• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ТУСЛАХ Б.БАЯРЖАРГАЛЫНХАА “ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛЭГ”-ИЙГ ХӨГЖЛИЙН БАНКАНД ХУРААГДАХААС ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ

2023-03-19,   1530

       УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Ачлал трейд” ХХК-иараа 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авч, ХСҮТ-ийн хашаанд 120 ортой, 13 давхар, эмнэлгийн зориулалтай барилга ашиглалтад оруулсан. Гэвч өнгөрсөн зургаан жил зээлээ огт төлөөгүй, өдгөө өр төлбөр нь 77 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа. Өнгөрсөн хаврын өдийд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн асуудал яригдаж эхлэхэд л М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг өрөнд нь хурааж авах яриа гарсан, гэвч яаж шийдэгдэх нь тодорхойгүй өдий хүрч байна. Тэгвэл М.Билэгтийн 13 давхар эмнэлгийн барилгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах, хувийн компаниудынх нь захирлаар ажилладаг Б.Баяржаргал гэгч залуу төрсөн эгч Б.Золжаргалын хамт 20 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулжээ. Улмаар 20 орчим тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулж, “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрөө “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн нууц хөрөнгө оруулагч, Хөгжлийн банканд хураагдахаас нь хамгаалж буй гол хүн байж болзошгүй сэжүүрүүд байна. 
     УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаг л хар бор ажлуудыг нь хариуцдаг туслах, хувийн компанийнх нь гүйцэтгэх захирлаар ажилладаг Банзрагчийн Баяржаргал гэгч залуу бий. Эрхүүгийн Зам харилцааны Их сургуулийг 2010 онд Төмөр замын ачаа тээврийн удирдлага, төмөр замын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирмэгцээ Б.Дэлгэрсайханы “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн Тээврийн газрын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар Б.Дэлгэрсайханыг 2016 онд УИХ-ын гишүүн болмогц туслахаар нь ажиллаж эхэлсэн байдаг. 
 
    Б.Баяржаргал Б.Дэлгэрсайханы туслахаар ажиллаж байхдаа хууль бус мөнгө угаалтыг нь ч хариуцаж байсан байж болзошгүй баримт бий. Тодруулбал, 2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид тухайн үеийн “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн хууль бус мөнгө угаалтын мөрөөр орж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснээ зарлаж байв. Мөрдлөгийн явцад “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрнямын Хонгконгод байгуулсан “Glass Trading Limited” компанийн данснаас “Скай профешнл ложистик” ХХК-ийн данс руу 7.5 сая ам.доллар шилжүүлсэн баримт илэрсэн. Улмаар 2018 оны тавдугаар сард “Скай профешнл” ХХК-ийн оффист Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид нэгжлэг хийж байв. Оффисын барилгуудын цонх угаах, өрөө тасалгаа цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг “Скай профешнл ложистик” гэх жижигхэн компанийн данс руу оффшор бүсээс 7.5 сая ам.доллар шилжиж орж ирсэн нь тухайн үедээ л том дуулиан болж байсан юм. Тэгвэл “Скай профешнл ложистик” ХХК-ийг Б.Дэлгэрсайхан туслах Б.Баяржаргал, түүний төрсөн эгч Б.Золжаргал нар эзэмшдэг. “УБТЗ” ХНН-ийн дарга асан Д.Жигжиднямаа, “УБТЗ” ХНН-т хувийн вагонуудаа түрээслүүлдэг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёрын хоршил хамтралын түүхийг бичвэл цаг, цаас их орно. Товчхондоо, Б.Дэлгэрсайхан, Д.Жигжиднямаа агсан хоёрын төмөр замын хууль бус мөнгө угаалтыг Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал хариуцаж ирсэн байж болзошгүй гэсэн үг. 
Тайлбар: 2016 оны тавдугаар сар. Тухайн үеийн "УБТЗ" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, "Болдтөмөр ерөөгол" ХХК-ийн Тээврийн албаны дарга, Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргалын нарын уулзалт
    Хамгийн сүүлд, 2021 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрийн төрсөн ах Б.Ганхуягийнхаа төрсөн хүү Г.Гантулгын нэр дээр “Монголиан транс лайн” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь туслах Б.Баяржаргалыгаа томилсон. Улмаар Б.Дэлгэрсайхан 2022 онд “Монголиан транс лайн” ХХК-ийн нэрээр Засгийн газартай концессын гэрээ байгуулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг тус компаниар бариулж, өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн. Зүүнбаян-Ханги төмөр замын нээлтийн үеэр Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал нь “Монголиан транс лайн” ХХК-ийн захирлын хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нартай хамт хүндэтгэлийн индэрт заларч, тууз хайчилж байлаа. 
Тайлбар: 2022 оны арваннэгдүгээр сар. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын нээлтийн ёслол- Л.Оюун-эрдэнэ, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, түүний туслах Б.Баяржаргал нар
Товчхондоо, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн хугацаанд Б.Баяржаргал гэх залууг хувийн туслахаараа ажиллуулж, хууль бус мөнгө угаалт гэх мэтийн хар бор ажлуудаа хариуцуулж, төртэй холбоотой төмөр замын бизнесээ ч түүнд даатгаж ирсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдана. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төрсөн хүү нь түүний туслах Б.Баяржаргалтай нас ойролцоо. Өдгөө хотын төв, Зайсан орчимд таван салбартай кофе шоп ажиллуулдаг. Харин хамтрагч нь Дорноговь дахь асар том нүүрсний орд руу хөтөлдөг юм билээ. Энэ тухай дараагийн дугаарт дэлгэрүүлнэ. 
 
