-Уул уурхайн олборлолт явуулж байгаа төрийн өмчит компаниудын захирал, гааль, мэргэжлийн хяналтынхан уг бүлэглэлд багтдаг уу-
Нэг хэсэг Монголын төрд томоохон албан тушаал хашиж буй хүмүүс хамаарал бүхий этгээдүүдийнхээ компаниудаар дамжуулан тендер, концесс “идэж” хөлждөг байлаа. Хууль бус үйлдлүүдийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илчилж, хэрхэн яаж, ямар арга замаар тендер тойрсон гэмт хэрэг үйлдэж байгааг нь хөдлөшгүй баримтаар илчилдэг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд тендер, концессийн гэрээгээр мөнгө завших гэмт хэргийг дунд шатныхан үйлддэг болоод байна. Бүр тодруулбал, гаднынхан төдийгүй томчуудад Монголд тендер, концессийн гэрээгээр томоохон бүтээн байгуулалтын ажил хийх нэрээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх нь сонирхолгүй болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн, ашиг орлого, олны хэл ам зэргээс шалтгаалж, дээрх аргаар мөнгө олохоос татгалздаг болсон байна. Харин уул уурхай, байгалийн баялгийг улс дамнуулан борлуулж, тоо томшгүй их ашиг орлого олж буй шинэ төрлийн гэмт хэрэг “цэцэглэн” хөгжих болжээ. Энэ талаарх баримтыг уншигч та бүхэнд хүргэж байна.
МОНГОЛЫН ХИЛ, ГААЛЬД ХЯМДХАН ҮНЭТЭЙ ШОРОО ХЯТАДЫН ХИЛ ДАВААД ӨНДӨР ҮНЭТЭЙ БОЛДОГ БАЯЖМАЛ ДАГАСАН ГЭМТ ХЭРГИЙН МӨРӨӨР...
Улс дамнасан гэмт хэргийн томоохон бүлэглэл бий болсон. Уг бүлэглэлийг уул уурхайн баялаг олборлож байгаа Төрийн өмчит томоохон компаниудын захирал, тэднийг тус албан тушаалд томилсон улс төрийн нэр нөлөө бүхий албан тушаалтнууд толгойлдог гэнэ. Мэргэжлийн хяналтын нөлөө бүхий албан тушаалтнуудаас эхлээд Гаалийн дарга нар, Геологийн төв лаборатори тэргүүтэй төрийн байгууллагын албан тушаалтнууд багтдаг гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Тэд хилийн цаана буюу БНХАУ-д бүртгэлтэй, уул уурхайн баяжмал худалдан авдаг гэх компани байгуулдаг аж.
Төрийн албан тушаалд томилогдож очоод дарга нар өөрсдийнхөө багийн хүнийг аль нэг төрийн өмчит уул уурхайн компанийн удирдах албан тушаалд тавьдаг байна. Үүнийхээ дараа уул уурхайн баяжмалыг хил давуулан худалдах бүлэглэл бүхий гэмт хэргийнхээ ажиллагааг эхлүүлдэг аж. Эхлээд тухайн уул уурхайн олборлолт явуулж буй компани баяжмалаа өөр компанид нийлүүлэх гэрээ байгуулах ажиллагааг эхлүүлдэг. Ингэхийн тулд өмнөх дарга нарын хийсэн гэрээг компанид ямар ч ашиггүй юм байна гэх ойлголт төрүүлдэг. Энэ талаар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлдэг байна. Тэд шалтаг шалтгаан олоод ямар ч хамаагүй аргаар гэрээг цуцлах ёстой. Ингэхийн тулд байдаг арга чаргаа хэрэглэдэг аж. Тэгснээ гэнэт л “Олборлож байгаа баяжмалаа өндөр үнээр зарах Хятадын компани олчихлоо. Энэ компани итгэл даах сайн компани гэнэ. Дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах юм байна. Ерөөсөө л энэ компанитай гэрээ хийе” гээд эхэлдэг байна. Ёстой л эрээд олдохгүй эрдэнэ гэгчийг хичээл зүтгэл гаргаж, танил тал, гадаад харилцааныхаа шугамаар олсон гээд л сүйд болдог аж. Бүр тус компанийн захирал гэх хятадуудыг Монголд урьж залаад л хүлээн авдаг. Нөгөөх хятадуудтайгаа хамтран ажиллах, зэс, мөнгө, төмөр, алт тэргүүтэй худалдах, худалдан авах гэрээ хийж, гарын үсэг зураад баталгаажуулчихдаг байна. Гэтэл үнэн хэрэгтээ гайхуулаад сүйд болоод байсан компани нь нөгөөх бүлэглэлийнхний хилийн цаана байгуулсан комани болж таардаг ажээ. Тэдний үйлдэж байгаа гэмт хэргээ нуун далдлах гол арга нь ийм гэнэ. Баяжмалхямд үнээр худалдан авч буй БНХАУ-ын компанийн нууц эзэд нь монголчууд гэдгийг тогтоох, ил гаргах боломж Монголын хууль хяналтынханд байхгүй. Ийм ч учраас гэмт хэргийн бүлэглэлийнхэн юунаас ч айж ичихгүй болчихсон байдаг ажээ.
