• Өнөөдөр 2024-05-19

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ: Хоёр яам байгуулж байгаа нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх бус, улс төрийн тохироогоо биелүүлж байна

2021-10-22,   1163

-Ард түмнийг төлөөлөх үүрэг хүлээсэн гишүүд нь Засгийн газраас мөнгө авчихаар тойргийн мөнгөндөө баригдаад хяналт тавьж чадахаа больж байгаа юм-

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. 
 
-УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа чухал асуудал нь  ирэх оны төсөв. Засгийн газраас боловсруулсан энэ удаагийн төсөв өмнөх жилүүдээс онцлогтой болсон гэж эрх баригч намынхан тодотгож байгаа. Тодруулбал, эдийн засгаа сэргээх чиглэлд анхаарч, дэд бүтцийн ажилд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Үнэхээр эдийн засагтаа анхаарсан, онцлогтой төсөв болж  чадсан уу?
 
          -Эдийн засгаа сэргээсэн төсөв болсон уу гэвэл үгүй. Жишээлбэл, барилгын салбар энэ оны эхний хагас жилд 60 хувийн уналтад орсон. Энэ салбар нь өөрөө албан болон албан бус мэдээллээр 100 мянган ажлын байрыг бий болгодог. Иргэдийг ажлын байраар хангаж байгаа гол салбар нь уналтад орно гэдэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Уг нь энэ салбарт зээлийн дэмжлэг, татварын хөнгөлөлт хэрэгтэй. Харамсалтай нь, 2022 оны төсөв эсрэгээрээ буюу татварын орлогыг нь өсгөсөн байна. 
 
          Тодруулбал, хувийн хэвшлээс авах татварын орлогыг 30 хуваар нэмсэн байна. Ерөнхийдөө дарга ангид ойрхон компаниудыг тэтгэсэн төсөв болсон гэж харж байгаа. Хоёрдугаарт, төсвийн өндөр алдагдал бий болгочихсон. Гэтэл Барилга хот байгуулалтын сайд нь хувийн хэвшлийнхэн барилгын үнийг өссөн гэж тайлбарлаад байгаа юм. Барилгын  салбарыг 100 литрийн бетонтой зүйрлэвэл нийт барилга байгууламжийн 80-90 хувийг хувийн хэвшил барьж байвал зохистой хэмжээндээ очих юм. Гэтэл төсвийн алдагдлаар тэжээгдсэн барилга байгууламж ашиглалтад орж байгаа учраас 100 литрээсээ хальчихаад байна. Тэгэхээр Засгийн газар хувийн хэвшлээ хасаж эхэлнэ. 
      Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөшөө, дурсгал олноор нь барих болсон. Хөшөөнд нэгдсэн стандарт гэж байхгүй учраас дансны аргаар, бичилтийн аргаар мөнгө завших боломж маш өндөр байдаг. Хөшөө барих ажил чинь гишүүдийн дараагийн сонгуульд нэр дэвших нэг арга нь. 
 
-Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал гэж  гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг хуваарилж байгаа юм билээ. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө тойрогт мөнгө хуваарилдаг байдлыг байхгүй болгон гэсэн шүү дээ?
 
        -Цар тахлын эсрэг хуулиар далимдуулж, Засгийн газар төсвийн эрх мэдлийг өөртөө авсантай холбоотой. Уг нь Засгийн газрыг ковидтой тэмц гэсэн болохоос үүгээр далимдуулж дарга ангийг томруул гээгүй. Гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг хуваарилсан гэдэг чинь соёлтой авлига. Уг нь Их хурал Засгийн газраа хянаж, төсвөө хэмнэх ёстой. Ард түмнийг төлөөлөх үүрэг хүлээсэн гишүүд нь Засгийн газраас мөнгө авчихаар тойргийн мөнгөндөө баригдаад хяналт тавьж чадахаа больж байгаа юм.
 
ХОЁР ЯАМ БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ТӨРИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭС ИЛҮҮТЭЙ УЛС ТӨРИЙН ТОХИРООГОО БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ХЭРЭГ
 
-Гэтэл гишүүд үүнийг хөрөнгө оруулалтын зардал, бид хувьдаа аваад халаасалж байгаа хэрэг биш гэж тайлбарлаад байгаа. Энэ тухайд?
 
      -Хэрвээ тийм бол бид яамдыг татан буулгах хэрэгтэй. Монгол Улс Үндсэн хуулийнхаа зүйл заалтаар нэгдмэл төртэй, нэгдсэн улс. 76 тусдаа улс биш. Нэгдсэн бодлогоор явах ёстой. Наадах чинь хийж байгаа буруу зүйлээ цайруулах гэсэн аргаа ядсан оролдлого. Ийм тайлбар хийж байгаа бол гишүүд Үндсэн хуулиа зөрчиж байна.
 
