• Өнөөдөр 2024-04-24

Г.БАЯРХҮҮ: Би Их эзэн Чингис хааны есөн өрлөгийн нэг Мухулайн дүрийг бүтээхийг хүсдэг

2021-05-28,   1239

         Их найрагч Д.Нацагдоржийн цэл залуухан дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчин Г.Баярхүүг Эргэлт.мн мэдээллийн сайт онцолж байна. Тэрбээр “Харанхуй хад”, “Бэрүүд”, “Луйвар”, “Ороолон” зэрэг кинонд гол болон туслах дүрийг чадварлаг амилуулсан нэгэн. “Залуучууд гаднын соёлд уусах биш өөрсдийн түүх соёлоо судалж, түүхийн өв тээгчид болоосой гэж хүсдэг” хэмээн ярих түүний даруухан ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-Сайн байна уу. Урин цаг ирсэн болоод ч тэр үү, бүх зүйл “амь” орж байх шиг. Кино уран бүтээлчид ч ялгаагүй. Танаар сүүлийн үеийн уран бүтээлийн сонин ихтэй юу?
   
     -Сайн байна уу. Ярилцлагад урьсан танай хамт олонд баярлалаа. Коронавирусээс болж “Бэрүүд” ОАУСК-ноос хойш хоёр жил орчим хугацаанд уран бүтээл маань зогссон байгаа. Сүүлийн үед уран бүтээлийн санал их ирж байна. Удахгүй шинэ дүрээр үзэгчидтэйгээ уулзах байх.
 
-Жүжигчин мэргэжлээ хэзээ, хаана эзэмшсэн бэ?
   
      -Би “Зохиомж” дээд сургуулийг Б.Мөнхдорж багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна.
 
-Хүүхэд байхаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан уу?
   
      -Би хүүхэд байхаасаа л өөрийгөө урлагийн хүн гэж боддог байсан. Гэхдээ их сургуульдаа орохоосоо өмнө хүчний байгууллагад ч ажиллаж байлаа. Мөн БНСУ-д ч суралцаж байлаа.
Тэндэх сургуулиа төгсөлгүй дундаас нь Монголд ирж, жүжигчин мэргэжлээр суралцсан.
 
-Өнөөдрийг хүртэл бүтээсэн дүрүүдээс тань хамгийн их ур чадвар шаардсан дүр гэвэл?
   
      -Миний бүтээсэн дүр болгон үнэ цэнэтэй. Тэр, энэ гоё дүр гэх юмгүй. Харин хамгийн ур чадвар шаардсан дүр гэвэл “Харанхуй хад” киноны их найрагч Д.Нацагдоржийн дүр. Тэр дүрийг амьдруулахын тулд бүх сэтгэл, зүрх, ур, ухаанаа зориулсан.
 
-Тэгэлгүй яах вэ. Их найрагчийн дүр тань үзэгчдийн сэтгэлд үлдсэн шүү дээ. Тухайн дүрд хэрхэн сонгогдож, амилуулах болсон бэ?
   

      -Их найрагч Д.Нацагдоржийн 100 жилийн ойд зориулж хийсэн кино л доо. Анх кино пробод олон мундаг жүжигчид шалгуулж байгаа тухай дуулсан. Тэгээд тухайн киноны ассент найруулагч над руу холбогдоод “Их найрагчийн тухай кино хийхээр болсон. Та ирээд проб өгч болох уу” гэсэн юм. Тэгээд очсон чинь ногоон дээл, бүрх малгай өмсгөөд киноны текстийн хэсгээс уншууллаа. Тэгсэн найруулагч нь нээх том харснаа “Жигтэйхэн адилхан байна” гээд л энэ дүрийг амилуулах болсон доо. Энэ дүрийг бүтээсэн дээ их олзуурхаж, нэг насны минь хийморь гэж боддог доо. Тухайн дүр маань өөрөө их онцлогтой. Хэл, бичиг бидний хөгжлийн үндэс шүү дээ. Үндсээ усалж, тордохгүйгээр хөгжил ярих ямар ч боломжгүй.

 
-Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авдаг вэ. Тоглох дүрдээ шалгуур тавьдаг болов уу?
     
      -Тэгэлгүй яах вэ. Дүрийн санал ирэхэд зохиолыг нь маш сайн уншдаг. Мөн тухайн дүрд хэрхэн амилуулах вэ, надад тохирох дүр мөн үү гэж тооцоолж үзээд, шийдвэрээ гаргадаг. Эротик кинонд тоглохгүй гэдэг миний нэг зарчим байдаг байхгүй юу. Сургуулиа төгсөөд удаагүй байхад ганц, нэг тийм санал ирж байсан. Одоо бол тийм дүрд хэзээ ч тоглохгүй. Санал ч ирэхгүй байх.
 
-Урлагийн сургуульд сурдаг оюутнууд киноны туслахаар явдаг нь бичигдээгүй хууль шүү дээ. Та оюутан байхдаа олон кинонд туслахаар явж байв уу?
   
