• Өнөөдөр 2024-04-29

БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ

2024-01-02,   5356

       Тэртээд цэнхэртэх тэнгэр, газрын хаяагаар цагаан зээр, бор гөрөөс цахилж, торох юмгүй, тулах гүвээгүй мэнэрсэн их талд ээх нар аргамжаанаасаа алдуурсан адуу шиг цойлж, дорнын буурал талыг бүлээн элчээрээ дулаацуулахтай зэрэгцээд Буйр нуурын баруун хөвөөнд бид хүрлээ. Элдээд тавьсан хурганы арьс шиг нүд гялбам талын дундах нуурын хөвөөг төө зузаан цас хучжээ. Нуурын тэхий голоор ганц, хоёр машин давхилдаж, зүүн талын дэнжид ноход боргож, хойд талаар нь хүний нутгийн бараа сүүмийж, урд эргээр нь 10 гаруй шавар байшин тэнгэр баганадан суунагтах  цэнхэр утаан дунд аниргүй оршин байна. Нуурын урд эргийн элсийг аргадан байж туулаад шавар байшингуудын тэрүүхэнд очвол чимээ анир алга. Үе үехэн хоёр, гурван нохой ундуй сундуй байшингийн ар, өврөөр гүйлдэн боргох, гаслах дуу, яндангаас дээш тэмүүлэх цэнхэр утаа л энэ сууринг дэн дун амь оруулж байлаа. Байшингуудын зүүн хаяанд хоёр чөдөртэй морь идээшилж, хойд талын өвсөн дунд зээрийн сүрэг хоножээ. Машины чимээгээр шинэ орсон цасанд толгой нь жаахан бөхийсөн ч халиуран нахилзах их өвсөн дундуур зээрийн сүрэг туучаад, нуурын зүүн эргийг чиглэн давхичихлаа. Шаргалтсан их талын дундуур давхисан нялх тугалын чинээ цагаан зээрийн сүргийн бараа үл тасрахтай зэрэгцээд нуурын мөс тас няс болоод явчихлаа. Буйр нууранд ангал үүслээ гэнэ. Энэ удаагийн ангал нуурын урд талаар эрэгт тун ойрхон үүсэж байгааг хамт явсан нутгийн иргэд толгой сэгсрэн, ам уралдан ярих.Нутгийн залуу Галаа “Энэ жил ангал нэлээд үүсэж байна. Шөнө, оройгоор нуурын мөсөн дээгүүр явбал үхлээ эрнэ гэдэг л болно. Хэдэн үхрээ Халх гол руу тууя” гээд машины хажуугаар зүүн тийш саравчлангаа сандрангуй ярих.

        Биднийг талын салхинд цохиулж зогсох зуур насыг элээсэн гэмээр шавар цагаан байшингийн хойд хормойгоор цэнхэр өнгийн портер утаа манан савсуулан хаазлаад гараад ирлээ. Араагаа мулт татчихав уу гэлтэй жолоочийн баруун тохой суудлын ирмэгт тулж, ухарч байгаа харагдана.  Хааз нь улам чангараад л, жолооч нь кабиндаа багтахгүй шахам тонгочих. Урдхан талд байх гэрийн хаалгаар 50 орчим насны эмэгтэй нүүр нүдгүй баглаж, зузаалж гарч ирээд, байшингийн өврөөс шуудай, хүрз аваад машины тэвшин дээр чулуудчихлаа. Тэгээд гэрийнхээ хаалгыг уяагаар уяж, модоор даруулаад машинд суугаад нуурын зүг хөдлөв бололтой.Буйр нуурын урд эрэгт байрлах 30 гаруй жилийн түүхтэй “Загасны үйлдвэр”-ийн загасчдын амьдралыг сурвалжлахаар Улаанбаатараас Дорнод аймгийн Халхгол сумын нутагт томилолт өвөртлөн ирээд байгаа минь энэ. Энэ сууринд 20 гаруй айл бүртгэлтэй амьдардаг гэнэ. Түүний 10 гаруй нь загасанд явж, Буйр нуураас амьдралаа залгуулдаг аж. Мөн зундаа гэр буудал, хоолны газар, хөтөч, хясаа олборлож аялагчдад үйлчилж, аж төрдөг ажээ.