       Тэд аймгийн Засаг дарга нарын урдуур орж ажлыг нь хийгээд байж болохгүй шүү дээ. Уг нь нийт ард түмнийг төлөөлөх гэж УИХ-ын гишүүн болж байгаа. Орон нутаг чинь өөрийн гэсэн Засаг, захиргаа гэж байдаг. Их хурлын гишүүд нь тэдний ажлыг хийгээд байхаар тэд юу хийх болж байна. Ийм чиг үүргийн давхардал байж болохгүй.  
 
-Та сая яамдаа татан буулгах хэрэгтэй гэлээ. Гэтэл өнөөдөр хоёр яам шинээр байгуулах тухай хэлэлцэж байгаа шүү дээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед үнэхээр хоёр яам байгуулах хэрэг байна уу?
 
         -Яамд улсын нэгдсэн бодлого явуулдаг. Хоёр яам байгуулж байгаа нь төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа гэхээсээ илүүтэй улс төрийн тохироогоо биелүүлэх нэг арга нь. Тодруулбал, МАН МАХН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд орсон. Ингээд үүнийхээ хариуг барих гэж байгаа юм. Хэрвээ одоо энэ байгаа сайд нараа сугалж, сайдын томилгоо хийвэл Засгийн газар өөрөө тогтворгүй болчихно. Тиймээс Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд ийм наймаа хийж байна. Уг нь эрх баригчид төсвөө хэмнэн гэж байгаа. Гэтэл одоо онцын шаардлагагүй хоёр яам байгуулчихлаа.
 
         Уг нь энэ хоёр яамны чиг үүрэг харьяа газар агентлагууддаа байгаа шүү дээ. Засгийн газар төсвөө хэмнэ гээд байгаа хэр нь хэдхэн тэрбум байна. Ингэхдээ дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын туслахын тоог цөөлнө гэж байгаа юм. Зүгээр ажлаа хийж, амьдралаа залгуулж байгаа туслахуудын тоог цөөлж яах билээ. Түүний оронд дэд сайд, орлогч дарга, газрын дарга нарынхаа тоог цөөлөх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, Монголбанк гэхэд л маш олон дэд Ерөнхийлөгчтэй. Тийм болон дэд Ерөнхийлөгчөөр яах гэсэн юм бэ. Төсвийн урсгал зардлыг хэмнэнэ гэчихээд дундаж давхаргын ажлын байрыг цөөлөх талаар яриад байгаа. Тухайлбал, төрийн үйлчилгээний байгууллагынхны орон тоог цөөлж, хувийн хэвшлээр үйл ажиллагааг нь явуулна гээд байна. Энэ буцаад иргэдийн орлогыг хумьж байгаа  хэрэг.
 
-Хоёр яам байгуулахад төсөвт хүндрэл үүсэхгүй гэж тайлбарлаад байгаа. Үнэхээр тийм боломж бий юү?
 
        -Наанадаж төрийн алба хаагчдын тоо нэмэгдэнэ. Ирэх онд Соёлын яаманд гэхэд 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ. Гэтэл энэ нь Эрчим хүчний яамны багцаас өндөр байна. Энэ өвөл эрчим хүчний асуудал сөхөгдөнө. Багануур, Шивээ-Овоогийн уурхай хүнд нөхцөлд байна. Энэ нь 300 тэрбум төгрөгөө энэ уурхайдаа зарцуулчихсан бол техникийн шинэчлэл хийж болох байлаа. Манай цахилгаан станцын гаргадаг зардлууд нь шатахуун, дизель зэрэгт зарцуулдаг. Үүндээ хөрөнгө оруулж болох байсан.
 
УЛСТӨРЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАНГАЖ, ТЭДНИЙ СОНГУУЛЬД ГАРСАН  ЗАРДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД ЭЛДЭВ ГОЁ НЭРТЭЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ХӨШӨӨ БАРИХ ШААРДЛАГАГҮЙ
 
-Таныхаар ирэх оны төсөвт хэмнэж болох зардлууд нь юу байна вэ?
 
            -Ирэх жилд баахан ТЭЗҮ гаргаж, орон нутагт хөгжлийн төлөвлөгөө гаргана гэж байгаа юм. Үүнд 37 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Ийм илүү зардлаар яах вэ. Хэнтий аймгийн сум болгонд иргэдийг мэдээллээр хангах төв, спортын ордон, хатуу хучилттай автозамаар холбоно гэсэн зүйл байгаа юм. Хэнтий аймаг чинь өөрөө хүн ам цөөтэй. 
 