      -Тийм ээ. Кинонд туслахаар их явдаг байсан шүү. Зураглаачийн хөлийг зөөх, техник хураах гээд л арын албанд хийх ямар л ажил байна, бүгдийг нь хийнэ шүү дээ. Нэг кинонд явахад нэг улирлын хичээл үзсэн юм шиг зүйл сурдаг. Тиймээс урлагийн чиглэлээр суралцдаг дүү нартаа хандаж хэлэхэд юмыг багаас нь хийж эхлээрэй. Тэр зүйл чинь дараа нь чамд дэм болж, хөдлөх хүч чинь болдог юм шүү.
 
-Жүжигчин мэргэжлээр төгссөн хүүхдүүд драмын театрт орох сонирхолтой байдаг. Жүжигчин хүний чансааг харуулдаг урлагийн ариун сүм шүү дээ. Таны хувьд театрт орох бодол байсан уу?
   
      -Тийм ээ. Миний дотроо мөрөөдөж бас харамсдаг нэг зүйл бий л дээ. Улсын драмын эрдмийн театр бол урлагийн хүний заавал орж үзэх, байх ёстой газрын нэг. Гэтэл би сургуулиа төгсөөд драмын театрт шалгалт өгөлгүй, шууд дэлгэцийн урлагаар явсан л даа. Манай Б.Мөнхдорж багш маань надад “Г.Баярхүү чи театрт заавал байх ёстой хүүхэд шүү. Шалгалт заавал өгөөрэй” гэж олон удаа захиж байсан. Даан ч би багшийнхаа үгэнд оролгүй дэлгэцийн урлагаар явсан.
 
-Дэлгэцийн уран бүтээлд түлхүү тоглодог учраас асуухгүй өнгөрч болохгүй болов уу. Манай улсад кино урлагийн хөгжил хэр ололттой байгаа вэ?
     
      -Манай кино урлаг нэг үеэ бодвол хурдацтай хөгжиж байна. Залуучууд зоригтой байна. Кино бүтээж чадаж байна. Манай кино урлаг үндсээрээ гайхамшигтай шүү дээ. Хэсэгхэн хугацаанд уналтад орсон үе бий л дээ. Гэхдээ одоо их хүчтэй гарч ирж байна.
 
-Бүтээхийг хүсдэг дүр бий юу?
   

     -Гоё асуулт байна. Манай Монголын түүх их гайхамшигтай. Эзэн Чингис хаан, түүний есөн өрлөг жанжин гээд дэлхийн сэдэв зөвхөн Монголд байна. Тийм болохоор миний бүтээхийг хүсдэг нэг дүр бий. Миний царай, төрх таардаг ч юм уу, би есөн өрлөг жанжны Мухулайн дүрийг бүтээхийг хүсдэг. Мухулайд их хайртай. Босгоны боолоос өрлөг жанжин болсон, их эзэндээ үнэнч зүтгэдэг гээд тухайн жанжнаас олон сайхан чанар харагддаг.

 
-Багш тань мэргэжлийн хувьд олон зүйл зааж сургасан нь мэдээж. Харин хувь хүний тань хувьд юу зааж, сургасан бэ?
 
       -Би оюутан байхдаа санаандгүй нэг тэмцээнд оролцсон юм аа. Тэгээд сургууль дээр очтол багш нар “Чи ингэж болохгүй. Юугаа ч мэдэхгүй байж юманд тоглох болоогүй” гэж их зэмлэсэн. Түүнээс хойш би сургуулиа төгстлөө кинонд тоглоогүй. Тэгээд төгсөлтийн баярын өмнөхөн багш минь “Г.Баярхүү чи болоогүй шүү. Чамд ахиад таван жил сурах зүйл байна. Түүний дараа л нэг, хоёр сценд тоглож болно” гэж захиж байлаа. Түүнийг нь одоо бодоход эхлээд маш сайн үзэгч болоорой гэж сургасан юм шиг.
 
-Г.Баярхүү жүжигчин гэхээр хүмүүст даруухан, зөөлхөн хүн санаанд буудаг болов уу. Тийм дүр бүтээхдээ ч та чадварлаг байдаг. Түүнээс өөр, эсрэг дүр ч юм уу бүтээхийг хүсдэг үү?
     
       -Сүүлийн тоглосон “Бэрүүд” кинонд бүтээсэн дүрээр минь үзэгчид их хүлээж авдаг. Дөлгөөн нэртэй, нэрдээ тохирсон дөлгөөхөн прокурорын дүр бүтээсэн. Тэгэхээр таны асуусан шиг Г.Баярхүүгийн бүтээсэн дүрүүд дандаа л зөөлхөн дүр байсан. Би нэг удаа ЦЕГ-ын “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдэвтэй шторкод тоглосон юм л даа. Тэгсэн тэр дүр маань олонд хүрч НҮБ-ын шагнал хүртэл авсан. Хүмүүс тухайн үед бас л жигшиж л байсан. Өөрийгөө эвдсэн эсрэг дүрд тоглоод, тулсан ханыг цөмлөөд гарах юм сан гэж шунадаг шүү. Одоо тэгээд ийм зөөлхөн царайтай болж төрсөн дөө их гутарч байна. /Инээв/
 
-Ярилцсанд баярлалаа.
     
        -Баярлалаа.
 
 

Г.БАЯРХҮҮ: Би Их эзэн Чингис хааны есөн өрлөгийн нэг Мухулайн дүрийг бүтээхийг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188