ЗАГАС ҮРЖҮҮЛЭГЧ ОЛБОРЛОГЧ БОЛСОН НЬ

     Тоос манан татуулаад, энхэл, донхол замаар цэнхэр машинаа тонгочуулж, нуур өгсөөд давхисан гэр бүлийн хоёрыг Т.Гансүх, Б.Оюун гэдэг. Энэ сууринд суурин байдаг цөөн айлын нэг нь тэднийх. Бид тэдний араас хөдлөөд, Халх голын эргээс Буйр нуур руу нийлдэг зүүн урд эрэгт сая нэг юм “барьж” авлаа. 

Т.Гансүх ах 53 настай. Энэ сууринд байх “Загасны үйлдвэр”-т 1988 оны нэгдүгээр сард 18 настай байхдаа илгээлтийн эзнээр томилогдон иржээ. Тухайн үед “Загасны үйлдвэр”-т олон хүн илгээлтээр ирж ажилладаг байсан бөгөөд эрчүүд нь загас барих, эмэгтэйчүүд нь цэвэрлэж, давслах, тор оёх ажил хийдэг байжээ. Олборлосон загасаа хойд хөрш рүү нийлүүлдэг байсан гэнэ. Тэрбээр “Загасны үйлдвэр”-т жил орчим ажиллаад, Болгар Улсад загас үржүүлэгч мэргэжлээр сурахаар явжээ. Үеийнхээ 10 гаруй хүүхэдтэй хоёр жил сурч, буцаад үйлдвэртээ ажилтнаар ирсэн байна. Тэр өдрөөс хойш энэ сууриндаа амьдарч байгаа гэнэ. Бид түүний амьдралыг сурвалжлахаар, амьдралынх нь сонирхолтой түүхийг олон хүнд уншуулахаар зорьж ирсэн талаараа хэлэхэд “Нуурын эргээс холдолгүй насыг элээж байгаа надад ярих юм юу байх вэ дээ. Залуу байхад ч эрч хүчтэй сайхан байж. Одоо ч “Шуургатай өдөр замаа олсонгүй, загасгүй газар тор тавьсан будилуу өвгөн” гэж эхнэртээ загнуулдаг хар хүн л болчихсон байна” хэмээн инээсээр биднийг угтав.

       Тэрбээр “Миний хүүхэд нас ч гэлтгүй амьдрал минь тэр чигтээ Буйр нуурын хөвөөнд өнгөрлөө. Аав, ээж хоёр минь энэ нутагт мал маллаж, амьдардаг байлаа. Наймдугаар ангиа төгсөөд “Загасны үйлдвэр”-т томилогдсон. Анхандаа загас агнах, улсаас ногдуулсан норм биелүүлэх гэж бусадтай л адил улайрч, нуурын хөвөөнд өнждөг байлаа. Тор, дэгээгээ бариад хоёр найзтайгаа нуураас загас олборлож, үйлдвэрт тушаана. Тэгж ажиллаад удаагүй байхад Болгар Улс руу сургуульд сурах боломж олдсон. Улс тухайн үедээ загас олборлохоос гадна хэрхэн үржүүлэх вэ гэдэгт анхаарч байсан гэсэн үг л дээ. Тэгээд сургуульдаа амжилттай сайн сураад 1990 онд эндээ эргэж ирээд, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Угтаа загас үржүүлэгч мэргэжилтэй хэрнээ олборлогч болчихсон хүн дээ, би. Загас үржүүлэх гэж, мэргэжлээрээ ажиллах гэж хичээсэн ч байгалийн онцлогоос болоод болоогүй. Загасаа үржүүлээд арай чүү гарын ая даахтай болох гэж байтал өвөл болоод хөлдөөчихнө. Тэгээд л бүтэн зургаа, долоон сарын хөдөлмөр нурж, загас үржүүлэх боломжгүй болдог. Хэд хэдэн удаа Буйр нуурыг бараадан байх жижиг нууруудад загас үржүүлэх гэж үзсэн. Угтаа жил гаруйн хугацаанд үржүүлж байж олборлолтын хэмжээнд очдог юм. Тэгээд л орхисон доо. Түүнээс хойш эзэмшсэн мэргэжлийнхээ эсрэг л амьдарч явна” хэмээн инээсээр машиныхаа тэвшин дээрээс олс, лоом, шуудай, хүрз буулгаад, өчигдөр тавьсан тороо татахаар биднийг дагуулан алхав. 

