...“Салхины чиг өөрчлөгдөж, нүд ирмэхийн зуурт л гал нөмрөөд авсан. Нүдний буланд гал ирж байгааг нь харсан. Тухайн үед залуу байсан учраас айсандаа бас сандарсандаа зугтах гэж ухасхийсэн. Харин Багаа ах “Миний дүү зугтаж болохгүй шүү. Доошоо хэвтээрэй, хоёулаа энэ бүхнийг сөрж зогсоно шүү” гээд миний дээрээс хэвтэж, намайг галын аюулаас авраад өөрөө бурхны орон руу одсон. Арван жил өнгөрсөн хэрнэ өчигдөр юм шиг л тод санагдаж, “Арай залуу нь амьдраг” гэж бодсондоо өөрийнхөө амийг миний өмнөөс зольсон Багаа ах, эх орныхоо төлөө зүтгэж яваад эрэлхэгээр амиа алдсан мөрдэс нэгт нөхдөө үргэлж бодож, үйл хэргийг нь гүйцээх юм сан гэж хичээдэг” хэмээн ярих залууг Авирмэдийн Болорсүх гэдэг.
2012 оны тавдугаар 8. Монгол Улс хээрийн түймэрт таван албан хаагчаа "хуйхлуулж", дөрвөн хүүгээ алдсан гашуун түүхтэй өдөр. Дорнод аймгийн Баяндунд суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар явсан таван гал сөнөөгч галд өртөж, гурав нь газар дээрээ амиа алдаж, хоёр нь 65-90 хувийн түлэгдэлттэй сумын төвийн эмнэлэгт хүргэгдэн ирж байжээ. Харамсалтай нь, биеийн 90 хувь нь түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн ахлах, ахлагч Г.Багабиш 13 хоногийн дараа амиа алдаж, 65 хувийн түлэгдэлттэй ирсэн дэд ахлагч А.Болорсүх эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьж байлаа. Ялалтын баярын парад болж байхад гурван залуугийн ар гэр уй гашууд автаж, хоёр залуу үхэл амьдралын заагт тэмцэж, тэвчиж байлаа.
2012 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8-НД БАЯНДУНГИЙН ТАЛД АМИА АЛДСАН ОНЦГОЙГИЙН АВРАГЧ НАР
-Таны бие сайн уу. Албандаа эргээд орсон гэж сонслоо. Ажил нь тавтай байна уу?
-Албандаа зүтгэх шиг жаргал байхгүй учраас эргээд ажилдаа орчихсон. Миний бие давгүй, сайхан байна аа. 2012-2019 он хүртэл БНСУ-д хоёр, гурван сарын эмчилгээ хийлгэдэг байлаа. Шаардлагатай бүхий л хагалгаанд орж, амжилттай давж, одоо хоёр хөл дээрээ босоод гүйж явна. Хийлгэх ёстой эмчилгээнүүдээ хийлгээд явж байгаа. Одоо албандаа зүтгэхэд алдах юм байхгүй болсон.
-Осол болоод арван хавар өнгөрчээ. 10 жилийн өмнө Баяндунгийн талд гарсан гал түймрийн үеэр яг юу болсныг та манай уншигчдад нэхэн сануулж өгөхгүй юү?
