• Өнөөдөр 2024-05-17

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Ирэх оны төсвийн төсөл бодлогод анхаарсан чамбай төсөв болсон

2021-10-07,   550

      -Сангийн яамны зүгээс дэд бүтэц, эдийн засгийн суурийг сайжруулах, чиглэлд нэлээд анхаарч байгаа юм билээ-

        Засгийн газраас 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Их хуралд өргөн бариад буй. Тэгвэл ирэх оны улсын төсвийн талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
 
      -Ирэх оны төсвийг Засгийн газар хуулийн хугацаанд Их хуралд өргөн барилаа. Та төсвийн төсөлтэй танилцаж амжив уу. Ирэх онд ковидын улмаас хямарсан эдийн засгаа сэргээх чиглэлд анхаарч ажиллана гэж байгаа. Ийм боломж байна уу?
 
      -Ирэх оны төсөв өмнөх оны төсвүүдээс арай өөр болсон гэдгийг дурдах нь зүйтэй. Бид төсвийг өмнө нь шүүмжилж, болохгүй байгааг нь хэлдэг байсан. Учир нь, өмнөх төсвүүд Монгол Улсыг нийгэм, эдийн засгийн хөгжил рүү чиглүүлж чаддаггүй байв. Энэ нь зүгээр хийсвэр тоо болчихоод байсан. Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу зохиомлоор хэрэгжүүлдэг тоо болсон, бодлого алга гэдэг шүүмжлэл их байсан. 
 
Харин энэ жил төсөвт бодлогын шинж чанартай өөрчлөлт хийх эхлэлийг тавьсан санагдсан. Нэгдүгээрт, “Хөгжлийн төсөв” гэдэг нэрийг тодотгосон байна. Үүнийгээ ч төсөвт багтаасан байгаа юм. Тодруулбал, төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардалд дорвитой өөрчлөлт оруулсан. Дээр нь төсвийн бодлогын хувьд эдийн засгаа сэргээж, төрийн өмчит компаниудыг үр ашигтай болгох, бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана гэсэн найман зорилтыг бодлогын түвшинд тавьсан байна. 
 
-МОНГОЛ УЛС ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨ ӨӨДРӨГӨӨР ТӨСӨӨЛЖ, 7-10 ХУВЬД ХҮРГЭНЭ ЗЭСЭН ЗОРИЛТ ТАВИХ ЁСТОЙ-
 
-2022 онд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүрнэ гэж тооцоолсон. Энэ өсөлтийг хэр бодиттой гэж харж байгаа вэ?
 
      -Миний харж байгаагаар төсвийн орлого талд нэлээд өөдрөг төсөөлөлтэй байгаа юм билээ. Татварын баазаа нэмэгдүүлж, нүүрсний экспортоо 2019 оны түүхэн дээд хэмжээ буюу 36.7 сая тоннд хүргэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа юм. Харин эдийн засгийн төсөөлөлдөө арай гутранги хандсан санагдсан. Монгол Улс ойрын хэдэн жил эдийн засгийн өсөлтөө өөдрөгөөр төсөөлж, 7-10 хувьд хүргэнэ зэсэн зорилт тавих ёстой байв. 
     Ингэж байж бид эдийн засгийн хүндрэлээс гарна. Сангийн яамны зүгээс дэд бүтцийн сайжруулах, эдийн засгийн суурийг сайжруулах, чиглэлд нэлээд анхаарч байгаа юм билээ. Энэ оны ерөнхий төсөв өнгөрсөн хавар өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлээсээ илүү өндөр, хоёр их наядаар нэмэгдсэн тоо байгаа. Ийм үед эдийн засгаа арай бага өсөлтөөр тооцоолсон байна. Уг нь дэлхийн эдийн засаг харьцангуй өсөлттэй байна.
 
-Нүүрсний экспорт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд их хэмжээгээр тасалдсан. Гэтэл ирэх онд хэт өөдрөгөөр төсөөлсөн гэх шүүмжлэл бий. Цар тахлын хүнд үе үргэлжилж байгаа энэ үед манайх нүүрсний экспортоо нэмэх боломж байгаа юу?
 