Нуурын мөсөн дээр хасах 20 хэмийн хүйтэн байлаа. Цагийн эргэлтэд үрчлээтсэн гараараа торны үзүүрээ татаж, 40-ийн бидоны хэмжээтэй цооног руу улаан нүүрээ тулгаад, хонины бөөр шиг жижигхэн чихээ байгаагаас нь илүү том болгож, нуурын усны хоржигнох чимээ чагнаад байх аж. Т.Гансүх ахын хамгийн сайн туслах нь түүний эхнэр Б.Оюун. Хүрз бариад, лоомдсон мөсийг нь эрэг рүү дөхүүлж шидлээд байх юм. Төд удалгүй торны үзүүрээс атгаад эвхэж гарлаа. Тэв тэгшхэн, цав цагаан нуурын мөсөн дээр сүүдэртэж, харлаж харагдах энэ жижигхэн цооногоос пүл пал гэх чимээ гарч, “Одоо гарлаа, одоо гарлаа шүү” гэх яриа үргэлжлэхтэй зэрэгцээд суналзаж, мушгиралдаж, нааш, цааш үсэрсэн соом гэх загас бөөн бөөнөөрөө гараад ирэх нь тэр. Яг л элсэн цагийн шил хагараад доторх элс нь талын нэг тарж байгаатай юм шиг нуурын мөсийг торонд баригдаж, тэнхээ нь тасарч, амьсгал хураах нь хурааж, эцсийн хүчээ шавхах нь шавхсан тохойн чинээ хэмжээтэй загаснууд нөмрөөд авдаг юм байна. Торонд баригдсан загаснуудын дунд хар хүрэн, хар саарал, тас хар өнгөтэй алгын чинээ хэмжээтэй хясаа гарч ирэх нь хөлдсөн нуурыг нуур гэдгийг мэдрүүлж, тунгалгаас тунгалаг, цагаанаас цагаан Буйрыг бүхэлд нь амь оруулах шиг. Эсвэл амьсгал татаж байгаа ч юм шиг гуниг төрүүлнэ. 