      Тэгвэл Б.Дэлгэрсайханы туслах, төмөр замын компанийг нь хариуцдаг Б.Баяржаргал нь 2021 онд төрсөн эгч Б.Золжаргалтайгаа хамтран “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулжээ. Улмаар УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан 13 давхар эмнэлгийн зориулалттай барилгыг нь 20 жилийн хугацаатай түрээслэх түрээсийн гэрээ байгуулжээ. Ингээд 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж, өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сараас “Дөрөвдүгээр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Төрийн түшээгийн туслах ажилтай, төмөр замын инженер мэргэжилтэй Б.Баяржаргал цагаан халад өмсөж, эмчийн дүрд орчихсон “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа ажээ. Төрсөн эгч Б.Золжаргал нь ч эрүүл мэндийн салбараас тэс хөндий, маркетингийн менежер мэргэжилтэй боловч “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Сонирхуулахад, Б.Золжаргалын нөхөр Д.Одгэрэл нь БШУЯ-ны Инноваци, технологийн газрын даргаар ажилладаг юм билээ.  
Тайлбар: "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн ТУЗ-ийн дарга Б.Баяржаргал, түүний төрсөн эгч, Гүйцэтгэх захирал Б.Золжаргал нар
Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы туслах Б.Баяржаргал, түүний төрсөн эгч Б.Золжаргал нар яаж М.Билэгтийн 13 давхар барилгыг 20 жилээр түрээсэлж, 20 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авсан бэ гэдэг асуудал. Баримтаар бол, Б.Баяржаргал, Б.Золжаргал нар “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийг байгуулахаасаа ердөө жилийн өмнө буюу 2020 онд дээр дурдсан цэвэрлэгээний “Скай профешнл холдинг” ХХК-ийнхаа ажилчдын нийгмийн даатгалын 57 сая төгрөгийн ч төлөх санхүүгийн чадамжгүй байжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 онд Б.Баяржаргал, Б.Золжаргал нарын “Скай профешнл холдинг” ХХК-аас нийгмийн даатгалын өр 36.6 сая төгрөг, алданги 11.7 сая төгрөг буюу нийт 57.9 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандаж байжээ. Харин Б.Баяржаргал, Б.Золжаргал нар шүүхэд “Манай “Скай профешнл холдинг” ХХК нь санхүүгийн хүнд байдалд орж, огт орлогогүй болсон. Тиймээс ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломж олдоогүй. Гэхдээ бид нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 36.6 сая төгрөгийг 2020 онд төлөхөөр хичээж байгаа. Харин алданги 11.7 сая төгрөгийн төлөх санхүүгийн боломж байхгүй” гэсэн тайлбар хийж байжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны нэгдүгээр сарын 9-нд “Скай профешнл холдинг” ХХК-аас санхүүгийн чадамжгүй байдлыг нь үл харгалзан нийгмийн даатгалын өр, алданги 57.9 сая төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэж байсан аж. 

Тэгэхээр Б.Золжаргал, Б.Баяржаргалын нар 2020 онд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн 57 сая төгрөгийг ч төлөх чадамжгүй байжээ гэсэн үг. Гэтэл ердөө жилийн дараа 2021 онд яаж “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийг байгуулж, УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс 13 давхар барилгыг нь 20 жилээр түрээсэлж, 20 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан байж таарах вэ.

     Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн туслахаар нь ажиллаж, хамаг ажлыг нь хариуцаж ирсэн Б.Баяржаргалдаа “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийг байгуулахад нь санхүүжилт өгсөн байж болзошгүй гэсэн үг. Туслахыг нь хийж, төмөр замын компанийг нь удирдаж ирснийх нь хариу бэлэг ч байж болно. Энэ өнцгөөс харвал, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны 77 тэрбум төгрөгийн өрийн асуудал нэг тийш шийдэгдэхгүй, 13 давхар барилгыг нь өрөнд нь хураах эсэх асуудал ч төрийн түвшинд гацчихаад байгаагийн цаана УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан байж болзошгүй буюу туслах Б.Баяржаргалынхаа “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийг хамгаалж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. 
 
 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН ТУСЛАХ Б.БАЯРЖАРГАЛЫНХАА “ДӨРӨВДҮГЭЭР ЭМНЭЛЭГ”-ИЙГ ХӨГЖЛИЙН БАНКАНД ХУРААГДАХААС ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188