      -Энэ төсөв дээр бидэнд тодорхой эрсдэлүүд бий. Түүхий эдийн үнийн хувьд эрсдэл бага байж магадгүй. Сангийн яамнаас дурдсан тэнцвэржүүлсэн тэнцлээс харахад 41 хувийн илүү орлого уул уурхайн салбараас бүрдүүлнэ гэж гаргасан байсан. 
 
      Гол нь экспортын асуудал, дэлхий нийтэд тулгамдаад байгаа тээвэр логистикийн асуудал байна. Гэхдээ энэ манай талаас хамаарна. Төсвийн баримтад дурдсанаар дараа жил эдийн засгаа бүрэн чөлөөтэй хөдөлгөж, хөл хорио тогтоохгүй, эдийн засгаа  нээнэ гэж төсөөлсөн. Бид ингэж чадахгүй бол уул уурхайн болон дотоод эдийн засаг дээрээ эрсдэл хүлээж болзошгүй.
 
ХҮҮХДИЙН МӨНГӨ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТОМ БҮТЭЦ БОЛЧИХООД БАЙГАА 
 
-Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь хүүхдийн мөнгөний хуримтлал. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг баримталж, одоо олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийг Ирээдүйн өв санд хуримтлуулна гэдэг асуудлыг гаргаж тавьж байна. Гэхдээ хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжихэд нөлөө үзүүлдэг. Цаашид энэ мөнгө ирээдүйн өв санд ороод эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол ч олон нийтийн дунд бий. Энэ тухайд?
 
      -Ирээдүйн өв сангийн орлогыг хүүхдийн мөнгө рүү шилжүүлчихэж байгаа юм уу гэсэн тоо баримтууд харагдаж байна лээ. Үүнийг бид тунгаах ёстой. Ирээдүйн өв сан бол Тогтвортой байдлын тухай хуульд зааснаар өнөөдөр уул уурхайгаас олж байгаа хөрөнгийг ирээдүйд хадгалж байгаа үйл явц. Бид байгалийн баялгаа өнөөдөр шууд идэж болохгүй гэсэн санаа. Гэтэл үүнийг хүүхдийн мөнгөөр орлуулаад хуримтлалтай хүүхэд хөтөлбөрөөр солих гэж байна уу гэдэг хардлага бий. Үүнийг ингэж солих гэж байгаа гэвэл болгоомжтой хандах ёстой.
 
    Хүүхдийн мөнгийг 2006 оноос   олгож эхэлсэн тэр бодлогыг хадгалах ёстой. Би хувьдаа хүүхдийн мөнгийг өнөөдөр өсөж хүмүүжиж байгаа хүүхдийн орлогын дутагдал, боловсролд зарцуулах өнөөдрийн хэрэгцээнд зарцуулах мөнгө гэж ойлгож ирсэн. Гэтэл одоогийн бодлого нь ирээдүйн хэрэгцээнд нь зарцуулах гэж байгаа юм. Хүүхдийн мөнгө нийгмийн халамжийн том бүтэц болчихоод байгаа нь үнэн. Хүүхдийн мөнгөөрөө амьдраад, зориулалтын бусаар хэрэглэх, нийгэмд ажилгүйдлийг нэмэхэд нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ ирээдүйд зарцуулах уу одоо зарцуулах уу гэдгийг нь ялгаж салгах хэрэгтэй. 
 
-Төсвийн төслөөс харахад энэ жил Сайд нарын хөрөнгө оруулалтууд нэлээд нэмэгдсэн. Тэр тусмаа зам, тээвэр, барилга хот байгуулалтын чиглэлд хөрөнгө оруулалт их байна лээ. Энэ хөрөнгө оруулалтууд дахиад л том төслүүд дээр очоод гацчих юм биш биз дээ?
-Хөрөнгө оруулалтын зардал төсвийн хүрээний мэдэгдлээс өссөн байна лээ. Сангийн яамны төсвийн баримт бичгүүдэд дурдсанаар дэд бүтцийн ажилд хөрнгө оруулалт хийх төслүүд нэлээд байсан. Зам тээврийн хөгжлийн яам болон Барилга хот байгуулалтын яамны төсөв нэмэгдсэн гэдгийг дурдсан.
 