ХҮДРИЙН АГУУЛГА ДАРАХ ГЭМТ ХЭРЭГ БУЮУ ТАТВАРААС ЗУГТААХ АРГА
Өмнө нь өндөр агууламжтай гарч байсан төмрийн хүдэр, мөнгө, зэс тэргүүж баяжмалууд гэнэт л агуулга нь буураад ирдэг байна. Тухайлбал, тонн тутмаас 1400-1500 орчим грамм мөнгө гардаг байсан хүдэр гэнэт л агууламж нь хэд дахин буурчихдаг гэнэ. Геологийн төв лаборатори, Гааль, мэргэжлийн хяналтын лабораториудад 400-500 грамм, ихдээ л 650 грамм агууламжтай мөнгөний хүдэр болчихдог ажээ. Зэс, төмрийн хүдэр ч ялгаагүй тонн тутамд байх агууламж нь хэд дахин буурчихдаг гэнэ. Төрийн бүх байгууллагад хийлгэсэн шинжилгээний хариу ижил агууламжтай гардаг байна. Ингээд бага агууламжтай, хаана ч очсон үнэ хүрэхгүй, ашиг багатай шороо ихтэй хүдрийг хэдэн сая тонноор нь хямд үнээр зараад хилээр гаргачихдаг байна. Учир мэдэхгүй хүмүүс “Манай энэ хэд хэнд ч хэрэггүй шахам шороо хилээр вагонд ачуулаад л гаргаад байх юм. Үгүй яадахдаа ачааныхаа үнийг дийлдэг л байгаа даа” гэж гайхаж ярьмаар байдаг гэнэ. Хүдрийн агуулга бага учир мэдээж хил гаалийн татвар багасна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компани ашиг олж чадахгүй, олборлож байгаа хүдрийнхээ ашгаараа арай гэж амь тээгээд л үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг юм. Гаалийнхан үнэндээ хүдрийн агууламжийг мэргэжлийн хүмүүс нь дарж байгааг мэддэг. Гэхдээ үүнийг ил гаргахгүй дарчихдаг. Үүнийхээ шанг ч чамгүй хүртдэг болохоор Монгол Улсын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн бүлэглэлд гар бие оролцоод л яваад байдаг ажээ.
МОНГОЛЫН КОМПАНИАС ХЭТ ХЯМД ҮНЭТЭЙ ХУДАЛДАЖ АВСАН ХҮДЭР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЦАХИУР ХАГАЛДАГ ГЭНЭ
Дэлхийн зах зээл дээрх ханшаас хэт доогуур үнээр худалдаж авсан хүдрийн баяжмалаа гэмт хэргийн бүлэглэлийнхэн хил гаргаад л өндөр үнээр зардаг юм байна. Хил гаргаад л дэлхийд нэр хүндтэй лабораториудад дээжээ өгөөд шинжилгээ хийлгэчихдэг. Ингээд маш өндөр хувийн агууламжтай зэс, мөнгө, төмрийн хүдэр “болж хувирсан” баяжмалаа цааш нь дэлхийн зах зээл дээр худалдан авч байгаа үнээр худалддаг байна. Монголоос очсон ямар ч шороог хүдрийн гол тоглогч болсон компаниуд булаацалдаад л авчихдаг аж. Өөрөөр хэлбэл, яаж борлуулах юм гэж толгой өвтгөхгүйгээр ашиг олдог ажээ. Жишээ нь, тонн зэснээс гэхэд 45 орчим хувийн цэвэр ашиг олчихдог байна. Ингэж л Монголын уул уурхайн баялгаар улс төрийн албан тушаалтнуудаар толгойлуулсан гэмт хэргийн бүлэглэл тоглож, хүний санаанд багтамгүй их ашиг хүртдэг гэдгийг эх сурвалж онцолж байлаа.
ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ОЛСОН АШГАА МОНГОЛДОО ШИНГЭЭХ АСУУДАЛ ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ БАЙНА
Уул уурхайн баялгаас ашиг хүртэгчид хилээр нууцаар мөнгөө оруулж ирдэг. Гэхдээ нийт ашгийнхаа маш бага хувийг оруулж ирдэг байна. Үлдсэн орлогоо Монголд оруулж ирэх боломжгүй учир оффшор бүсэд хадгалдаг. Манайхны нэр бүхий хүмүүс оффшор бүсэд хадгаламжтай гээд хэл аманд өртөөд байдаг шалтгаан нь явсаар уул уурхайтай холбогддог гэнэ. Тэд оффшор бүсэд мөнгөө хадгалахаас өөр ямар ч арга зам байхгүй. Монголын эдийн засаг жижигхэн учир багахан хэсгийг нь оруулж ирээд, БНХАУ-ын иргэдийн нэр дээр байшин, барилга барьж байгаа нэрээр шингээж, тэндээсээ мөнгөө гаргаж авдаг нь нууц биш болсон. Үүний хамгийн тод жишээ бол Улаанбаатарыг тойрсон хаус, пентхаус хорооллууд билээ. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн төдийгүй хууль, хяналтынхан дээрх асуудлаар ойрын хугацаанд нэр бүхий томоохон улстөрчид, тэдний гар хөл болсон төрийн албан хаагчдын нэрийг зарлахаар бэлтгэж байгааг эх сурвалж мэдээллээ.
УЛС ДАМНАСАН ГЭМТ ХЭРЭГ БУЮУ ЗЭС, ТӨМӨР, МӨНГӨНИЙ АГУУЛАМЖ ДАРЖ, АШИГ ОЛЖ БАЙГАА БҮЛЭГЛЭЛИЙН ЭЗЭД |
|