-УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН БЭР ЭГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ "ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ"-ЫН ТӨСӨЛ ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭЭД "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ" ТӨҮГ-ЫН ЗАХИРЛААР ТОМИЛОГДЖЭЭ. АВТОБУСНЫ КОМПАНИ УДИРДАЖ БАЙСАН НАМТАРТАЙ Б.АЛТАНЦЭЦЭГ АСАР ОЛОН САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДАРГА БОЛСОН НЬ САНААНДГҮЙ ТОХИОЛДОЛ УУ, ЭСВЭЛ...-
Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбумын зээл, Хөрөнгө оруулагчдын тухай хуулийн ноцтой заалтын дуулианаараа “од” болоод буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гэж хэн бэ. Хурандаа Н.Хассуурийн хүү, “Хера”-гаар овоглодог, “Харвард”-ын боловсролтой гэдгээс цааш хэр ихийг мэдэх вэ. Энэ асуултад хариулт болгож, дараах баримтуудыг цуглууллаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Ремикон” ХХК, “Ремикон цемент шохой” ХХК, “Сонго ложистикс” ХХК, “Женерал индастриал солюшн” ХХК, “Хера экуйпмент” ХХК, “Мон аяут” ХХК, “Глобал лайф технологи” ХК-д хувь эзэмшдэг. Эдгээр компаниуд дээр нэмээд “Заг манхан” ХХК, “НХГ”ХХК, “Эм Би Си Си холдинг” ХХК, “Эгэ майнинг” ХХК-иудад хувь эзэмшдэг байсан ч УИХ-ын гишүүн болсныхоо дараа нэрээ хасуулсан. Төр залалцаж яваа хүн “түмэн” компанитай байвал түмний шүүмжлэлээс салахгүй гэж бодсоных биз. Түүнчлэн “Тэрхийн цагаан нуур хамгаалал” ТББ, “Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл” ТББ, “Далхын дэнж” ТББ, “Майн тех” МСҮТ, “Хассуурь” хүмүүнлэгийн сантай. Мөн Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга “сэтэртэй”. Учир нь Х.Ганхуягийн аав Н.Хассуурь Архангай аймгийн Тариат суманд төрж, өссөн юм.
Энд хоёр сонирхолтой зүйл байна. Тодруулбал, нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн “Тэрхийн цагаан нуур хамгаалал” ТББ-ын Удирдах зөвлөлд Галбадрахын Алтан-Очир гэдэг нэр байна. Судлаад үзвэл, тэрбээр Архангай аймгийн Тариат сумын Засаг даргаар 2020 он хүртэл дөрвөн жил ажиллажээ. Гэтэл Засаг даргаасаа буусан Г.Алтан-Очир саяхан Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болоод дэвшчихсэн байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай нэг төрийн бус байгууллага толгойлдог, аавынх нь төрсөн сумын Засаг дарга байсан Г.Алтан-Очир ямар замаар аймгийнхаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг хариуцах болсон юм бол...
.PNG)

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн гэр бүлийнхний мэдлийн “Хера-Инвестмент” ХХК, “Эм Би Си Си холдинг” ХХК-д хувь эзэмшдэг, түүний дотнын найз Ө.Батбаяр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайдаар саяхан томилогдсон. Дэлхийгээр аялагч гэдгээс бусдаар улс төрд төдийлөн намтаргүй Ө.Батбаяр гэнэт л Элчин сайд болоод мандчихсан нь хэсэгтээ л шүүмжлэл дагуулсан. Элчин сайд болсон нь эрхэм гишүүнтэй найз байсны ач тус юм биш байгаа даа. Ямартай ч тэр хувьдаа 19 компанитай. Мөн Х.Ганхуягийн найз Р.Ганхуяг “Хера-Инвестмент” ХХК, “Эм Би Си Си холдинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Тэр гэхэд л хувьдаа 25 компанитай байх аж.
Харин Х.Ганхуягийн эхнэр Т.Уранзулын хувьд “Гоо сондор” ТББ, “Монголын хүүхдийн дүрслэх урлаг” ТББ, “Даунтаун фейшн” ХХК, “Орчлонгийн амин чанар” ТББ-тай ажээ. Мөн Т.Уранзултай төрсөн эгч дүүс Т.Хонгорзул нь “Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл төв” ТББ, “Даун таун” ХХК, “Хичээнгүй гар” ТББ, “Монголын христ итгэлт сэтгэлзүйчдийн холбоо” ТББ-тай аж.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН ТӨРСӨН АХ Х.ГАНТУЛГА 20 ОРЧИМ КОМПАНИТАЙ, ТҮҮНИЙ ЭХНЭР Б.АЛТАНЦЭЦЭГ НЬ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ...
Хурандаа Н.Хассуурь хоёр хүү, нэг охинтой. Х.Ганхуяг УИХ-ын гишүүн болсон тул бизнесээ түүний ах Х.Гантулга хариуцаж байгаа гэх. Тодруулбал, тэрбээр “Хера инвестмент” ХХК, “НХГ” ХХК, “Хера холдинг” ХХК, “Тайхар ундарга инвестмент” ББСБ, “Белый медведь” ХХК, “Баян хиллс ресорзис” ХХК, “ББЛХ сервис” ХХК, “Заг манхан” ХХК, “Глобал лайф технологи” ХК, “Ти ай транс” ХХК, “Эм Би Си Си холдинг” ХХК, “Эйч Би Си пропертийз” ХХК зэрэг компаниудыг эзэмшдэг. Мөн компаниудынхаа гүйцэтгэх захирлын албыг хариуцуулдаг Чулуунбатын Мөнгөнсүхийнхээ нэр дээр “Хера майнинг экуйпмент” ХХК, “Херо-Автомотив” ХХК, “Хера-Экуйпмент” ХХК, “Нэйшнл лизинг сервис” ХХК, “Майн технологи марк” ХХК, “Агро люкс”ХХК, “Хера пропертийз” ХХК-иудыг бүртгэлтэй байлгадаг ажээ. Нийт тоогоороо Х.Гантулга 20 орчим компани хариуцаж байгаа гэсэн үг.
Харин Х.Гантулгын эхнэр Б.Алтанцэцэг нь “Жениүс консалтинг” ХХК, “Улаанбаатар автобус нэгтгэл” ХХК-д хувь эзэмшдэг. Мөн “Хера экуйпмент” ХХК-ийн эзэмшилд байдаг “Блю бус” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.