Төсвийн хөрөнгө оруулалтын байх ёстой чиглэл нь энэ мөн. Төсвөөр дамжуулсан хөрөнгө оруулалтын бодлого тэр чигтээ эрчим хүч, зам тээвэр, барилга, бизнесийн орчныг дэмжсэн чиглэлд байх ёстой. Өмнө нь бид хатуу дэд бүтэц рүү хэтэрхий их хөрөнгө оруулалтаа хийж байна гэж шүүмжилж байсан. Гэхдээ бид үүнийг эргэж харах шаардлагатай. Явж байгаа чиглэл нь зөв. Барилга, байгууламжийн чиглэлд энэ жил өмнө нь хуримтлагдсан төслүүдээ дуусгах чиглэлээр илүү анхаарсан юм уу гэж харсан. 2010 оноос хойш царцсан барилга, байгуулж хүртэл байна лээ. Энэ царцсан барилгуудаа дуусгаж, дараагийн төсөлдөө орох нь зүйтэй.
 
-Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг ирэх онд үргэлжлүүлнэ гэсэн. Энэ хэр үр дүнгээ өгч байгаа хөтөлбөр юм бэ?
 
-Энэ төслийн би үргэлжлүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Энэ төлөвлөгөөг гаргахаас өмнө би эдийн засгийн шинжээчийн хувьд эдийн засаг зарцчихлаа. Үүнийг хөдөлгөх амин дэм хэрэгтэй байна. Мөнгөн урсгалаа явуулах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байсан. Энэ хөтөлбөр хүлээлтэд нийцсэн.
 
Гацаанд ороод байсан эдийн засгийг хөдөлгөөнд оруулсан. Үүний үр дүнд банкны зээл сэргэж, мөнгөний нийлүүлэлт сэргэсэн гээд сайн талууд гарсан. Тиймээс энэ төслийг үргэлжлүүлэх шаардлага байна. Цар тахал бүрэн арилаагүй байна. Макро эдийн засгийн зарим үзүүлэлт сайжирсан ч энэ нь эдийн засаг сууриараа сайжирсан гэсэн үг биш. Тиймээс эдийн засгаа өсгөх боломжуудаа нээж, тэлж өгөх ёстой. Эдийн засаг бүрэн сэргээгүй байхад энэ хөтөлбөрүүдээ зогсоож болохгүй. 
 
-Энэ оны төсвийн төслийг та бодлогын шинж чанартай сайн төсөв болсон гэж байна. Өмнө нь манайх яагаад ийм арга хэмжээ авч болоогүй вэ гэдгийг иргэд сонирхож байгаа байх?

-Өнөөдрийн хүртэл яагаад ингээд яваад байсан бэ гэдгийг бид хөндөх нь зүйтэй. Одоо хүртэл энэ төсөвт байсаар байгаа нэг зүйл нь Төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг бид тогтвортой мөрдөж ирээгүй.

Тиймээс л бид өрийн тааз, төсвийн алдагдлыг дураараа өөрчилдөг байдал нь хэвээр байгаа. Төсвийн бодлогын шинэчлэлийн хүрээнд хийх ёстой нэг асуудал нь өмнө энэ мэт алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Энэ Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлогогүй явсны уршиг. 

-Төсөв хэлэлцэж, батлах ийм чухал үед Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж байгаа  иргэд ч бий. Засгийн газарт халаа, сэлгээ хийх асуудлыг ч сөхөж байна. Энэ нь эдийн засагт ямар хор уршигтай юм бэ?
 
-Засаглалын тогтвортой байдал чухал.Үүний дараа Засгийн газрын чадавхыг бас чухалчлах нь зүйтэй. Ний массын хувьд Засгийн газар муу байна гэх шүүмжлэл гарч байгаа нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын засаглалын чадавх доройтсонтой холбоотой. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Засгийн газар солигдох нь тийм оновчтой биш. Харин Засгийн газрын чадварыг сайжруулах шаардлага бий.
 

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Ирэх оны төсвийн төсөл бодлогод анхаарсан чамбай төсөв болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 08:32:09
    Zochin: Bitgii khudlaa pyaldagdaad bai.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188