30 ЖИЛ НЭГ АРГААР ЗАГАС АГНАЖ БАЙНА

         Т.Гансүх ах “Үйлдвэр ажиллаж байх үед ч тонн, тонноор нь агнадаг байлаа. Манай үйлдвэр байгуулагдаад удаагүй байхдаа “Мах кабинет”-ын харьяа цехээр орсон юм байна лээ. Тухайн үед “Мах комбинат”-ын том хөргөгч, хөргүүр, хүн хүчийг нь бараадаж салбар нь болж байсан юм уу даа. Өвлийн агнуурыг хөлдүүгээр нь хойд хөрш рүү гаргаж, зуны агнуурын гэдэс, толгойг авч, хагас боловсруулж, давслаад “Мах комбинат”-ын том хөргөгчинд хадгалаад, хилээр гаргадаг байсан. Тухайн үед хамдаг тороор загасаа агнадаг байсан шүү дээ. Хамдаг тор 700, 800 метрийн өргөнтэй учраас 17, 18 хүн мориор татдаг байсан. Буйр нуур БНХАУ-тай хиллэдэг учраас айлын талаас загасаа агнана. Хятадууд үйлдвэрлэгч орон учраас том, том техникээр хуу хамаад л бариад алга болно. Хамгийн ихдээ нэг дор 50 гаруй тонн загас тороор барьж байсан гэдэг юм байна лээ. Тэр нь ичээндээ орсон байх үед нь гэдэг шүү. Манай загасчид гараараа татдаг учраас нэг дор ихдээ л 20, 30 тонныг барьж байсан байх. Хятадын тал жилдээ 800, 900 тонн загас олборлодог байсан гэсэн. Манайхны жилийн дээд хэмжээ 300 гаруй тонн л байсан байх. Тэр үед ч загас элбэг байж дээ. Гэхдээ одоо ч загас багасаагүй, төрөл зүйл нь өөрчлөгдөөд, нэмэгдээд л байгаа. Харин бидний тороор барьдаг технологийг Буйрын загаснууд андахаа больсон байх. 30 жил нэг тороор нэг технологиор тавьж байгаа юм чинь мэдэлгүй яах вэ дээ. Дулааны цагт завьтай явж байгаад доошоо тонгойгоод тороо хөдөлгөхөөр торны хажуугаас загаснууд нир хийгээд үргэж байдаг. Тэгэхээр чинь загас байна гэсэн үг биз дээ. Буйр нуураас олон хүн амьдралаа босгож, хоногийн хоолоо залгуулдаг байлаа. Байгалийн хишгийг хүртэхийн тулд бид хэрэндээ хичээж, Буйраа хэн хүнээс илүү хайрлаж хамгаалж ирсэн. Манай энэ суурин цагтаа олон хүн яралзтал ажилладаг их хөлийн газар байлаа шүү дээ. Одоо ч өвөлдөө долоо, найман айл л суурин байдаг болжээ. Ер нь бидний үеэр энэ суурин хүнгүй болох шинжтэй. Бидний амьдарч байгаа газарт эзэн суугаад, Буйраа хамгаалаад аваад явах залуу үегүй боллоо. Залуучууд төв суурин газар бараадаж байгааг буруутгах аргагүй. Энд ажлын байр байхгүй, дэд бүтэц хөгжөөгүй, алслагдмал учраас үнэндээ амьдрал байхгүй. Барьж чадвал хэдэн түүхий загаснаас өөр зүйл алга. Харин амьдарч сурсан бидэнд бол болоод л байна. Бараг энэнээс илүү сайхан газар байхгүй ч байж мэднэ” хэмээн толгой сэгсрэв. 

      Ардчилал ялж Буйр нуурын загасны цехийг нэг хүн хувьчилж авчээ. Аймаг, сумаас загасны нөөц тогтоож өгөөд, агнах зөвшөөрөл олгодог аж. Буйр нуурын загасны сууринд байгаа загасчид гэрээгээр загас агнаж байж. Сүүлдээ загас агнах, олборлох компани ч байхгүй болсон гэнэ. Учир нь, зах зээлд шилжсэн ч гэсэн худалдан авалт байхгүй болжээ. Нөөц тогтоогоод хүссэн хэмжээгээрээ загасаа агнах боломжтой ч барьсан загас нь махны амбаарт, Дорнодын зах дээр “хог” болдог болсон талаар тэд ярьж байлаа. Тэрбээр “Хувьчлагдаад байх үед соц нийгмийн үеэс ч илүү олборлож байлаа. Түүхэндээ байгаагүйгээрээ олборлолт хийж, урд, хойд хил рүү гаргадаг байсан. Тухайн үед загас үнэтэй, бас ойрхон хилээр гаргадаг болсон учраас чадах хэмжээгээр л олборлохыг даалгаж байсан даа. Тэгээд сүүлдээ нөгөө хувьчилж авсан компани нь хөлжөөд ард түмнийг хаяад алга болсон. Төд удалгүй хилээр гаргахыг хориглоод зах зээлгүй болсон” гэлээ.

Хуучин цагт үржлийн үеэс бусад цагт буюу наймдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл загас олборлодог байжээ. Харин одоо өвөлдөө нэг сар, хавар, намрын эхлэл, адаг сард нь их, бага хэмжээгээр зөвшөөрөлтэй олборлодог болжээ. Нэг килограмм загасыг зах дээр 6000 төгрөгөөр борлуулдаг гэнэ. Харин газар дээрээ 5000-6000 төгрөгөөр зардаг гэнэ. Мөн консерв хийж, зах зээлд нийлүүлдэг байна. 

