• Өнөөдөр 2025-04-28

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Л.Халтар сайдын мөнгө угаах гэмт хэрэг буюу “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн 3.6 тэрбумын ашигтай бизнестэй ТАНИЛЦ

2021-12-19,   1206

         Энэ Засгийн газрын сайдуудаас хамгийн нэр муутай нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар. Хэн ч маргахгүй биз. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ашиглалт орохгүй гурван жил дуншиж, ард иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохироч байхад "Дарханы замаар инээгээд алхах өдөр ирнэ" хэмээн даапаалсан, Замын-Үүд-Эрээний боомтоор ачаа бараа орж ирэхгүй хоёр сар гацаж байхад "Урд хөршөөс хоёр чингэлэг ачаа оруулж ирлээ" гэж доромжилсон гээд Л.Халтар сайдын хариуцлага үйлдэл, хэлсэн үгнийх нь балаг дуусахгүй. Тэгвэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр хариуцсан ажлаа хийж чадахгүй мунгинаж яваа мань Л.Халтар хамаарал бүхий этгээдийнхээ компанийг сайдын хувиар салбарынхаа хэмжээн монополь болтол нь дэмжихдээ гаргууд нэгэн болохыг илчлэх баримтууд дуулдах боллоо. Хил хаалттай, хүнс сэлтээс эхлээд хамаг ачаа бараа хилийн цаана гацчихсан, ард иргэд, аж ахуйн нэгжүүд Л.Халтар сайдын шийдэл, шийдвэрийг хүлээж, "бухын доодохыг харж үнэг турж үхэх"-ийн үлгэр болж суухад эрхэм сайд эсрэгээрээ хамаарал бүхий этгээдийнхээ компанид ажил өгч, хэтэвчээ зузаалах санаа агуулж суусан гэхээр бүр гутамшиг. Хэрвээ хариуцлага алдсанаараа огцордог бол Л.Халтар огцрох шаардалагаа 200 хувь биелүүлчихжээ. 
        БНХАУ цар тахалтай холбоотойгоор хилээ хааж, манай улсын бүх ачаа бараа урд хөршид гацсан. Удтал ярилцаж байж, урд хөршийн талаас Монгол-Хятад хоорондын задгай ачаа тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлэх санал гаргаж, шахалт үзүүлснээр манай хоёр улс чингэлэгт тээвэрт шилжихээр харилцан тохиролцсон. Замын-Үүд, Эрээн боомтод дундын чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар автомашинаасаа буухгүйгээр ачаа, барааг зөөвөрлөх юм.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 6-нд “Дундын бүс дээр цаанаас орж ирэх чингэлэгтэй ачаа тээврийг шилжүүлж буулгах ажлыг хангасан. Чингэлэг өргөж буулгах калмар оруулж ирсэн. Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбайд урд хөршийн талаас камержуулалт, гэрэлтүүлгийн ажлыг хийсэн. Манай талаас ачаа барааг дундын бүсээс татаж, аваад Улаанбаатар руу тээвэрлэх тээврийн хөлсийг жолооч нартай тохирч байна. Шууд Улаанбаатар руу биш Замын-Үүд дээрээс төмөр замд шилжүүлж ачихад Бүс нутгийн тээвэр логистикийн төв болон “УБТЗ” ХНН-ийн ашиглахад шилжүүлэн ачих байгууламжийг ашиглах нөхцөлийг бүрдүүллээ. Дээрээс нь амархан гэмтэж муудах ачаануудыг тээвэрлэх зориулалтаар манай тээвэр логистикийн компаниуд, ачаа импортлогч компаниуд 40 орчим хөргүүртэй машинуудыг бэлдсэн” хэмээн мэдэгдэл хийсэн. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоёр сар шахам хүлээсэн ачаа барааг ашгүй нэг юм хилээр оруулах нь гэж нийтээр баярлаж суусан бол Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар замаас нь ашиг хүртэх мэргэн арга сэдэж, түүндээ баясаж суужээ. 