-Эмнэлэгт хүргэгдэхээс өмнөх үйл явцыг дүнгэн данган санадаг. 2012 оны тавдугаар сарын 7-ны үдээс хойш галын тухай дуудлага ирсэн байдаг. Албан хаагчид бэлтгэлээ хангаж аваад, 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Баяндунг зорьсон. Бид талын түймрийг цурманд оруулах гэж бүхий л хүчээрээ зүтгэсэн. Тавдугаар сарын 8-ны үдээс хойш 16:00 цагийн үед галаа унтраагаад явж байлаа. Бид баруунаас зүүн тал руу чиглэсэн цурам тавьж, түймрийг хумьж байсан юм. Хамгийн урд талд ахлах ахлагч Г.Багабиш, би түүний ард талд зогсож байлаа. Тэгээд доошоогоо манайхан хоёр, гурваараа өртөөлөөд цурам тавьж байсан юм. Гэнэтхэн л салхины эрч, чиг өөрчлөгдөөд биднийг хөмрөөд авсан. Нүд ирмэхийн зуурт л болоод өнгөрсөн дөө. Салхины чиг өөчрлөгдөхтэй зэрэгцээд дээшээ харахад л галын хуй хар хурдаараа ирж байгаа харагдсан. Би сандарч, айсандаа бараг л зугтах шахсан. Багаа ах миний гараас татаад “Зугтаж болохгүй шүү, ахын дүү. Галаас зугтдаггүй юм. Хоёулаа энэ бүгдийг сөрж зогсоно. Доошоо хэвтээрэй” гээд хашхирсан. Багаа ахын хэлснээр би доошоо хэвтэж, ах миний дээрээс дараад галын хуйг өнгөрүүлсэн. Тэрүүхэн зуурт л бидний бие бүхэлдээ шатчихсан байсан. Тэр хооронд юу ч харагдахгүй болж, орчин нөхцлийг анзаарах ч сөхөө байгаагүй.
-Галын дараа та хоёр ухаантай байсан уу?
-Гал биднийг тойроод өнгөрөх зуурт л тийм аймшигтай зүйл болсон. Галын дараа бид хоёр нэг нэгнээсээ “Давгүй юу, гайгүй юу” гээд доошоо хараад хэвтэж байхад жолооч маань машинтайгаа ирсэн. Багаа ах “Би яах вэ. Болорсүхийг хурдан эмнэлэгт хүргээрэй. Залуу хүүхэд шүү” гээд зүгээр ярьдгаараа яриад, хэлсэн. Тэгээд гар, биеийнх нь арьс зумарч унасан бид хоёрыг манай бүлгийнхэн өргөөд хар хурдаараа Баяндунгийн эмнэлэгт хүргэсэн. Тэр хүртэл бид хоёр ухаантай явсан. Эмнэлгийн гадаа очиход Багаа ах “Болорсүхийг хурдан оруул. Би өөрөө алхаад орчихно” гээд хоёр хөлөөрөө алхаад эмнэлгийн хаалгаар орсон. Намайг эмнэлгийнхэн үүрч дүүрээд эмнэлэг рүү аваад орсон юм. Бид хоёр тэгж л хамгийн сүүлд эмнэлгийн гадаа бие биенийгээ харсан. Тэрнээс хойш би ахтайгаа ухаантай уулзаагүй дээ. Уулзаагүй 10 жил өнгөрч дээ. Эмнэлэгт очоод л би ухаан алдчихсан байна лээ. Ямар эмч намайг хүлээж авсан, ар гэрийнхэн маань яаж ирсэн, би яаж Улаанбаатар руу ирсэн гэдгээ ч санадаггүй.
-Гэмтлийн эмнэлэгт ирээд уулзаагүй юм уу?
ХОЙД ЭГНЭЭНИЙ БАРУУН ГАР ТАЛААС ХАМГИЙН ЭХНИЙХ НЬ АВРАГЧ А.БОЛОРСҮХ
-Багаа ах хотод эмнэлэгт ирээд, надаас түрүүлээд ухаан орчихсон юм билээ. Тэгээд өөрөө босоод алхаж, юм ярьж чадаж байсан гэсэн. Миний өрөөгөөр ороод, өмнө минь суугаад надтай юм яриад л байдаг байсан гэж байна лээ. Харин би ухаангүй байсан болохоор тэр бүгдийг мэдэхгүй. Ямар ч байсан эр зориг, тэсвэр тэвчээр гаргаад гал гарч байгаа талбайд зүтгэж явсныг нь, эмнэлгийн хаалгаар өөрөө алхаад орж байгааг нь л санадаг. Тэр миний хувьд хамгийн том баатар минь. Бахархаж, хайрлаж явах ёстой хүн минь мөнөөсөө мөн. Үргэлж зүрхэндээ хайрлаж, үйлдэл бүрийг нь дуурайж, хийж чадаагүй бүгдийг нь хийх юм сан гэж хүсдэг.
