• Өнөөдөр 2024-04-20

Жан-Паскаль: Монголын гол реформ бол санхүүгийн системийг шинэчлэх

Жан-Паскаль Н.Нгану нь Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар ахлах эдийн засагчаар ажиллаж байна. Тэрбээр 1998 онд Дэлхийн Банканд элссэнээс хойш Латин Америк, Азийн хэд хэдэн улсад хувийн хэвшлийн хөгжлийн асуудлыг хариуцан ажилласан туршлагатай.  

Монголд ирэхээсээ өмнө Бурунди, Уганда зэрэг Африкийн оронд ажилласан ба Бурундид байхдаа төрийн санхүүгийн удирдлага, хувийн хэвшлийн хөгжил мөн ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж байжээ. Харин Уганда Улсад ажиллахдаа тус улсын Засгийн газарт газрын тос, ашигт малтмалын нөөцийн менежментийн хувилбаруудыг боловсруулахад тусласан.

Тэрбээр макро эдийн засгийн болон эконометрик загварчлал болон нөөц баялаг ихтэй орнуудын эдийн засгийн төрөлжилтийн сэдвийг онцгойлон сонирхдог. АНУ дахь Жорж Вашингтоны их сургуульд Эдийн засгийн ухааны магистрийн зэрэг, Вашингтон дахь Америкийн их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна.

-Та “Ковид 19”-ын эсрэг манай Засгийн газраас авч байгаа арга хэмжээг хэрхэн дүгнэх вэ?

-Энэ хямралыг таамаглах аргагүй байсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхийн улсуудын 90 гаруй хувь нь энэ тахлаас болоод хямралд хүчтэй өртсөн. Монголын Засгийн газраас авч байгаа арга хэмжээ нь бусад орны авч байгаа шаардлагатай арга хэмжээ.

- Ковид 19 улс үндэстнүүдэд гурван том нөлөө үзүүлж байна гэсэн. Үүнийг тодорхой хэлж өгөөч?

-Эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Мэдээж эдийн засагт нөлөөлж байгаа. Мөн гадаад худалдаанд нөлөөлснөөр дэлхийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн. Энэ бүхний эсрэг дэлхийн бусад оронд хэрэгжүүлэхээр авч байгаа нийтлэг арга хэмжээг Монголд мөн авч байгаа.

-Нийтлэг арга хэмжээнүүд гэдэг нь юу вэ?

-Арга хэмжээний дийлэнх нь хүн амын орлогыг бууруулахгүй байх, ажлын байрыг хэвээр хадгалах. Нөгөө талдаа Ковид 19 төсвийн орлогод цохилт өгсөн. Экспорт буурч, орлого багассан. Хувь хүн, компаниудад тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Тийм учраас улс орнууд өөрийн эдийн засагтаа тохируулсан арга хэмжээг нийтээрээ хэрэгжүүлж байгаа.

-Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулснаар эдийн засаг муудсан гэдэг. Харин Дэлхийн банк сүүлийн хоёр жилд Монголын эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гэж дүгнэлээ.

-2016 онд Засгийн газрын өр 90 гаруй хувийг давсан. Макро эдийн засгийн үзүүлэлүүд ч сайнгүй байсан. Санаж байгаа бол тухайн үеийн Засгийн газар гадаад орнуудын дэмжлэгтэйгээр “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд татварыг хэрхэн нэмэгдүүлэх арга хэмжээг тусгасан. Татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хоёр арга хэмжээ авсан. Эхний ээлжинд шаардлагатай, үр ашигтай татваруудыг өсгөсөн. Ингэснээр төсвийн орлого нэмэгдсэн. Нөгөө талдаа татварын зардал гэж ярьдаг татварын хөнгөлөлтүүдийг үр ашгаар нь эрэмбэлсэн. Хөнгөлөлтүүдийг бууруулсан. Энэ нь 2017-2019 онд татварын орлого талд хэрэгжүүлсэн үр дүнтэй арга хэмжээ юм.

- Зардлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авсан бэ?

-Хөрөнгө оруулалтыг үр ашгаар нь эрэмбэлдэг. Урсгал зардлуудыг танах оролдлогууд хийгдсэн. Энэ тал дээр бас тодорхой хэмжээний ахиц гаргаж чадсан. Жишээ нь, 2016 онос өмнө хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан төлбөрийг векселиэр хийчихдэг байсан. Энэ нь Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих сайн арга хэрэгсэл биш байсан. Үүнийг 2017 оноос зогсоосон. Мөн Төв банк тухайн үедээ Засгийн газрын хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байсан. Үүнийг зогсоосон. Энэ арга хэмжээнүүд зөв байсан. Үр дүн ч сайн гарсан. Тухайлбал, 2017 оноос өмнө Засгийн газрын өр ДНБ-ий 90 хувиас давсан. Харин 2017-2019 онд 70 хувь болж буурсан. Гурван жилийн дотор Засгийн газрын өрийг 20 хувиар бууруулна гэдэг нь үр дүн юм. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан. Энэ том тоонуудаас эдийн засагт нааштай үзүүлэлт гарсныг харж болно.