         Дээр нь ойрын хэдэн жилд аялал жуулчлалын салбар хөгжихгүй шүү дээ. Энэ бол шаардлагатай хөрөнгө оруулалт биш. Дээр нь хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төр төсвийн хөрөнгөөр хийх гэж байна. Тухайлбал, Гэрэгэ гээд систем байхад Хур систем бий болгон гэсэн. Ийм шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцаах боломжтой. Цар тахлын нөхцөл байдал ойрын хэдэн жилдээ алга болчихгүй. Жижиг тойргоос гарсан улстөрчийн эрх ашгийг хангаж, тэдний сонгуульд гарсан  зардлыг нөхөхийн тулд элдэв гоё нэртэй барилга байгууламж, хөшөө барих шаардлагагүй.
Бидний гол бэрхшээл хил боомтын халдвар хамгааллын дэглэмийн асуудал байна. Хоёр хөрш үүнийг аль дээр үеэс л хил гаалийн талаар анхааруулж байсан. 
-Манайх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ирэх оны төсвөө баталдаг. Гэтэл энэ хуулиа яг тогтвортой мөрдөж чадаж байна уу?
 
             -Төсвийн сахилга батаа алдсан төсөв боловсруулдаг. Улс төрийн мөчлөгзориулсан төсөв гэсэн үг. Уг нь зэсийн үнэ 10 ам.долларт хүрсэн, нүүрсний үнэ нэмэгдсэн энэ сайхан үеийн манайх ашиглаж чадсангүй.
 

Бидний гол бэрхшээл хил боомтын халдвар хамгааллын дэглэмийн асуудал байна. Хоёр хөрш үүнийг аль дээр үеэс л хил гаалийн талаар анхааруулж байсан. Үүнийг нь тоогоогүй. Гэтэл төсвийн төслийг харахад нөгөөх л Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банк хил, боомтын асуудалд анхаарч байна. Уг нь экспортын хэмжээгээ нэмж, хөрөнгө оруулалтаа татаж чадсан бол эдийн засаг томорч, ажлын байраа дэмжих боломж байлаа. Одоо эдийн засаг агшиж байгаа энэ үед залуучууд л ажлын байргүй болно. 

 
          Манайх төсвийн сахилга батаа сахиж чадахгүй. Уг нь төсвийн хүрээний дунд хугацааны хөтөлбөрийг гурван жилд нэг удаа өөрчлөх ёстой. Гэтэл манайх гурван жилд зургаан удаа өөрчилж байна.
 
-Ирэх оны төсвөө Засгийн газар маш өөдрөгөөр төсөөлсөн байна. Энэ төсөөлөлдөө хүрч чадахгүй бол эдийн засгийн хувьд ямар эрсдэлтэй нүүр тулах вэ?
 
         -Нэгдүгээрт, ажлын байр хомстоно. Хоёрдугаарт, төсвийн алдагдал өснө. Ер нь эдийн засгийг өөдрөгөөр төсөөлдөг нь өрийн хязгаар тогтоодогтой холбоотой. Энэ өрийн хязгаарыг зальдаж хуурч гарахын тулд өөдрөг төсөв боловсруулж байгаа юм. Зээл авах боломжоо нэмж өөрсдийгөө хуурсан бодлого явуулж байна. Төсвийн алдагдлаа гадаад, дотоод бондоор нөхдөг. Энэ өрийг ирээдүйн татвар төлөгчид л төлнө шүү дээ. Төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр инфляц нэмэгдэнэ. Монгол төгрөгийн ханш унаж, юанийн ханшийг өсгөнө.  Бид өөрсдийгөө хуурсан ийм системд орчихоод удаж байна. Нийтийн эрх ашигт дөрөөлж, цөөн хүн л хожиж байгаа юм.
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
 

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ: Хоёр яам байгуулж байгаа нь төрийн бодлогыг хэрэгжүүлэх бус, улс төрийн тохироогоо биелүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-23 07:30:27
    Хх: Ерөнхий сайд болгочихмоор залуу санж.даанч энэ мэт шилдэг боловсон хүчнээ зохих албан тушаалд нь тавьж ажил хийлгэхгүй юм даа.МАН ын дижитал данхнууд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 20:23:41
    Ок: Энэ данхар төр ёроол руугаа явж л бна.Эг, Шүрэн уцс, хийн хоолойг ашиглалтанд оруулчих өөр хүсэх юм алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 14:52:27
    Баярлалаа: Нэлээд сайн уншсан, боловсролтой, үзэл бодолдоо үнэнч хүн шиг санагддаг. Тэр бүр дуугараад байдаггүй ч нэг дуугарахаараа нийтийн эрх ашгийн төлөө нэлээд жинтэй үг хэлчихдэг эдийн засагч гэж боддог. Амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188