Тэр миний хувьд хамгийн том баатар минь. Бахархаж, хайрлаж явах ёстой хүн минь мөнөөсөө мөн
-Гурван албан хаагч газар дээрээ амиа алдсан гэдгийг мэдэж байсан уу?
-Би осол болсон жилийн есдүгээр сар хүртэл хэнийг ч амь үрэгдээгүй гэж боддог байлаа. Галд өртсөн хүмүүс маань надтай адилхан эмчлүүлээд явж байгаа л гэж итгэсэн. Багаа ахыг ч миний хажуу өрөөнд БНСУ-д ч эмчлүүлж байгаа, надтай цуг эх орондоо очих байх гэж бодож байсан юм. Мөн хэнийг ч талд, газар дээрээ амиа алдаагүй гэж бодож байлаа. Есдүгээр сард эмчлүүлээд Монголдоо ирэхэд хамтран зүтгэж явсан дөрвөн ах минь хорвоогоос явчихсан байсныг мэдсэн. Ар гэрийнхэн маань миний сэтгэл санааг бодоод хэлээгүй юм билээ. Хүний нутагт хүүдээ яаж ч тийм аймшигтай мэдээг хэлэх байсан юм бэ дээ. Есдүгээр сард эргээд ирэхэд бүх зүйл миний бодож байснаас тэс өөр байсан. Хэн нэгнийг золиослоод өөрөө амьд үлдчихсэн ч юм шиг харамсал, гуниг төрөөд байдаг байлаа. Гэхдээ Багаа ахын “Арай нь залуу нь амьдраг гэж бодсон” гэдэг үг намайг хөл дээрээ босоход их тус болсон. Тэр хүн намайг амьд үлдээхийн тулд өөрийгөө золиослосон гэж бодохоор яах аргагүй хөл дээрээ хурдан босохыг хүсдэг юм билээ.
-“Арай залуу нь амьдраг гэж бодсон” гэж хэлсэн нь үнэн юм байжээ. Би ингэж сонсож байсан юм, өмнө нь?
-Тийм ээ, үнэн байлгүй яах вэ. Тэр үйлдлээрээ ч, үгээрээ ч намайг аварсан хүн. Тэр хүн миний төлөө, эх орныхоо төлөө амиа өгтлөө үнэнч явсан юм шүү. Багаа ах ер нь их нуруутай хүн байсан даа. Залуучуудад их түшигтэй, онцгойд насаараа ажиллачихсан, туршлагатай хүн байлаа. Биднийг залуу гэж гололгүй бүхий л зүйлийг зааж, хүн болгосон. Анх онцгойд ороод Багаа ахын бүлэгт томилогдож байсан юм. Бид тэрнээс хойш ер нь төрсөн ах, дүү шиг болчихсон байсан. Багаа ахаас мөн ч олон зүйл сурсан даа. Ах нараасаа сурсан бүгдийгээ дүү нартаа өвлүүлж өгөх гээд ажилдаа буцаад орсон, би.
-Ажилдаа ороход ямар санагдаж байсан бэ. Галын дуудлагад явсан уу?
-Би 2016 онд буцаж ажилдаа орсон. Дөрвөн жил эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байж байгаад буцаад ажилдаа орох шийдвэр гаргасан. Шийдвэр ч гэж дээ, “Эрүүл болчихвол ажилдаа орно” гэж боддог байсан юм. Тэгээд эмч нар “Одоо гайгүй болсон. Гоо сайхан талаасаа олон хагалгаанд орох хэрэгтэй” гэж хэлэхээр нь ажилдаа орчихсон. Яах аргагүй энэ салбарт хайртай, ажилдаа дуртай болохоор гэртээ ирсэн юм шиг сайхан байна. Амь үрэгдсэн нөхдийнхөө үйл хэргийг бидний үеийн залуус, манай дүү нар л гүйцээнэ шүү дээ. Тийм учраас сурсан бүхнээ дүү нартаа зааж өгөөд, шантрах, харамсахын аль алиныг мартаад гүйж явна. Энд байхаар тэдэнтэйгээ хамт байгаа юм шиг санагдаад сайхан байдаг юм. Галын дуудлагад яваагүй байгаа. Одоохондоо сэтгэл зүйгээ бэлдээд л байж байна. Эх орон шатаж байхад ч миний айдас бол дараагийн асуудал. Цаг нь ирэхээр бүх л дуудлагад явна даа.