Тэрбээр “Жилээс жилд загасны борлуулалт байхгүй болж байна. Намар, хавартаа бүр ч байхгүй болно. Өвөл баяр ёслолын үеэр хүмүүс хэрэгцээндээ тааруулаад авдаг. Зундаа аялагчид ирдэг ч үржлийн үе учраас олноор олборлож болохгүй. Хэрэгцээндээ тааруулаад уурга, дэгээгээ шидээд барина. Гэхдээ аялагчид өөрсдөө загасны хоббитой болсон. Уургаа бариад өдөржин л нууранд өнжөөд идэх загасаа барьчихдаг болсон” хэмээн ярьсаар мушгиралдаж, тунарсаар хөдөлгөөнгүй болсон загасаа шуудайлав. Тэд загас бүрдээ тааруулж, өвөл, зуны тор тавьдаг гэнэ. Соом загасны нарийхан ширхэгтэй, алганад жижигхэн, цурхайд том нүхтэй гэх мэтээр тороо ангилж тавьдаг ажээ.

ХЯСАА ОЛБОРЛОГЧ

       

       Аялагчдын хамгийн их асуудаг, сонирхдог өөр нэг зүйл нь хясаа болсон гэнэ. Загасчдын цехээр аялагчид ирээд “Хясаа байна уу, хясаа байна уу” гээд тувт шалчихдаг талаар Б.Оюун эгч ярилаа. Тэрбээр “Хясаа нь нуурын хогийн ургамлыг тастаж, гүнийг хадгалах зориулалттай амьтан. Хурц ирмэгээрээ хөндлөн ургамал зүсэж, цэвэрлэж явдаг юм шиг байна лээ. Зундаа тийм амархан баригдахгүй, нуурын гүнд л байж байдаг амьтан шүү дээ. Дээр үед хүмүүс нуурын эрэгт том томоороо гарч ирдэг өвснүүдийг хясаа үндсээр нь тасалж хаядаг гэдэг байсан. Хэрэв хясаагүй бол нуурын гүн дэх өвснүүд ургаад, хэвтээд, дээрээсээ элсээр дарагдаад гүн нь алдагдана шүү дээ. Хясааг чанаад, шөлийг нь уухад эмэгтэй хүнд сайн гэдэг. Тийм учраас эмэгтэй аялагчид “Хясаа бариад өгөөч” гээд гуйгаад байдаг юм” гэснээ “Би ер нь ярьж ёстой чадахгүй юм байна. Гансүх та хэд үргэлжлүүлээд ярь. Би тороо бариад л байж байя” гээд тас тас хөхрөв.

НЭГ КИЛОГРАММ ЗАГАС 1800 ШИРХЭГ ТҮРС ШАХДАГ

Буйр нуурт 16 төрлийн загас байдаг гэнэ. Тухайлбал, алгана, цурхай, тул, соом, цагаан загас элбэг г ажээ. Гэхдээ жилээс жилд төрөл зүйл нь нэмэгдэж, үржил нь өөрчлөгдөж байгаа гэнэ. 30 жилийн өмнө Буйр нуурт цагаан загас элбэг байдаг байсан бол сүүлийн жилүүдэд багасаж, булуу цагаан, алгана загас элбэг болжээ.

Т.Гансүх ах “Алгана  өмнө нь Баян нуур болон баруун чигтээ нууруудад элбэг байдаг байлаа. Он цагийн хэлхээсээр дамжсаар нутгаа сэлгэдэг юм уу даа. Нүүгээд байдаг бололтой, Буйр нуурт тоймгүй болчихоод байгаа. Эсвэл хэт их болоод шахагдсаар орж ирж байж ч магадгүй. Алгана загас эрс тэс уур амьсгалд хамгийн тэсвэртэй, амьдрах чадвар сайтай. Урд орой нь бариад, нуурын эрэг дээр гаргаад хаячихсан байхад өглөө нь амьд байж байдаг.  Тэгээд нууранд нь буцаагаад тавьбал сэлээд л явчихна. Тийм амь бөхтэй, ичихдээ нуурын хамгийн гүнд байх шаварт орчихдог. Адтай, цоглог амьтан шүү дээ. Энэ загасыг хүмүүсийн сайн мэддэгээр Ерөнхий сайд С.Баярын ээж “Загасны” Дулмаа гуай Монголын томоохон нууруудад үржүүлж байгаа хүн дээ. Хятадууд алгана загасыг өндөр үнээр авдаг. Гэхдээ муу усны загас гэж нэрлэх нь ч бий” гэлээ.