Сонирхолтой нь, Х.Гантулгын эхнэр Б.Алтанцэцэг энэ оны хоёрдугаар сард “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогджээ. “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ бол одоогоор хамгийн чухал төрийн өмчит үйлдвэрийн газарт тооцогдож буй. Тухайлбал, он удаан жил яригдсан, 288 сая ам.долларын өртөгтэй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” –ын төсөлд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ төрийг төлөөлж оролцож байгаа. Гэтэл асар их хэмжээний санхүүжилттэй энэ төсөл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн бэр эгч Б.Алтанцэцэг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон нь санаандгүй тохиолдол гэж үү. Тэгээд болоогүй, нөхөр Х.Гантулга нь уул уурхай, барилга, тоног төхөөрөмжийн 20 орчим компанитай, нөхрийнх нь дүү Х.Ганхуяг нь УИХ-ын гишүүн гэхээр ашиг сонирхлын асар их зөрчилтэй томилгоо юм биш үү. Б.Алтанцэцэг нь автобусны компани л удирдаж байснаас биш сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн намтар, түүхгүй л нэгэн юм билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН АХ, ЭГЧ, ЭЭЖИЙНХ НЬ КОМПАНИУДЫН ХАЯГ ДЭЭР СЭЛЭНГЭ АЙМГИЙГ СҮЙТГЭСЭН "ПЕНТАТЕРРА" ХХК, "ТАЙХАРЖИН МАЙНИНГ" ХХК-ИУД ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг гэр бүлийнхнийхээ бизнест чамгүй оролцоотой нэгэн. Тухайлбал, тэрбээр “Талын монгол моторс” ХХК, “Тайхар ундарга инвест” ББСБ, “Вертекс майнинг партнер” ХХК-иудыг эзэмшдэг. “Вертекс майнинг партнер” ХХК-д УИХ-ын гишүүн Г.Дамдинням хувь эзэмшдэг байсан бөгөөд энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан баримт ил болсон. Хэтэрхий олон яригдаад, улиг болчихсон, Г.Дамдинням ч, Х.Ганхуяг ч гүрийсээр өдий хүрсэн тул энэ компанийн тухай дэлгэрүүлэлгүй үлдээе.

Гэхдээ энд анхаарал татах маш сонирхолтой зүйл байна. Х.Хашчимэгийн “Вертекс майнинг партнер” ХХК, “Талын монгол моторс” ХХК, Х.Гантулгын “Эйч Би Си пропертийз” ХХК, тэдний ээж П.Бямбасүрэнгийн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай хамтран эзэмшдэг “Топ майнинг солюшнс”ХХК-иуд “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар, 61-37 тоот” гэсэн хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. Тэгвэл яг энэ хаяг дээр өнгөрсөн жилийн нэг дуулианы гол баатар “Пентатерра” ХХК бүртгэлтэй байдаг ажээ. Санаж байвал, “Пентатерра” ХХК нэг ажилчныхаа аминд хүрсэн, хууль бусаар олборлолт явуулдаг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын хувь эзэмшдэг компани гэх мэдээллүүд өнгөрсөн жил цацагдаж, цаад эзнийг нь эрэн хайцгааж байв. Тэгвэл энэ муу нэрээрээ алдартай компани яагаад УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн гэр бүлийнхний мэдлийн компаниудын хаяг дээр давхар бүртгэлтэй явж байна вэ. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед Х.Ганхуяг “Баянгол дүүргийн 4 дүгээр хорооллын “Аз жаргал” гэсэн бичигтэй 61 дүгээр байр бол миний төрж, өссөн байр” хэмээн ярьж явсан. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар, 61-37 тоот” гэх хаяг бол УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн аав, хурандаа Н.Хассуурийн насаараа амьдарсан хаяг юм. Гэтэл энэ хаяг дээр “Пентатерра” ХХК бүртгэлтэй байгаа нь ямар учиртай вэ.

