сүүлийн үед “моод”-нд ороод байгаа аргачлалаар буюу оффшор бүсийн хөрөнгийг барилгыг салбар луу оруулах замаар угааж МАН-ын санхүүжилтийг хийж байгаа юм биш биз” гэж хардах хүмүүс ч байна. Хардах эрх хэнд ч бий, хардах нь ч зөв. Тиймээс бид дээрх хардлагуудад хариулт хайсан нь энэ юм. Х.Мандахбаяр үнэхээр оффшор бүсээс орж ирсэн бохир мөнгийг барилгын төслүүдээр дамжуулан “угааж”, МАН-ыг санхүүжүүлж буй юм биш биз...

Сануулахад, “Эрхэт монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын ажил хэрэг, анд нөхдийн холбоог нь шүүж үзвэл уул уурхайн бизнестэй “салшгүй” холбоотойн дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Виржинийн арлууд, Австрали, Хонгконгийн хөрөнгийн бирж зэрэгт бүртгэлтэй компаниудтай холбогдож байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг эхлээд хэлэх нь зүйтэй болов уу.
Х.МАНДАХБАЯРЫН ААВ Э.ХАРХҮҮ, ДҮҮ Х.ОДБАЯРТАЙ ГУРВАН КОМПАНИ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ Б.ЭНХЖАРГАЛ НЬ ОФФШОР БҮСЭД КОМПАНИТАЙ ХОЛБОГДОЖ БАЙНА
МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын аав УГЗ Э.Хархүү “Өмнөговийн оюуны хөгжлийн сан” сан, “Хаан тавантолгой” ХХК, “Чингис олон улсын хэвлэл мэдээллийн төв” ТББ, “Сэлбэ девелопмент” ХХК, “Үндэсний цаг сэтгүүл” ХБМ зэрэгт хувьцаа эзэмшдэг. Тэгвэл түүний “Хаан тавантолгой” ХХК нь анхаарал татна. Энэ компанийн тухай Х.Мандахбаяр нэг удаа “2011 онд байгуулагдсан цагаасаа ажиллаагүй хоосон компани. Тээврийн бизнес хийх манай найзуудын санаачилга бүтээгүй юм” гэж твиттерт тайлбарлаж байжээ. Гэхдээ судлаад үзвэл, “Хаан тавантолгой” ХХК “хоосон” байж болох ч хувьцаа эзэмшигчид нь хоосон биш ажээ. Тухайлбал,
Х.Мандахбаярын аав Э.Хархүүгийн “Хаан тавантолгой” ХХК-д дөрвөн хүн хувьцаа эзэмшдэг бөгөөд тэднээс Бадарын Энхжаргал гэгч нь анхаарал татна. Б.Энхжаргалыг судлаад үзвэл, Х.Мандахбаярын төрсөн дүү Х.Одбаяртай “Монитор” ХХК-ийг хамтран эзэмшдэг ажээ. Мөн өмнө нь Х.Одбаяр буюу Х.Мандахбаярын үүсгэн байгуулсан анхны компаниудынх нь нэг “Бест компьютерс” ХХК-ийг эзэмшиж байсан аж. Чухамдаа Х.Мандахбаярын аавтай нь ч, дүүтэй нь ч компани хамтран эзэмшдэг буюу Х.Мандахбаярын өөрийнх нь тодорхойлсончлон дотнын найз нь ажээ.


Тэгвэл Б.Энхжаргал нь оффшор бүсэд данстай гэж дэлхий нийтэд зарлагдаж байсан компанитай холбогддог нэгэн ажээ. Тухайлбал, Б.Энхжаргал саяхныг хүртэл “Вестерн Монголиан девелопмент" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй явж ирсэн байна. Энэ компани нь “СДДГ”ХХК гэх нэрээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж, хэд хэдэн лиценз эзэмшиж байгаад нэрээ өөрчилсөн аж. Цааш нь хөөвөл, “Вестерн монголиан девелопмент” ХХК-ийг Британийн Виржини арлуудад бүртгэлтэй “Active time holding limited” компани, “Ханбогд эксплорейшн” компани тус тус эзэмшдэг юм байна. Харин “Ханбогд эксплорэйшн” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдинг Лимитед” компани эзэмшдэг аж. Энэ компани нь “Гал XV-018532”, “Ханбогд XV-018269” гэх хоёр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.