Тодруулбал, чингэлэг тээврийн ажилд “Үндэсний тээврийн корпораци” ХХК гэх компани “монополь” эрхтэйгээр оролцож эхэлсэн гэх мэдээллийг Замын-Үүд дэх тээвэрчид өгөх боллоо. “Үндэсний тээврийн корпораци” ХХК нь тээвэр хийхгүй, зөвхөн хил хооронд чингэлэг тээврийн зуучлалын үүрэг гүйцэтгэнэ. Үүнийхээ хариуд Замын-Үүдээр оруулж ирэхээр төлөвлөж байгаа 50 ширхэг чингэлэг тус бүрээс 220 мянган төгрөг авах бөгөөд өдөр 11 сая, сард 300 сая, жилд 3.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тээвэрлэлт жигдрэхийг байгааг тээвэрчид тооцоолж, “Хэний, ямар компани ийм цэвэр ашигтай монополь эрхтэй ажил хийх гэж байна вэ” хэмээн шүүмжилж байгаа юм. 

“Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийг судлаад үзвэл, 2019 оноос тээвэр зуучийн 13 компани нэгдэж “Үндэсний тээврийн корпораци” ХХК гэх нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. Ноцтой нь, “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 13 компанийн нэг нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хамаарал бүхий “Илинкс-Экспресс” ХХК ажээ. “Илинкс-Экспресс” ХХК яагаад Л.Халтарын хамаарал бүхий компани болохыг тайлбарлая.
 
“Илинкс-Экспресс” ХХК-ийг Ишбэлийн Шатархүү гэгч эзэмшдэг бөгөөд 2019 оны наймдугаар сараас эзэмшиж эхэлжээ. И.Шатархүү нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай хамт “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2017 оноос ХОМ-тээ "Монгол чихэр корпораци" ХХК-ийг дурдаж иржээ. 
 

Ингээд болоогүй И.Шатархүү нь Л.Халтарын эхнэр Ц.Ганзултай хамт “Ти Эф Ти” ХХК-ийг эзэмшдэг. Л.Халтарын эхнэр Ц.Ганзул нь "УБТЗ" ХНН-ийн Тээвэр төлөвлөлтийн инженерээр ажилладаг. Ингээд харвал, И.Шатархүү нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын гэр бүлийн бизнесийн хамгийн ойрын хамтарч, найзууд гэсэн үг. 

 
         Хятад улс хилээ хааж, хоёр улс хоорондын тээврийг чингэлэг тээвэрт шилжүүлэхээр болсон нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт “сохорсон биш завшив” гэгч л болжээ гэсэн үг. Урд хөршийн талаас чингэлэг тээвэрт шилжих санал гаргамагц нь мань Л.Халтар сайд уухайн тас дэмжээд, тэгэх мөртөө чингэлэг тээврийн ажлын зуучлагчаар хамаарал бүхий этгээдийнхээ “Үндэсний тээврийн корпораци” гэх компанийг шургуулчихаж. Тэр компани нь ямар ч тээвэр хийхгүй, зөвхөн зуучлагч хийгээд буюу үүрэхийг нь тостой жолооч нар, тээврийн жирийн компаниуд гүйцэтгэж, аахилахыг нь “Үндэсний тээврийн корпораци” гэх Л.Халтарын хамаарал бүхий компани хийх нь. Үүнийхээ хариуд сард 300 сая төгрөг сул аваад сууж байх нь л дээ. Хоёр сар гаруй хугацаанд хил хаагдаж, идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд цөм хилийн цаана гацчихаад байхад хэрхэн хурдан, хямд, хариуцлагатайгаар оруулж ирэх тухай бодох ёстой байтал мань Л.Халтар хамаарал бүхий этгээдүүдийнхээ халаасыг хэрхэн зузаалах, сайдын хувиар дэмжиж өгснийхөө хариуд хэдий хэрийн ашиг хүртэхээ л бодож байжээ. 
 

ЗАХИРГААНЫ ЦЭВЭРЛЭГЧЭЭС ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД БОЛСОН Л.ХАЛТАРЫН ХӨРӨНГӨ, ОРЛОГО

 
         Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 1983 онд 10 жилээ төгсөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Захиргааны хэлтэст цэвэрлэгчээр ажилд орж, жил гаруй ажиллаад дараа нь ачигч болж, 1985 он хүртэл ажиллажээ. Ингэж тэр “Улаанбаатар төмөр зам”-тэй ажил, амьдралаа холбож, тэр цагаас хойш энэ байгууллагаас салаагүй. “УБТЗ” ХНН-ын Төмөр замын коллежид багш, Ачиж, буулган ангийн орлогч дарга, Тээврийн зуучийн төвд захирал, Удирдах газарт орлогч даргаар ажиллаж байв. Ингээд 2018 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 онд сайд болж дэвшсэн. Захиргааны хэлтсийн цэвэрлэгч Зам, тээврийн сайд болсон түүх нь ердөө энэ. 
 