Т.Гансүх ахын эзэмшсэн мэргэжил нь загас үржүүлэгч хэдий ч тэр амьдрал дээрээ олборлогч. Ерөөсөө амьдрал нь тэр. Эзэмшсэн мэргэжлээ өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл амьдарсаар яваа нэгэн.

Тэрбээр “Нэг килограмм загаснаас 1800 ширхэг түрс гардаг гээд бод доо. Тэгэхээр нуурын загас багасах, нөөцгүй болох ямар ч боломжгүй байгаа биз дээ. Монголчилж бодоод, 1800 ширхэг түрсний 500 нь үрэгдээд, 500 нь жараахай болохдоо том загас, шувуу, амьтны хоол боллоо гэж бодъё. Цаана нь 800 түрс загас болно гэхээр асар их тоо гарна биз. Ердөө нэг килограмм буюу тохой хэрийн хэмжээний загас гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таван килограмм загаснаас хэчнээн түрс гараад, хэд нь амьдарна гэдгийг тооцоолж үзвэл барагдахгүй тоо гарна. Загас гэдэг амьтан чинь бүлээн усанд буюу эрэг талдаа нуруугаа гарсан усанд түрсээ шахдаг онцлогтой. Хавар, зуны улиралд нуурын эрэгт жараахай харлаж харагддаг. Тэр чинь загас болох гээд л бүлээн усандаа тэмцэж байгаа гэсэн үг” хэмээв. Цааш үргэлжлүүлээд “Хүмүүсийн амьдрал учраас загасаа агнаад, байгальтайгаа хоршоод амьдарсан нь зөв. Хэрэв хүмүүс загас их, бага хэмжээгээр агнадаггүй байсан бол нуурандаа багтахгүй шүү дээ. Дээрээс нь янз бүрийн өвчин гараад хиаруулаад дуусгачих байх. Хүмүүс Хар галууг нуурын загасыг дуусгадаг гэж ярьдаг юм. Миний бодлоор тийм зүйл байхгүй. Бидний багад  хар тогоруу нуурын эрэгт байж л байдаг байсан. Тэгээд ч энэ шувуу том загас иднэ гэж байхгүй. Өвчтэй, гэмтэй, хөдөлгөөн суларсан загас иддэг байх. Шувуунд шүүрүүлж байдаг эрүүл загас ховор шүү дээ. Тийм учраас хүмүүс өөрсдийнхөө бодлыг тулгаж, хүн, амьтныг харааж, ерөөхөө болих хэрэгтэй. Хаа сайгүй амьтан ч, хүн ч амьдрал чирээд явж байна гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн бухимдангуй ярив.

ХЯТАДУУД ЗАГАС ОЛБОРЛОХОО БОЛЬЖЭЭ

       Хоёр улсын загасчид бие биеэсээ өрсөж, Буйр нуурыг “цөлмөдөг” үе ард хоцорчээ. Хятадууд загас олборлодог байх үедээ нуурын гүний хэмжээтэй байнгын тор байрлуулж, Монголын талаас орсон загасыг буцааж гаргахгүй байх арга хэмжээ авдаг байсан гэнэ. Уралдаж байгаа мэт гэрэл, чийдэн болоод шөнө, оройгүй загасаа нуурын хоёр эргээс хамдаг байж. Харин хятадууд сүүлийн жилүүдэд загасны сууриндаа том том дулаахан байшин барьж, загасаа үржүүлж эхэлжээ. Одоо тэд загасаа үржүүлэх ажлаа гарамгай сайн хийж, гаршсан учир нуураас загас барих шаардлагагүй болсон гэнэ. Мөн улсаас нь хууль гаргаж, загас олборлохыг хориглосон байна.