Хамгийн ноцтой нь, Англид бүртгэлтэй “Кью Жи Экс Холдинг лимитэд” компани нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнс” компанийн монгол дахь охин компани болох “Монгол металс” ХХК-тай хамтран “Оюут-Улаан” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут-Улаан” ХХК нь алдарт “Хармагтай” алт, зэсийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь эзэмшдэг. Оюутолгойн ордтой эн тэнцэхүйц гэж яригддаг Хармагтайн орд газрыг 2013 оны есдүгээр сарын 27-нд дээрх хоёр компанийн эзэмшлийн “Оюут-Улаан” ХХК эзэмшиж эхэлсэн байдаг. Хармагтайн ордыг 680 мянган тонн зэс, 70 тонноос багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлж байсан бөгөөд жил ирэх бүр нөөц нь нэмэгдсээр буй юм. Ингээд зогсохгүй ““Кью Жи Экс Холдинг лимитэд” компанийг 2017 онд Монгол 165 лиценз эзэмшдэг буюу хамгийн олон лиценз эзэмшдэг гэж мэдээлж байжээ.


Үргэлжлүүлэн судалбал, “Кью Жи Экс холдинг лимитед” компанийн эзэмшдэг “Ханбогд эксплорэйшн” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, Сэнтрал Тауэр 708-713 тоот” гэх хаяг дээр бүртгэлтэй байдаг бөгөөд “Керри Монголиа” ХХК гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани энэ хаяг дээр давхар бүртгэлтэй байна. Судлаад үзвэл, “Кью Жи Экс”, “Керри монголиа” компаниуд хамтран “Керри Кью Жи Экс” компани байгуулаад татан буулгасан түүхтэй аж. Тэгвэл “Керри Монголиа” компанийг Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Kerry mining” компани эзэмшдэг ажээ. Энэ компанийг судлаад үзвэл, өнгөрсөн онд “Paradise papers”-ээс ил болгосон баримтууд буюу оффшор бүсэд данстай компаниудын жагсаалтад багтаж байжээ. Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд данстай компани гэсэн үг. Үүнээс цааш хөөвөл, “Kerry mining” компани нь “М-Си-Эс” групптэй холбогддог юм байна.


“Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын аав Э.Хархүү, дүү Х.Одхүү нартай гурван компани хамтран эзэмшдэг Б.Энхжаргал гэгч нь ингэж Англи, Австралид бүртгэлтэй, цаашлаад оффшор бүсийн компанитай холбогддог ажээ.
УИХ-ЫН ГИШҮҮН, Х.МАНДАХБАЯРЫН ХАМТРАГЧ Н.НАРАНБААТАР БОЛОН ТӨРСӨН ДҮҮ Н.ОЧГЭРЭЛ НЬ ВИРЖИНИ АРЛУУДАД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДТАЙ ХОЛБОГДОЖ БАЙНА
“Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, тэр дундаа Б.Чойжилсүрэнгийн уурхайтай тэмцэл өрнүүлж, түүнд нь Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нэгдэн хамтран зүтгэж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх “Хариуцлагатай уул уурхайн төлөө” хэмээн Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарыг хамтад нь Өмнөговь аймгаас нэр дэвшүүлсэн. Н.Наранбаатар олонхын санал авч УИХ болж чадсан бол Х.Мандахбаяр гурваар жагссан байдаг. Х.Мандахбаяр, Н.Наранбаатар хоёрын Өмнөговь дахь хоршил зөвхөн Тост, Тосон бумбын нурууны тэмцэл дээр ч бус бүр эртнийх. Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн иргэдийг төрийн бус байгууллагуудаараа “тойглож” байх үед Н.Наранбаатар Засаг даргын хувиар, санхүү мөнгөөр дэмжиж ажилладаг байсан. Нэмээд Х.Мандахбаяр, Н.Наранбаатар нарын аавууд Ханхонгор сумынх буюу нэг нутгийн хүмүүс.


