• Өнөөдөр 2024-04-25

Б.ЖАВХЛАНГИЙН ЗАВХРАЛ-I

2021-11-02,   3938

             -Төрсөн эгчийгээ яаманд дарга болгодог, төрөлх нутгийнхаа найзад ЖДҮ "авч өгдөг" Сангийн сайд Б.Жавхланд итгэж болох уу-

           Сангийн сайд Б.Жавхлан яг энэ цаг үед бүх нийтийн анхаарлын төвд байна, хүссэн ч, эс хүссэн ч. Цар тахалд нэрвэгдсэн эдийн засаг сэргэх эсэх, цөөхөн монголчуудын тартагтаа тулсан амьдрал өөдлөх эсэх нь цөм улсын хэтэвчийг атгаж суугаа Сангийн сайд Б.Жавхлангийн ур чадвараас хамаарах болчихоод байгаа учраас тэр л дээ. Ялангуяа манай улс ирэх онд олох хэдэн их наяд төгрөгөө олон хэрэгтэй зүйлд зарцуулах уу, олиггүй хэдэн зүйлд урсгах уу гэдэг нь Сангийн сайд Б.Жавхлангийн боловсруулсан төсвөөс хамаарах, түүнийг нь одоо хэлэлцэж байгаа учраас тэр яг энэ цаг үеийн анхаарах ёстой хүн мөн.
 
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан гэж ер нь хэн юм бэ. Худалдаа хөгжлийн банк, Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан, ЖДҮХС-г “тоносон” хэрэгт нэр холбогдсон ч цэвэрхэн мултарч, Дархан-Уул аймгаас улирч сонгогдон, улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ур чадвартай гэгдэж орж ирсэн гэдгээс өөрөөр түүнийг хэр сайн мэдэх билээ. Энэ асуулт, эргэлзээг тайлахаар энэхүү цувралыг хүргэж байна. 
 
             Сангийн сайд Б.Жавхлангийн энэ намтрыг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх, тэр дэлгэдэггүй учраас. Б.Жавхлангийн аав Л.Болд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Тухайн үеийн төрийн бодлогын дагуу хойд хөршид сургууль төгсөж, инженер болсон. Улмаар Дарханд томилогдож ажиллаж байсан юм билээ. Тэрээр Аж үйлдвэрийн комбинатын барилга захиалагчийн товчоонд инженер, Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрт даргаар ажиллаж байснаас гадна Дархан хотын намын хорооны II нарийн бичгийн дарга байсан. Дарханд ийнхүү илгээлтээр ажиллаж байх үед нь Сангийн сайд Б.Жавхлан мэндэлж, наймдугаар анги хүртлээ Дархан хотын Дархан хотын 17 дугаар сургуульд суралцсан. Улмаар Л.Болд 1990  онд төрөлх Сүхбаатар аймгийнхаа Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга буюу одоогийн нэршлээр Засаг даргаар томилогдож, тэднийх Сүхбаатар аймаг руу нүүсэн. Ингээд Сангийн сайд Б.Жавхлан Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургуульд шилжин суралцаж, тэндээ төгссөн. Түүний ээж М.Энхмандах нь Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, Дарханы эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Дархан хотын хүндэт иргэн шагналтай. Ингэж Сангийн сайд Б.Жавхлан төрсөн газраараа Дархан хотоор, удам угсаа, төгссөн сургуулиараа Сүхбаатар аймагтай холбогддог. 
 
Улмаар Б.Жавхлан 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Хожим нь 2007 АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Риверсайдын хэлний сургуульд нэг жил, 2008 онд Индианагийн их сургууль нэг жил суралцсан. Ажилласан байдлын хувьд 1997 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх байсан. 2016 онд төрсөн нутаг Дархандаа нэр дэвшиж ялалт байгуулж, 2020 онд улирч сонгогдсон. Түүний намтар товчхондоо ийм. 
 

САНГИЙН САЙД БОЛДЫН ЖАВХЛАНГИЙН ТӨРСӨН ЭГЧ БОЛДЫН СЭРГЭЛЭН ЯАМ ДАМЖИЖ, ДАРГА ХИЙСЭЭР...

