• Өнөөдөр 2025-04-28

“КОВИД-19” ТЕНДЕР: ХӨСҮТ-ийн зөвлөхийн “Илдэнгүн хошуу” ХХК оношлуур, дагалдах хэрэгсэл нийлүүлэх 4.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ

2021-11-18,   1194

             Монгол Улсад “КОВИД-19” халдварын анхны зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг жил найман сар, дотоодод алдагдсанаас хойш нэг жил долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хоёр Засгийн газар, хоёр Ерөнхий сайд, гурван Эрүүл мэндийн сайд, гурван Шадар сайд солигдсон. Тэд өнгөрсөн хугацаанд улсын төсвийн нийт хэчнээн их наяд төгрөгийг, гадаадын зээл, тусламжийн хэчнээн сая ам.долларыг “КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд зарцуулснаа олон нийтэд тайлагнаагүй байгаа. Лавтай 2020 онд 5.4 их наяд төгрөгийг цар тахалд зарцуулсныг УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжилж буй. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт “КОВИД-19 ТЕНДЕР” цувралыг эхлүүлж, хэний ямар компани цар тахалтай тэмцэх ажилд оролцсон, хэчнээн төгрөгийн санхүүжилт явсан, юу нийлүүлсэн тухай сурвалжлах гэж байна. 
 
Энэ удаагийн дугаарт Эрүүл мэндийн яамтай зөвхөн 2021 онд 4.1 тэрбум төгрөгийн оношлуур, дагалдах хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулж чадсан “ИЛДЭНГҮН ХОШУУ” ХХК-ийг танилцуулъя. 
 

“ИЛДЭНГҮН ХОШУУ” ХХК-ИЙН ЭЗЭД БУЮУ ХӨСҮТ-ИЙН ЗӨВЛӨХ АСАН, АУ-НЫ ПРОФЕССОР Я.ДАГВАДОРЖ

 
          “Илдэнгүн хошуу” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлохоос гадна орчны ариутгал, халдваргүйжүүлэлт, шавж, мэрэгч амьтан устгалын үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх 93 тендерт оролцож байсан баялаг намтартай компани ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь Дагвадоржийн Тунгалаг, хувьцаа эзэмшигчээр нь Ягаанбуянтын Дагвадорж, Дагвадоржийн Эрдэмбилэг, Доржсүрэнгийн Эрдэнэбат, Баргайдын Оргилмаа нар бүртгэлтэй байдаг. Товчхондоо нэг гэр бүлийн эзэмшлийн компани аж. “Илдэнгүн хошуу” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Тунгалаг нь өөр компанигүй. Харин Дагвадоржийн Эрдэмбилэг нь АНУ-ын ариутгал халдваргүйжүүлэлтийн “ОРКИН” брэндийн Монгол дахь салбар “ОРКИН монголиа” ХХК, Илдэнгүн” ХХК, “Монголын халдваргүйжүүлэлт, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоо” ТББ-тай. Ягаанбуянтын Дагвадорж нь “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг” ТББ-тай ажээ. 
Илүү сонирхолтой нь, “Илдэнгүн хошуу” ХХК ганцхан жилийн хугацаанд Эрүүл мэндийн яамны 4.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарч чадсанд нь хоёр давуу тал нь нөлөөлжээ гэж харагдаж байна. 
 
Тухайлбал,
 
Нэгдүгээрт, “Илдэнгүн хошуу” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ягаанбуянтын Дагвадорж нь Анагаах ухааны доктор, профессор, халдварт өвчин судлаач, хүний их эмч ажээ. Тэрбээр, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч, АУДС-ийн Халдвартын тэнхимийн багш, АУИС-ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, “Оном” сан, Элэгний төвийн зөвлөх байснаас гадна ХӨСҮТ-ийн зөвлөх эмчээр ажиллаж байжээ. ХӨСҮТ “КОВИД-19” цар тахалтай оройлон тэмцэж, цар тахалд төсөвлөсөн хамаг л мөнгийг захиран зарцуулсан. Гэтэл ХӨСҮТ-ийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний компани ганцхан жилийн дотор ХӨСҮТ-д 4.1 тэрбум төгрөгийн оношлуур, дагалдах хэрэгсэл нийлүүлсэн гэхээр ямар нэг ашиг сонирхол нөлөөлсөн хар төрж байгаа юм. 
Хоёрдугаарт, “Илдэнгүн хошуу” ХХК нь Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн мэдээллийн санд хаягаа “Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 00 тоот” гэж бүртгүүлжээ. Харин албан ёсны веб сайт болон Эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээнүүд дээрээ “Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намянжу гудамж, ХӨСҮТ-ийн Амбулатори, 4 давхар, 401 тоот” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл, “Илдэнгүн хошуу” ХХК нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторид байрладаг болж таарч байна. ХӨСҮТ дотор оффислодог компани ХӨСҮТ-д оношлуур, эмнэлгийн дагалдах хэрэгсэл нийлүүлсэн нь бас л ашиг сонирхлын нөлөө орсон хар төрүүлж байгаа юм. 