Тэгвэл УИХ-ын гишүүн, Х.Мандахбаярын хамтрагч Н.Наранбаатар Их британийн Виржини арлуудтай хоёр ч сэжмээр холбогдох ажээ.
Тухайлбал,
БАРИМТ 1: УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар, түүний дүү Нанзадын Очгэрэл нар “Сэрсэн говь”ХХК-ийг эзэмшдэг. Н.Наранбаатар өөрийнхөө ХОМ-т ч “Сэрсэн говь”ХХК-ийг дурддаг аж. Тэгвэл Н.Наранбаатарын дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг аж. Тэгвэл “Эвт повер майнинг” ХХК-ийг Н.Очгэрэлээс гадна “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-иуд эзэмшдэг юм байна. Цааш нь судлаад үзвэл, “Энбо тайж транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Баян-Ундарга гэх нүүрсний уурхай ажиллуулдаг аж. Хамгийн ноцтой нь, “Энбо тайж транс” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Их Британийн Виржини арлуудад бүртгэлтэй “Пүжин ложистик” компани ажээ.


БАРИМТ 2: УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 2016 оны сонгуулийн дараа Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдохынхоо өмнө буюу 2015 оныг хүртэл “Билэгт говь” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Энэ компанийг хүмүүс Дорноговь аймгийн Хөвсгөл суманд үйл ажиллагаа явуулдаг Айл баянгийн нүүрсний уурхайгаар нь мэднэ. Тэгвэл Н.Наранбаатарын захирлаар нь ажиллаж байсан “Билэгт говь” ХХК-ийн эцсийн эзэмшигчээр нь Их Британи, Умарт Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй “Pusheng Energy Holdimgs Limited” компани бүртгэлтэй байдаг аж.


Түүнчлэн тус компани “Улаанбаатар хот, Сүхбаатар, 8-р хороо, 910, 911 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг бөгөөд энэ хаяг дээр хятадын хөрөнгө оруулалттай “Шаганрийч ворлд монголиа” ХХК, хятадын хөрөнгө оруулалттай “Си Эм И Эс” ХХК, “М-Си-Эс холдинг” ХХК-ийн эзэмшлийн “Юнисервис солюшн” ХХК-иуд тус тус давхар бүртгэлтэй байна. “Юнисервис солюшн” ХХК-ийн хувьд “М-Си-Эс” группийн охин компани бөгөөд “Энержи ресурс” ХХК-ийн кеп, “Хүннү Молл”, “М-Си-Эс” групп, “Шангри-Ла-УБ”-ийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг ажээ.
Х.МАНДАХБАЯР ХӨРС ХУУЛАЛТЫН “ИХ ШИЖИР БАЯЛАГ” ХХК-ИА ОДОО Ч УДИРДДАГ УУ
Олон нийт Х.Мандахбаярыг “Их шижир баялаг” гэх “Тавантолгой” ХК-д хөрс хуулалт хийдэг компанитай, тэндээс олсон мөнгөөрөө санхүүждэг гэж ойлгодог байсан. Харин Х.Мандахбаяр өөрөө 2020 оны УИХ-д Өмнөговь аймгаас нэр дэвшихээсээ өмнө, бүр тодруулбал Б.Чойжилсүрэнгийн Тост, тосон бумын нурууны орчимд байрлах уурхайтай үзэлцэхээсээ өмнө “Их шижир баялаг” ХХК-иа зарж, уул уурхайн бизнесээс албан ёсоор гарсан гэж тайлбарладаг. Нэг удаа “Би “Их шижирт баялаг” гэдэг компанитай байхдаа “Тавантолгой” ХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж, хөрс хуулалтын бизнес хийдэг байсан нь үнэн. Харин 2019 онд энэ компаниараа зарж, уул уурхайн бизнесээс албан ёсоор гарсан. Медиа салбараас олсон болон хөрс хуулалтын компаниа зарсан мөнгөөрөө одоо барилгын төслүүдэд хөрөнгө оруулаад явж байна” гэх агуулгатай тайлбар хийсэн нь бий.