Судлаад үзвэл ганц энэ компаниар зогсохгүй буюу илүү сонирхолтой зүйлс гарч ирж байна. Тодруулбал, “Пентатерра” ХХК-ийг “Тайхаржин Транс” ХХК эзэмшдэг, “Тайхаржин Транс”ХХК-ийг “Монгол алтан минт” ХХК эзэмшдэг, энэ компанийг Б.Батбаатар гэгч эзэмшдэг буюу “Пентатерра” ХХК-ийн эцсийн өмчлөгч гэсэн үг. Б.Батбаатар нь “Шарын гол”ХК-иар нэрд гарсан, уул уурхайгаар дагнасан “нууц ноён”. Тэгвэл “Пентатерра” ХХК-тай хаяа дэрлээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голд алт ухаж байсан “Тайхаржин майнинг” ХХК гэж бий. Энэ компанийн захирлаар “Пентатерра”ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу “нууц ноён” Б.Батбаатар ажиллаж байсан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, “Тайхаржин майнинг” ХХК, “Пентатерра” ХХК хоёр бол нэг эзэнтэй компани болж таарах магадлал өндөр. Тайхаржин транс, Тайхаржин майнинг гэх нэрийг нь харсан ч тэр. Тэгвэл “Тайхаржин майнинг” ХХК нь “Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар, 55-44 тоот” гэсэн хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. Гэтэл яг энэ хаяг дээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ах Х.Гантулгын “Баян хилсс ресорзис” ХХК бүртгэлтэй байна. Сэлэнгэй аймгийн Баянгол сумыг сүйдэлж орхисон "Тайхаржин майнинг", "Пентатерра" гэх хоёр компани хоёулаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн гэр бүлийн эзэмшлийн компаниудын хаяг дээр давхар бүртгэлтэй байгаа нь санамсаргүй эсвэл улсын бүртгэлийн ажилтан андуураад биччихсан ч юм биш. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уул уурхайн гүн "хутгалдсаны" жишээ юм.

“Пентатерра” ХХК, “Тайхаржин майнинг” ХХК гэх муу нэрээрээ зартай хоёр компани яагаад өөрийн тань эзэмшлийн компаниудын хаяг дээр байгааг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг та өөрөө хариулт өгөх нь зүйтэй болов уу.
ШУДАРГА НЭРТЭЙ ЭДИЙН ЗАСАГЧ Л.НАРАНБААТАР УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН ЭЭЖИЙНХ НЬ КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ
Хурандаа Н.Хассуурийн гэргий буюу УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэн “Топ майнинг солюшнс” ХХК, “Глобал майнинг сервис” ХХК, “Ремикон” ХХК, “Хьюндай машинери” ХХК, “Жи Эм Си групп” ХХК-дад хувь эзэмшдэг. Сонирхолтой нь, П.Бямбасүрэнгийн “Жи Эм Си групп” ХХК-ийнх нь захирлаар Лүндэгийн Наранбаатар, хувь эзэмшигчээр нь “Гложекс холдинг” ХХК бүртгэлтэй байдаг аж. “Гложекс холдинг” ХХК мөн л Лүндэгийн Наранбаатарын компани. Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан, гэхдээ АН-ыг алдалгүй муулсаар өнгөрсөн оны есдүгээр сард МАН-д элссэн эдийн засагч гэгддэг нэгэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээжтэй нэг компани дундаа эзэмшиж, захирлаар нь ажилладаг ажээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭР Ц.УЯНГА НАР УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГИЙН ГЭР БҮЛИЙН ДӨРВӨН КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ
Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Прокон майнинг монголиа” ХХК, “Топ майнинг солюшнс” ХХК-д хувь эзэмшдэг бол, “Вертекс майнинг партнер” ХХК-д хувь эзэмшиж байгаад нэрээ хасуулсан байдаг. Тэгвэл энэ гурван компани нь гурвуулаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн гэр бүлийнхний компаниуд байна. Тухайлбал, “Прокон майнинг монголиа” ХХК нь Х.Гантулгынх, “Топ майнинг солюшнс” ХХК нь П.Бямбасүрэнгийнх, “Вертекс майнинг партнер” ХХК нь Х.Хашчимэгийнх аж.
Түүнчлэн, Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга “Хера-Инвестмент” ХХК, “Оргил финанс” ХХК, “Марка коиба” ХХК, “Бизнесталант” ХХК-иудад хувь эзэмшдэг. “Хера-Инвестмент”ХХК нь Хассуурийн Гантулгын компани бол “Марка коиба” ХХК нь Х.Гантулгын “Хера-Инвестмент”ХХК-ийн эзэмшлийн компани ажээ. Өөрөөр хэлбэл, Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга нь Х.Гантулгын хоёр компанид хувь эзэмшдэг гэсэн үг. УИХ-ын гишүүд нэг нэгнийхээ халаасанд ийм байдлаар хэт орсон байж болно гэж үү. Тэгээд бүр гэр бүлээрээ шүү.
ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "хориотой" баримтууд... |
|