 
         Сангийн сайд Б.Жавхланд ашиг сонирхлын нэг том зөрчил бий. Тэрбээр нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Түүний эгчийг Б.Сэргэлэн гэдэг бөгөөд Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар ажиллаж байсан. Харин Б.Жавхлан 2016 онд УИХ-ын гишүүн болсны дараа тухайн үеийн нэршлээр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга болж дэвшсэн. Харин одоо Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын даргаар томилогдон ажиллаж буй. Төрсөн дүү нь төсөв боловсруулж, яам руу нь мөнгө хуваарилаад, төрсөн эгч нь тэр мөнгөөр нь урлаг, уран бүтээлийн гэх нэршилтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд сууж байх нь гэсэн үг л дээ. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урлаг, уран сайхан, музей, аялал жуулчлалын цогцолборуудад мөнгө хайрлахгүй цацаж байгаа. Ямар сайндаа л цар тахлын дундаар тэмцэн байж тэрбум төгрөгөөр цахим наадмын контент хийх вэ дээ. Тэр байтугай, ирэх онд урлаг соёлын төслүүд, уран бүтээлчдийг түлхүү дэмжинэ, Холливудын кино хүртэл хийнэ гэж яриад яваа. Ирэх онд л гэхэд Соёлын яаманд 500 гаруй тэрбум төгрөгийн төсөв хуваарилахаар төлөвлөсөн нь бусад яамдуудтай харьцуулахад өндөр байна гэх шүүмжлэл гарч буй. Магад, Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн эгчийгээ бодсон үйлдэл ч байж болох юм. 

       Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах нь кино, контент, нэвтрүүлгийн мэргэшсэн найруулагч, Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн эгч нь Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга буюу улсын хэмжээнд хийгдэх урлаг уран сайхны арга хэмжээ,кино, контент, уран бүтээлүүдийг хариуцах эрхтэй дарга, Соёлын сайд Ч.Номин нь “Монгол телевиз”-ийн захирал буюу шоу, контентын төслүүдийг хэрэгжүүлэгч гэхээр, төгс нэгдэл биш гэж үү. 

ЖДҮ-ГИЙН ХЭРГЭЭС ЦЭВЭРХЭН МУЛТАРСАН Б.ЖАВХЛАНГИЙН ҮНЭН БАРИМТ

 
             Сангийн сайд Б.Жавхлан 2018 онд ЖДҮХС-аас “Пример инвестмент групп”-д 900 сая, “Жетте майнинг” ХХК-д мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг өгүүлсэн хэрэгт нэр холбогдсон. Ингэхдээ ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэг рүү утасдаж “Жетте майнинг” ХХК-д зээл олгох “чиглэл” өгсөн гэгдэж байв. Гэвч Б.Жавхлан дээрх гурван компанитай огт холбоо хамааралгүй буюу ЖДҮХС-аас зээл авахад нь нөлөөлөөгүй гэх тайлбар хийж, энэ хэргээс цэвэрхэн мултарч, 2020 оны сонгуульд дахин нэр дэвших эрхээ олж авсан байдаг. 
Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан “Жетте майнинг” ХХК-ийг Сангийн сайд Б.Жавхлантай үнэхээр ямар ч холбоогүй эсэхийг нь судлаад үзье. 
 
Баримт 1: Сангийн сайд Б.Жавхлан Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургуулийг төгссөн гэж дээр намтарт нь бичсэн. Тэгвэл Б.Жавхлан “Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн төгсөгчдийн холбоо” гэх ТББ-тай бөгөөд өөрөө удирдах зөвлөлийн дарга нь юм байна. Тус холбооны удирдах зөвлөлд Бадарчийн Энхбаяр, Үржингийн Батмөнх, Гөлгөөгийн Эрдэнэцогт, Сандуйжавын Ганболд, Эрдэнэбалын Ирэхбаяр гэх хүмүүс бүртгэлтэй байна. 
Сонирхолтой нь, энэ холбооны удирдах зөвлөлд нэр нь байгаа Гөлгөөгийн Эрдэнэцогт нь ЖДҮХС-аас зээл авсан “Жетте майнинг” ХХК-ийн захирал бөгөөд улсын бүртгэлийн санд ч нэр нь дурайж байна. Өөрөөр хэлбэл, “Жетте майнинг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогт нь Сангийн сайд Б.Жавхлантай нэг сургууль төгссөн, төгссөн сургуулийнхаа холбооны удирдах зөвлөлд хамт байдаг юм байна. Тэгэхээр хамаарал бүхий этгээдүүд биш үү. Тэр байтугай, Гөлгөөгийн Эрдэнэцогт нь улсын бүртгэлд нэр дээрээ 14 компанитай, тэдгээрийн компаниудынх нь нэг нь л ЖДҮ-гийн дуулианы эзэн “Жетте майнинг” ХХК гэдгийг хэлэх хэрэгтэй байх. 
 