          Л.Халтар 2020 оны ХОМ-тээ жилд 67 сая төгрөгийн орлоготой, 853 сая төгрөгийн үнэтэй гурван орон сууц, нэг амины орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. Урлаг, түүхийн 78 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 213 сая төгрөгийн хадгаламжтай, 315 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.  Харин 2017 онд тэр таван орон сууцтай, 135 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 378 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байсан бол дараа жил нь буюу 2018 онд жилд 199 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан байх юм. Эхнэртэйгээ хамт “Улаанбаатар төмөр зам”-д насаараа ажилласан, орлогч даргаас дээшилж байгаагүй атлаа гурван орон сууц, хоёр хаустай, хоёр компанитай, 200 гаруй сая төгрөгийн хадгаламжтай, урлаг, түүхийн үнэт эдлэлтэй болно гэдэг Монголд л харж болох дэвшил байх. 

Түүнчлэн, Л.Халтарын гэр бүлийн мэдлийн хэд хэдэн компани бий. Л.Халтар өөрөө “Аргалант атар” ХХК, дээр дурдсан И.Шатархүүтэй хамт “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг. Харин түүний эхнэр Ц.Ганзул, хүү Х.Нямдорж хоёр нь тээвэр зуучын"Ай Ти Би" ХХК, эхнэр Ц.Ганзул нь дээр дурдсан И.Шатархүүтэй хамт "Ти Эф Ти трейд" ХХК-ийг эзэмшдэг. Энэ гэр бүлийн компаниуд цөм тээврийн, тээвэр зуучийн компаниуд. Гэтэл Л.Халтар өөрөө Зам, тээврийн хөгжлийн сайд буюу тээврийн салбарын бодлогыг зангидах эрх мэдэлтэй, эхнэр Ц.Ганзул нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Тээвэр төлөвлөлтийн инженер буюу хэн хаанаас хэзээ хэдэн вагон ачаа зөөхийг төлөвлөх ажилтай. Ийм ил цагаан ашиг сонирхлын зөрчилтэй байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өдий хүртэл таг чиг байгаа нь гайхмаар...


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Л.Халтар сайдын мөнгө угаах гэмт хэрэг буюу “Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн 3.6 тэрбумын ашигтай бизнестэй ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-19 14:54:00
    Дарваан гаөлгөр гөлөг цогоо нарт: Үүнийг бичүүлдэг хоёр хүн байгаа гэсэн. . Тэр хоёр хүн хоёул . М. А. Н. А. Н бүлэглэлийн гишүүд. За нуршаад яахав. Сайханбилэгтэй мөнгө хувааж идэж явсан . Батзандангийн ах гөлгөр . Батэрдэнэ. Нөгөө х нь халтар даравгар дарваан хар фм-ийн халтар гэх . Дарваан цогоо нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 17:08:25
    Зочин: Манай нийгэмд эрүүл саруул салхи сэвэлзэж байна. Шудрага үнэнийг тогтоох хэрэгтэй байноо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 15:30:11
    zochin: ҮНЭН МӨНИЙГ ДЭНСЛЭЭД ЗӨВ БУРУУГ НЬ НЭГ ТАЛД НЬ ГАРГАМААР ЮМ БАЙНА. АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БАЙЖ БОЛОХООР Л ЮУ Ч ХЙИХГҮЙГЭЭР ЗУУЧИЛЖ МӨНГӨ ОЛНО ГЭХЭЭР Л ХАРДАХ СЭТГЭЛ ТӨРЖ БАЙНА БУРУУ ЗАМААР АШИГ ОРЛОГО ОЛСОН БОЛ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ТӨМӨР ЗАМ РУУ ЦЭВЭРЛЭГЧЭЭР ЯВУУЛ.ҮНЭН ШУДАРГААР АМЬДРАГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-17 13:14:40
    Зочин: Сайдаас нь хөөхөд 300 хувь хангачихсан дээр нь шорон явах хэрэгтэй юм байна даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188