• Өнөөдөр 2025-04-28

Улсын наадмын нээлт, хаалтаас 4.0 тэрбум төгрөг “халаасалсан” З.Нямзулын ард УДЭТ-ынхан бий юү

2022-01-05,   1446

          Үндэсний их баяр наадмын урлагийн тоглолт, нээлт, хаалтын шоуны тэрбумаар тоологдох төсвийг жил алгасахгүй авдаг “Шинэ үеийн нэгдмэл залуус” гэх Төрийн бус байгууллага гараад иржээ. Энэ талаар өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Шинэ үеийн нэгдмэл залуус” гэх ганц ТББ-д л гэхэд НЗДТГ-аас “Наадам, урлагийн тоглолтын санхүүжилт” гэж цувуулан 4.5 тэрбум төгрөг шилжүүлж өгсөн байна. Гэтэл наадам болоогүй биз дээ. Энэ мөнгө хаачсан юм бэ. Ганцхан ТББ руу ийм их мөнгө шилжүүлсэн юм чинь өөр хаашаа, хэрхэн мөнгө шилжүүлсэн бол оо” хэмээн шүүмжилж, олны анхааралд оруулав. “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ыг З.Нямзул гэх дөнгөж 30 хүрч яваа залуу хариуцдаг бөгөөд УДЭТ-ын маркетингийн менежерээр ажилладаг юм байна. Зарим нь түүнийг “Херо Б.Баатарын залгамжлагч” гэж цоллож байгаа бол "Түүний цаана “УДЭТ-ын томчууд бий” гэх “шуум” ч хэдийнэ гараад эхэлсэн байна. Тэгвэл Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын төсвийн Төрийн бус байгууллагаараа авдаг З.Нямзул гэгч залуу чухам хэн болох, түүний ард “нууц ноён” нь хэн байж болохыг хайж үзлээ. 

“ШИНЭ ҮЕИЙН НЭГДМЭЛ ЗАЛУУС” ТББ 2019 ОНООС ХОЙШ ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТ ХИЙХ НЭРЭЭР 4.0 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ

 
        “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ нь 2019 оноос хой Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтыг зохион байгуулах нэрээр Баяр наадмын комисс буюу НЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийт 4.0 орчим тэрбум төгрөг шилжүүлэн авчээ.

Тухайлбал, Баяр наадмын комиссоос 2019 оны наадмын үеэр 746 сая төгрөг, 2020 оны наадмаар 748 сая төгрөг, 2021 оны Засгийн газраас “цуцлагдсан” наадмын үеэр 994 сая, 400 сая, 240 сая төгрөг гэж цувруулан 1.6 тэрбум төгрөг авчээ. Ингэж нийт 3.0 орчим тэрбум төгрөг авахдаа “Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нээлтийн санхүүжилт”, “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын санхүүжилт”, “Урлаг соёлын салбар хороо дундын санхүүжилт” гэх утгаар авчээ.

Түүнчлэн БОАЖЯ-наас 2019 онд 268 сая төгрөг, 2020 онд 542 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөг буюу нийт 840 гаруй сая төгрөгийг мөн л “Үндэсний баяр наадам зохион байгуулах”, “Наадам найт” шоу зохион байгуулах” гэх утгаар авчээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 онд “Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагааг зохион байгуулах” утгаар 300 сая төгрөгийн санхүүжилт авсан аж. 

Ингээд тооцвол, “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ нь 2019, 2020, 2021 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолт, шоуг зохион байгуулах нэрээр төсвөөс 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан болж таарч байна. Сонирхуулахад, “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай байгуулсан, гадаадын жуулчдад зориулсан “Наадам найт” шоуг зохион байгуулах 269 сая төгрөгийн гэрээ нь энэ байна. 

НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫГ “БАЗДАГ” З.НЯМЗУЛ ГЭГЧ ХЭН БЭ

         “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар Золзаяагийн Нямзул гэх залуу ажилладаг. Тэрбээр Завхан аймгийн Улиастай хотод төрж өссөн, 2013 онд СУИС-ийн Соёлын сургуулийг Соёлын менежмент мэргэжлээр төгсөж, 2014 оноос УДЭТ-ын маркетингийн албанд ажиллаж эхэлсэн, одоо 30 хүрэх гэж яваа залуу ажээ. “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ын НЗДТГ, БОАЖЯ-тай байгуулсан гэрээн дээрээ бичсэн 99250387 дугаар, хаяг дээрээ байршуулсан 99026929 дугаар нь хоёулаа УДЭТ-ын маркетингийн албаны утасны дугаар байгаа нь хангалттай нотолгоо биз. Мөн З.Нямзул УДЭТ-ын маркетингийн менежерээр ажиллахын сацуу “Алтан гэрэгэ” продакш, Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн театрт маркетингийн зөвлөхөөр давхар ажилладаг юм байна. Гурван жил дараалан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын 4.0 орчим тэрбум төгрөгийг “халаасалж”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс хүртэл мөнгө салгаж чадсан З.Нямзулын намтар товчхондоо ийм. Ингээд харвал, тэр ганцаараа биш буюу түүний ард хэн нэгэн “том хүн”, ялангуяа УДЭТ-ын хэн нэгэн байх магадлалтай гэх хардлагыг эрхгүй төрүүлнэ. 