Баримт 2: Г. Эрдэнэцогт “Жетте майнинг” ХХК нь улсын бүртгэлийн санд “Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол, 414-142 тоот” гэсэн хаяг дээр бүртгэлтэй байдаг юм байна. Судлаад үзвэл, энэхүү хаяг дээр “ББ трийпел” ХХК, “Шохойт” ХХК гэх хоёр компани давхар бүртгэлтэй байдаг аж. Энэ хоёр компанийг судлаад үзвэл, захирал нь Ооёогийн Бат-Эрдэнэ гэж хүн байдаг аж. Тэгвэл Ооёогийн Бат-Эрдэнэ нь мөн л Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль буюу Сангийн сайд Б.Жавхлантай нэг сургууль төгссөн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-аас зээл авсан “Жетте майниг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогт нь Сүхбаатар аймгийнх, тэр тусмаа Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургуулийг төгсөгч гэдгийг баттай нотолгоо энэ.
Баримт 3: Илүү лавшруулаад үзье. Судлаад үзвэл “Жетте майнинг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогтын аав Халтарын Гөлгөө нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул бөгөөд Сүхбаатар аймгийнхаа ардын хурлын гүйцэтгэх захиргааны I орлогч даргаар 10 гаруй жил, аймгийнхаа намын хорооны намын байгуулалтын хэлтсийн орлогч эрхлэгчээр олон жил ажилласан хүн ажээ. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Жавхлангийн аав нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул буюу “Жетте майнинг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогтын аав Х.Гөлгөөтэй нэг сумын, нэг нутаг усны хүмүүс юм гэсэн үг. Мөн Сангийн сайд Б.Жавхлангийн аав Л.Болд Сүхбаатар аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан бол “Жетте майнинг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогтын аав Х.Гөлгөө нь Сүхбаатар аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны I орлогч даргаар ажиллаж байж. 

Ингээд харвал, “Жетте майнинг” ХХК-ийн захирал Г.Эрдэнэцогт, Сангийн сайд Б.Жавхлан нар нэг аймгийнх, нэг сургууль төгссөн, нэг холбоог хамт эзэмшдэг, аавууд нь нэг нутаг усныхан, нэг газар ажиллаж байсан болж таарч байна. Ийм байхад ч огт хамаарал байхгүй гэж зүтгэж, хариуцлагаас бултах уу. АТГ ажлаа яс тас хийвэл энэ мэт нотолгоонууд байна. 

 
              Энэ цувралын төгсгөлд, Сангийн сайд Б.Жавхлан тийм ч нэр, мөр цэвэр хүн биш буюу ашиг сонирхлын зөрчилтэй, төрсөн эгчээ төрд ажиллуулдаг, төрөлх нутгийнхаа найзын компанид ЖДҮ “олгуулдаг” гээд завхралтай баримтууд олон гарч ирж байна. Бид дараагийн дугаартаа түүний эхнэр А.Соёлмаагийн компани ямар замаар "Чингисхаан банк"-тай холбогддог тухай, Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий буюу УИХ-ын гишүүн болсныхоо дараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурддаг байсан “Долоон болдог” ХХК нь хэрхэн тендер хамж байгаа тухай илүү дэлгэрэнгүй хүргэх болно. 
Үргэлжлэл бий...