Өөр нэг сонин зүйл нь, хятадууд загас үржүүлгийн газраасаа хэд хэдэн удаа Буйр нуур руу загасаа алдаж байсан гэнэ. Манай улсын загасчдад амгүй, нүдгүй, нүд нь эрүүн доороо, духан дээрээ гэх мэт гажигтай, сонин үржилтэй загас бишгүй таарч байсан талаар тэд ярьж байсан юм.

ҮХЭЛТЭЙ ТЭМЦЭЛДСЭН НЬ

       Буйр нуур хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн гэнэ. Олон аавын хүү загасны хойноос явж байгаад Буйр нуурт амиа өгч байжээ. Т.Гансүх ах ч эрсдэлд олон удаа орж байсан тухайгаа ярив. Гэхдээ тэр нэг ч удаа үхнэ, өөрийгөө нуурандаа шингэнэ гэж бодож байгаагүй гэсэн.

Тэрбээр “Өвөл мөс цөмрөөд, зундаа завь нь хөмрөөд олон хүний амь авсан даа, Буйр. Аваар осол гарахгүй байна гэж байхгүй. Хамгийн сүүлд 2015 онд дөрвөн хүн загасанд явж байгаад нуурт осолдсон. Тэр бүрд сэтгэл эмзэглэнэ. Байгаль дэлхийгээ гомдоочих вий, хиртүүлчих вий, олны хөлд дарагдаад “уурлаад” байгаа юм болов уу гээд юу эсийг бодох вэ дээ. Аргадна, хайрлана, гуйна гээд зөндөө юм болно оо. Миний үеийн загасчдын олонх нь нуурандаа шингэсэн дээ. Одоо байвал нуурынхаа хөвөөнд гүйлдэж л байх байсан биз дээ. 

         Нэг найзтайгаа тор тавиад завьтай явж байсан юм. Бидний сууж явсан завь их, бага хэмжээгээр ус ороод л байдаг байлаа. Гэхдээ ойр зуур явахад эрсдэлгүй гэж итгэж болохоор. Тэгээд найз маань цаашаа хараад сэлүүрдээд, би нөгөө тийшээ хараад тороо тавиад явж байв. Завь нуурын долгионд хөдлөөд л явж байдаг юм. Гэтэл нэг мэдсэн завь маань хөдлөхөө больчихсон. Эргээд харсан чинь завинд маань ус дүүрч байсан. Байдаг чангаараа “Завь дүүрч байна” гээд л найз руугаа хашхирлаа. Завь маань ч доошоо яваад, бид гурав, дөрвөн метрийн гүнтэй усан дотор үлдлээ дээ. Манай Буйр чинь долгио, давалгаа ихтэй нүсэр дуу чимээтэй шүү дээ. Бид хоёр тэр үед хантаазгүй, 10 гаруй ширхэг бөөрөнхий хөөс холбоод аваад явж байсан юм. Нөгөө хөөснөөсөө бариад л амь тэмцэж гарсан даа. Тэгсэн завины маань нэг үзүүр хөвөөд байлаа. Тэгээд дээрээс нь дарахаар л доошоо живчих гээд болдоггүй. Өнөөх холбосон 10 гаруй хөөсөө тохож аваад сэлсэн. Харанхуй болж байсан учраас хар хурдаараа сэлээд л байсан. Арай чүү нуурын эрэгт хүрсэн. Тэгж нэг амь аврагдаж байлаа. Гэхдээ ч тухайн үедээ тийм амархан үхчихнэ гэж бодоогүй ээ. Ямар ч байсан амьд гарна, нуур минь намайг авахгүй, би буцах болоогүй гэж залбираад л сэлээд байсан. Буйрдаа тэгж их итгэж, ээнэгшиж амьдарсан гэсэн үг. Хүн ер нь үхтлээ үхнэ гэж боддоггүй юм шиг байна лээ” гээд “Өнөөдрийн норм давсан” хэмээн инээвхийлээд машинаа асаагаад гэрийнхээ зүг хөдөллөө. Талын нар тээр тэнд жаргах дөхжээ. Зээрийн сүрэг улам олуулаа болчихоод тонгочиж, нахилзсан өвсөн дундуур давхилдах чимээ ард хоцорсоор бид Улаанбаатарын зүг хөдөллөө.