“ИЛДЭНГҮН ХОШУУ” ХХК 2021 ОНД 98 САЯАС НЭГ ТЭРБУМ 500 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ САНХҮҮЖИЛТТЭЙ 10 ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ 

 
             "Илдэнгүн хошуу" ХХК зөвхөн 2021 онд л гэхэд 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 10 тендерт шалгарч, оношлуур, дагалдах хэрэгсэл нийлүүлжээ. 
 
Тухайлбал, 
 
2021 оны есдүгээр сарын 13. 
 
- Ялгах кит - RNA аппарат 30 мянган ширхгийг нийлүүлэх гэрээ №437 - 132 сая төгрөг
-Ялгах кит - RNA аппарат 50 мянган ширхгийг нийлүүлэх гэрээ №138 - 220 сая төгрөг
-ПГУ оношлуур, дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх гэрээ- Нэг тэрбум 530 сая төгрөг
2021 оны есдүгээр сарын 21. 
 
-ПГУ цомог оношлуур нийлүүлэх гэрээ №439 - 220 сая төгрөг
 
2021 оны долдугаар сарын 23. 
 
-Антиген суурьтай түргэвчилсэн оношлуур нийлүүлэх гэрээ- 153 сая төгрөг
 
2021 оны долдугаар сарын 9. 
 
-Урвалж, оношлуур нийлүүлэх гэрээ- 147 сая төгрөг
 
2021 оны зургадугаар сарын 29. 
 
-КОВИД-19 халдварын Оношлуур, дагалдах хэрэгсэл нийлүүлэх гэрээ- 897 сая төгрөг
2021 оны тавдугаар сарын 10.
 
-КОВИД-19 халдварын урвалж, оношлуур нийлүүлэх гэрээ- 98 сая төгрөг
 
2021 оны дөрөвдүгээр сарын 26. 
 
-КОВИД-19 халдварын урвалж, оношлуур нийлүүлэх гэрээ- 326 сая төгрөг
 
2021 оны нэгдүгээр сарын 21.
 
-КОВИД-19 халдварын урвалж, оношлуур нийлүүлэх гэрээ – 463 сая төгрөг
 
             2020-2021 онд нэр бүхий 10 орчим компани Эрүүл мэндийн яамны эм, оношлуур, тариур, халдвар хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэх тендерүүдэд олон давтамжтайгаар шалгарч, хэдэн арван тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тэдгээрийн нэг нь 4.1 тэрбумын тендер авсан “Илдэнгүн хошуу” ХХК юм. Гэтэл энэ компани ХӨСҮТ дотор оффислодог, хувьцаа эзэмшигч нь АУ-ны доктор, профессор, элэгний төвийн зөвлөх эмч, ХӨСҮТ-ийн зөвлөх эмч байж таарч байна. Энэ мэтээр цар тахалтай тэмцэх нэрээр зарлагдсан тендерүүд танил тал, ашиг сонирхлын нөлөөгөөр шийдэгдсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байна. 
 
Үргэлжлэл бий...
 
 

“КОВИД-19” ТЕНДЕР: ХӨСҮТ-ийн зөвлөхийн “Илдэнгүн хошуу” ХХК оношлуур, дагалдах хэрэгсэл нийлүүлэх 4.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 05:46:21
    Т1 : Ич2 яаж тэгж чаддаг байнаа. Нөхөр нь мэддэг юм болвуу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 05:45:36
    Засс: Тунгалаг гээд захирал нь нөхөр нь нягтлан худалч биеэ үнэлэгч хүүхэн сда гэр бүл үймүүлэгч….
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 16:45:15
    зочин: элэгний вирусн оношлуур эм оруулж ирэхэд их хувь нэмрээ оруулсан эрдэмтэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-18 16:28:48
    Хумдаа: Биологийн хүрээлэнгийн хийсэн оношлуурыг ашиглахгүй гаднаас үнэтэйг аваад дундаас нь мөнгө идээд байх юм аа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188