З.НЯМЗУЛЫН АРД УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН, “НАЙРАМДАЛ” ЗУСЛАНГИЙН ЗАХИРАЛ, УГЗ Б.ОТГОНБАТ БИЙ ЮУ

          Дээр дурдсанчлан, “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ 2019 оны Үндэсний их баяр наадмаар нээлт, хаалтын санхүүжилт гэж Баяр наадмын комиссоос 746 сая төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 268 сая төгрөг, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 300 сая төгрөг буюу 1.3 тэрбум орчим төгрөг авсан байдаг. Гэхдээ энэ бүхнийг З.Нямзул ганцаараа зохион байгуулаагүй буюу түүний ард хэн нэгэн “том хүн” бий гэх хардлага байгаа юм. Тэгвэл эндээс ургуулан хөөж үзвэл, 2019 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын Ерөнхий найруулагчаар УГЗ Г.Цоггэрэл, Ерөнхий продюсерээр УДЭТ-ын жүжигчин, “Найрамдал” зуслангийн захирал, УГЗ Б.Отгонбат, Ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажилласан байдаг. 
       Тэднээс “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-аар дамжуулан нэмэлт санхүүжилт авсан байж болзошгүй “нууц ноён” нь УГЗ Б.Отгонбат байх боломжит хэд хэдэн сэжүүр байна.
 
Нэгдүгээрт, “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-ыг “2019 оны наадмын нээлт, хаалтыг зохион байгуулна” гэж төсвөөс 1.3 тэрбум төгрөг авч байхад Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайхан ажиллаж байсан. Харин тухайн жилийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын Ерөнхий продюсерээр УГЗ Б.Отгонбат ажиллаж байсан. С.Амарсайхан, Б.Отгонбат хоёрын холбоо хамаарлыг хөөвөл, С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо, Б.Отгонбат хоёр 1995 онд СУИС-ийг нэг ангид хамт төгссөн байдаг. Ингээд харвал, Б.Отгонбат “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ-аар халхавч хийж, харин С.Амарсайхан тус ТББ-д нь ямар ч тендергүйгээр Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг зохион байгуулах эрх, мөнгө өгсөн дүр зураг харагдаж байна. Хоёрдугаарт, “Шинэ үеийн нэгдмэл залуус “ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга З.Нямзул, УГЗ Б.Отгонбат хоёр УДЭТ-т хамт ажилладаг. Цахим орчин дахь харилцаа холбоо, хамт авхуулсан зургийг нь харсан ч дотно харагдах юм билээ. 
 

Улсын наадмын нээлт, хаалтаас 4.0 тэрбум төгрөг “халаасалсан” З.Нямзулын ард УДЭТ-ынхан бий юү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-06 00:23:12
    Үнэн үгт: Ард нь Отгонбат бгаа нь ойлгомжтой л бна шдээ.2019 онд Отгонбат наадмын нээлтийн ерөнхий продюсер,ерөнхий найруулагч нь Цоггэрэл бсан,2020-2021 онд Херо Баатар ерөнхий найруулагчаар Отгонбат нь продюсераар нь ажиллаж бсан бүгд л нийлж илэж ууж цусалсан бна шд.Ялангуяа Херо Баатарын үед бол илүү их мөнгөний тоо харагдаж бна даа!яахав чадаж бга юманд арга бхгүйм даа ЕС дүүтэй хүн мөнгийг яаж л бол яаж идэж болно хахаха
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 19:28:49
    З: Энэ залууг ашиглажээ... том хархнууд нь зураг дээр хамт бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 13:27:56
    zochin: ymarch ich taniltai um !!! , choorondoo bug l cholbootoi ,tegeed boon mongo l saadag garuud. Odoo mongiig too esoor n buchaaj av, tegeed tetgever nem. Bid ydarch tuildagj bgaa schuu , ESaid Ouuyerdene chereg alga !!! basl oodgui umaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 13:27:56
    zochin: ymarch ich taniltai um !!! , choorondoo bug l cholbootoi ,tegeed boon mongo l saadag garuud. Odoo mongiig too esoor n buchaaj av, tegeed tetgever nem. Bid ydarch tuildagj bgaa schuu , ESaid Ouuyerdene chereg alga !!! basl oodgui umaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 13:27:56
    zochin: ymarch ich taniltai um !!! , choorondoo bug l cholbootoi ,tegeed boon mongo l saadag garuud. Odoo mongiig too esoor n buchaaj av, tegeed tetgever nem. Bid ydarch tuildagj bgaa schuu , ESaid Ouuyerdene chereg alga !!! basl oodgui umaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 13:27:55
    zochin: ymarch ich taniltai um !!! , choorondoo bug l cholbootoi ,tegeed boon mongo l saadag garuud. Odoo mongiig too esoor n buchaaj av, tegeed tetgever nem. Bid ydarch tuildagj bgaa schuu , ESaid Ouuyerdene chereg alga !!! basl oodgui umaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188