Б.ЖАВХЛАНГИЙН ЗАВХРАЛ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-27 13:40:53
    иргэн: ямар ядчихсан худал зохиол зохиож бичдэг юм бэ. захиалагчыг нь олоорой Жавхлан сайдаа.Амжилт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-20 18:28:31
    Зочин: За даа энэ ч харлуулах гэж аргаа барсан хүний ажил байна даа. нэг сургууль нэг нутаг усных байлаа гээд зээл олгоход нь нөлөөлсөн гэдгийг тогтоогоогүй бол ямар ч падлий байхгүй. Жавхлангаар хэн оролдоод байгаа юм бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 20:27:10
    Солонго үүл: Хүүеээ энэ хүн чинь өөрөө соел урлагийн салбарт олон жил ажилласан хүн шүү! ингэж харлуулж ч болохгүй дээ.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 15:54:34
    УНШИГЧ: ЭНЭ ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД УЛС ОРНЫ ХӨРӨНГӨ САНХҮҮГ ХАРИН Ч ГАЙГҮЙ БАРЬЖ.САЙН МЕНЕЖЕРИЙН АЧААР БАЙР ТОГНЫ МӨНГӨ ТӨРӨӨС ДААЖ ТҮЛШНИЙ ҮНЭ ХӨНГӨЛЖ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100К БОЛГГОД БАЙГАА ГЭЖ БОДОХ ЮМ .ТЭР ЭГЧ БОЛ АЛЬ ДЭЭР Л ОЛНЫ ТАНИЛ ХҮН БАЙСАН БИЗ ДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-06 09:45:20
    Зочин : Энэ нэг мэлхии нүд гаргасан гахайг зайлуулж болохгүй юу энэ гахай гараад тэтгэвэр нэмэхгүй гээд хуцаад байгаа шүүдээ Ариунзаяа гээд бас нэг гахай байна тэтгэвэр хоёр жил нэмсэнгүй энэ гахайнуудыг зайлуулах хэрэгтэй шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-05 17:42:08
    Мэндээ: Би ч гэсэн Сүхбаатарын уугуул. Өөрийн жижиг бизнесдээ ЖДҮ-гээс зээл авбал Б.Жавхлан-ы нэр холбогдох болж байна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-03 00:39:18
    Уншигч: Жавхлан сайдыг Сангийн сайд болохоос емне тvvний эгч соел урлагийн салбарт олон жил ажиллаж салбартаа танигдсан хvн.Дvvгээрээ татуулаад ар еврийн хаалгаар соелын яаманд орж ажиллах хvн бишээ еерийн ажил мэргэжлийн ур чадвар, туршлагатай хvн гэдгийг салбарынхан нь сайн мэднэ. ДБЭТ-ыг маш сайн удирдаж сонгодог урлагийг хегжvvлэхэд тvvний оруулсан хувь нэмэр их шvv.Дvv нь сайд боллоо гээд олны хэл амнаас айгаад эзэмшсэн мэргэжил олон жил ажилласан ажлаасаа гарах естой юм уу.Ер нь манай монголд гэр бvлийн хэн нэг нь УИХ-н гишvvн эсвэл сайд дарга л болбол ах дvvсийнх нь урьд нь эрхэлж байсан ажил албыг vгvйсгээд иймэрхvv хов бичихээ болимоор юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 15:12:53
    Зочин : 7 болдог ххк нь Китчен олл тавилга үйлдвэрлэл эрхэлдэг үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 12:00:41
    Би: Оюу толгой ажиллагаа эхэллээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 11:53:36
    TUUGU: Saingiin said hvn mani hedees bol hawi iluu uchraas l ene alband tomilogdson n lawtai.Ene hvnii bodlogiin jamar hvvhdiin mongoo nemvvlj tog tshailgaanii tolboroosoo salsan shd uuh ygsun hvntei ugluu bosood zargaldana gej...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 11:51:31
    Irgen: Uls toriin huntei hamaatan geed bugd muu gsen ug bish shuu dee. Mongolchuud sain sudalval bugd l hamaatan bolchih geed bdag tsuuhun ard tumen..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 11:40:48
    иргэн: Сэргэлэнгийн хувьд бол яалтачгүй мундаг эмэгтэй, ажлаа мэддэг, хийж ч чаддаг хариуцсан албан байгууллагаа авч явсан шиг явдаг эдний салбар үхлээ хатлаа дэндлээ гэж жагсаал цуглаан хийж байхыг ер нь хараагүй. Сайдын эгч гэдгээр нь удирдах албанд тависан гэж бодох нь шал тэнэг ойлголт байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 11:31:08
    Жавхлан сангийн сайдын хувьд толгой муутай, мэдлэггүй нөхөр. : Жавхлан эдийн засгийн мэдлэг чадвар муу, худал тооо ярьдаг. Халамж, тэтгэмжээ ялагадгүй. Арилжааны банкнуудаар сангийн яамны бодлогыг заалгадаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 11:21:16
    Иргэн: Жавхлангийн завхрал цаашид хэдэн жил үргэлжлэх бол.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-02 09:51:41
    Zochin: Chinis khaan bank ????
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188