-Жил бүрийн энэ өдрүүд хэцүү санагддаг уу. Эрэлхэг хөвгүүддээ зориулаад Монгол Улс хүндэтгэлийн хөшөө босгосон байдаг. Баяндунгийн талд барьсан аврагч нарын хөшөөнд та очиж байсан уу?
-Нэг удаа ажлаар явахдаа очсон. Ах нарынхаа гэгээн дурсгалд зориулж, идээ, будааныхаа дээжийг өргөөд ирсэн. Тэнд очиход үнэхээр хэцүү байсан даа. Бүх зүйл нүдний өмнө жирийтэл гүйгээд, ах нарын маань гэгээн төрх, сүүлчийн үгс нь чихэнд сонсогдоод хэцүү юм билээ. Жил бүрийн тавдугаар сар үгээр хэлэхийн аргагүй хэцүү байдаг. Амь үрэгдсэн ах нарынхаа тухай, аз завшаан, сайн хүний эрэлхэг үйлээр амьд үлдсэндээ баярлах, үйл хэргийг нь гүйцээх юм сан гэж бачуурч, сэтгэл нэг л тавгүй байдаг юм. Хар эрт сэрчихээд, тэднийхээ байгаа зүгт, тэр жилийн улангасан их галын тухай бодогдоод, биеийн шархнаас илүү сэтгэл өвдөөд байдаг даа. Гэхдээ тэд намайг одоо ажилдаа орсныг хараад баярлаж байгаа байх аа.
-Та тухай үед хэдэн настай байсан юм бэ?
-Онцгойгийн албанд ороод ердөө хоёр, гуравхан жил болж байлаа. 25 настай залуу байсан шүү дээ. Туршлага нимгэн байсан учраас л галаас айсандаа зугтааж, түймэрт хөөгдөх гэж байсан хэрэг.
-Багаа ахынхаа ар гэрийнхэнтэй холбоотой байдаг уу. Хүү нь ээжийнхээ хэвлийд үлдсэн гэдэг юм билээ?
-Тийм ээ, Бага ах гурван хүүхэдтэй, нэг нь ээжийнхээ хэвлийд бойжиж байсан юм. 10 настай охиныг нь харахаар заримдаа “Аавыг нь би авчихсан юм шиг, хэрэв Багаа ах намайг авраагүй бол хүү нь аавтайгаа өсөх байж дээ” гэж бодогдож, зүрх зүсэгдээд байдаг юм. Гэхдээ энэ бүгдийг даван туулах л хэрэгтэй байх. Ахын захисныг биелүүлж, албандаа нэр төртэй зүтгэж явааг хараад баярлаж байгаа байх. Багаа ахын гэргий, хүүхдүүд нь ч их сайн хүмүүс байдаг. Бид байнгын холбоотой, харилцаатай байдаг шүү.
-Ослын дараа ар гэрийнхэнд нь хэцүү байсан байх даа. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хүү, охин хоёр нь аавдаа их хүч өгч байсан уу?