Буйр нуурын цехэд загас олборлож байгаа иргэд ихэвчлэн эхнэртэйгээ нуур руу явдаг болсон гэнэ. Учир нь, загасны борлуулалт буурсан учраас олсон хэдэн төгрөгөө хүмүүстэй хуваахад хэцүү болжээ. Т.Гансүх ах ч тэдний нэгэн адилаар амьдарч байна. Монгол, Хятадын хил дээр Буйр нуураа “сахиж” давалгааг нь аргаданхан аж төрж байна. Хэдэн мянган удаа шанагадсан ч эргээсээ хальж  цэлэлзэх Буйр, хэдэн зуун ширхгийг барьсан ч сэлсээр, сэлүүрдсээр байх нуурын загас, хясаад, олон арван жил өнгөрсөн ч энэ нутагтаа хоргодон хоргодон амьдрах Т.Гансүх ах.

2023 оны хоёрдугаар сар

 


БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-05 09:55:21
    dsn: 1979 ond halh goliin baildaanii 40 jiliin oin hamgaalaltand yvj , buir nuuriig mergejiltendee uzuulj , 2 hairtsag davsalsan zagas avch uguud yvj blaa , buiriin zastav shineer barigdaj darga nar n amraltiin zastav gej nerlej baisan ter tsagt buiriin zagasnii uildver gej tom kazaram maygiin modon baishin , dotor n zagas davsalj savlah davtsan shireenuud bj , uildveriin darga n Tumurbaatar gej huvsguliin zaluu hoino usan ongotsnii surguuli tugssun hun bsndaa , buiriig sergeej hugjuulvel ulsad ashigaa uguh l nuur ym , ydaj konserviin uildver hugjuulehed eksportiin 1 turul nemegdeh l uchirtai daa !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 13:42:53
    Зочин : Төв суурингаас алслагдсан, хязгаар нутгаа сахин хамгаалж байгаа иргэддээ, малчид ч ялгаагүй төр засгаас бодлогоор дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нэг ёсондоо эдгээр хүмүүс чинь хилийн харуул л юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 12:56:38
    Боб: Хясаа үржүүлээч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 00:47:45
    Мягмар: Ангийн найз асан А-ын маань дүү нар юм байгаан, хэдэн жил дараалан очиж амарсан, ёстой сэтгэлээрээ байдаг хөдөлмөрч сайн дүү нар даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 00:06:46
    Teneg: Ugee bodoj bich l dee hysaag emegtei hund sain gehii naadahiig chini unshsan humuus yu bodoj bgaa bol,too tolgoi ni bagasaagui gehii aldaad bai geed bgaa yumuu haashaa yum be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-08 09:43:14
    Хясаа: Буйр нуурт Монгол улсын Улаан номонд орсон Хясаанууд байдаг. Танай сайт ховор амьтаныг алж идэхийг уриалж байгаа юм уу ? Буруу мэдээлэл тарааж ховор амьтаны тоо толгойг цөөлөхгүй байхыг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-19 13:15:07
    АРД: Монголын хамгийн гоё нуур. Маш тунгалаг, доороо гоё элстэй, зундаа очоод амарч байхад яг л далай шиг. Уур амьсгал нь их зөөлөн, маш гоё дулаахан, загас нь маш амттай. Аялал жуулчлал талаас нь хөгжүүлбэл Монголын сувд эрдэнэ – далай л гэсэн үг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 10:03:41
    Зулцэцэг : Тиймээ би энэ нутагт Бага насаа өнгөрөөсөн дөө Үргэлж миний сэтгэл зүрхэнд тод явдаг юм аавыгаа дагаад загасанд явдаг байлаа Миний Үeийн залуучууд их байсандаа 1айлдаа орж кино үзнэ хүүхэд насны минь дурсамж энэ нутагт өнгөрсөндөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-15 07:45:23
    Шороот : Нүдэнд харагдаж байна шүү найз минь нуур дагсан амидрал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-12 13:41:37
    зочин: манай аавтай болгарулсад загас үржүүлгээр явж байсан
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188