-Өнөөгийн Засгийн газрын бодлогыг нийгмийн халамж нэмж, татваруудыг багасгах, хойшлуулахыг буруутгадаг эдийн засагчид бий.

-Тахал урьчилан тааварлах аргагүй байсан. Хувь хүний эрүүл мэнд, орлогод сөргөөр нөлөөлж байна шүү дээ. Тийм учраас улс орнууд энэ асуудал дээр тулгуу ажиллаж байна. Эхнийх нь нийгмийн халамжаар дамжуулаад нийгмийн эмзэг бүлэг, хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдах сөрөг нөлөөллийг багасгах бодлого хэрэгжүүлж байгаа. Монголын Засгийн газар ч энэ бодлогыг хэрэгжүүлж байна.

-Ковид 19-ын эсрэг сайн тэмцэж байгаа бусад орны жишээ дурдаач?

-Малайз Улс олон нийтийг хамарсан даатгалын сайн системтэй. Энэ улсын нийт хүн амын 90 хувь нь хямралын эсрэг арга хэмжээнд хамрагдаж байна. Халамжаар дамжуулж нийгмийг хүндрэлээс хамгаалах нь Засгийн газруудын зайлшгүй авах ёстой арга хэмжээ. Эдийн засгийн хүндрэл Ковидоос ч өмнө байсан. Ипотекийн жишээ авахад, энэ нь бас иргэдийн орлогыг бууруулахгүй байх арга хэмжээ. Улс орнууд ийм арга хэмжээ авч байгаа. Зээлийн хүүг бууруулж, зээлийг өргөжүүлэх, хөнгөлөх, хойшлуулах арга хэмжээ авч байгаа.

- Үүнээс өөр арга байхгүй юу?

-Энэ арга хэмжээг Ковидын дараах эдийн засагтай уялдуулж авах хэрэгтэй. Бүх орон хэрэглээний зээл дээр анхаарал хандуулж байна. Монгол Улс бас энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь зөв. Бидний үзэж байгаагаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн гол реформ бол санхүүгийн системийг шинэчлэх.

-Зээлийн хүүг УИХ-ын тогтоол гаргаж бууруулах нь зөв үү?

-Зээлийн хүү буурах нь зөв. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, зах зээлийн зарчмаар нь бууруулах хэрэгтэй.

-Зах зээлийн аргаар бууруулах ямар зам байна?

-Сүүлийн үед зээлийн хүүд шууд хязгаар тогтоох  зэргээр захиргааны арга хэрэглэх яриа бий. Энэ аргыг өмнө нь зарим улс оронд хэрэгжүүлээд үр дүнгээ өгөөгүй. Жишээ нь, Кени Улсад энэ аргыг хэрэгжүүлсэн. 2-3 жилд сайн биш, муу үр дүн үзүүлсэн. Хүүг зах зээлийн зарчмаар бууруулахад эхний ээлжинд макро эдийн засаг тогтвортой байх ёстой. Сүүлийн дөрвөн жилд зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурсан.

-Манай барьж байгаа шинэ төмөр зам, газрын тосны үйлдвэр хэр ашигтай байх бол. Хөршүүдийн геополитикийн асуудал нөлөөлөх болов уу?

-Өнөөдөр Монголын хөгжилд уул уурхай зонхилж байна. Бид хүний хөгжилд түлхүү анхаарахыг зөвлөж байгаа. Засгийн газар уул уурхайдаа аль болох ашиг хүртэх боломжийг ашиглах хэрэгтэй. Төмөр зам тавих нь зөв. Бүх ажлаа явуулж л байх хэрэгтэй. Геополитикийн асуудал өмнө нь ч байсан. Цаашдаа ч байх болно. Үүнээс болгоомжлох хэрэггүй. Геополитикийн асуудлыг улс төрийн түвшинд сайн шийдээд явах хэрэгтэй. Хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байж, сайн менежмэнт хийх нь чухал. Ирээдүйд хүний хөгжилдөө хөрөнгө оруулах нь хөгжихөд маш чухал юм. Газрын тосны үйлдвэрийн хувьд Энэтхэгийн Засгийн газар санхүүжүүлж байгаа болохоор Монголын эдийн эдийн засагт чухал нөлөөтэй. Энэ төсөл сайн хэрэгжих байх.


Жан-Паскаль: Монголын гол реформ бол санхүүгийн системийг шинэчлэх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-02 10:48:50
    Зочин: Африк хүн Африкийн замаар яаж ордогийг Монголд зааж бноо!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188