Судалж үзвэл, Х.Мандахбаяр хөрс хуулалтын “Их шижир баялаг” ХХК-иа Г.Номинчулуун гэгчтэй хамтран эзэмшиж байжээ. Ингэхдээ “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцааг Г.Номинчулууны “Суман говь” ХХК, Х.Мандахбаярын өөрийнх нь “Хос цалиг” ХХК тус тус эзэмшиж байсан бөгөөд Г.Номинчулуун нь “Их шижир баялаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байж. “Хос цалиг” ХХК-ийг тухайн үед Х.Мандахбаяр, “Эрхэт монгол” группийн хуулийн хэлтсийн дарга А.Отгонбаяр нар эзэмшиж удирддаг байжээ.
Харин Х.Мандахбаяр 2019 онд “Би “Их шижир баялаг” ХХК-иа зарсан” гэж мэдэгдсэнээс хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Лувсан-Эрдэнэ гэх хүн ажиллаж эхэлжээ. Улмаар “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Г.Номинчулууны “Суман говь” ХХК-ийг хасаж, харин “Хос цалиг” ХХК-ийг хувьцаа эзэмшигч хэвээр үлдээжээ. Ингэхдээ Х.Мандахбаяр “Хос цалиг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс өөрийнхөө болон А.Отгонбаярын нэрийг хасуулж, Б.Номин гэх эмэгтэйн эзэмшилд шилжүүлээд “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр хэвээр үлдээсэн аж. “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтыг хийдэг гэх “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр одоо ч “Хос цалиг” ХХК бүртгэлтэй хэвээр байна.

Сонирхолтой нь, судлаад үзвэл “Их шижир баялаг” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа “Хос цалиг” ХХК-ийн захирал гэх Б.Номин нь Х.Мандахбаярын “цэрэг” буюу “Эрхэт монгол” группт ажилладаг, тус группийн ажилтнуудтай хамтран хэд хэдэн компани эзэмшдэг нэгэн ажээ. Цаашлаад Х.Мандахбаярын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Номин гэгч нь ажилладаг ажээ. Мөн “Их шижир баялаг” ХХК нь одоо ч “Улаанбаатар, Баянзүрх, 24-р хороо, 2-14 тоот” хаяг дээр буюу Х.Мандахбаярын “Монголын үндэсний гар урлалын соёлыг дэмжих нийгэмлэг” ТББ-ын хаяг дээр давхар бүртгэлтэй хэвээр байна.
Ингээд харвал, Х.Мандахбаяр өөрийн ажилтан Б.Номингийнхоо нэр дээр “Хос цалиг” ХХК-иа шилжүүлж, улмаар “Хос цалиг” ХХК-иараа дамжуулан одоо ч “Их шижир баялаг” ХХК-ийг удирддаг байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.
Сонирхуулахад, Х.Мандахбаяртай хамт “Их шижир баялаг” ХХК-ийг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Г.Номинчулууны хувьд “Суман говь” ХХК, “Булган майнинг” ХХК зэрэг компаниудтай Булган аймгийн Орхон сумын харьяат, “Булган хан” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллаж байсан нэгэн аж. Түүнтэй холбоотой мэдээллүүдийг шүүвэл, “Булган майнинг” ХХК гэх Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайтай ажээ. Түүнчлэн, “Стандарт холдинг” ХХК хэрэгжүүлж буй “Гранд ресиденс” гэх 1200 айлын орон сууцны төслийг “Эрхэт монгол” групп сурталчлах болсон. Өөрөөр бол, уг төсөлд хамтран ажиллаж буй. Тэгвэл “Стандарт холдинг” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагааны зөвшөөрөлтэй, тэгсэн мөртөө Баянхонгор аймагт “Мухартын ам”, “Зүүн мухар”, “Баруун мухар ам” гэх уул уурхайн ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй ажээ. Мөн Шүүхийн мэдээллийн санд “Гүрцоогийн Номинчулуун гэгч этгээд автомашин ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр хоёр жилийн ял авч, нэг жилийн тэнсэх ялаар солиулсан” гэх мэдээлэл бүртгэлтэй байдаг юм байна.
МАН-ын гишүүн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаярын ажил хэрэг, анд нөхдийнх нь холбоог шүүхэд энэ мэтээр уул уурхай бизнестэй, мөн Англи, Австрали, цаашлаад оффшор бүсэд данстай компаниудтай энэ мэтээр холбогдож байна. Энэ олон төсөл хэрэгжүүлж буй нь дээрх сэжүүрүүдтэй холбогдох эсэхийг, цаашлаад эцсийн дүгнэлтийг эрхэм уншигч та хийх биз ээ.
ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Х.МАНДАХБАЯР ОФФШОРЫН МӨНГӨ УГААЖ, МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЮУ |
|