-БНСУ-д эмчлүүлээд ирэхэд хоёр хүүхэд минь надаас айгаад ирэхгүй байсан. Тэр мэдрэмж хамгийн хэцүү юм билээ. Гэхдээ арга ч үгүй байлгүй дээ. Миний нүүр, хоёр гар, хүзүү, хөл гээд түлэгдчихсэн, хүн харахын аргагүй байлаа шүү дээ. Нүүр маань бүхэлдээ түлэгдээд, арьс нөхөх хагалгаанд орж, оёулсан болохоор хоёр хүүхэд маань таниагүй. Тэгээд сүүлдээ дасаад аавынхаа түлэгдсэн нүүр, гарыг илээд л байдаг болсон. Аавыгаа эрүүл болгох гэж миний жаахан хоёр үр мөн ч их хичээсэн. Бүх зүйлийн ард миний гэр бүл торойгоод л байж байсан даа. Эмнэлгийн үүдэнд ч, хаана ч байсан тэд минь л үргэлж хамт байж өнөөдөрт хүрсэн. Тийм их түлэгдэлтэй хүн хүчгүй, ар гэргүй бол даван туулахад хэцүү юм билээ. Одоо харьцангуй бие маань дээрдсэн. Зарим ядарсан, хууршилт ихтэй үед таталдаад л байдаг юм. Ер нь байнгын тосолгоотой л явдаг даа. Түлэгдэлт гэхдээ хэцүү юм байна. Байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай.
БНСУ-д эмчлүүлээд ирэхэд хоёр хүүхэд минь надаас айгаад ирэхгүй байсан.
-Хүүгээ гал гөнөөгч, аврагч болно гэвэл зөвшөөрөх үү?
-Та хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарах юм бэ?
АМЬ ҮРЭГДСЭН НӨХДИЙНХӨӨ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ. ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН ХОТ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР. 2022.05.08.14:00 ЦАГ
-Зурайсан найм, есөн жил дутуу байна даа. Энэ хугацаанд бүгдийг л амжуулахыг, эх орноо, зүүн хязгаараа бүрэн бүтэн байлгахад нөхөдтэйгөө хамт хамтран зүтгэнэ дээ. Энэ хүртэлх хугацаанд намайг дэмжиж, урам хайрлаж, дахин амьдрахад гар бие, сэтгэлээ зориулсан мөрдэс нэгт нөхдөдөө, ар гэрийнхэндээ, үе үеийн удирдлагууддаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид эх орноо аварна, хамгаална...
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Энэ бүгдийг 10 жилийн дараа ярих боломж олгосонд баярлалаа. Ах нарыгаа дурсах боломж олдсонд ч баяртай байна.
БАЯНДУНГИЙН ТҮЙМРЭЭС АМЬД ҮЛДСЭН АВРАГЧ А.БОЛОРСҮХ: БАГАА АХ “ХОЁУЛАА СӨРЖ ЗОГСОНО ШҮҮ” ГЭЭД НАМАЙГ ДАРЖ ХЭВТЭЭД АМИЙГ МИНЬ АВРААД, ӨӨРӨӨ БУРХАН БОЛСОН |
|
2025-04-15 20:24:30
2025-04-15 19:09:03
2025-04-15 17:27:12
2025-04-15 17:17:03
2025-04-15 16:30:27
2025-04-15 16:09:10
2025-04-15 16:01:33
2025-04-15 15:44:10
2025-04-15 15:31:26
2025-04-15 15:16:02
2025-04-15 15:13:19
2025-04-15 14:30:10
2025-04-15 14:29:25
2025-04-15 14:09:02
2025-04-15 14:07:26
2025-04-15 13:52:18
2025-04-15 13:50:18
2025-04-15 13:30:54
2025-04-15 13:16:10
2025-04-15 13:04:26
2025-04-15 12:50:30
2025-04-15 12:44:24
2025-04-15 12:41:33
2025-04-15 12:25:05
2025-04-15 12:25:00
2025-04-15 12:22:46
2025-04-15 12:16:54
2025-04-15 11:08:14
2025-04-15 10:47:11
2025-04-15 10:41:09
2025-04-15 10:32:09
2025-04-15 09:42:02
2025-04-15 08:44:21
2025-04-15 08:09:03
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 07:00:00
2025-04-15 06:00:00
2025-04-15 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |